Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 126/ШШ2026/0047

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Батсүхийн дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, зураг зүйн хяналтын улсын байцаагч Л.Э***********-т холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Батсүх шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Батсүх би, тус аймгийн Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Л.Э*********** нь нь "Зохих зөвшөөрөлгүйгээр газар ашигласан" гэх ГХ38/26-9 дугаартай зөрчлийн талаарх мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ё.Б***********-д 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дахь заалтад зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна. Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудтай танилцахад зөрчил үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Үүнд: Ё.Б***********-ын Тухайн үед газар эзэмших хугацаа дууссан талаар мэдээгүй гэх мэдүүлэг, зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болно. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан үйлдлийг шалгах ажиллагаа хийлгүйгээр Ё.Б***********-д Газрын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэг "газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.3 дахь хэсэг "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.7 дахь хэсэг "газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг гэсэн нэр томьёоны утгыг тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтад үндэслэж Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах атал нотлох баримтгүйгээр зөвхөн холбогдогчийн мэдүүлэгт үндэслэж шийтгэл оногдуулсан байна. Зөрчилд холбогдогч нь зөрчилд холбогдсон нөхцөл байдлаа нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд нотолгооны ач холбогдол бага гэж үзнэ. Эрх бүхий албан тушаалтнаас хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу зөрчлийг нотолж тогтоох ажиллагаа хийгдээгүйгээс зөрчлийн шинжид хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Түүнчлэн Зөрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ. Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт журамласан бөгөөд эрх бүхий албан тушаалтан дээрх ажиллагааг хийж, зөрчлийн нотолж тогтоох үүргээ биелүүлээгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ." гэж заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн тогтоогоогүй байна. Тухайлбал: Хэргийн газар үзлэг хийх, гэрэл зургийн үзүүлэлтээр харуулах, үүний дагуу тухайн газар хэн нэгний эзэмшил, өмчлөлд байгаа эсэх лавлагаа, өмнөх газар эзэмших эрхийн хугацаа хэтрүүлсэн байдал зэргийг холбогдох байгууллагаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж авч, зөрчлийн материалд хавсаргаснаар холбогдогчийн зөрчил үйлдсэн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх боломж бүрдэх болно. Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн шийтгэлийн хуудас нь хууль, тогтоомжийн хүрээнд бүрэн, ойлгомжтой байдлаар хөтлөөгүй, мөн байгааг дурдах нь зүйтэй байна. Цаашид Эрх бүхий албан тушаалтан дээрх заалтыг зөрчиж, холбогдогчид шийтгэл оногдуулсан шийдвэр нь хууль, журамд нийцээгүй байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байна. Иймд холбогдогч Ё.Б***********-д шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Л.Э***********-ийн 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0741348 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, зураг зүйн хяналтын улсын байцаагч Л.Э*********** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Л.Э*********** би зохих зөвшөөрөлгүй газар эзэмшсэн гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж холбогдогч Ё.Б***********-д 2026 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ оногдуулсан. Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Батсүхийн 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Л.Э*********** нь... 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0741348 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Л.Э***********-ийн холбогдогч Ё.Б***********-д шийтгэл оногдуулсан 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0741348 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Л.Э*********** нь 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0741348 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухайгаа холбогдогч Ё.Б***********-д мэдэгдсэн тухайгаа баримтжуулах үүрэг хүлээнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Батсүхийн гаргасан 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0741348 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ГАНЧИМЭГ

Харах126/ШШ2026/0047