| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01061/И |
| Дугаар | 316/ШШ2025/00886 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 316/ШШ2025/00886
| 2025 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 316/ШШ2025/00886 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С* аймаг, С******* сум, * дугаар баг, * дугаар хэсэг, 0* тоотод оршин суух хаягтай, Х******* овогт Б******* М*******, РД:/М*******/-ын нэхэмжлэлтэй
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай, 316/2025/01061/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Материал, техникийн хангамжийн удирдах газарт 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан байдал тогтоолгох тухай Хүсэлтийн үндэслэл: Миний бие Б.М******* С* аймгийн Материал, техникийн хангамжийн удирдах газарт 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Данс хөтлөгчийн ажилд орж ажилласан ба 3 сарын дараа буюу 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс Тооцооны нягтлан бодогчийн ажилд шилжин ажиллаж, 1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл тус байгууллагад нийт 5 жил 29 хоног ажилласан. Тус ажилласан байдал нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ч тухайн үеийн ажлаас орсон, гарсан тушаал олдоогүй ба Архивын байгууллагад хүсэлт гарган шүүлгүүлсэн ч байхгүй тухай хариу өгсөн болно. Иймд тэтгэвэр тогтоолгохын тулд ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн тул намайг Сэлэнгэ аймгийн Материал, техникийн хангамжийн удирдах газарт 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Данс хөтлөгчөөр, 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Тооцооны нягтлан бодогчоор тус тус ажилласныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх Б.М*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Х******* овогт Б******* М*******, РД:/М*******/-ыг Сэлэнгэ аймгийн Материал, техникийн хангамжийн удирдах газарт 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл данс хөтлөгчөөр, 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэл, тайлбар, хэргийн 1 -24 дэх талд авагдсан нэхэмжлэл, түүний эзэмшлийн № 361134 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ... 1989 оны 03 сарын 15-наас 1994 оны 04 сарын 14-нийг хүртэл Сэлэнгэ аймгийн Материал, техникийн хангамжийн удирдах газарт данс хөлтөгч, ня-бо оор ажиллаж байсан тухай тэмдэглэгээ, гэрч Д.Долгор, Д.Амаржаргал, Д.Чанцал нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х******* овогт Б******* М*******, РД:/М*******/-ыг Сэлэнгэ аймгийн Материал, техникийн хангамжийн удирдах газарт 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл данс хөтлөгчөөр, 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН