Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Ж.Лхамдолгор

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж

Шүүгдэгч М.Г- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Г-од холбогдох эрүүгийн 1838002770208 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, М.Г-, Шүүгдэгч М.Г- нь 2018 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Хялгант гэх газраас иргэн Д.Н-ийн алдуул 53 тооны ямааг завшиж 3.340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч М.Г- нь 2018 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Хялгант гэх газраас иргэн Д.Н-ийн алдуул 53 тооны ямааг завшиж 3.340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн нутаг Хялгант гэх газар өвөлжиж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 10-дын үед бэлчээрээс 53 тооны ямаа алдсан. Манайх Сэлэнгийн голынхоо цаад талд байдаг, тухайн үед голын наад талдаа Бамбуул гэдэг айл байсан. Бамбуулынх тэнд өвөлжөөд 2018 оны 01 дүгээр сарын 10-дын үед нүүсэн, одоо тэднийх Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Бугатын ар гэх газар буусан. Жил болгон тэднийхийг нүүх болгонд манай мал дутдаг байсан. Энэ жил бас тэднийхийг нүүх үеэр ямаа дутсан нь сэжиг төрөөд очиж малыг нь шүүж үзэхэд манай ямаанууд тэдний хотод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-13-р тал/,

Гэрч Т.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нарийн сайр гэх газар нь Сэлэнгийн голынхоо урд байдаг голын урд саахалтын зайтай Д.Н- гуайнх байсан. Нарийн сайр гэх газарт байхад манай малд Д.Н-ийн ямаа нийлсэн байсан. Үүнийг би хаваржаан дээр ирээд мэдсэн. Тэрнээс хойш манай малд айлын ямаанууд 20 гаран хоносон. Манайхыг нүүдэл хийснээс хойш Хуудаагийн хүү ирээд манай хонь, ямааг шүүж үзээд явсан. Маргааш өглөө нь Хуудаа гуай машинтай ирээд өөрийнхөө ямааг ачаад аваад явсан. Манай хонь мориор бол зөв талынхаа чихэнд догол эмтэй, мөн зөв талынхаа эвэр дээр ногоон будагтай. Харин Хуудаа гуайн ямаанууд мориор бол буруу талынхаа чихэнд хойноосоо догол эмтэй байсан. Манай хүргэн Ганболд тэдний ямааны эврийг өөрийнхөө малтай адилхан болгоод нөгөөн өнгийн будгаар будчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р тал/,

Яллагдагч М.Г-ын шүүхийн шатанд өгсөн “ Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй би хохирол төлбөрөө буцааж өгсөн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 30-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч М.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч М.Г- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, 3.340.000 төгөрний хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1838002770208 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Г-ыг алдуул мал завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ