2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/05445

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         06         16                                              191/ШШ2025/05445

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овгийн Цийн Аийн хүсэлттэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Сг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.       

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагадаа:

Иргэн Ц.А нь Б.Сгийн ажиллууладаг саун массажны газар 2024 оны 02 дугаар сард үйлчлүүлэгчээр ажиллаж байсан ба нэг сарын цалин 1.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож ажилд авсан. Гэтэл ажил олгогч Б.С нь тохирсон цалингаа өгөхгүй байсан тул ажлаасаа өөрөө хүсэлтээр гарсан улмаар нэг сар ажилласан цалингаа авахаар удаа дараа залгаж мессеж бичихэд өнөөдөр маргааш гэж явсан тул арга буюу Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргахад хариуцагч нь өөрийн оршин суух хаяг дээрээ байдаггүй гэдэг Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №216 дугаар тодорхойлолт, 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Цагдаагийн илтгэх хуудас зэргээр тогтоосон гэдэг үндэслэлээр Сүхбаатар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 181/Ш32024/15789 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Дээрхээс шалтгаалан иргэн Ц.А нь өөрийн зөрчигдсөн эрхийг шүүхээр шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцуул зохих этгээд болох Б.Сг эрэн сурвалжлах захирамж гаргаж, холбогдох цагдаагийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Хүсэлт гаргагч Ц.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Сг эрэн сурвалжлуулахыг тухай хүсэлтийг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно... гэж заажээ.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Сгийн оршин суух хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулахаар 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/19766 дугаартай шүүгчийн захирамжийг хүргүүлсэн.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 9/6565 дугаартай албан бичгээр иргэн Б.С //-гийн регистрийн дугаарын мэдээллээр шалгахад холбогдох иргэний бүртгэл гарахгүй байгаа тухай албан бичгийг ирүүлжээ. Иймээс Б.Стай холбогдуулан ямар нэгэн арга хэмжээг авах боломжгүй юм.

 

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Сг эрэн сурвалжлуулах тухай Ц.Аийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар Ц.Аийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН