| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0159/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/163 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал
Улсын яллагч М.Ариунцэцэг
Шүүгдэгч Б.Ц- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 1838003330192 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Ц-, Шүүгдэгч Б.Ц- нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хохирогч Э.С-тай хэрүүл маргаан хийж, улмаар Э.С-ы биед баруун бугалга, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Ц- нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хохирогч Э.С-тай хэрүүл маргаан хийж, улмаар Э.С-ы биед баруун бугалга, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч Э.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цягцалням миний уурыг хүргэхээр их муухай үг хэлсэн тэгээд би уур хүрээд 2 мөрөн дээрээс нь барьж аваад хоорондоо барилцаад авсан. Намайг барьж аваад зууралдаж түлхэж унагаасан. Тэгээд хашааны хаалга энэ тэр лүү түлхээд тэгээд би шургаад уначихсан. Хөл, өвдөг дараа нь харахад хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р тал/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-нд гарсан байсан байх. Хийлгэсэн хүн нь ороо голоод яр ихтэй модоор хийлгэсэн байна гээд маргалдаж эхэлсэн. Хашааны үүдэн дээр нөгөө хүүхэн нь Цягцалнямыг үсдээд авсан, тэгээд хашааны жижиг хаалгаар үснээсээ зууралдаад гараад явсан. Хашааны хаалга үүд пижигнээд, зодолдоод байх шиг байсан. Намайг харахад шороо манараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ширээг бүхээгтэй машиныхаа бүхээг рүү оруулаад гарч ирж байхад хашаан дотор чанга чанга дугаралдаад зууралдаад шороо энэ тэр цацалцаад гараад ирсэн юм. Яг тэр нэг нэгийгээ цохиж зодсоныг нь бол хараагүй. Намайг харахад бол хэрэлдээд шороо цацалцахаар нь боль гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 16- ны өдрийн 180 дугаартай: - Э.С-ы биед баруун бугалга баруун, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. - Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. - Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд, тогтонгид нөлөөлөхгүй /ххийн 27-р тал/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Ц- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн 1838003330192 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ