| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0279/э |
| Дугаар | 291 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Б.Баярхүү,
шүүгдэгч Л.Г,
нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710008230345 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Шүүгдэгч Л.Г нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Г.Ц-гоос охин Ц.Н-р дамжуулан өрөмдлөгийн ажлын хөлс болох 4.250.000 төгрөгийг Г-ын данс руу шилжүүлэхийг андуурч, Л.Гын данс руу шилжүүлсэн төлбөр тооцооны андуурч хийгдсэн, алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж Г.Ц-д бага хэмжээнээс дээш буюу 4.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Л.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Миний хувьд гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Би тухайн үед согтуу байсан, данснаасаа мөнгийг гаргаж аваад, авч явж байхдаа хаяж гээгдүүлсэн юм шиг байна лээ. Тэгээд би удалгүй хөлөө хугалж гэмтэл аваад, ажил хөдөлмөр эрхлэлгүй гэртээ хэвтрийн дэглэм сахиж байсан учир хохирол төлбөрийг нь төлж барагдуулж чадаагүй. Би өөрийн тээврийн хэрэгслээ зарж, зарсан мөнгөөр нь хохирогчид учруулсан 4.250.000 төгрөгийн хохирлыг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Одоогийн байдлаар ажил хийхгүй байгаа, Ц нь надаар ажил гүйцэтгүүлж, төлбөрөө барагдуулах санал гаргасаныг хүлээн зөвшөөрч ярилцсан асуудал бидний дунд байгаа. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1710 0082 30345 дугаартай хэргээс:
1. Хохирогч Г.Ц-гоос мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улаанхуаран дэд станцаас Хууль сахиулах их сургууль хүртэл 4 ширхэг өндөр хүчдэлийн кабелийн утас татаж байгаа юм. Тэгээд энэ утсыг татахын тулд техникийн захын өргөн замын доогуур труба буудуулж, нүхэн кабель сүвлэх ган хоолойг суулгуулсан юм. Энэ ажлын урьдчилгаа болгон Г луу 5.600.000 төгрөгийг интернет банкаар шилжүүлж төлсөн.
Тэгтэл маргааш өдөр нь буюу 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13:35 цагийн үед Г-ын өрөмдлөгийн ажлын үлдэгдэл хөлс болох 4.250.000 төгрөгийг дахин интернет банкаар шилжүүлэхдээ андуурч, ижил нэртэй манай компанид түр ажиллаж байсан Л.Г-ын данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд тэр өдрөө орой 17:00 цагийн орчимд нөгөө өрөмдлөгийн ажил хийсэн Г над луу залгаад “таны шилжүүлсэн гэж хэлсэн ажлын үлдэгдэл мөнгө болох 4.250.000 төгрөг ороогүй байна” гэж хэлсэн.
Би тэр дороо өөрийн охин Ц.Н луу залгаад “мөнгө ороогүй гээд байна, ямар учиртай юм бэ” гэтэл манай охин “таны хэлсэн данс руу шилжүүлсэн” гэсэн. Тэгээд дахиад охиноосоо мөнгө шилжүүлсэн дансны дугаарыг лавлаж асуухад би өөрөө охинд манай компанид түр ажиллаж байсан Г-ын дансны дугаарыг андуураад өгсөн байсан.
Тэгээд би 17:13 минутанд өөрийн компанид түр ажиллаж байсан Г-тай утсаар нь яриад учир байдлаа тайлбарласан чинь “манай охинтой ярь” гээд охиндоо утсаа өгсөн ба би тэр үед Г-ын охин Э-тай ярьсан чинь “өнөөдөр хагас сайн өдөр учир ойр хавийн Хаан банк ажиллахгүй, мөн аавынхаа данс руу мөнгө шилжүүлсэн чинь аав картаа хаясан авч чадахгүй байна” гэж хэлж байсан.
Тэгэхээр нь би “Нарантуул захын Хаан банк ажиллаж байгаа” гэж хэлээд “Нарантуул зах дээр уулзъя” гэхэд охин нь утсаа салгасан. Тэр дороо би Нарантуул зах руу очоод, тэндээ нэг цаг орчим хүлээсэн, мөн Г-ын утас луу нь залгахад утас нь огт холбогдох боломжгүй болсон байсан.
Манай охин Нандин миний андуурч хэлсэн дансны гүйлгээг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн хажуу талын Кей Эйч хотхоноос гар утсаараа, интернет банк ашиглан явуулсан гэж надад хэлсэн.
Миний андуурч явуулсан дансны дугаар нь 5037547466 гэсэн Хаан банкны данс байгаа. Уг данс нь манай компанид түр ажиллаж байсан Г гэдэг хүний дансны дугаар байгаа юм. Шилжүүлэх ёстой байсан дансны дугаар нь 5084073848 гэсэн Г гэдэг хүний данс байгаа. Би өмнөх өдөр нь өөрийн компанид ажиллаж байсан Г гэх хүний хийсэн ажлын хөлс болох 320.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.
...Би Г-тай 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нотариатаар хэлцэл хийсэн. Хэлцэл дээр Г нь миний мөнгийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулахаар болсон. Би Г-тай эв зүйгээ олж түүнтэй хэлцэл хийсэн тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд хэргийг нь хааж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10х-11х, 12-13х/,
2. Гэрч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай аав Ц бид хоёр нэг компанид хамт ажилладаг. Манай аав Ц нь компанийн менежер, би харилцааны менежерээр ажилладаг. Тэгээд манай аав над руу ярьж би хүмүүс рүү интернет банкаар хэлсэн мөнгийг нь шилжүүлж өгдөг. Тэгтэл 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр над руу залгаад Г гэдэг хүний данс руу мөнгө шилжүүлчих гээд 5037547466 гэсэн Хаан банкны данс өгсөн. Тэгээд би уг данс руу нь 4.250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл мөнгө авах ёстой Ганболд гэх хүн нь аав руу залгаад мөнгө орохгүй байна гээд байна гэхээр нь би шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэйл хаягаар банкнаас эргэж ирсэн хариуг хараад орсон байна гэж хэлсэн. Тэгээд би аавд дээрх данстай Г гэх хүний данс руу орсон байна гэж хэлсэн чинь аав Ц тулгаж хараад буруу хүний данс өгсөн байна гэж хэлсэн. Манай аав Ц надад 5037547466 гэсэн дансны дугаар өгсөн. Өрөмдлөгийн хүн гэж хэлээд Г гэдэг хүний данс байгаа гэж хэлсэн. Манай аав Ц надад данс андуурч хэлсэн. Би мөнгө шилжүүлэхдээ өөрийн гар утаснаас Хаан банкны интернет банк ашиглан шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлэхдээ гэртээ буюу ХУД-ийн 15-р хороо, Ки Эйж Апартмент 6а-55 тоотод байсан. Уг мөнгийг 2017 оны 10 дугаар сарын 28-ны 13 цаг 35 минутанд шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х/,
3. 2018 оны 10 сарын 28-ны өдөр 5075466944 дугаартай дансанд 4.250.000 төгрөгийг шилжүүлсэн зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх Ц.Н-гийн Хаан банк дахь 5007979999 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 22х/,
4. Шүүгдэгч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. ... Ц гэх хүн намайг 2010 оны сүүлээр би “Х” ХХК-д туслах ажилтнаар ажилд авсан юм. Хэсэг ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Ажлын хөлсийг би өөрийн 5037547466 гэсэн данс руу шилжүүлэн авдаг байсан.
Ингээд би 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 16:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн офицеруудын орчим явж байтал “Х” ХХК-ийн захирал Ц нь над руу залгаад “Ах нь данс андуураад чиний данс руу 4.250.000 төгрөг шилжүүлсэн байна, чи ахдаа буцаагаад миний данс руу шилжүүлчих” гэж надад хэлсэн.
Тэгэхээр нь би түүнд “мөнгө орсон эсэхийг шалгаж үзээд буцаагаад залгая” гэж хэлээд офицерын тойрог дээр байсан Хаан банкны АТМ ороод картаа шалгаж үзсэн чинь миний дансанд 4.250.000 төгрөг орсон байсан. Ингээд би буцаагаад Ц ах руу залгаад миний дансанд мөнгө орсон байна гэж хэлсэн. Тухайн үед би хамтран амьдрагч Хулангийн дагавар охин Эрдэнэ-Ундрахтай хүнээс юм авахаар яараад явж байсан учир Эминий утсыг аваад Ц-той ярьсан.
Ингээд бид хоёр ажлаа амжуулаад Нарантуул захын Хаан банк дээр Цтой уулзахаар болсон. Ажлаа амжуулж явж байгаад Энадаас салаад явсан. Би өөр хэдэн хүмүүстэй архи уусан. Ингээд хэд хоног өнөөх данс руу орсон мөнгийг хэрэглэсэн байсан. Хэд хоногийн дараа дансан дахь мөнгийг шалгаж үзэхэд дансанд орсон 4.250.000 төгрөг дууссан байсан. Хаан банкны 5037547466 гэх данс нь миний данс юм. Ц нь өөрөө утсаар над руу яриад “Би данс андуураад 4.250.000 төгрөгийг чиний данс руу шилжүүлсэн” талаар надад хэлсэн. Бусдаар би мэдээгүй байсан юм. Тухайн мөнгийг өөр хэн нэгэнтэй цуг үрсэн зүйл байхгүй. Би ганцаараа үрсэн. Би мөнгийг нь дуусгана гэж бодож байгаагүй. Бага багаар хэрэглэж байгаад хэрэглэсэн мөнгөө түүнд ажил хийж өгнө гэж бодож байтал нэг мэдсэн дууссан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-51х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 25х/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Г-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Г нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Г.Цгоос охин Ц.Н-р дамжуулан Г-ын Хаан банкны 5084073848 тоот данс руу шилжүүлэх өрөмдлөгийн ажлын хөлс болох 4.250.000 төгрөгийг андуурч, Л.Г-ын Хаан банкны 5037547466 тоот данс руу шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж ашигласан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- хохирогч Г.Ц-гийн: “...Би Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улаанхуаран дэд станцаас Хууль сахиулах их сургууль хүртэл 4 ширхэг өндөр хүчдэлийн кабелийн утас татаж байгаа юм. Тэгээд энэ утсыг татахын тулд техникийн захын өргөн замын доогуур трубо буудуулж нүх кабель сүвлэх ган хоолойг суулгуулсан юм. Би энэ ажлын урьдчилгаа болгон Г луу 5.600.000 төгрөгийг интернет банкаар шилжүүлэн өгсөн. Тэгээд би маргааш өдөр нь буюу 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 35 минутанд Г-ын өрөмдлөгийн ажлын үлдэгдэл хөлс болох 4.250.000 төгрөгийг дахин интернет банкаар шилжүүлэхдээ андуурч, ижил нэртэй манай компанид түр ажиллаж байсан Г гэх хүний данс руу шилжүүлсэн байсан.
Тэгээд байж байтал 17 цаг орчимын үед өрөмдлөгийн ажил хийсэн Г над руу залгаад “таны шилжүүлсэн гэж хэлсэн ажлын үлдэгдэл мөнгө болох 4.250.000 төгрөг ороогүй байна” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн охин Ц.Н руу залгаад мөнгө ороогүй гээд байна ямар учиртай юм бэ гэтэл таны хэлсэн данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиноосоо дансны дугаарыг асуутал би охиндоо өөрийн компанид түр ажиллаж байсан. Г гэдэг хүний дансны дугаарыг андуураад өгсөн байсан.
Тэгээд би 17 цаг 13 минутанд өөрийн компанид түр ажиллаж байсан Г-тай утсаар яриад, учир байдлаа тайлбарласан чинь “манай охинтой ярь” гээд охиндоо утсаа өгсөн ба би тэр үед Г-ын охин Э-тай ярихад “өнөөдөр хагас сайн өдөр учир ойр хавийн Хаан банк ажиллахгүй” гэсэн. Тэгэхээр нь би Нарантуул захын Хаан банк ажиллаж байгаа гэсэн чинь тэгвэл Нарантуул зах дээр уулзъя гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би Нарантуул зах руу очоод 1 цаг орчим хүлээсэн ба утас руу залгахад утас нь огт холбогдохгүй байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хүлээгээд холбогдохгүй байгаа.
Манай охин Н миний андуурч хэлсэн дансны гүйлгээг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн хажууд байрлах Кей Эйч хотхоноос гар утсаараа интернет банк ашиглан явуулсан юм.
Миний андуурч явуулсан дансны дугаар нь 5037547466 гэсэн Хаан банкны данс байгаа. Уг данс нь манай компанид түр ажиллаж байсан Г гэдэг хүний дансны дугаар байгаа юм. Шилжүүлэх ёстой байсан дансны дугаар нь 5084073848 гэсэн Г гэдэг хүний данс байгаа. Би өмнөх өдөр нь өөрийн компанид ажиллаж байсан Г гэх хүний хийсэн ажлын хөлс болох 320.000 төгрөгийг шилжүүлсэн юм.
... Би Г-тай 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нотариатаар хэлцэл хийсэн. Хэлцэл дээр Г нь миний мөнгийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулахаар болсон. Би Гтай эв зүйгээ олж түүнтэй хэлцэл хийсэн тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,
- гэрч Ц.Н-гийн: “...Манай аав Ц бид хоёр нэг компанид хамт ажилладаг. Манай аав Ц нь компанийн менежер, би харилцааны менежерээр ажилладаг. Тэгээд аав над руу ярьж, би хүмүүс рүү интернет банкаар хэлсэн мөнгийг нь шилжүүлж өгдөг.
Тэгтэл 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр над руу залгаад Г гэдэг хүний данс руу мөнгө шилжүүлчих гээд 5037547466 гэсэн Хаан банкны данс өгсөн. Тэгээд би уг данс руу нь 4.250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл мөнгө авах ёстой хүн нь аав руу залгаад “мөнгө ороогүй байна” гээд байна гэхээр нь би шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би мэйл хаягаар банкнаас ирсэн хариуг хараад орсон байна гэж хэлсэн. Тэгтэл аав “дээрх данстай Г гэх хүний данс руу орсон байна, буруу хүний данс өгсөн байна” гэж хэлсэн. ... Би мөнгө шилжүүлэхдээ өөрийн гар утаснаас Хаан банкны интернет банк ашиглан ХУД-ийн 15-р хороо, Кэй Эйч Апартмент 6а-55 тоот дахь гэрээсээ, ...2017 оны 10 дугаар сарын 28-ны 13 цаг 35 минутанд шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг,
- 2018 оны 10 сарын 28-ны өдөр 5075466944 дугаартай дансанд 4.250.000 төгрөгийг шийлжүүлсэн зарлагыйн гүйгээ хийгдсэн талаарх талаарх Ц.Нандингийн Хаан банкн дахь 5007979999 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 22х/,
- шүүгдэгч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Л.Г нь, “хэргийн хохирогч Г.Ц “өрөмдлөгийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 4.250.000 төгрөгийн төлбөрийг Хаан банк дахь 5084073848 дугаарын данс эзэмшигч /Г-т гэх/ рүү шилжүүлэх бэлэн бус шилжүүлгийн гүйлгээг өөрийн охин Ц.Нандингийн дансаар дамжуулан шилжүүлэхээр харилцах дансны мэдээллийг нь өгөхдөө андуурч өмнө ажил гүйцэтгэж ажлын хөлс авч байсан гэх шүүгдэгч Л.Гын Хаан банк дахь 5037547466 тоот харилцах дансны дугаарыг өгснөөс андуурагдсан гүйлгээний 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг өөрийнх нь биш, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Л.Г-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар гэмт хэргийн хохирол болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Хэргийн шүүгдэгч Л.Г нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд тооцон 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг 2018 оны 08 сарын 02-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч Г.Ц нь хүлээн зөвшөөрч шүүгдэгчтэй эвлэрэн хэлэлцсэн талаар прокурорын хяналтын шатанд хэн хэн нь хүсэлтээ бичгээр гаргасан, төлбөр бааргдуулах хэлцэл /хэргийн 40-41х, 65х/ хийсэн хуульд харшлаагүй, хуулиар хамгаалагдсан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд шүүгдэгч Л.Г-аас 4.250.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Ц-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 25х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч, шүүгдэгч нар эвлэрэн хэлэлцсэн болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Г-ыг 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Л.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Л.Г-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Г-ыг 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон Л.Г-аас 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Ц-д олгосугай.
5. Энэ хэрэгт Л.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Л.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД