| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2024/0505/Э |
| Дугаар | 2025/ДШМ/07 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/07
2025 02 05 2025/ДШМ/07
Т.Год холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Т
Шүүгдэгч Т.Г
Хохирогч Т.С
Хохирогчийн өмгөөлөгч С.Н
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Т.Сгийн давж заалдах гомдлоор Т.Год холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Т-н Г, Монгол Улсын иргэн,
Т.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн үүдний хэсэгт хохирогч Т.Сг эхнэртэй маргалдлаа гэсэн шалтгаанаар шат руу түлхэн унагаж, эрүүл мэндэд нь тархи доргилт хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овогт Т-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Год оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гоос 860.720 төгрөг гаргуулан хохирогч Т.Сд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.068.960 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.С энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий хуурцгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Т.С давж заалдах гомдолдоо:
... Дээрх гэмт хэргийг Т.Г нь Б.Э-тэй бүлэглэн үйлдсэн болох нь гэрч болон хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон байтал Т.Гыг л гэмт хэрэг үйлдсэн мэтээр ял шийтгэл оногдуулж Б.Э-д ял завшуулж байгаад гомдолтой байна. Миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч улмаар дээрх хохирлыг эмчлүүлэхээр гарсан эмчилгээний зардал буюу хор уршгийг шүүх тогтоохдоо 860.720 төгрөгөөр тогтоож байгаа нь хэрэгт цугларсан баримтад үндэслээгүй байна. Мөн хохирогч миний бие шүүхийн шатанд сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх талаар удаа дараа мэдүүлсээр байтал дээрх хор уршигтай холбоотой аливаа шийдвэр гаргаагүй нь шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхээр байна.
Мөн миний бие эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд дээрх 554.320 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалыг сандд нөхөн төлүүлэх байтал энэ талаар аливаа шийдвэр гаргаагүй зэргээр шүүх зайлшгүй шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Дээрх мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн хэрэгт Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулж ажиллагааг хийлгэх боломжтой байтал хийлгээгүйгээс дээрх шүүхийн шийдвэр алдаатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих нөхцөл бүрдсэн байна. Иймд дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч өгөхийг хүсэж байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Г тайлбартаа: ... Манай эхнэр цохиж зодоогүй. Камерын бичлэгт тодорхой байгаа ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.С тайлбартаа: ... Гэмтэл буруу тогтоогдсон ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч С.Н тайлбартаа: ... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх “Б” овогт Т-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Т.Гоос 860.720 төгрөг гаргуулж хохирогч Т.Сд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаадлагаас 3.068.390 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хохирогч Т.С давж заалдах гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх хохирогч Т.Сгийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 840 дугаартай дүгнэлтийн “Үзлэг ба шинжилгээ” гэсэн хэсэгт ... хамар яс хугаралтай. Хамрын таславч зүүн тийш муруйлттай. Хамрын зүүн талд уг зорчимд арьсан дор 0,2 см орчим хэмжээтэй рентген тодрол бүхий гадны биет тодорхойлогдоно ... гэж дурьдагдсан боловч “Дүгнэлт” хэсэгт дээрх хамрын ясны хугарал гэмтэл нь шинэ, эсхүл хуучин эсэх талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Шинжээчийн дүгнэлт бүрэн бус ... гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт шинжилгээ хийлгэнэ ... гэж хуульчилсны дагуу шинжээчийн нэмэлт дүгнэлт гаргуулж, дээрх асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн дотор талыг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай ... хохирогч Т.С дээгүүрээ бор эрээн өнгийн задгай энгэртэй цамцтай, доогуураа бараан өнгийн өмдтэй байх бөгөөд сэжигтэн Т.Гын эхнэр Б.Э-тэй хоорондоо маргалдаж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байх бөгөөд 11:56:55 секундэд Б.Э хохирогч Т.Сг гарах талаараа гараараа зааж шаардлага тавьж дэлгүүрийн гарах хаалганы хэсэгт очиж зогсоход сэжигтэн Т.Г үүдний хаалганы хэсэгт очиж 11:57:07 секундэд хохирогчийг үүдний шатнаас түлхэж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна ... гэсэн /хх-9/ тэмдэглэл,
хохирогч Т.Сгийн ... Э намайг хэл амаар доромжлоод Э намайг шатан дээр байх үед түлхсэн ... гэсэн /хх-14/ мэдүүлэг,
мөн түүний Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан ... шатны уруу унасан байсан. Хөндлөнгийн гэрч 1 эмэгтэй цагдаа дуудсан ... гэсэн /хх-8/ өргөдөл зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх учиртай.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэн үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, өөрөөр хэлбэл Б.Э хохирогч Т.Сг түлхсэн эсэх, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг Б.Э бусадтай бүлэглэн учруулсан эсэх зэргийг нарийвчлан шалгаж тогтоох,
хяналтын камерын бичлэгт 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тухайн үйл явдал болсон цаг үеийн бичлэгийг бүрэн эх /хохирогч уг газарт анх орж ирсэн цаг, минутаас эхлэн түлхэгдэн шатнаас газарт унасан хугацаа/-ээр дүрсжүүлэх, тухайн хэрэг учрал болох үед харсан гэх эмэгтэйгээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэдийгээр хохирогч Т.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ... миний сэтгэл санаанд ямар нэгэн гэм хор үүсээгүй сэтгэцийн шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй ... гэж /хх-16/ мэдүүлсэн байх боловч давж заалдах гомдолдоо ... хохирогч миний бие шүүхийн шатанд сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх талаар удаа дараа мэдүүлсээр байтал дээрх хор уршигтай холбоотой аливаа шийдвэр гаргаагүй ... гэсэн байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгож шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн хохирогчийн өмгөөлөгч С.Н 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд ... сэтгэцийн шинжээч томилуулахаар өөрт нь хэлсэн, чи ирээд хүсэлтээ өгөөд баримтаа өг гэхээр өөрөө амаар яриад байна уу гэхээс бичгээр гаргаж өгдөггүй ... гэж /хх-66/, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт ... удаа дараа хүсэлт гаргасан. Шинжээч эмчээс асуухаар би ажлаасаа гарсан. Хэн нэгэнд өгсөн ... гэж тус тус мэдүүлсэн байна.
Дээрх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад эсхүл шүүхийн шатанд гаргасан эсэх нь тодорхойгүй ба түүний энэ хүсэлт нь хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд хохирогч Т.Сгийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хохирогч Т.Сгийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Хэргийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР