Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч М.Ариунцэцэг

Шүүгдэгч Х.Т- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Т-т холбогдох эрүүгийн 1838000000243 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х.Т-,

Шүүгдэгч Х.Т- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод С.Ч-той маргалдан түүний нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Т- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаарбагийн ... тоотод С.Ч-той маргалдан түүний нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч С.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би найз Мөнх-Эрдэнийнхээ хамтаар гол дээр 2 том савтай пиво уусан. Уг пивийг ууж дуусгачихаад орой 19 цагийн үед найзаасаа салаад гэр лүүгээ явсан. Гэрлүүгээ явж байх замдаа хүргэн Сүхээтэй таарсан. Тэгээд хүргэнтэйгээ хамт 1 шил архи, 1 том пиво авч уусан. Дээрхи архи пивийг хаана очиж ууснаа санахгүй байгаа. Нэг ухаан ороод сэрэхэд л нүүрнээс маань цус гарчихсан, цагдаа ирчихсэн байсан. Тэгээд намайг цагдаа нар нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр аваачиж өгсөн. Би эмнэлэг дээр очоод нүүрэндээ оёо тавиулаад шууд мэс заслын тасагт хэвтсэн. Эмнэлэгт 2 хоног хэвтээд шууд эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарснаас хойш гэртээ л байгаа. Намайг Х.Т- гэдэг нэртэй сургуулийн банди зодсон байсан. Х.Т- нь миний хамтран амьдрагч Рензинагийн охин Мөнхзаяагийн найз залуу нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

            Гэрч Э.С-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 30-ны 00 цаг өнгөрч байх үед би гэрийнхээ гадаа найз банди Х.Т-тэйгээ юм яриад суууж байтал С.Ч- ах ганцаараа хашаа давж орж ирсэн. Тухайн үед ээж гэртээ унтаж байсан. Гэрийн гадаа С.Ч- ах очоод “хөөе янхан Зина үүдээ онгойлго” гээд хаалга өшиглөөд байсан. Би гэрийн гадаа очоод С.Ч- ахыг та болиоч гээд байж байтал Х.Т- араас ирээд мөн та одоо ингэж байхаа болиоч дээ гэсэн тэгээд Х.Т-, С.Ч- ах 2 барьцалдаад авахаар нь би дундуур нь ороод салгах гэсэн боловч салж өгөхгүй байсан. Энэ үед ээж цонхоор Х.Т-ийг чи хүүхэд байж том хүний өөдөөс болиочээ гэхэд Х.Т- хашаанаас гараад гүйгээд явсан. Харин С.Ч- ах подволкоороо цусаа арчаад зогсож байсан. Дараа нь Ганзориг ах өөрийнхөө дүү Лхагвасүрэнг утсаараа дуудсан. Лхагвасүрэн эгч ирээд цагдаад дуудлага өгөөд цагдаа ирж С.Ч- ахыг эмнэлэгт хүргэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

            Гэрч Ч.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед хүргэн Сүхээтэй орж ирээд нүүр лүү нэг цохиж, гарлуу өшиглөсөн. Тэр үед Сүхээ авч гаран 40 минут орчим ноцолдож байгаад тэр 2 явсан. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 30-ны 00 цаг өнгөрч байхад охин Сайнзаяа маань гэрийнхээ гадаа найз банди Х.Т-тэйгээ байх үед С.Ч- ганцаараа ирээд хашаа давж орж ирсэн байсан. Тухайн үед би унтаж байсан. Гадаа ирээд  “янхан Зина үүдээ онгойлго” гээд хаалга өшиглөөд байсан. Би хаалгаа тайлаагүй байж байтал гадаа охин Заяагийн дуу гарч байсан. Энэ үед манай охин Заяагийн найз банди Х.Т- С.Ч- нар барилцаад авсан. Заяа дунд нь уйлаад болиоч гээд салгах гээд зогсож байсан. Би цонхоор Х.Т-ийг болиочээ гэхэд Х.Т- гүйгээд явсан. С.Ч- дүү Лхагвасүрэнгээ дуудсан. Лхагвасүрэн ирээд цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд С.Ч-ийг эмнэлэгт хүргэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

            Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 326 дугаартай:

  • С.Ч-ийн биед духанд шарх, зүүн зулайн хуйханд няцралт, духны синусын өмнөд хананд хугарал, зүүн зулай ясанд цууралт бүхий гэмтэо тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
  • С.Ч-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/,

зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Х.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Х.Т- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1838000000243 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Т-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Н.АРИУНЖАРГАЛ