| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2302001410296 |
| Дугаар | 2025/ДШМ/190 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/190
2025 02 04 2025/ДШМ/190
Э.Х, А.Л нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Содбаяр,
шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
цагаатгагдсан этгээд А.Лгийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/1019 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Содбаярын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Э.Х, А.Л нарт холбогдох 2302001410296 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Х нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Салбарын хүний нөөц, ёс зүй хариуцсан ахлах мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж, мөн хуулийн 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зуйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж, 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх” гэснийг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл /Үйл ажиллагааны зарчим/-ийн 6.1 дүгээр зүйлд заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртөө нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж заасныг тус тус зөрчиж,
Хахууль өгөгч А.Лагийн үүсгэн байгуулсан “.......” ХХК-нд гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Нийслэлийн 3acar захиргааны 5 дугаар байранд байрлах Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 02 тоот албан өрөөнд бэлнээр 2.000.000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч А.Л нь өөрийн үүсгэн байгуулсан “..........” ХХК-д гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Салбарын хүний нөөц, ёс зүй хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Хд албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Нийслэлийн 3acar захиргааны 5 дугаар байранд байрлах Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 02 тоот албан өрөөнд бэлнээр 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
А.Л үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч Э.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилж, шүүгдэгч Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь торгох япыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч А.Л, Э.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Содбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Анхан шатын шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
2. Гэмт хэргийн үйл баримтыг бодитой тогтооход хэргийн сэдэлт санаа зорилгыг заавал тодруулах, гэмт хэрэг үйлдсэн гэх арга, гэм буруугийн хэлбэрийг, хөдөлбөргүй тогтоох зайлшгүй шаардлагатай атал анхан шатны шүүхийн тогтоолд дурдсанаар Э.Х нь тусгай зөвшөөрөл олгох комиссын гишүүд болоод шинжээч нарт нөлөөлөх оролдлого хийсэн үйл баримт тогтоогдоогүй гэдэгт илүү ач холбогдол өгч, үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ.
Учир нь, залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.
Гэтэл нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж, хууль бусаар бусдад давуу байдал бий болгохоор урьдчилан амлаж 2.000.000 төгрөг авсан үйлдлийг “хахууль өгсөн хүний хууль бус давуу байдлыг нь бий болгож өгөөгүй” үндэслэлээр “залилсан” гэж дүгнэсэн ойлгомжгүй байхаас гадна Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Түүнчлэн хэрэв Э.Х нь урьдчилан амлалт өгснийхөө дагуу тусгай зөвшөөрөл олгох комиссын гишүүд болоод шинжээч нарт нөлөөлөх оролдлого хийж, тусгай зөвшөөрлийг нь А.Лд гаргуулж өгсөн тохиолдолд энэ нь бусдыг залилаагүй, түүний үйлдэл хууль ёсны, А.Л хохироогүй гэж үзэхээр ойлголтыг бий болгож байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт цагаатгагдсан этгээдийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасан атал шүүх тогтоолдоо энэ талаар бичээгүй байх тул хууль ёсны шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх. хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг цагаатгах талын ямар ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй зөвхөн шүүгдэгч Э.Хгийн зүйлчлэл өөрчлөгдсөн тул А.Л хахууль өгөгч бус харин гэмт хэргийн улмаас хохирсон этгээд болж байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн гөрөлхтөнии аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж заасан зорилготой нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл авах процесс нь хууль дүрэм, журамд заасны дагуу зохих шаардлагаа хангасны үндсэн дээр, холбогдох мэргэжилтэн, хянаж шалгаж, комиссын гишүүд албан ёсоор хуралдаж, тусгах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг.
Гэтэл тухайн үйл ажиллагаа хууль бусаар нөлөөлүүлэх зорилгоор тухайн газарт ажилладаг нийтийн албан тушаалтанд бэлнээр 2.000.000 төгрөг хүргэж өгч байгаа сэдэл, санаа зорилгыг хууль ёсны ашиг сонирхол гэж үзэх үндэслэлгүй байна.
Энэ нь гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ял завшуулах бүрэн боломжийг олгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1, 1.3 дугаар зүйлд заасан зарчмууд алдагдана гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн тогтоолд яллах талын нотлох баримтыг ямар нотлсх баримттай харьцуулахад үгүйсгэгдэж, яллах гэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэг, заалт ямар хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байгаа талаас үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхээс Авлигын гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэснийг үндэслэлтэй зөв гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тухайн үед гэр бүлийн хүнд нөхцөл байдлын улмаас байрны түрээс нэхэгдэж, байрнаасаа хөөгдөх гэж байсан. А.Л тийм зүйл хэлэхээр нь тухайн өдөр мөнгийг нь авч ашиглаад удаалгүй буцааж өгсөн. Би Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ямар нэг албан тушаалтанд мөнгө өгөөгүй, тусгай зөвшөөрлийн талаар хөөцөлдөөгүй. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд А.Л өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос шүүгдэгч Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийн “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн” гэж яллагдагчаар татсан боловч Э.Х миний үйлчлүүлэгчийн төлөө албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Хг А.Л залилсан гэж үзээд хахууль өгсөн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Э.Хгийн үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.
Прокуророос Э.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, А.Л үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “ ...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч Э.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилж, шүүгдэгч Э.Хг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.
Гэвч анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч А.Л нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Э.Хд бэлнээр 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн, мөн шүүгдэгч Э.Хгийн мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд А.Лас бэлнээр 2.000.000 төгрөгийг бусдад дамжуулж өгөх, нөлөөлөхийг оролдсон эсэх зэрэг үйл баримт хэрэгт авагдсан байхад уг үйл баримтад дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүх харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас нэгийг нь үнэлэхдээ нөгөөг хэрхэн үгүйсгэж байгаад дүгнэлт хийгээгүй, үндэслэл болгосон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тусгалгүйгээр дээрх байдлаар дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож, зүйчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд бүхий л ажиллагаа хуульд нийцэж явагдсаныг шалгасны эцэст тухайн нотлох баримтуудыг үнэлэхдээ гэмт явдлыг бүтэц, сэдэлт, санаа зорилго, орон зай, цаг хугацаа, шалтгаант холбоо зэрэгтэй хамааралтай эсэхийг сайтар нягталсны эцэст дүгнэлт хийн шийдвэрлэх байтал сонгон авч үнэлсэн дээрх баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Э.Х, А.Л нарт холбогдох Авлигын гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаар прокурор Л.Содбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/1019 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Л.Содбаярын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч Э.Х, А.Л нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ