| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0278/э |
| Дугаар | 290 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Б.Баярхүү /томилолтоор/,
шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Л.Бурмаа
нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18100 0511 0142 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч А.Н нь нөхөр Ц.Б-г “янхан гичий архи уулаа” гэхэд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зүүн гарын ядам хурууг нь хазан эрүүл мэндэд нь шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч А.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний бие үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Хэргийн үйл баримт болон гэмт буруугийн талаар маргах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна. Би 03-10 насны 2 хүүхэдтэй. Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн хуушуурын газарт тогооч хийдэг. Би сардаа 325.000 төгрөгийн цалин орлоготой ажилладаг. Манай нөхөр Б нь ажил хийдэггүй хүүхдээ асраад гэртээ байдаг юм.
Хэрэг гарсан тухайн өдөр нөхөр намайг “архи уулаа” гээд үглээд байсан. Би нэг лааз пиво уусан, эрүүл байсан. Харин манай нөхөр өөрөө бага зэрэг согтуу байсан. Манай нөхөр буюу хохирогчийн гэмтэл шарх нь эдгэрсэн, бие, эрүүл мэндийн байдал нь хэвийн байгаа.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1810 0051 10142 дугаартай хэргээс:
1. Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 22-ны орой 22:00 цагийн үед би гэртээ архи уучихсан согтуу орж ирээд, эхнэр Нтай мөнгө төгрөгний асуудлаас болж маргалдаад муудалцсан. Эхнэр Н найзтайгаа пиво уусан байсан. Тэгээд би маргалдаж байхдаа эхнэрийгээ “яагаад архи ууж байгаа юм” гэж хэлтэл эхнэр Н босож ирээд миний ядам хурууг хазсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан.
Бид хоёр уг нь маргалдаж муудалцаад байдаг асуудал байдаггүй. Айл гэрт байдаг мөнгө төгрөгний асуудлаас болж марган үүссэн. Тэгээд би тухайн үед “архи уулаа” гэж эхнэр лүүгээ хуруугаараа чичилж байхад эхнэр өөдөөс “хазуулчихваа” гэхлээр нь би согтуу байсан учраас хуруугаа өгөөд хазуулчихсан. ... Миний ядам хурууг хазсан. Зүүн гарын ядам хурууны үзүүрт 2 оёдол тавиулсан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Хийлгэх шаардлагагүй. ... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9х/,
2. Гэрч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Н бид хоёр ХУД-ийн яармагийн эцэст “Бичээч” гэх цайны газарт хамт ажилладаг. Быг Нгийн нөхөр гэдгээр мэднэ. 2018 оны 02 сарын 22-ны өдөр би цагаан сараар ирээгүй учир хөдөөнөөс ирээд хамт ажилладаг Нгийнд ирж, хоол цай идэж уучихаад, ганц лааз пиво өгөхөөр нь бид хоёр нэг нэг аяганд хийгээд хуваагаад уусан. Тэгээд би гарах гээд байж байтал нөхөр Б нь согтуу орж ирсэн. Би ч гараад явсан. Н бол эрүүл байсан. Миний дэргэд хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. ...Дараа нь шүүх эмнэлэг яваад гэж ярихаар нь болсон явдлыг мэдсэн.
Би Н-тай 3 жил хамт ажиллаж байна. Энэ хоёрыг урьд маргалдаж муудалцаж байхыг би хараагүй. Урд нь ганц нэг удаа гэрээр нь орж гарч байсан, хоорондоо эвтэй найртай, 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Энэ хоёрыг би эвтэй найртай, аз жаргалтай гэр бүлийн нэг гэж боддог. Аль, аль нь элдэв муу зуршилгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,
3. ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3165 тоот дүгнэлтэд:
1. Ц.Б-н биед зүүн гарын ядам хуруунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 15х/,
4. Аюулын зэргийн үнэлгээний дүгнэлт /хэргийн 07х/,
5. Шүүгдэгч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан. Асуух зүйл байхгүй байна. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
... 2018 оны 02 сарын 22-ны орой 22:00 цагийн үед би Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 4-86б тоотод байх гэртээ найз Д-тэй хамт байсан. Д-г гарах гэж байхад нь нөхөр Б ирээд Д зөрөөд гарсан. Тэгтэл нөхөр Б нь намайг “янхан, гичий архи уугаад байгаа юм уу, юу уугаад байгаа юм бэ” гээд хараагаад, загнаад миний нүүр лүү “хүүе хүүе” гээд түлхээд гараа ам руу хийчих гээд байхаар нь би айлгах санаатай “хазчихна шүү” гэж хэлээд дуусаагүй байтал зүүн гарын ядам хурууг нь хазчихсан. Тэгээд би хоёр хүүхдээ дагуулж гараад, хашааны буланд зогсож байхад Б цагдаа дуудах шиг болсон. Бид хоёр маргалдаж муудалцалж байсан зүйл байхгүй. Тухайн үед өөрөө согтуу орж ирчихээд хэл амаар доромжлоод байхаар нь би уурласан юм. Ер нь бол Б ч намайг загнаад хараагаад байдаг зүйл байхгүй. Б гаднаас их ууртай орж ирсэн. Тухайн үед манай бага насны 2 хүүхэд том өрөөнд байсан.
Д манай гэрт цагаан сараар ирээгүй байсан тул бид хоёр нэг лааз пивийг хуваагаад л нэг нэг аяга пиво уусан. Согтоод байсан зүйл байхгүй. Би ахиж муудалцаж ийм асуудал гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 32х/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үнэлэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч А.Н нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалтын 4-86б тоот дахь өөрийн гэртээ нөхөр Ц.Б-ыг “архи уулаа, янхан, гичий” гэж хэллээ гэснээс маргаж, түүний зүүн гарын ядам хурууг нь хазаж, биед нь “шарх, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Ц.Б-н биед зүүн гарын ядам хуруунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн 3165 дугаартай дүгнэлт,
- хохирогч Ц.Б-ын: “...2018 оны 02 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед би гэртээ архи уучихсан согтуу орж ирээд эхнэр Нтай мөнгө төгрөгний асуудлаас болж маргалдаад муудалцсан. Манай эхнэр Н найзтайгаа пиво уусан байсан. Тэгээд би маргалдаж байхдаа эхнэрийг “яагаад архи ууж байгаа юм” гэж хэлтэл эхнэр Н босож ирээд миний ядам хурууг хазсан. ... Зөвхөн миний ядам хурууг хазсан, ... ядам хурууны үзүүрт 2 оёдол тавиулсан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Тухайн би найзтайгаа хоёулаа 2 шил архи уусан их согтуу байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
- гэрч А.Д-гийн: “...Н бид хоёр ХУД-ийн яармагийн эцэст Бичээч гэх цайны газарт хамт ажилладаг. Б нь Нгийн нөхөр гэдгээр мэднэ. Манай ажлаар орж гарч байдаг. 2018 оны 02 сарын 22-ны өдөр би цагаан сараар ирээгүй байсан болохоор хөдөөнөөс ирээд хамт ажилладаг Нгийнд ирээд хоол цай идэж уучихаад ганц лааз пиво өгөхөөр нь бид хоёр нэг нэг аяганд хийгээд хуваагаад уусан. Тэгээд би гарах гээд байж байтал нөхөр Б нь согтуу орж ирсэн. Би ч гараад явсан. ...Миний дэргэд хэрэлдэж маргалдаж муудалцсан зүйл байхгүй. ... Дараа нь шүүх эмнэлэг яваад гэхээр нь би энэ талаар мэдсэн. ...Энэ хоёрыг би эвтэй найртай, аз жаргалтай гэр бүлийн нэг гэж боддог. Аль, аль нь элдэв муу зуршилгүй.” гэсэн мэдүүлэг,
- шүүгдэгч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Түүнчлэн тухайн гэмт хэрэг гарахад хохирогч Ц.Б согтуурхан өөрийн эхнэр Н-г “янхан гичий” гэх зэрэг бүдүүлэг үг хэллэг хэрэглэн зүй бус авирласан зохих буруутай байдал нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Хэргийн хохирогч Ц.Б, шүүгдэгч А.Н нар нь дундаасаа үр хүүхэдтэй, гэр бүлийн хамтын амьдралаар амьдардаг болохыг Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргаас тодорхойлсон баримттай /хэргийн 25х/ тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Шүүгдэгч нь өөрийн нөхөр Ц.Б-ыг “янхан гичий архи уулаа” гэж хэллээ гэснээс маргаж түүний зүүн гарын ядам хурууг хазаж биед нь халдаж, бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийснээс Ц.Б-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь тухай гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааж хуульчлагдсан.
Прокуророос А.Н-гийн нөхөр Ц.Б-ын хурууг хазаж, хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон бөгөөд тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч А.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...Зүүн гарын ядам хурууны үзүүрт 2 оёдол тавиулсан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Хийлгэх шаардлагагүй гэсэн. Одоо бол зүгээр болсон. Иймээс ямар нэгэн эмчилгээний баримт байхгүй. ... Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” хэмээн мэдүүлж /хэргийн 9х/, мөн түүний “...миний бие эхнэр А.Н-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцох шаардлагагүй.” гэсэн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 50х/ баримтаар тус тус тогтоогдсон тул шүүгдэгч А.Н-гийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 32х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Нд 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 04 сарын дотор хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт А.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт А.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД