| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00477/И |
| Дугаар | 311/ШШ2025/00542 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 311/ШШ2025/00542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......... нөхөрлөлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ......... сумын Буга багт оршин суух, М.........гийн Г.........,
Хариуцагч: Завхан аймгийн У......... сумын .......багийн ....... байр, ....... тоот хаягт оршин суух, Ц.........ын З....... нарт холбогдох,
татварын өр 46,063,383 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ч........, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б......., хариуцагч М.Г...... /цахимаар/, хариуцагч Ц.З........гийн өмгөөлөгч Б.Э......., гэрч Д.А......, Т.М......, нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ч....... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн .... сумын ....... нөхөрлөлд Завхан аймгийн Татварын албанаас хяналт шалгалт хийгээд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №НА-09240000014 дугаартай нөхөн ногдуулалтын акт тогтоож ажлын 15 өдрийн дотор нэхэмжлэхийн дагуу төлөхийг шаардсан. Уг актын агуулгыг хархад ...... нөхөрлөлийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.З.... нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын татварын байцаагч М.Г.......й үгсэн хуйвалдаж 2021 онд 47,750,000 төгрөг, 2022 онд 99,256,888 төгрөгийн ногдол ашиг олгосон боловч татвар суутгаж тайлагнаагүй үйлдлийн улмаас манай нөхөрлөлийг 28,714,705.27 төгрөгийн нөхөн татвар, 10,892,759.97 төгрөгийн торгууль, 6,455,917.76 төгрөгийн алданги нийт 46,063,383 төгрөгийн татварын өрд оруулсан.
Уг шалгалтаар илэрсэн татварын өр үүссэний дараа Ц.З...... нь ажлаа хаяж яваад одоо МАН-ын нягтлан бодогчоор ажиллаж байгаа болно.
Харин үгсэн хуйвалдсан М.Г...... нь Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож нийтийн албанд 2 жилийн хугацаагаар ажиллах эрхийг хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэссэн ял авсан байдаг. Ц.З.....гийн буруутай үйлдэл нь татварын нөхөн ногдуулалтын акт түүнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлүүдээр, М.Г........ буруутай үйлдэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. Иймд Ц.З........, М.Г........ нараас 46,063,383 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.З....... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.З.... миний бие 2025 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ..... нөхөрлөлөөс татварын төлбөр болох 46,063,383 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэх хүлээн авсан. Уг нэхэмжлэхийн татварын өр нь нөхөрлөлд ноогдуулсан татварын өр тул би төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөхгүй байна гэжээ.
Хариуцагч М.Г...... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд албан тушаал урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр төрийн албаны ажлаа өгсөн байгаа. Татварын албаны акттай холбоотой асуудалд миний буруутай үйлдэл тодорхой хэмжээнд байгаа. Сая өмгөөлөгч ярьж байна. З...... тайлангаа гаргадаг М.Г........ хянадаг гэж байна. Тийм асуудал бол байхгүй ээ. Татварын алба бичил, дунд, том гээд системд хуваачихдаг. ...... нөхөрлөл маань борлуулалтын орлого үйл ажиллагааны цар хүрээгээр дунд системд ордог. Сумдын байцаагч нар бичил буюу хамгийн бага үйл ажиллагаа, орлогыг хариуцдаг. Түүнээс надад тэр тайланг хянаад үзээд хяналт тавьдаг зүйл байхгүй. Завхан аймгийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ тус байгууллагын тайланг хянадаг учраас би хянах эрх байхгүй. Харин тайлан илгээгдсэн үгүйг харах эрхтэй. Түүнээс тус байгууллагын тайланг нээгээд харах боломж байдаггүй. Байцаагчийн эрх нь хязгаарлагдсан байдаг. Гол нь акт тавигдсан асуудалд З......, бид хоёрыг 100 хувь буруутай 46,063,383 төгрөгийг төлүүлэх асуудал яригдаад байгаа. Үүнийг би эсэргүүцэж байна. Тийм төлбөр төлөх боломжгүй. Би татварын хий бичилттэй холбоотой НӨАТ бууруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. НӨАТ бууруулсан нь үнэн боловч ......өөс миний данс руу З........гаар дамжиж орж ирсэн мөнгө байгаа, миний хамаатан садан руу орж ирсэн мөнгөө буцаагаад ........ нөхөрлөлийн данс руу шилжүүлээд төлсөн. ...... нөхөрлөлд татварын акт ямар үндэслэлээр тавигдсан гэхээр аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн татвараа 2021-2022 онуудад дутуу төлөгдсөн татваруудад акт тавигдсан. Түүнээс бид хоёрт акт тавигдаагүй. ........төлөх ёстой татваруудаа төлөхгүй байгаад байсан, тайлангаа буруу гаргасан үндэслэлээр акт тавигдсан байгаа. Мөн .... нөхөрлөл нь иргэдэд хувь хишиг тараасан байдаг. Энэ хувь хишгээс татвар суутгаагүй гэдэг үндэслэлээр акт тавигдсан. Тэрийг би суутгах үүрэг байхгүй нөхөрлөл өөрөө суутгалаа суутгаж аваад төсөвт төлөх үүрэгтэй. Төрд учруулсан хохирлыг Авилгатай тэмцэх газарт төлж би баримтаа өөрөө гаргаж өгсөн. ......ийн данснаас миний хувийн болон ээж, дүү нарын дансаар орж ирсэн мөнгийг буцаагаад .......ийн данс руу хийсэн байгаа. Тэгэхээр би ..........ийн татварын акттай холбоотой ямар нэгэн хариуцах хариуцлага байхгүй гэж өөрийгөө үзэж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагчийн дүгнэлтэд дурдагдсан 4 зөрчилд М.Г...... оролцоотой байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. З.......д зөвлөгөө мэдээлэл өгч байсан. Баримтгүйгээр Т...... нөхөрлөлөөс мөнгө гаргуулж өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж авч байсан нөхцөл байдлууд өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнээс юу гэж дүгнэх гээд байна вэ гэхээр М.Г...... өөрөө татварын улсын байцаагч энэ 4 зөрчилд ямар нэгэн байдлаар зардал өсгөх, ногдол ашиг тараах, тайлан гаргах үйл явцад ямар нэгэн байдлаар оролцсон. Өөрөөр хэлбэл Татварын байгууллагын ажилтан энэ үйл ажиллагаанд буруутай гэдэг нь эрүүгийн шүүхээр тогтоогдсон нөхцөл байдал байгаа учраас хариуцагчаар Татварын байгууллагыг өөрийг нь татан оруулах шаардлагатай байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Татварын байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаа байгаад байна. Өөрөөр хэлбэл М.Г..... өөрөө татварын улсын байцаагч байж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн татварын байцаагчийн буруутай үйл ажиллагаа нөхөн ногдуулалтын актад гарсан зөрчилд тодорхой хэмжээгээр байгаа учраас Татварын байгууллага өөрөө буруутай байна гэж үзэж байна. Иймд Завхан аймгийн Татварын газрыг хариуцагчаар нэмж оруулж ирээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Завхан аймгийн Татварын газрыг хариуцагчаар нэмж татаж оролцуулж өгөөчээ, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 -т зааснаар 28.1-т заасан байдал шүүх хуралдааны явцад тогтоогдвол нэхэмжлэгч, хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулах зохицуулалт байгаа учраас Завхан аймгийн Татварын газрыг хариуцагчаар оролцуулж ирж байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Г.З........ийн өмгөлөгчөөр оролцож байна. Т.......нөхөрлөл бүх гишүүдээрээ бүрэн хариуцлага хүлээнэ гээд гэрээ байгуулаад нөхөрлөл байгуулчихсан. Нөгөө талаар ашиг орлогыг нь авах болохоороо аваад ир гэж бүгдээрээ авчихаад, татвараа төлөх болохоороо бид нарт хамаагүй Ц.З.... гэдэг хүн төлнө гэдэг байдлаар хандаж байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Хэрэв З...... татварын өр төлөхөөр бол А..... гэдэг хүн татварын өр нэгт төлнө. Яагаад гэвэл татварын тайланг баталгаажуулж хяналт тавьж удирдаж, зарцуулалт дээр нэгдүгээр гарын үсэг зураад явдаг хүн шүү дээ. Байгууллагын алдаатай гүйлгээ шийдвэр гаргаж байсан тохиолдолд А..... хариуцах ёстой. Тэгтэл А...... өөрөө ард нь үлдээд, урдаа төлөөлөгч томилоод З.......гаас татварын өрийг нэхэмжлээд явж байгаа нь хуульд нийцэхгүй. Хоёрдугаарт иргэний эрх зүйн харилцаа ........ нөхөрлөл болон З...... нарын хооронд үүссэн нөхцөл байдал байхгүй байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд гэм хор урчуулсан гэж нэхэмжлээд байх шиг байна. Энэ үйл явдал нь ..... нөхөрлөл Татварын албанд татвараа бүрэн төлөөгүй, Татвараа төлчихөөд нэхэмжилж байгаа бол арай өөр асуудал. Гэтэл З...... болон ..... нөхөрлөл хоёрын хооронд иргэний эрх зүйн харилцаа болох гэм хорын хохирол учирсан эсэх асуудал байхгүй.
Ийм учраас хариуцагч Г.З....... төлбөр төлөх үүргийг хүлээхгүй. Татварын байцаагч нар гэрчээр асуугдаад тодорхой хэлж өглөө........ нөхөрлөл нь үндсэн 4 асуудлын зөрчил үүссэн юм байна. Нэгдүгээрт байгууллагын зардлаа өсгөсөн. Зардал өсгөнө гэдэг нь өөрөө татварт оногдох орлогоо багасгаад энэ хэнд ашигтай юм нөхөрлөл гишүүдэд ашигтай тэр зардлыг өсгөөд, З........ дундаас нь өөрөө ашиг олоод байгаа бол өөр хэрэг юм. Гэтэл хэрэгт тийм байдал байхгүй. Нөгөө талаар НӨАТ баримтыг шивэж оруулаад байна. Энэ нь өөрөө эргэн төлөлтийг буцаж авч байгаа асуудал. Нөгөө М.Г......ны яриад байгаа зүйл байна. Миний буруутай зүйл нь тэр юмаа гэж үүнтэй холбоотой тодорхой төлбөрийг М.Г....... 8,0 сая гаруй төгрөгийг ........ нөхөрлөлд төлсөн байна. Гэхдээ тэр өр татварт ногдох дүн байсан юм байна гэж үзэж татвараас иргэн нөхөн төлөлт буюу буцаан авалтаар илүү төлөлтийг буцаан аваад тэрийгээ би шивэж оруулсан гэдэг байдлаар буруутай гэж үзээд татварт ногдох дүн гэж ....... нөхөрлөл рүү мөнгөө хийсэн байна. Тэгтэл Т........ нөхөрлөл түүнийг татварт өгөхгүй, бид өөрсдөө авна гээд авчихсан. Тэгсэн одоо М.Г.....аас дахин нөхөн ногдуулалтын мөнгө гаргуулна гэж явж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна.
Нөгөө талаар ногдол ашгийн асуудал яригдаж байна. Ногдол ашиг 2021 онд 46,0 гаруй сая төгрөгийг барагцаагаар ногдол ашгийг гишүүдэд тараагаад авчихсан.
Өөрөөр хэлбэл ногдол ашгаа аваад үүнээс 10 хувиа төлөөгүй. Сая тайлбарлахдаа нөхөрлөлийн гишүүд ногдол ашгаасаа 2022 онд 10 хувийг суутгасан гээд байгаа боловч тэр мөнгө нөхөрлөлийн гишүүдийн дансанд байсан. Тэгэхээр гишүүдийн дансанд байсан мөнгийг Ц.З..... аваад захиран зарцуулах боломжгүй, өөртөө шилжүүлээд авсан баримт байхгүй шүү дээ, хэрэгт авагдсан баримтын хүрээнд авч үзвэл татварт төлөөгүй, тайлагнаагүй учраас татварын нөхөн төлбөр ногдсон гэж дүгнэсэн. Татварт ногдох дүн ........ийн дансад үлдсэн байна гэж харахаар байна. Тийм учраас ........ татварын 28,0 сая төгрөгийг хариуцагч Ц.З....... төлөх үүрэггүй. Хоёрдугаарт тухайн татварыг З.........өөрөө ашигласан гэх баримт хэрэгт байхгүй байгаа учраас гэм хор учруулсан гэдэг байдлаар дүгнэх боломжгүй. Хэрэв татвар дутуу тайлагнасан, суутгуулаагүй, төлөөгүй гэж үзвэл А.......давхар энд хариуцах ёстой. Яагаад А...... хариуцахгүй, З......г хариуцагчаар татагдаад байгаа нь ойлгомжгүй. Үнэхээр удирдлага, нягтлан гэдгээр хариуцаж байгаа бол А..... эхэлж хариуцах ёстой. Тийм учраас нэгдүгээрт Иргэний эрх зүйн харилцаа буюу татварын акттай холбоотой ...... нөхөрлөлөөс төлөөгүй төлбөрийг ...... нөхөрлөлд хохирол учирсан гэж үзэхээргүй байна. Байгууллагад гэм хор хохирлыг хэн учруулсан гэдгийг бид бүхэн одоо ярих боломжгүй. Хоёрдугаарт татварын акт нь ....... нөхөрлөлд хамаагүй юмаа, энэ нь өөр хүний буруутай үйлдлээс болсон гэж үзвэл захиргаааны хэргийн шүүхэд энэ актыг зөвшөөрөхгүй байгаа талаараа гомдол гаргах боломжтой байсан. Энэ асуудлаар нэхэмжлэл гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу захиргааны акт өөрөө хуульд нийцээгүй бол гомдол гаргаад холбогдох этгээдээр нь актын бодит байдлын хэрэгжүүлэх боломжтой.
Ийм учраас ....... нөхөрлөлд ногдуулсан татварын өрийг хариуцагч Ц.З...... төлөх болмжгүй, Татварын тухай хууль тогтоомжид зааснаар татвар төлөгч ..... нөхөрлөл тухайн актын биелэлтийг хариуцаж төлөх ёстой. Түүнээс биш З....... төлөх үүрэг хүлээхгүй. З.......төлөх үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, нөхөн ногдуулалтын акт, татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо 2021-2022 он, татварын хяналт шалгалтын зөвлөмж, ярилцлагын тэмдэглэлүүд, зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/22 шийтгэх тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ....... нөхөрлөлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч нараас нотлох баримтаар: нэхэмжлэлд хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, М.Г......ы Хаан банкны шилжүүлгийн баримтууд, зэргийг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ....... нөхөрлөл нь хариуцагч М.Г.......а нарт холбогдуулан татварын өр 46,063,383 төгрөгийг гаргуулахаар тус шүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
........ нөхөрлөл нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлд 3502732 регистрийн дугаартайгаар хуурай замын ачаа тээврийн зууч, автомшины түрээсийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн байна.
Нэхэмжлэгч ........нөхөрлөл нь шүүхэд төлөөлөх эрхийг тус байгууллагын хяналтын зөвлөлийн дарга З.Ч.......д олгосон бөгөөд төлөөлөгчийн итгэмжлэл нь хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна.
Тэрээр нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч М.Г........ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нягтлан бодогч Ц.З..... нь М.Г..........ай үгсэн хуйвалдаж, 2021 онд 47,750,000 төгрөг, 2022 онд 99,256,888 төгрөгийн ногдол ашиг олгосон боловч татвар суутгаж тайлагнаагүй үйлдлийн улмаас манай нөхөрлөлийг 28,714,705.27 төгрөгийн нөхөн татвар, 10,892,759.97 төгрөгийн торгууль, 6,455,917.76 төгрөгийн алданги, нийт 46,063,383 төгрөгийн татварын өрд оруулсан, энэ нь шалгалтаар илэрч татварын өр үүссэн, Ц.З........ийн буруутай үйлдэл нь татварын нөхөн ногдуулалтын акт, түүнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлүүдээр, М.Г.......ы буруутай үйлдэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул тэдний буруутай үйл ажиллагаанаас учирсан татварын өрийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.
Харин хариуцагч М.Г....... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ......... нөхөрлөл татварт төлөх ёстой татваруудаа төлөхгүй, ...тайлангаа буруу гаргасан үндэслэлээр акт тавигдсан. ...мөн иргэдэд хувь хишиг тараасан үүнээсээ татвар суутгаагүй зэрэг нь надаас болоогүй, ...би суутгах үүрэг байхгүй нөхөрлөл өөрөө суутгалаа суутгаж аваад төсөвт төлөх үүрэгтэй. ........ нөхөрлөлийн данснаас миний хувийн болон ээж, дүү нарын дансаар орж ирсэн мөнгийг буцаагаад ...... нөхөрлөлийн данс руу хийсэн байгаа. Тэгэхээр би ......ийн татварын акттай холбоотой ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. ... гэж,
Хариуцагч Ц.З.......... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Т...... нөхөрлөлийн нэхэмжилсэн татварын өр нь нөхөрлөлд ногдуулсан татварын өр тул би төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөхгүй. ... гэж тус тус маргасан.
Завхан аймгийн Татварын газар нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Т....... нөхөрлөл /ББН/-д 2021-2022 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн дүгнэлт гарсан ба уг нөхөрлөлийн 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 10,522,950 төгрөгийн борлуулалтын орлого зөрүүтэй дутуу тайлагнасан,
мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн зардал хэсэгт 2021 онд 35,496,385 төгрөг, 2022 онд 23,815,829.80 төгрөгийг баримтаар нотлогдоогүй зардлыг тайланд тусгаж зардлыг өсгөн татвар ногдох орлогыг бууруулсан,
2022 оны тайланд нийт 70,299,999 төгрөгийн үнийн дүнтэй хий бичилттэй худалдан авалтын падаан авч нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төсвөөс буцаан авах татварын дүнг өсгөсөн,
мөн нөхөрлөл нь гишүүддээ 2021 онд 47,755,000 төгрөг, 2022 онд 99,256,888.89 төгрөгийн ногдол ашгийг олгосон боловч татвар суутгаж, тайлагнаагүй зөрчлүүд гаргаж татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд нь 28,714,705.27 төгрөгийн нөхөн татвар, 10,892,759.97 төгрөгийн торгууль, 6,455,917.76 төгрөгийн алданги, нийт 46,063,383 төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг үйлджээ.
Татварын Ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар татварын өр гэдэгт татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги, татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги, татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль хамаардаг байна.
Маргааны зүйл болж буй татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан 28,714,705.27 төгрөгийн нөхөн татвар, 10,892,759.97 төгрөгийн торгууль, 6,455,917.76 төгрөгийн алданги, нийт 46,063,383 төгрөг нь татварын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон актад тусгагдсан үнийн дүн байх бөгөөд татварын өр байна.
Дээрх Завхан аймгийн Татварын газрын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар тогтоосон татварын өр нь нэхэмжлэгч .......нөхөрлөлд холбогдуулж тавигдсан акт байх бөгөөд хариуцагч М.Г......нарт ногдуулж тавигдсан акт биш байна.
Тодруулбал дээрх татварын өр тавигдсан акт нь хариуцагч М.Г....... нараас гаргуулахаар үйлдэгдээгүй байх ба ...... нөхөрлөлөөс гаргуулахаар шийдвэрлэсэн.
Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан татвар төлөгч ......... нөхөрлөл нь тайлангаар тодорхойлогдсон татварын өрийг төлөөгүй байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгчид ногдуулсан татварын өрийг хариуцагч М.Г....... нар хариуцан төлөх ёстой гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Нэхэмжлэгч ....... нөхөрлөл нь татвар төлөгч хуулийн этгээдийн хувьд Татварын ерөнхий хуульд зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байгууллага бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь нөхөрлөлд бодит хохирол учирсан гэж үзэж, хариуцагч нарт хариуцуулж дээрх төлбөрийг гаргуулах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан тул ........ нөхөрлөлд ногдуулсан нөхөн ногдуулалтын актаар тавигдсан татварын өрийг М.Г...... нарт хариуцуулах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагч М.Г..........нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч ......... нөхөрлөлд тавигдсан татварын улсын байцаагчийн дээрх актыг хүлээн зөвшөөрөхгүй бол хуулиар тогтоосон хугацаанд татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй боловч энэ талаар гомдол гаргаж маргасан баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Мөн дээрх нөхцөл байдалд хариуцагч М.Г....... буруутай гэдэг нь нотлогдож шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг ирүүлсэн боловч, уг шийтгэх тогтоолоор М.Г......ы өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь хариуцагч М.Г......ыг сольж Татварын ерөнхий газрыг хариуцагчаар татан оролцуулж, уг асуудлыг шийдвэрүүлэхээр шүүх хуралдааны явцад хүсэлт гаргаж байх бөгөөд шүүх түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар гагцхүү нэхэмжлэгчийн хүсэлтээр буюу түүний зөвшөөрснөөр хариуцагчийг сольж болох ба нэхэмжлэгч өөрөө хариуцлагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлтийг гаргаагүй байхад өмгөөлөгч дээрх хүсэлтийг гаргах эрхгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг дахин тайлбарлан өгч, шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад талууд байхгүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа зохигчид нотлоогүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох нь зүйтэй байна гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан ...... нөхөрлөлийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.З....., М.Г........ нараас татварын өр 46,063,383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 388,267 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ