Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 126/ШШ2026/0041

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д************* ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х************* ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.З************* нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х************* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З************* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.    Нэхэмжлэгч Д.А*************-с Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг Хүүхэд хамгааллын тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж сум, орон нутагтаа хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй гэж үзэн албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

2.2. Нэхэмжлэгчээс уг захирамжийг эс зөвшөөрч 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д.А************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д*************  нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус сумын Засаг даргад нэр дэвшин дэмжигдэж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна. 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буюу бүх нийтээр тэмдэглэх баярын амралтын өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас Р.Машбат, н.Янжин нар над руу утсаар яриад Танд сонсох ажиллагаа хийх гэж байна. Ерөнхий сайд аймгийн даргад, аймгийн дарга танд арга хэмжээ авч байна гэж хэлсэн. Би яагаад, ямар шалтгаанаар арга хэмжээ авч байгааг асуухад танай суманд хүүхэд хамгааллын асуудал хангалтгүй хэрэгжсэн гэсэн тайлбарыг хэлсэн. Би хариуд нь Манай суманд хүүхэд хамгааллын асуудал хангалттай сайн хэрэгжиж байгаа гэж ойлгож байна. Жил жилийн хүүхэд хамгааллын бодлого, төлөвлөгөөгөө гаргаж, төлөвлөгөөний хүрээнд сургууль, цэцэрлэгийн 1600 гаруй хүүхдүүдийг үнэ төлбөргүй амны хөндийн үзлэгт хамруулж, 100 хувь өвчлөлгүй болгосон, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд 7 хоног тутам эргэлт хийдэг гэх мэт хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан. Манай суманд 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эрчим хүчний асуудлаас болж 2 настай хүүхэд нас барсан явдалд миний буруутай үйл ажиллагаа байхгүй, нэгдүгээрт байгалийн давагдашгүй хүчин зүйл болох хүчтэй салхины улмаас цахилгааны шон унасан, хоёрдугаарт тухайн цахилгааны шонг хариуцдаг эрчим хүчний салбар нь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ Архангай аймгийн салбарт харьяалагддаг. Мөн эрчим хүчний монтёруудын сар бүр гэрлийн мөнгө бичдэг шон байтал тус эрчим хүчний компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүйгээс болж эрсдэл гарсан. Тухайн дэлгүүрийн эзэн шонгоо бэхлэх, аюулгүй байдлыг хангах асуудал, гуравдугаарт тухайн үед хүүхдээ хараа хяналтгүй орхигдсон зэрэг нөхцөл байдлуудаас болж энэ осол болсон гэж харж байна гэдэг тайлбарыг өгсөн. Тэд надтай ярихдаа надад ямар арга хэмжээ авахаар сонсох ажиллагаа хийж байгаа тухайгаа тайлбарлаагүй тул би надад арга хэмжээ авах сонсох ажиллагаа юм уу, эсхүл ослын талаар тайлбар аваад байгаа юм уу гэдгийг сайн ойлгоогүй өнгөрсөн.Ингээд 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр надад вайбер /viber/-р Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/57 дугаартай захирамжийг явуулсан байсан. Тус захирамжаар хүүхэд хамгааллын тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж, сум орон нутагтаа хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй үндэслэлээр надад албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Энэ захирамжийг миний бие эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай суманд эрчим хүчний шон унаснаас болж 2 настай хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тус хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас хэрэг нээн шалгаж, холбогдох ажиллагааг хийж байгаа бөгөөд энэ хэргийн талаар цагдаагаас тодруулахад ослын акт, дүгнэлтүүд одоогоор гараагүй байгаа юм билээ. Мөн тухайн хэрэгтэй холбогдуулж Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан ямар чиг үүрэг зөрчигдсөн, хэн тухайн зөрчлийг үүсгэсэн талаар ямар нэгэн акт, дүгнэлт гарсан зүйл огт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Тэгтэл Хөвсгөл аймгийн Засаг дарга нь надад арга хэмжээ авахдаа Жаргалант суманд Хүүхэд хамгааллын тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн талаар ямар нэгэн шалгалт, акт, дүгнэлт гараагүй, тухайн ослын талаар ямар ч дүгнэлт гараагүй байхад арга хэмжээ авсан. Тиймээс ямар ч үндэслэлгүй захирамж гаргаж, надад сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. Иймд Д.А************* надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*************  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.А************* нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/78 дугаартай захирамжаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Гэтэл 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/37 дугаарт захирамжаар түүнд сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг. Үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах ийм шийтгэл оногдуулсан байдаг. Шийтгэлийн үндсэн дээр Хөвсгөл аймгийн Засаг дарга нь захирамждаа үндэслэхдээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 65 дугаар зүйлийн 65.1.3, 65 дугаар зүйлийн 65.3.2, 66.1, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйл, 40.2, 43.1, 94.1 гэсэн хуулийн үндэслэлүүдийг дурдаад сахилгын авч байгаа тайлбар бол хүүхэд хамгааллын тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж сум орон нутагт хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй тул Жаргалант сумын Засаг дарга Д.А*************-г албан тушаалын үндсэн цалинг нэг сарын хугацаанд 20 хүртэлх хувиар бууруулах шийтгэлийг оногдуулсан байдаг. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч оролцож байна. Шалтгаан нь нэгдүгээрт, Засаг дарга уг захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй. Хоёрдугаарт, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй. Гуравдугаарт, өөрт нь сумын Засаг даргаар хуулиар харьяалан үүрэг болгоогүй, өөрийнхөө чиг үүрэгт хамааралгүй асуудлыг өөрт хамааруулан арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй байна. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлахад, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй. Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бүхий бодит байдлыг тогтоох үүрэг нь өөрт нь байдаг.

Тухайн бодит байдлыг тогтоохдоо холбогдох нотлох баримт, бодит нөхцөл байдлыг цуглуулж, бүрдүүлэх ёстой байдаг. Тухайн осолд орсон амь хохирсон хүүхдийн маань ослын шалтгаан нөхцөл нь юу юм бэ? Яг тухайн осолтой холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан юм уу, унасан гээд байгаа тухайн шон маань Засаг даргын эрчим хүчний байгууллагын харьяа шон байсан юм уу, тухайн айлынх нь хариуцах засвар үйлчилгээ хийх шон байсан юм уу тэрийг тодруулаагүй. Тухайн шонгийн мод нь унаад хэр удсан байсан юм бэ. Засаг дарга тухайн шонг унасан байгааг нь мэдсээр байж холбогдох арга хэмжээ авахгүй байсаар байгаад хүүхдийн амь хохирсон юм уу, эсхүл шонгийн мод унасан асуудлыг мэдээгүй байж байтал арга хэмжээ авах боломж нөхцөл олдоогүй байхад тухайн хүүхдийн маань амь нас хохирсон юм уу зэрэг нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, мөн тухайн шонгийн модны засвар үйлчилгээг хэн хариуцах ёстой байсан юм бэ зэрэг шалтгаан нөхцөлт байдлыг огт тодруулахгүйгээр нөхцөл байдлыг тогтоох гэсэн хуульд заасан шат дарааллыг алгассаны улмаас хуульд нийцээгүй эрх зүйн акт гарсан байна.

Хоёрдугаарт сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэж байгаа. Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27.2 дугаар зүйлд зааснаар мэдэгдээгүй, хаана? ямар асуудлаар ямар байдлаар сонсох ажиллагааг явуулах ёстой юм бол гэдгээ эхлээд мэдэгдэх ажиллагаа явуулах ёстой. Тухайн мэдэгдлийн дагуу сонсох ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд маань оролцох ёстой. Тэгтэл хэн сонсох ажиллагаа явуулаад байгаа юм уу эсхүл болсон асуудлын талаар мэдээлэл аваад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүйгээр бүх нийтийн амралтын өдөр 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдөр утсаар холбогдож ярьсан.

Ингэж утсаар ярьсан үйлдлийг сонсон ажиллагаа хийгдсэн гэж үзэхгүй. Эхлээд мэдэгдлээ явуулах ёстой. Мэдэгдлийнхээ дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27.5 дугаар зүйлд заасан боломжийг эрх ашиг нь хөндөгдөөд байгаа этгээдэд олгоогүй байна. 27.5-д заасан боломжийг хангаагүй байна гэж үзэж байна. Иймд Жаргалант сумын Засаг дарга Д.А*************-д сахилгын шийтгэл оногдуулаад байгаа энэхүү Захиргааны акт маань хуулийн дагуу үүсээгүй хууль бус байгаа учраас хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.

Дөрөв. Хариу тайлбар, түүний үндэслэл

4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, улмаар хүүхэд цахилгаанд цохиулан нас барсан осол гарсан бөгөөд уг үйл явдал нь хүүхдийн амь нас хохирсон ноцтой үр дагавар бүхий бодит нөхцөл байдал болсон байна. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т бүх шатны Засаг дарга нь хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, 17.1.4-т хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, хүмүүжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, 17.1.6-д эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хамгаалах шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр тус тус үүрэг хүлээсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18.1-д хүүхдэд тохирох хүүхэд хамгааллын үйлчилгээг тодорхойлох зорилгоор нөхцөл байдлын үнэлгээ хийх, 18.3-т нөхцөл байдлын үнэлгээгээр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай нь тогтоогдсон бол хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах, 18.4-т уг төлөвлөгөөнд хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагаа, ажил үүргийн хуваарилалт, мэдээлэл солилцох журмыг тусгахаар зохицуулсан.

Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 39.2.1-д сумын Засаг дарга нь хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан шийдвэрийн биелэлтийг хангах, 39.2.2-т хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр, мөн хуулийн 57.1-д энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д аймаг, сумын Засаг дарга нь Эрчим хүчний тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн утаг дэвсгэртээ зохион байгуулж, холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд өөрийн нутаг дэвсгэрт гамшгаас урьдчилан сэргийлэх Захиргааны байгууллага нь амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй аюулаас эрсдэлийг бууруулах иргэдийн байгуулж хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний түүний удирдлагын тухай хуулийн 60.1.1, 65.1.3, 65.3.2, 66.1-д зааснаар Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь сонсох ажиллагааны үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой ажил зохион байгуулсан хамтарсан баг ажиллуулж байсан, осол нь хүчтэй салхины улмаас болсон талаар тайлбар гаргасан боловч эдгээр нөхцөл байдал нь сумын Засаг даргад Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор ногдуулсан хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанчлан сонсох ажиллагааны талаар 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бүх нийтээр амрах өдөр мэдэгдсэн гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27.4.4-т заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Янжин 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 56 минутад нэхэмжлэгчтэй утсаар холбогдон сонсох ажиллагааны талаар мэдэгдсэн. Тухайн өдрийн утсаар холбогдсон талаарх мэдээллийн хавсарган хүргүүлэв. Мөн сумын Засаг дарга Д.А************* нь тухайн сумын нутаг дэвсгэрт хүүхэд золгүй байдлаар нас барсан байдалд өөрийгөө буруугүй хэмээн өмөөрч аймгийн Засаг даргатай маргаж байгаа нь Төрийн албан хаагчийн хувьд ч ёс зүйн зөрчил гаргаж байна. Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 03-нь, өдрийн Б/47 дугаар захирамж нь эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хангаж гаргасан хууль ёсны захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З************* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас, нэгдүгээрт нөхцөл байдал тогтоогдоогүй, манай зүгээс нөхцөл байдал тогтоогдоогүй гэдэг нь нөхцөл байдалд тухайн хүүхэд нас барсан үйлдэл нь заавал тогтоох тогтоохгүй байх нь хамаагүй. Тухайн шатны Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлээгүй байна гэж үзэн, шалтгаант нөхцөл байдал нь хүүхэд нас барснаар тогтоогдоно.

Чиг үүрэгт хамаарахгүй гэдэг нь Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлд Аймаг сумын Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, холбогдох байгууллагатай хамтран ажиллах гээд заасан байгаа.

Тэгэхээр энэ цахилгааны шон манайд хамаарахгүй Архангай дахь салбарт хамаарна гэдэг биш тухайн Архангай дахь салбартай хүүхэд хамгаалах хамтарсан багийн үзлэгийн төлөвлөгөөнд заасан байсан шиг сум нийт өрхийн эрсдэлийн үнэлгээг хийлгэх гээд заасан байгаа. Тэрний хоёрдугаар улиралдаа яагаад тухайн шонг эрсдэлт нөхцөл байдал гэж үзээгүй юм бэ? түүн дээр яагаад хяналт шалгалт хийгээгүй юм бэ? энэ нь бас манайд хамааралгүй нөхцөл байдал гэж хэлж болохгүй нөхцөл байдал. Тухайн эрчим хүчний байгууллагатай хамтран ажиллах чиг үүрэгтэй.

Сонсох ажиллагааг манайх хариу тайлбартаа бичсэн байгаа. Нэхэмжлэгч талаас сонсох ажиллагааны талаар 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн гэж байсан. Манай талаас сонсох ажиллагааны мэдэгдлийг 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 53 минутад утсаар ярьж Захиргааны ерөнхий хуульдаа заасны дагуу утсаар ярьж мэдэгдээд 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутад явуулсан.

Тэгэхээр сумын Засаг дарга хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, эрчим хүчний тухай хууль, гамшгийн тухай хууль, нэгжийн тухай хуульд заасан хүүхэд хамгаалах аюулгүй байдалд амьдруулах, орчин нөхцөлийг хангах үүргээ биелүүлээгүй гэсэн чиг үүргийг манай талаас барьж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгчээс 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай суманд эрчим хүчний шон унаснаас болж 2 настай хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас хэрэг нээн шалгаж, холбогдох ажиллагааг хийж байгаа бөгөөд энэ хэргийн талаар цагдаагаас тодруулахад ослын акт, дүгнэлтүүд одоогоор гараагүй ... тухайн хэрэгтэй холбогдуулж Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан ямар чиг үүрэг зөрчигдсөн, хэн тухайн зөрчлийг үүсгэсэн талаар ямар нэгэн акт, дүгнэлт гарсан зүйл огт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Засаг дарга нь надад арга хэмжээ авахдаа Жаргалант суманд Хүүхэд хамгааллын тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн талаар ямар нэгэн шалгалт, акт, дүгнэлт гараагүй, тухайн ослын талаар ямар ч дүгнэлт гараагүй байхад арга хэмжээ авсан гэж, хариуцагчаас уг үйл явдал нь хүүхдийн амь нас хохирсон ноцтой үр дагавар бүхий бодит нөхцөл байдал болсон ... нэхэмжлэгч нь сонсох ажиллагааны үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой ажил зохион байгуулсан хамтарсан баг ажиллуулж байсан, осол нь хүчтэй салхины улмаас болсон талаар тайлбар гаргасан боловч эдгээр нөхцөл байдал нь сумын Засаг даргад Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор ногдуулсан хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж тус тус маргажээ.

3.  Маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар (1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал) Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.3.2, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.2, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хүүхэд хамгааллын тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж сум, орон нутагтаа хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй гэж дүгнэн нэхэмжлэгчид албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

4.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно, 65.1.3-д Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн, 65.3-д Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 65.3.1-д Сануулах, 65.3.2-т Үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах, 65.4-д Энэхүү хуулийн 65.3-т заасны дагуу ногдуулсан хариуцлагыг шат дараалан хэрэглэнэ гэж тус тус заажээ.

5.  Дээрх хуулийн зохицуулалтын дагуу доод шатны Засаг дарга нь Засгийн газар, Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тохиолдолд дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд нь сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан бөгөөд сахилгын шийтгэлийн төрлийн хувьд сануулах, цалин хасах гэж тухайлан зааж, уг шийтгэлийн төрлийг хөнгөнөөс хүндрүүлэх зарчмаар шат дараалан хэрэглэхээр зохицуулсан байна.

6.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Хөвсгөл аймагт 3 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ирж ажилласан. Тэр үеэр иргэд, төрийн албан хаагчтай уулзалт хийгээд хүүхэд хамгааллын тухай арга хэмжээ авч ажиллах ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгч байсан гэж тайлбарлах боловч энэ талаар баримт буюу үүрэг даалгавар өгсөн, түүний хэрэгжилттэй холбоотой баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй болно.

7.  Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд маргаан бүхий актын үндэслэлд дурдсан хууль зүйн үндэслэлүүдтэй холбоотой баримтуудаа хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй байна.

8.  Түүнчлэн маргаан бүхий актын үндэслэлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Хүүхэд хамгааллын тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж сум, орон нутагтаа хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй гэсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан бүх хэсгийг болон мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.1, 39.2.2-т заасныг зөрчсөн гэжээ.

9.  Гэтэл Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын үнэлгээ хийх эрх хэмжээ нь сумын Засаг даргад бус хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд хамаарч байхын зэрэгцээ нөхцөл байдлын үнэлгээг хүүхдийн бие бялдар, эрүүл мэнд, сэтгэл зүй, зан авир, танин мэдэхүй, нийгэмшихүй, боловсролын байдал, гэр бүл, сургалтын орчин, хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхэд өсгөх ур чадвар, тэдний хоорондын харилцаа зэрэг нөхцөл байдлыг нягтлан судалж хийгддэг байхад уг асуудалд хамааралгүй асуудлыг хамаатуулж, Сумын Засаг даргын эрх хэмжээнд хамаарна гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

10.   Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.1-д зааснаар хүүхэд хамгааллын хууль тогтоомж хэрэгжүүлэхтэй холбоотой аймгийн Засаг даргаас шийдвэр гаргаагүй атлаа шийдвэрийг биелэлтийг хангах ажлыг хэрэгжүүлээгүй гэж, 39.2.2-т заасан хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөлд хамаарахгүй асуудалд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

11.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27.2 дугаар зүйлд зааснаар мэдэгдээгүй, хаана? ямар асуудлаар ямар байдлаар сонсох ажиллагааг явуулах ёстой юм бол гэдгээ эхлээд мэдэгдэх ажиллагаа явуулах ёстой гэсэн бөгөөд хариуцагчаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа сонсох ажиллагааны мэдэгдлийг 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 53 минутад утсаар ярьж Захиргааны ерөнхий хуульдаа заасны дагуу утсаар ярьж мэдэгдээд 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутад явуулсан гэж тайлбарлан маргажээ.

12.   Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн тусгай зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримталж, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор байна.

13.   Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг гаргахдаа тус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн өөрийгөө илэрхийлэх боломж буюу шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломжит хугацааг олгосон талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул уг ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй.

14.   Иймд дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг зөрчсөн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай Д.А*************-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А*************-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай Д.А*************-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР