| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2406024182730 |
| Дугаар | 2024/ДШМ/121 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Нямжав |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/121
2025 02 04 2025/ДШМ/188
Ж.Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нямжав,
шүүгдэгч Ж.С,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1427 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Сийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406024182730 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.С нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын талбайд болсон нийтийн арга хэмжээний үеэр тайзан дээр цэнэглэж үлдээсэн байсан насанд хүрээгүй хохирогч Г.Эгийн Самсунг галакси А33 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.С нь 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтыг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргээ биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.С давж заалдах гомдолдоо: “...Би хэнд ч хохирол учруулаагүй. Шийтгэх тогтоолын тодорхой хэсэг хохирогч болон хохирогчийн төлөөлөгчийн талаарх мэдээлэл байхгүй байна.
Хаягдсан гар утас нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр унтраад, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр асаасан. Хохирогч 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр утсаа хаячихаад, “залгаад байсан чинь таслаад байсан” гэх утгатай мэдүүлэг өгсөн байна. Юнителээс лавлагаа авбал хэдэн удаа залгаад салгасан гэдэг нь харагдана. Хэрэв олсон утсаа унтраагаад байсан бол санаатай гэж хэлэх ба хэрэв хохирогч огт залгаагүй бол санаатай гэж үзэх боломжгүй юм.
Гар утас олдсон тухайн орчин нь хяналтын камертай газар бөгөөд “Тухайн газар нь 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байгаа” гэж анх хэргийг шалгасан цагдаа хэлж байсан. Гэтэл энэ талаар ямар ч баримт байхгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...нууцаар, хууль бусаар авч 375.000 төгрөгийн хохирол учруулсан. ...” гэжээ. Нууцаар аваагүй, ил хэвтэж байсан утсыг авсан. Иймд дээрх үндэслэлүүдээр миний бие нууцаар хулгай хийгээгүй, хэн нэгэнд хохирол учруулаагүй, бусдад санаатайгаар эсхүл болгоомжгүйгээр хохирол учруулсан эсэхийг шалгаагүй, камерын бичлэгийг нотлох баримтаар хавсаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шалгуулж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Н.Нямжав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд хяналтын камерын бичлэгийн талаар дурдсан байна. Хавтаст хэргийн 28 дугаар талд мөрдөгчийн тэмдэглэлд “тухайн орчинд хяналтын камерын талаар тодруулахад нэгдсэн байдлаар ашиглалтад орно. Одоогоор сүлжээнд холбогдоогүй байгаа болно” гэсэн. Мөн насанд хүрээгүй хохирогч Г.Э нь “3 цаг 40 минутын үед утсаа 10 минут цэнэглээд очоод авах гэсэн боловч байхгүй болсон. Тухайн үед нь залгахад 2-3 удаа дуудаж байгаад салгаад алга болсон” гэсэн эдгээр баримтад үндэслэн гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Ж.С нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын талбайд болсон нийтийн арга хэмжээний үеэр тайзан дээр цэнэглэж үлдээсэн байсан насанд хүрээгүй хохирогч Г.Эгийн Самсунг галакси А33 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
насанд хүрээгүй хохирогч Г.Эгийн “...2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын талбай дээр сайн дурын оролцооны байгууллагуудын зохион байгуулсан арга хэмжээнд би оролцож байгаад 15 цаг 40 минутын үед би зассан байсан тайзан дээр өөрийн гар утсыг цэнэглэж үлдээгээд юм цэвэрлэж янзлаад явж байгаад 10 орчим минутын дараа буцаад утсаа авахаар ирсэн чинь утас маань алга болсон байсан....” /хх 11 /,
гэрч Б.Бгийн “... ____ утасны дугаар миний нэр дээр бүртгэлтэй байгаа. 2024 оны 05 дугаар сарын эхээр манай эхнэр Бгийн төрсөн эгч С Улаанбаатар хотоос надад Самсунг АЗЗ загварын гар утсыг С гэх хүнээр өгч явуулсан...” /хх 39/,
гэрч Ж.Бгийн “... ____ утасны дугаар миний нэр дээр бүртгэлтэй байгаа. 2024 оны 5 дугаар сарын эхээр манай төрсөн эгч С Улаанбаатар хотоос Самсунг АЗЗ загварын гар утсыг С гэх хүнээр өгч явуулсан. Тэгээд би гар утсанд сэргээлгэсэн дугаараа хийж үзтэл интернэт орохгүй болохоор нь нөхөртөө өгсөн. ...Тэгээд би тус гар утсанд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дугаараа хийж ашигласан...” /хх 41/ гэсэн мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх 7-8/, хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт /хх 46-51/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Ж.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сийг 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтыг тогтоож зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч Ж.Сээс “...Би нууцаар хулгай хийгээгүй, хэн нэгэнд хохирол учруулаагүй, бусдад санаатайгаар эсхүл болгоомжгүйгээр хохирол учруулсан эсэхийг шалгаагүй, камерын бичлэгийг нотлох баримтаар хавсаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шалгуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ж.Сийн ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хугацаатай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зорчих эрх хязгаарлах ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй, эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоосон нь тохирсон, хүнд биш ял гэж үзэв.
Түүнчлэн, хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхитэй үйлдлээр илрэх ба амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдлээр бусдын өмчлөлд халдаж буй гэмт хэрэг юм.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухайд уг хулгайлах гэмт хэргийг нууцаар аваагүй гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй, мөн хохирогч болон гэрч нарын мэдүүлэг авагдсан байх бөгөөд хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Ж.С нь тухайн гар утсыг бусдын өмч гэдгийг мэдсээр байж авсан, мөн түүнийгээ асаалгүй унтраасан санаатай үйлдсэн нь дээрх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Ж.Ст холбогдох эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1427 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1427 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ