Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/189

 

 

  2025             02             04                                         2025/ДШМ/189

 

                                                  Н.Ад холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Төгөлдөр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н, түүний өмгөөлөгч Ц.Чинбат,

яллагдагч Н.Агийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/2085 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Н.Ад холбогдох 2410000000331 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Яллагдагч Н.А нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр .... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Атай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний толгойн тус газарт нь “Экс” нэртэй архины шилээр нэг удаа цохисны улмаас Ш.А нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө нас барж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 1. Хавтаст хэрэгт хавсаргасан гэрэл зурагт монгол гэр дотор газар хэвтэж байгаа хүний зураг, мөн эмэгтэй хүний болон хүүхдийн гэрэл зураг авагдсан бөгөөд тухайн гэрэл зураг нь хэргийн газарт 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан гэрэл зурагт байх монгол гэр, тухайн гэрт газар хэвтэж байгаа хүн нэг дүр зураг байгаагаас дүгнэхэд амь хохирогч Ш.А нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр С.Жын гэрт хэдэн цагт ямар байдалтай, хэнтэй хамт ирсэн талаар гэрт байсан, хаалга тайлж өгсөн, амь хохирогчийг гэрт оруулж унтуулсан гэх Хунцэцэг, мөн насанд хүрээгүй гэрч нараас асууж тодруулах.

2. Амь хохирогч Ш.Аийн гар утсанд байгаа гэрэл зургийг хэн, хэзээ ямар байдлаар дарж баталгаажуулсан, гар утсаа амь хохирогч Ш.А гэрт байсан Х өөрөө өгсөн эсэх, яагаад тйим гэрэл зураг авах болсон талаар асууж тодруулах нь ач холбогдолтой байна.

3. 1 дүгээр хавтаст хэргийн 24-27 дахь талд гар утсанд үзлэг хийсэн тухай 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл авагдсан бөгөөд уг тэмдэглэлд “... хэргийн газрын үзлэгээр хураан авсан гар утсанд өөрийнх нь зөвшөөрснөөр үзлэг хийх ажиллагааг...” гэх бөгөөд хэний зөвшөөрснөөр гар утсанд үзлэг хийсэн нь тодорхойгүй байгааг тодруулах шаардлагатай.

4. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ...... тоотод буюу амь хохирогч Ш.А нас барсан гэх газарт мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилгын гудамжны ........ үзлэг хийсэн бөгөөд дээрх хоёр айлд хийсэн үзлэгээр амь хохирогчийн гар утсыг хураасан талаар тэмдэглээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нын мэдүүлгээс дүгнэхэд амь хохирогч Ш.Аийн гар утас хаанаас, хэн гаргаж өгсөн, хэргийн газраас олдоогүй, хураагдаагүй байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид очсон, улмаар цагдаад хураалгасан талаарх ажиллагааг хийлгэх нь хэрэгт ач холбогдолтой, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг огт хийлгүй орхигдуулсан байна.

5. Гэрч Ш.М, Ш.Т, Ш.Э нараас “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ныг оролцуулсан, гэтэл одоо манай дүү Ш.Н маань сэтгэл санаа болон биеийн байдлаас болоод тухайн хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах боломжгүй байгаа тул манай эгч Ц сольж өгнө үү...” гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн байх тул энэ талаарх ажиллагааг мөн нэг мөр болгож, тухайн гэрч нар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ш.Ныг үргэлжлүүлэх оролцуулахад татгалзах зүйлгүй талаар асуух, мэдүүлэг тайлбар авах шаардлагатай.

6. Мөн амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой иргэний бүртгэлийн мэдээлэл хэрэгт шаардлагатай, 1 дүгээр хавтаст хэргийн 159 дэх талд “нөхөн төлбөр гаргуулах тухай” хүсэлтэд “...Гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 99.000.000 төгрөгөөр тогтоож, гаргуулах” талаар дурдсан байх бөгөөд амь хохирогч гэмт хэрэг гарах үед хэнтэйгээ амьдардаг байсан, тухайн хүний сэтгэцэд учирсан хохирол, гэм хорын хохирлыг хууль, журамд заасны дагуу хэрэгт хийлгэх шаардлагатай.

Иймд хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээн дээр нэмж хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.Г, Ж.Б, Ю.Г нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Экс” нэртэй архины шил 1 ширхэг, “Самсунг J727S” загварын R59J803EL7 серийн дугаартай 357818082385678 имей дугаартай гар утас 1 ширхгийг тус тус хэргийн хамт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүйг, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүйг тус тус дурджээ.

Прокурор Л.Төгсжаргал бичсэн эсэргүүцэлдээ “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг яллагдагчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын хүсэлтээр явуулсан бөгөөд шүүхээс өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан хүсэлтүүдээс гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй тул мэдүүлгийн зөрүүг гаргах, амь хохирогчийн явсан гэх маршрутыг тогтоох, гар утасны дуудлага, зурвасын мэдээлэл авхуулахаар болон бусад хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн.

Харин шүүх өөрийн санаачилгаар дараах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагатай гэж үзсэн. Шүүгчийн захирамжид дээрх ажиллагааг нэмж хийснээр хэрэгт ач холбогдолтой, нотолбол зохих ямар нөхцөл байдлыг тогтоох үндэслэлийн талаар тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл “амь хохирогч Ш.Аийн хэзээ, ямар байдалтай С.Жын гэрт орж ирсэн” талаарх мөрдөн шалгах ажиллагааг нэмэлтээр хийснээр ямар ямар үйл баримтыг тогтоох нь ойлгомжгүй. Хавтаст хэрэгт гэрч С.Ж нь өөрийн мэдэх зүйлийн талаар мөрдөн шалгах ажилллА явцад 2 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд, түүний охин Б.Хийн сэтгэцийн хувьд, мөн түүний бага насны 2 хүүхдийн мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тогтоосноор гэмт хэрэг гарсан байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй.

Учир нь, Б.Х, түүний бага насны хүүхдүүдээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа нь шүүхээс шүүгдэгчийн цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц үр дүнд хүрэх, зайлшгүй хийгдэх ажиллагаанд хамаарахгүй бөгөөд яллагдагч Н.Агийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллА явцад сэргээн тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх болон нотлоход ач холбогдолтой ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн шүүгчийн захирамжид заасан 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгч хэргийн газрын үзлэгээр хураан авсан гар утсанд өөрийнх нь зөвшөөрснөөр үзлэг хийх ажиллагааг явуулсан тухай тэмдэглэл үйлдэж, амь хохирогч Ш.Аийн гар утсанд үзлэг хийж, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн ажиллагааг мөрдөн шалгах ажиллА явцад зөвтгүүлсэн бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр амь хохирогч Ш.Аийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Наас гаргуулан авч, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол үйлдсэн, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гар утсанд үзлэг хийж, мөрдөгчийн тэмдэглэл үйлдсэн байхад амь хохирогч Ш.Аийн гар утас хаанаас хэн гаргаж өгсөн, хэргийн газраас олдоогүй, улмаар цагдаад хураалгасан талаарх ажиллагааг хийлгэх нь хэрэгт ач холбогдолтой, энэ талаарх ажиллагааг огт хийлгүй орхигдуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүх шаардлагатай гэж үзвэл амь хохирогч Ш.Аийн гар утсыг хэзээ, хаанаас, хэн гаргаж ирсэн талаарх асуудлыг шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н, гэрч Ж.Г, С.Ж нараас мэдүүлэг авах замаар нөхөн гүйцэтгэх боломжтой. Мөн гэрч Ш.М, Ш.Т, Ш.Э нараас “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ныг оролцуулсан, гэтэл одоо манай дүү Ш.Н маань сэтгэл санаа болон биеийн байдлаас болоод тухайн хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах боломжгүй байгаа тул манай эгч Ц сольж өгнө үү...” гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн байх тул энэ талаарх ажиллагааг мөн нэг мөр болгож, тухайн гэрч нар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ш.Ныг үргэлжлүүлэх оролцуулахад татгалзах зүйлгүй талаар асуух, мэдүүлэг тайлбар авах шаардлагатай гэж шүүх үзсэн боловч, энэ талаар Ш.Н нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан бөгөөд хууль ёсны төлөөлөгчөөр Ш.Ныг томилсонтой холбоотой амь хохирогчийн эхнэр Ч.А, ах дүү нар болох Ш.М, Ш.Т, Ш.Э, Ш.Ц нар нь маргадаггүй.

Амь хохирогч Ш.Аийн хувийн байдлын талаар гэрч Ш.М, Ш.Т, Ш.Э, Ш.Ц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н нар нь мэдүүлсэн бөгөөд талийгаач Ш.А нь 1991 онд Ч.Атэй гэрлэж, улмаар дундаасаа дагавар 2, төрүүлсэн 2 хүүхэд, нийт 4 хүүхэдтэй хамт амьдарч байгаад 2013 онд салж, тусдаа амьдрах болсон, хамгийн сүүлд эгч Ш.Цийн хамтаар Дархан-Уул аймгийн Шарын гом суманд мал маллан амьдарч байсан талаар мэдүүлсэн байдаг. Мөн амь хохирогч Ш.Аийн төрөл садны лавлагаа, гэрлэсэн талаарх мэдээлэл зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

Хохирогч нас барсан бол сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад зааснаар гэм хорыг арилгахаар Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан, түүнчлэн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу арилгах” -аар заасан тул шүүх энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Ц.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр заасан ажиллагаа нь зайлшгүй хийгдэх ажиллагаа биш. Энэ нь Хунцэцэг болон гэрт байсан хүүхдүүдээс мэдүүлэг аваагүй орхигдуулсан нь учир дутагдалтай энэ ажиллагааг бүрэн хийлгэх. Амь хохирогч Алтанхуягийн гар утсыг хаанаас хэн гаргаж өгсөн, хэргийн газраас олдоогүй, хураагдаагүй зэрэг ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хангалттай тогтоосон бөгөөд дээрх ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй. Прокурорын эсэргүүцэлд дурдсанаар хийгдэх ёстой ажиллА үндэслэлийг тодорхой дурдсан. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хангалттай тогтоогдсон бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийснээр ямар үйл баримт тогтоогдох нь ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцлийг бичсэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Сэтгэцэд учирсан хохиролд шинжилгээ хийлгэх хүсэлттэй байна. Хэрэг гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул хурдан яаралтай шийдэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд манай ах, дүү нар бүгд ирсэн бөгөөд бүгд сэтгэл санааны гомдолтой байгаа тул хэргийг хурдан яаралтай шийдэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ш.Нын дурдсанаар гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх хэмжээг Н зүгээс 99.000.000 төгрөгөөр тогтоож гаргуулахаар нэхэмжлэлд дурдсан. Шүүхээс амь хохирогч гэмт хэрэг гарах үед хэнтэйгээ амьдардаг байсан, тухайн үеийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хууль журманд заасны дагуу хэрэгт хийх шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Ч.Г гэдэг хүн амь хохирогчийг авч ирэн бүх юмаа хийлгэдэг байсан. Яллагдагч А нь амь хохирогчийг нас барахын өмнөх өдөр буюу 3 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед гарч явсан. Ч.Г хадам ээжийн гэрт нь очиход хэцүү байрлалтай газар амьдардаг. Гэтэл тухайн хадам ээжийн гэрт очоод нас барсан байдаг. Ч.Г гэдэг хүн гэрээс гарахдаа зүгээр байсан атлаа цагдаагийн газар очиход толгой нь хавдсан байсан. Тухайн хохирогчийн гар утсыг хүртэл эдгээр хүмүүс авсан байсан. Өөрөө ял завшихын тул хэргийн нөхцөл байдлыг өөрчилсөн тул шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг зайлшгүй хийх тогтоох шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж “....Хавтаст хэрэгт хавсаргасан гэрэл зураг нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан гэрэл зурагт амь хохирогч С.Жын гэрт хэдэн цагт ямар байдалтай, хэнтэй хамт ирсэн талаар гэрч нараас асууж тодруулах, амь хохирогчийн гар утсанд байгаа гэрэл зургийг хэн, хэзээ ямар байдлаар дарж баталгаажуулсан талаар асууж тодруулах нь ач холбогдолтой, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд хэний зөвшөөрснөөр гар утсанд үзлэг хийсэн нь тодорхойгүй, хоёр айлд хийсэн үзлэгээр амь хохирогчийн гар утсыг хураасан талаар тэмдэглээгүй, амь хохирогчийн гар утас хаанаас, хэн гаргаж өгсөн, хэргийн газраас олдоогүй, хураагдаагүй байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид очсон, улмаар цагдаад хураалгасан талаарх ажиллагааг хийлгэх, гэрч нараас өгсөн мэдүүлгүүд болох тухайн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ш.Ныг үргэлжлүүлэх оролцуулахад татгалзах зүйлгүй талаар асуух, мэдүүлэг тайлбар авах, иргэний бүртгэлийн мэдээлэл хэрэгт шаардлагатай, амь хохирогч гэмт хэрэг гарах үед хэнтэйгээ амьдардаг байсан, тухайн хүний сэтгэцэд учирсан хохирол, гэм хорын хохирлыг хууль, журамд заасны дагуу хэрэгт хийлгэх шаардлагатай. ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагчийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллА үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээтэй холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.

Иймээс яллагдагч Н.Ад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллА үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулан яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/2085 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг хангаж, яллагдагч Н.Ад урьд авсан “хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.Г, Ж.Б, Ю.Г нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                   Д.ОЧМАНДАХ

                                                            ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ