Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01772

 

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01772

 

 

Ц.Дагиймаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 14ий өдрийн 184/ШШ2018/01554 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Дагиймаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар "Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамжаар хариуцагч "Карголэнд" ХХК-аас 120 215 875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Тус шүүгчийн захирамжид хариуцагч "Карголэнд" ХХК нь 120 215 875 төгрөгийг төлөхөөр байхад иргэн Ц.Дагиймаа миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 24 дүгээр байр 54 тоот 65.7 м.кв 3 өрөө байрыг хураан авч, битүүмжилж, үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаанд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр оруулахаар болсныг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр интернетээр мэдлээ.

Хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулдах мэдэгдлийг хүргүүлээгүй байж, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.

Иймд "Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарласан 2 дахь албадан дуудлага худалдаанд миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг оруулах гэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-уул,Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны 01212 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж , 24 дүгээр байрны , 54 тоот, 65.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16/26 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16/26 тоот тогтоолоор хураан авсан.

Нэхэмжлэгч Ц.Дагиймаа нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гарган уг асуудлаар мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1396 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 452 тоот магадлалаар тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Мөн Ц.Дагиймаа нь барьцааны хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дахин гарган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1546 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 1642 тоот магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1553 тоот тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/6 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4/243 тоот мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу баталгаат шуудангаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлж, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Өнөөдөр" сонинд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 002 дугаараар зарласан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1,122.3, 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Дагиймаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутаны гудамжны 24 дүгээр байрны 54 тоотод байрлах 65.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Дагиймаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр эс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/01554 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Дагиймаа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2016/01212 дугаар захирамжаар Карголэнд ХХК-аас 120 215 875 төгрөг гаргуулж, Улаанбаатар хотын банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба мөн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/28380 дугаар захирамжаар 102/ШЗ2016/01212 дугаар захирамжид Карголэнд ХХК-иас 120 218 875 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг захирамжид оруулжээ.

 

Төлбөр төлөгч Карголэнд ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгө болох Ц.Дагиймаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 24 дүгээр байр 54 тоот, 65.7 м.кв 3 өрөө орон сууцыг хурааж, битүүмжилж, үнэлгээ тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Дагиймаа нь дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 452 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01546 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1642 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2017/01553 дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцсэн болохыг тогтоосон байна.

 

Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1/6 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч, уг орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 106 646 500 төгрөгийн 50 хувиар тооцон 53 323 250 төгрөгөөр 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 10 цагт хоёрдахь албадан дуудлага худалдааг явуулахыг тогтоосон, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4/243, 4/244 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч Ц.Дагиймаа болон Карголэнд ХХК-д баталгаат шуудангаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлж, Өнөөдөр сонины 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 002 дугаарт албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар зар нийтлүүлж нийтэд мэдээлсэн болох нь тогтоогдож байх тул уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, 177.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14ий өдрийн 184/ШШ2018/01554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА