| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2408000000731 |
| Дугаар | 2025/ДШМ/150 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/150
2025 01 28 2025/ДШМ/150
Т.Нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Солонго,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О, түүний өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Одонпүрэв,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/1348 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.Нд холбогдох 2408000000731 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 391 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 129 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 25 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 4 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хуулийн тэгшитгэлээр эдлэх ял нь 5 жил 1 сар 20 хоног болж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 685 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй.
Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ......... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Х үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нь гадсан төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч М.Х нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Нг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Нд 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/685 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Нгийн цагдан хоригдсон 214 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 3.185.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний тухайд сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Нгаас 4.790.709 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.5 см*1.5 см диаметртэй, 22 см урттай 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдолдоо: “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13/7869 дугаартай “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт “Хохирогч нь энэ хуулийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж хуульчилсан байна. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж байна.” гэсэн албан бичгийг хүргүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэр бүлийн гишүүн гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дэх хэсэгт заасныг” гэж” заажээ.
Тус дүүргийн шүүх амь хохирогч М.Х хууль ёсны төлөөлөгч О.О сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн ойлголт зөрүүтэй болон ойлгомжгүй ба хуулийг өөрөөр тайлбарласан, хэрэглэсэн гэж үзэж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүд” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж тодорхойлжээ. Амь хохирогч М.Х нь хууль ёсны төлөөлөгч О.О төрсөн ах бөгөөд бага нас болон тус тусдаа амьдрал зохиох хүртэл хамт амьдарсан. Энэ утгаараа гэр бүлийн гишүүн ба Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг гэжээ.
Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “гэр бүл” гэдгийг гэрлэлтийн үр дүнд буй болсон, ...үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гишүүдийг” гэж заасан ба энэ нь гэр бүлийн гишүүн гэдэг ойлголтоос өөр юм.
Энэ ч утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийтгэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дэх хэсэгт заасныг гэж тодорхойлсон юм.
Иймд амь хохирогч М.Х хууль ёсны төлөөлөгч О.О сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Т.Н тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Т.Нгийн өмгөөлөгч Б.Одонпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Амь хохирогч нь эхнэр, 3 хүүхдийн хамт Дарханд амьдардаг. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон О.О нь амь хохирогчийг Улаанбаатар хотод цагаан давааны хогийн цэг болон айлд амьдарч байхад түүнтэй огт уулзаж байгаагүй. О.О нь амь хохирогчийг хүнд гэмтэл авч, эмнэлэгт үзүүлж байх үед эргэж, тойрч байгаагүй атлаа түүнийг нас барсны эцэст хохирол нэхэмжилж байгааг зүй ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Л.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршигтай холбоотой дүгнэлт нь хуульд нийцсэн бөгөөд Эрүүгийн хууль болон бусад хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Т.Нд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ......... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Х үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нь гадсан төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч М.Х нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;
хохирогч М.Х “...Би өчигдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байж байгаад зүс таних Т гэж дууддаг айлын гэрт очсон. Тэгээд Т ахын гэрт Т ах, Т ахын эхнэр Т, зүс таних Н нар байсан. Тэгээд зүс таних Н гэх хүн архи “чи надад эхэлж өгсөнгүй” гээд уурлаад гэрээс гарч яваад удалгүй гартаа нэг төмөр барьчихсан орж ирээд миний зүүн нүд хэсэг рүү нэг удаа төмрөөр хатгасан. Би доошоо нүдээ дараад тонгойсон чинь миний дээрээс цохиод байсан, тухайн үед хаашаа хэдэн удаа цохисон талаар сайн санахгүй байна. ...” /1хх 21/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О “...Тухайн үед Х ахын бие нь сонин болчихсон босож чадахгүй, өтгөн шингэнтэйгээ холилдчихсон байдалтай, мөн зүүн нүднийх нь доод хэсэгт нэлээн гүн шархтай /тус шарх нь 2-3 хоночихсон шарх байсан/ байхаар нь ГССҮТ нь Х ахыг үзэх болов уу, шарх нь 2-3 хоночихсон, мөн хөдөө орон нутгийн хаягтай, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй гэж бодоод би ГССҮТ-ийн гар утас руу залгаж холбогдоход ГССҮТ-ийн эмч надад хандаж “шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол хүн үзэхгүй, яаралтай дээр яаралтай бол үзээд өгч болно” гэж хэлсэн. ...Манай ээжийн дүү О гэрт буюу Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 12-43 тоотод Х ахтай хамт очоод 103 түргэнийг дуудахад удалгүй хүрч ирсэн. Тэгээд 103-ийн эмч Х ахыг үзээд “яаралтай эмнэлэгийн түргэн тусламж авахгүй бол болохгүй байна” гэж хэлээд тухайн түргэний эмч Энэрэл эмнэлэг рүү ярьж өгөхөд мөн “авахгүй” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Х ахын “даралт нь өндөр байна, мөн халуунтай байна” гээд тухайн түргэний эмч анилгин, демодрал булчингаар хийчхээд түргэний эмч яваад өгсөн. Тэгсэн тухайн өдрийн 20-21 цагийн үед Х ахын бие царай нь хөхрөөд амьсгаагүй болчихоор нь дахиад түргэн дуудаж үзүүлэхэд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэр үед Х ахын бие нь муу, юм ярихдаа муу байсан ба Х ах зүүн нүднийхээ доод хэсгийг гараараа бариад өвдөөд байгаа бололтой ёолоод яваад байсан. 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 7 хоногийн өмнө Х ахтай гар утсаар холбогдоход Х ах надад “би хилчин хотхоны энд байна, ажил хийж байгаа, цалингаа буухаар эхнэр хүүхэд дээрээ очино” гэж ярьсан. ...” /1хх 16-17, 168-169/,
гэрч Ч.Э “...2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед би нөхөр Төмөрхүүгийн хамт гэртээ байж байтал гаднаас Нд, Х нар архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байдалтай хоорондоо маргалдаад бие биенийгээ п.... гэх мэтээр хараагаад орж ирсэн. Тэгэхээр нь би Нд, Х нарыг “та 2 манай гэрээс гарч хэрэлд” гэсэн чинь миний үгэнд орохгүй тэр 2 хоорондоо хэрэлдэж байснаа Нд гэнэт гэрээс гараад явчихсан. Улмаар Нд буцаж орж ирэхдээ төмөр гадас шиг юм барьж орж ирээд Х-Э нүүр рүү нь тэр төмөр гадас шиг юмаар нэг удаа цохисон. Тэгсэн Х “энэ Нд миний нүд рүү цохьчихлоо” гээд орилохоор нь би Ндг “яаж байгаа юм бэ” гэсэн чинь Нд тухайн төмөр гадас шиг юмаа бариад гараад гүйчихсэн, би Ндгийн араас нь гарахад Нд хашаанаас гараад тухайн төмөр гадас шиг юм аа газар шидчихээд цаашаа гүйгээд явчихсан. Би тухайн төмрийг нь аваад байшингийн гадаа тавьчихсан байсан юм. Тэгээд би гэр рүү ороод Х-Э хартал Х-Э зүүн талын нүд нь хөхөрч хавдсан, мөн зүүн талынх нь нүдний доод хэсэгт язраад цус гарч байхаар нь тэр цус гарсан хэсгийг нь цэвэрлэж өгсөн. ...” /1хх 23-24/,
гэрч Д.Т “...2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10-11 цагийн үед би эхнэр Энхтуяагийн хамт гэртээ байхад гаднаас Нд, Х нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд манай гэрт хэрэлдээд байхаар нь би тэр 2-т хандаж “гэрт битгий хэрэлдээд бай” гэж хэлсэн чинь Нд, Х нар бие биенийгээ харааж байснаа Нд гэрээс гарч яваад удалгүй буцаж орж ирэхдээ гартаа төмөр барьж орж ирээд Нд нь Х-Э нүүр рүү нь 1 удаа цохисон чинь Х-Э нүүрнээс нь цус гараад байсан. Тэгээд Х орилоод нүүрээ гараараа дараад байсан, Нд гэрээс гараад гүйчихсэн ба манай эхнэр Энхтуяа “хүүш Н” гээд араас нь дагаад гүйсэн. Тэгээд манай эхнэр буцаж орж ирээд Н гараад зугтчихлаа гэж хэлсэн, тэгээд Энхтуяа нь Х-Э цусыг нь цэвэрлэж өгсөн Тэр үед Х-Э зүүн нүднийх нь доод хэсэг язраад зүүн нүд нь хавдсан байсан. ...” /1хх 26-27/,
гэрч С.Д “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Н орж ирээд “би Х-Э нүднийх нь доод хэсэгт юмаар цохьчихсон, би зугтаж явна” гэж хэлэхээр нь би Нд хандаж “чи юу яриад байгаа юм бэ, одоо Х хаана байгаа юм бэ” гэсэн чинь Н “бид нар Т ахынд байсан юм” гэхээр нь би Нг дагуулаад Тгийн гэрт очиход Т нь “Х цагдаа руу явчихсан, байхгүй байна" гэж хэлсэн. ...Тухайн үед Х-Э зүүн талын нүд нь нүдний доод хэсэгт нилээн гүн шархтай байхаар нь би Хд “чи эмнэлэгт үзүүлсэн юм уу” гэсэн чинь Х дугарахгүй гараад яваад өгсөн. ...Тэгээд би тухайн өдрийн 21 цагийн үед гэртээ байж байтал гаднаас Х-Э бие нь нилээн муудчихсан байдалтай орж ирээд шууд манай гэрийн орон дээр хэвтээд унтаад өгөхөөр нь би хөнжилөөр нь хучаад унтуулчихаад ажилдаа явсан. Тэгсэн маргааш өглөө нь буюу 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 07-08 цагийн үед би ажпаасаа тараад гэртээ ирэхэд Х манай гэрийн гадаа сонин болчихсон байдалтай, өөрийнхөө үсийг зулгаагаад гэрийн гадаа байсан мод зэрэг эд зүйлсийг гараараа шидээд байхаар нь би Хд “чи яаж байнаа” гэсэн чинь Х-Э царай бүр сонин болчихсон, хүний үг сонсохгүй болохоор нь би Х-Э бие нь болохоо байчихлаа гэж бодоод түргэн дуудах гэтэл түргэний эмч надад хандаж юу болсон талаар асуухад нь би “Х гэх залуугийн бие нь нэг л хачин болчихлоо эд зүйл гараараа авч шидээд үсээ зулгаагаад сонин байгаад байна” гэсэн чинь түргэний эмч надад хандаж “та цагдаад ханд” гэж хэлсэн. ...Тэгээд удалгүй цагдаа ирээд би цагдаад Х-Э ах дүү нарынх нь гар утасны дугаарыг өгсөн ба тухайн өдрийн 14-15 цагийн үед Х-Э дүү нь гээд эмэгтэй ирээд аваад явсан. Тухайн үед Х өмдөндөө шээж, баачихсан байсан. ...” /1хх 29-30, 170-171/ гэсэн мэдүүлгүүд,
“...Амь хохирогчийн цогцсын шинжилгээгээр зүүн нүдний доод зовхины шарх, зүүн нүдний ухархайн дотор, дээд хана, залаа ясны хугарал, духны баруун дэлбэнгийн тархины эдийн цусан хураа, няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, их, бага тархины орой, суурийг хамарсан аалзан хальсан доорх тархмал, тархины эдийн идээт үрэвсэл, нуруу, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Нүүр, гавал тархины гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нуруу, зүүн шилбэний зулгаралт гэмтэл нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Уг гэмтлийг аваад гэмтлийн хүндрэл өгөх хүртлээ амьд явах боломжтой. Амь хохирогчийн гавал тархи, нүүрний гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нуруу, шилбэний зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэжээ. Амь хохирогч нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно. Амь хохирогчийн ходоодонд бүрэн боловсорсон шингэн агууламжтай байна. Амь хохирогчийн биед эсэргүүцэн тэмцэлдсэн гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогч эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ цаг алдалгүй авсан тохиолдолд эмчлэгдэх амьдрах боломжтой байсныг тогтоох боломжгүй. Амь хохирогчийн цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь тархины гэмтлийн улмаас аалзан хальсны тархмал, тархины эдийн идээт үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас баржээ. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 07- ны өдрийн 1760 дугаартай /1хх 43-47/,
“...ШШЕГ-н ШАУШГ-н шинжээч эмч Т.Амартүвшингийн гаргасан 1760 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024.05.21-ний өдрийн А 225, А/153, А/85 дугаар тушаалын хэрэгжилт 2024.06.12-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын журмыг баримтлан гаргасан нь үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан гавал тархины ил гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу төмөр зүйлээр хатгах, цохих үед үүсгэгдэнэ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж бага байжээ. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар түргэн тусламжийн хуудсанд бичигдсэнээр тусламж зохих журмын дагуу үзүүлсэн байх ба талийгаач эмчилгээ үйлчилгээнээс татгалзсан байна. 2024.05.04-ний 19 цаг 55 мин өдөр Нийслэлийн түргэн тусламжийн эмч Ц.Буянхишиг метамизол натри 50%-2мл, дефенгидрамин 1%-1 мл, булчинд хийсэн байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1180 дугаартай /2хх 89-95/ дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Т.Н ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Т.Н нь согтуурсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Х үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нь гадсан төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч М.Х нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/685 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Нгийн цагдан хоригдсон 214 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О өмгөөлөгч Л.Батаа “...амь хохирогч М.Х хууль ёсны төлөөлөгч О.О сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч нь хамтран амьдрагч болон 3 хүүхдийнхээ хамтаар амьдардаг байсан боловч сүүлийн жилүүдэд гадуур хоноглож байсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отай холбоо барьдаггүй, хамт амьдарггүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “...“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;...” гэж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. ...” гэж тус тус хуульчилсан ба амь хохирогчийн гэр бүлийн гишүүд буюу эхнэр болон төрсөн хүүхдүүд нь нэн тэргүүн ээлжид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх, нэхэмжлэх эрхтэй тул энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Т.Нгаас 4.790.709 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг баримтыг хэн гаргасан нь тодорхой бус, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг нотлогдсон хэмжээнд үнэлж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Т.Нгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 54 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/1348 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 7 заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Нгаас 4.790.709 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О олгосугай. ...” гэснийг, “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Нгаас 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О олгосугай. ....” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нгийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ