Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 34

 

                     

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7-р баг, 25-9 тоотод оршин суух, 1970 онд төрсөн 46 настай, иргэн Тайжууд овогт Цэрэнжавын Цогзолмаа,

           Хариуцагч: Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

      Хөдөлмөрийн хортой нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа Увс аймгийн Нийгмийн дааталын байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсныг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь ариутгагч мэргэжилтэй бөгөөд 1985-1991 оны хооронд Увс аймгийн Тэс сумын нэгдсэн эмнэлэгт асрагчаар , 1991-2010 оны хооронд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ариутгагч, автоклавчнаар нийт 20 жил, 1 сар, 8 хоног, үүнээс хортой нөхцөлд 13 жил 9 сар ажилласан ба ажиллаж байсан байдлаа Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгосон юм.

          Миний хийж байсан ариутгагч гэдэг ажил нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын дагуу хортой нөхцөлд хамаарч байх тул би хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалуудыг бүрдүүлж, Увс аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч О.Батхүүд материалуудаа бүрдүүлж өгөхөд надад “ Нэгдсэн эмнэлэгийн ариутгагч хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтохгүй,хэлтэст өргөдөл өг “ гэж хэлсэн.

         Ингээд 2016 оны 4 сарын 06-наас хойш удаа дараа хөнгөлөлттэй нөцлөөр тэтгэвэр тогтоолгохоор Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх  гомдлын шаардлагын зөвлөл,Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргасан боловч миний хүсэлтийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхгүйгээр миний хийж байсан Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ариутгагчийн ажлыг хортой нөхцөлд хамаарахгүй гэсэн хариу өгч намайг чирэгдүүлж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

      Тухайн үедээ Нэгдсэн эмнэлэгийн ариутгалын тасаг төвлөрсөн болон байнгын ариутгал гэсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан.

        Мэс засал,төрөх эмэгтэйчүүд гэх мэт тасгуудын зүү тариур болон бусад бүх багаж хэрэгслүүдийг автоклавд хийж ариутгаж байсныг төвлөрсөн ариутгал гэдэг.

         Байнгын ариутгал гэдэгт сургууль, цэцэрлэг, айл өрхөд халдварт өвчин гарсан тохиололд яаралтай очиж ариутгал хийдэг байсан.Мөн айл өрхүүдийн бохир усны цооногт хлорын шохой цацаж, жорлонд авгалдайн устгал хийдэг байсан.Сургууль цэцэрлэг яслид жоом, ялаа, бясаа, бургаадас, цагаан эрвээхэйн устгалыг хийхээс гадна хулганы хор өгөш бэлтгэн устгал хийж байсан.

       Нэгдсэн эмнэлгийн бүх тасгуудад хортон мэрэгч, шавьж устгалыг 1-3 процентын хлорфостын уусмалыг найруулан бэлтгэж 10 хоногийн давтамжтайгаар хийж ахуйн мэрэгчдын хор, өгөш бэлтгэж устгал хийдэг байв. Намайг ажиллаж байхад нэгдсэн эмнэлгийн шал нь мод шалтай байсан ба жоом, бясаа зэрэг хортон шавьж их байдаг байсан болно.

  Би аймгийн нэгдсэн эмнэлэгийн ариутгалын тасагт ажиллах хугацаандаа хлорын шохой,хлорамин,лизол сульфат, перкис, формалин, жевёлон, хлорфост зэрэг химийн хортой бодисуудтай өдөр бүр харьцаж ажил үүргээ гүйцэтгэж байсан.

     1993 онд ариун цэвэр станц татан буугдаж бид нарын ажил үүрэг нэмэгдсэн. Өндөрхангай, Баруунтуруун, Сагил зэрэг сумуудад ажиллахын зэрэгцээ цэргийн анги, заставуудаар явж халдваргүйтгэлийг хийж байсан.

      Ариутгалын тасаг нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарагддаг байсан учир өдөрт 500 грамм сүүний нормтой хорогдуулсан цагаар ажилладаг байсан.

       Миний гүйцэтгэж байсан ажил нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан тэтгэврйиг хөнгөлттэй нөхцлөөр тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2 дугаар зүйлийн хөдөлмөрийн хортой нөхцлийн 17-р хэсэгт хамаарч  байгаа юм.

      Иймд хортой нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа Увс аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,хортой нөхцөлд ажиллаж байсныг үндэслэн, өндөр насны тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Нийгмийн  даатгалын хэлтэст даалгаж өгнө үү ....” гэв.

       Хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлөн дарга Ч.Даваадорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа : “Ц.Цогзолмаа нь Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхээр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасагт ариутгагч, автоклавчинаар ажиллаж байснаа тогтоолгосон шийдвэр болон хувийн өргөдлийн хамт тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандаж өргөдөл гаргасан.

     Тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл нь уг асуудлыг авч хэлэлцэн иргэн Ц.Цогзолмаагийн эрхэлж байсан ажил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтад заасан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын хөдөлмөрийн хортой нөхцөлд бус дөрөвдүгээр зүйлийн 28-д заасан хүнд нөхцөлд хамруулах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна “ гэжээ.

         Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүхэд нэхэмжлэгч Ц.Цогзолмаа нь хөдөлмөрийн хортой нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа Увс аймгийн Нийгмийн дааталын байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсныг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ц.Цогзолмаа нь “ Миний эрхэлж байсан ариутгагчийн ажил мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтөд заасан хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн 17-д заасан ариутгагчийн ажил мэргэжилд хамаарах тул уг хөнгөлөлттэй нөхцлийн дагуу өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох эрхтэй “ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

           Хариуцагчийн зүгээс “Ц.Цогзолмаагийн эрхэлж байсан ажил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтад заасан хөдөлмөрийн хортой нөхцөлд бус дөрөвдүгээр зүйлийн 28-д заасан хүнд нөхцөлд хамрагдана “ гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

       Увс аймаг дахь  Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 04-ний өдрийн 232 дугаартай шийдвэрээр Ц.Цогзолмаагийн Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1985 оны 6 сарын 22-ны өдрөөс 1991 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл 6 жил 4 сар,8 хоног асрагчаар,Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 11 сарын 01-ний өдрөөс 2001 оны 6 сарыг дуустал мөн 2002 оноос 2010 онуудад нийт 13 жил 9 сар ариутгагч автоклавчнаар , нийт 20 жил 1 сар 8 хоног ажиллаж байсан байдлыг тогтоожээ.

     Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаартай тушаалын хавсралтаар “ Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт “-ыг баталжээ.

      Тус хавсралтаар баталсан жагсаалтын хөдөлмөрийн хортой нөхцлийг тогтоосон хэсгийн 17-д “ Халдваргүйтлийн ахуйн хортон, шавьж, мэрэгч устгах, хорт бодис найруулан бэлтгэх, шинжлэх судлах,сорилт, туршилт хийх, ачих буулгах, тээвэрлэх хадгалах ажил эрхэлдэг ажилчин, хор өгөш бэлтгэгч, ариутгагч, химич” –ээр ажиллаж байсан бол хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцохоор, мөн хавсралтын хөдөлмөрийн хүнд нөхцлийг тогтоосон хэсгийн 28-д “биохими, бактерлоги...клиник лаборатори, эмгэг анатомийн лабораторийн хүн, малын их эмч...автоклавчин,...ариутгагч “ –аар ажиллаж байсан бол хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцохоор зохицуулсан байна.

      Нэхэмжлэгч Ц.Цогзолмаа Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар хүсэхэд тус Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч О.Батхүү Ц.Цогзолмаагийн эрхэлж байсан ажил хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахгүй талаар хэлж бичиг баримтын бүрдлийг хангуулан, өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь Ц.Цогзолмаагийн тайлбар болон О.Батхүүгийн шүүхэд өгсөн “ 2016 оны 4 сарын орчим Ц.Цогзолмаа манай ажил дээр надтай уулзаад хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрээ үзүүлж хөдөлмөрийн хортой нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлттэй байгаа талаараа ярьсан.Тэр үед би таны ажиллаж байсаны нөхцөл хөдөлмөрийн хортой халуун нөхцөлд хамаарахгүй, хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байна,та хөдөлмөрийн нөхцлийн талаарх гомдлоо Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гаргаж болно гэдгийг зөвлөсөн “ гэх мэдүүлгээр [1] тогтоогдож байна.

        Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл Ц.Цогзолмаагийн ирүүлсэн Нэгдсэн эмнэлэгт ариутгагч автоклавчнаар ажиллаж байсан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулах тухай хүсэлтийг хэлэлцээд 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 01 дугаартай тогтоолоороо[2] уг хүсэлт нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын хоёрдугаар зүйлийн 16, 17 дахь зүйлд хамрагдахгүйг тогтоожээ.

      Ц.Цогзолмаа нь Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд өргөдөл гаргахад Ц.Цогзолмаагийн ажилласан хугацаа хөдөлмөрийн хортой нөхцөлд хамрагдахгүй талаар хариуг 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 50 дугаартай албан бичгээр[3] өгчээ.

          Хэргийн оролцогчид хөдөлмөрийн нөхцлийн талаар маргаантай байгаа тул Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаартай тушаалын хавсралтад заасан  “ Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт “-ын хөдөлмөрийн хортой болон хүнд нөхцөлд хамаарах “ариутгагч “ гэх мэргэжлийг гүйцэтгэж байсан ажил үүргийн хувьд тодруулан авч үзэн шүүхээс дүгнэлт хийв.

       Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаартай тушаалыг батлан гаргахдаа Улсын мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн нөхцлийн шинжилгээ,судалгааны төвийн хэмжилт, судалгааны дүнг үндэслэн байх ба энэхүү судалгааны дүн хадгалалтын хугацаа дуусч устгагдсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт, шинжилгээний төвөөс 2016.10.07-ны өдрийн 5/2719 дугаартай албан бичгээр[4] мэдэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.

       Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2016 оны 232 дугаар шийдвэрээр Ц.Цогзолмаа нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 11 сарын 01-ний өдрөөс 2001 оны 6 сарыг дуустал 9 жил 8 сар тасралтгүй ариутгагч автоклавчнаар ажилласаныг тогтоосон ба бусад онуудад буюу 2002 оноос 2010 онуудад түр хугацаагаар  ариутгагч автоклавчнаар ажиллаж байсан талаар нэхэмжлэгч шүүхэд тайлбарлажээ.

        Ц.Цогзолмааг 1991-2001 онуудад нэгдсэн эмнэлэгт ариутгагч автоклавчнаар ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолтыг Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгээс шаардсан боловч архивт хадгалагдаагүй талаар хариу ирүүлсэн[5] болно. 

       Ц.Цогзолмаа нь ариутгагчаар ажиллаж байх хугацаандаа ямар ажил үүргийг гүйцэтгэж байсан талаар мэдүүлсэн, хамт ажиллаж байсан гэрч Ч.Баярхүү, Ц.Болормаа нарын гэрчийн мэдүүлэг [6]хэрэгт авагдсан байна.

          Гэрч Ч.Баярхүү шүүхэд “Би нэгдсэн эмнэлэгийн ариутгалын тасагт 1990-2010 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.Манай ариутгалын тасаг нь нэгдсэн эмнэлэгийн зүү тариур, багаж тоног төхөөрөмж, хортон шавьж устгахаас гадна аймгийн хэмжээний халдварын голомт, албан газар, айл өрхийн жорлон зэргийн ариутгалын ажлыг хийж гүйцэтгэдэг байсан.Манай тасаг ариутгалын хлорфост, хлорамин, хлорын шохой, перкис, лизол зэрэг хортой бодисуудыг найруулдаг байсан. Энэ ажлыг ихэвчлэн Ц.Цогзолмаа хийж гүйцэтгэдэг байсан.Автоклав гэж эмнэлэгийн багаж, зүү тариур ариутгадаг багажийг нэрлэдэг “ гэж, гэрч Ц.Болормаа “ Би 1989-2007 он хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ариутгалын тасагт ахлах сувилагчаар ажиллаж байсан.Ариутгалын тасаг нь байнгын ариутгал, төвлөрсөн ариутгал гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан.Төвлөрсөн ариутгал гэдэг нь эмнэлэгийн зүү, тариур, багажийг ариутгадаг аппарат буюу автоклавд хийж ариутгадаг байсан.Ариун цэвэр станц 1993 онд татан буугдсанаас хойш голомтын ариутгалд буюу халдварт өвчин гарсан тохиолдолд халдваргүйжүүлэлтийн ажлыг манай тасгийн ариутгагч нар гүйцэтгэж байсан.Халдварт өвчин гарсан сургууль цэцэрлэг, албан газруудад ариутгал халвдаргүйжүүлэлтийг хийж байсан.Энэ ажилд манай тасгийн хамгийн залуу ариутгагчаар ажиллаж байсан Ц.Цогзолмааг ихэвчлэн томилон ажиллуулж байсан.Мөн манай тасгийн ариутгал халдваргүйтлийн бодис найруулах, бэлтгэх ажлыг Ц.Цогзолмаа дангаараа хариуцан ажиллаж байсан. Ариутгалын уурын аппарат ажиллуулдаг хүнийг автоклавчин гэж нэрлэж,бусад ариутгал халдваргүйтлийн ажлыг хийж гүйцэтгэхэд ариутгагч гэж нэрлэж байсан.Бид энэ хоёр ажлыг хоёуланг нь хийдэг байсан” гэж тус тус мэдүүлэг өгчээ.

         Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Ц.Цогзолмааг ажиллаж байх хугацаанд ариутгалын тасаг нь ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, халдваргүйтлийн үйлчилгээ үзүүлдэг байснаас гадна голомтын халдварын халдваргүйтлийн ажилд оролцдог байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэгийн зэрэгцээ гэрч Ц.Болормаагийн гаргаж байсан “ Ахуйн шавьж мэрэгч устгал халдваргүйтлийн үйлчилгээ эрхэлж буй Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2004 оны жилийн эцсийн үйл ажиллагааны мэдээ[7], ажиллах хүчний мэдээ[8], Увс аймгийн үйлчлэх нутаг дэвсгэрийн орон байр, нэгж байгууллагад тархсан шавьж мэрэгчийн 2004 оны жилийн эцсийн судалгааны дүн[9], халдваргүйтэлд хэрэглэж буй хор, бодисын 2004 оны зарцуулалт[10], тарваган тахлын голомтод анхны халдваргүйтэл хийсэн тухай 1992 оны 8 сарын 02-ны өдрийн акт[11] гэх бичгийн баримтуудаар нотлогдож байна.

       Мөн ариутгалын тасаг нь ариутгал, халдваргүйтлын ажлыг гүйцэтгэхдээ хлорын шохой, хлорамин, лизол,перкис, формалин, жевлён, хлорфост зэрэг химийн бодистой харьцаж ажиллаж байсан талаар нэхэмжлэгч тайлбар гаргасан нь дээр дурдсан гэрч Ч.Баярхүү, Ц.Болормаа нарын мэдүүлэг , гэрч Ү.Долгорсүрэнгийн “Манай төв эмийн сангаас хлорамин, хлорын шохой, хлорфост,лизол, фенол, формалин, перкис зэрэг ариутгал халдваргүйтлийн бодисыг  нэгдсэн эмнэлэгт нийлүүлдэг байсан “ гэх мэдүүлэг[12], 1996.07.03, 1997.04.24-ний өдрүүдийн эмийн зарлагын падаан[13], шаардах хуудсуудаар[14] тогтоогдож байна.

         Түүнчлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгээс ирүүлсэн албан бичгийн хавсралтанд ариутгалын тасагт хэрэглэж байсан химийн бодисуудыг жагсаалтаар [15]хавсаргаж ирүүлсэн ба эдгээр химийн бодисуудаас Лизол /Fenol-C6H5-OH/, Формалин буюу формальдегид /СН2О/ зэрэг нь 2009 оны 04/04 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 4-р хавсралтаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын хортой химийн бодис ангиллын 25, 51 дүгээрт бичигдсэн байна.

      Дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Цогзолмааг нэгдсэн эмнэлэгт ариутгагч, автоклавчнаар ажиллаж байсныг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “ Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт “-ын хөдөлмөрийн хортой нөхцлийн 17-д заасан “ Халдваргүйтлийн ахуйн хортон, шавьж, мэрэгч устгах, хорт бодис найруулан бэлтгэх, шинжлэх судлах,сорилт, туршилт хийх, ачих буулгах, тээвэрлэх хадгалах ажил эрхэлдэг ажилчин, хор өгөш бэлтгэгч, ариутгагч, химич” гэх заалт дахь ариутгагчаар ажиллаж байсанд тооцох үндэслэлтэй байна.

       Харин мөн тушаалын хавсралтаар баталсан жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцлийг тогтоосон хэсгийн 28-д заасан “биохими, бактерлоги...клиник лаборатори, эмгэг анатомийн лабораторийн хүн, малын их эмч...автоклавчин,...ариутгагч “ гэсэн хэсгийн ариутгагчийг нэгдсэн эмнэлэгийн ариутгагч гэж ойлгох боломжгүй ба жагсаалтын агуулгаас үзэхэд клиник лабораторийн ариутгагч, автоклавчиний ажил  үүргийг гүйцэтгэдэг ажилтан хамаарагдахаар байна.Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д зааснаар нэгдсэн эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын нэг төрөл бөгөөд эрүүл мэндийн лаборатори нь оношлогоо, шинжилгээ хариуцсан чиг үүрэг бүхий бүтцийн нэгж тул гэрч О.Ганбатын “ Цогзолмаад хөдөлмөрийн хортой нөхцлөөр тэтгэвэр тогтох боломжгүй, автоклавчин гэдэг мэргэжил хортой нөхцөлд байхгүй “ гэх мэдүүлэг, хариуцагчийн гаргасан “ Ц.Цогзолмаагийн эрхэлж байсан ажил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарагдана “ гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

        Иймд  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-д зааснаар“ хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилаж нийтдээ 20-иас доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол “ өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байх тул нэхэмжлэгч Ц.Цогзолмаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэгч Ц.Цогзолмаагийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хүлээн авч өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсныг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Захиргааны хэргийг Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан үүсгэсэн, хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс гэх албан маягт хэрэглэн хариу тайлбар ирүүлсэн байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Эрүүл мэнд,Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч гэсэн гарын үсэг зурсан,  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 9 дугаартай тогтоолоор Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг болох Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс ажиллахаар хариуцагчийн нэрэнд өөрчлөлт оруулсан байх тул Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад даалгасан шийдвэрийг шүүхээс гаргасныг дурдав.

         Ариутгагчийн ажил үүргийн хуваарьт автоклавын аппаратыг ажиллуулах үүрэг байсан тул ариутгагч , автоклавчин гэдэг албан тушаал нь чиг үүргийнхээ хувьд нэг ажлын байранд хамаарагдах талаар болон одоо автоклавчин гэх нэршлийг хэрэглэхгүй байгаа тухай гэрч Б.Буяа,Ч.Баярхүү, Ц.Болормаа нар мэдүүлсэн, шүүхээс Ц.Цогзолмааг ариутгагчийн ажил мэргэжил эрхэлж байсан талаар дүгнэсэн тул Увс аймаг дахь  Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 04-ний өдрийн 232 дугаартай шийдвэрт Ц.Цогзолмаагийн ажиллаж байсан байдлыг тогтоохдоо ариутгагч автолкавчин гэх мэргэжлийн нэршлийг хэрэглэсэн нь өндөр насны тэтгэвэр тогтоох эсэхэд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

         Ц.Цогзолмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тэтгэврийн харилцаатай холбоотой маргаан байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цогзолмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Цогзолмаагийн өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Увс аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Ц.Цогзолмаагийн хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсан байдлыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг  Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад даалгасугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар  энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 66-р хуудас

[2] Хавтаст хэргийн 7-р хуудас

[3] Хавтаст хэргийн 6-р хуудас

[4] Хавтаст хэргийн 60-р хуудас

[5] Хавтаст хэргийн 50-р хуудас

[6] Хавтаст хэргийн 32-33, 35-37-р хуудас

[7] Хавтаст хэргийн 51-р хуудас

[8] Хавтаст хэргийн 51-р хуудас

[9] Хавтаст хэргийн 52-р хуудас

[10] Хавтаст хэргийн 53-р хуудас

[11] Хавтаст хэргийн 27-р хуудас

[12] Хавтаст хэргийн 39-40-р хуудас

[13] Хавтаст хэргийн 61-64-р хуудас

[14] Хавтаст хэргийн 56-57-р хуудас

[15] Хавтаст хэргийн 58-р хуудас