Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 27

 

Д.*******д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Прокурор Д.*******а Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02А дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.*******гийн давж заалдсан гомдлоор Д.*******д холбогдох 201513010014 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн хороо сурагчийн тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овгийн гийн *******. /РД-ЖА/ Шүүгдэгч Д.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант багийн нутаг “Шар нурууны Индэрт” хэмээх газарт иргэн Б.*******ийн гэрт түүний охин Г.*******оог 02-03 хоногийн настай байна, 11.000.000 төгрөгөөр засал хийлгэхгүй бол үхнэ гэж хуурч мэхлэн төөрөгдүүлэх аргаар залилан мэхэлж, иргэн Ш.*******аас 11.000.000 төгрөгийг авч түүнд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: овгийн гийн *******г хуурч мэхлэн төөрөгдүүлэх аргаар залилан мэхэлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн гийн *******г 100.000 /нэг зуун мянга/ төгрөгний эд хөрөнгийг нь хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийн 1 хоногийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэн хасч, нийт эдлэх торгох ялыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 11.520.000 төгрөгөөр тогтоож, торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гаас 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сиди, Бурхан шашны гавъяатын үнэмлэх 1 ширхэг, ард түмний гавъяатын үнэмлэх 1 ширхэгийг тус тус шүүгдэгчид буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.*******гийн өмчлөлийн Г2202007727 гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газар, Ч-2202014386 гэрчилгээтэй давхар тоосгон байшин, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Д.*******гийн иргэний цахим үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн гийн *******д оногдуулсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгний эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 11.520.000 /арван нэгэн сая таван зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаас тус тус өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Д.******* давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх шүүгдэгч Б.******* миний биед хуурч мэхлэн төөрөгдүүлэх аргаар залилан мэхлэж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч байна. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд төөрөгдүүлэх аргаар гэсэн зүйл заалт байхгүй атал хуулинд байхгүй заалтыг нэмж оруулан миний эрх зүйн байдлыг дордуулан яллах талыг баримтлан шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэрч С.******* нь анхан шатны шүүхийн болон анхан шатны дахин хэлэлцүүлэх шатны шүүх хуралдаанд “... мөрдөн байцаалтын явцад надаас нийт 3 удаа байцаалт авсан боловч хэрэгт 1 байцаалт байгаа, мөрдөн байцаагч Б.*******аагийн байцаасан байцаалт байхгүй байна. Хэрэгт авагдсан баримтанд миний гарын үсэг зурагдаагүй байна. “Миний үнэн” гэж би бичээгүй. Мөрдөн байцаагч С.******* өөрийн биеэр багш Д.******* бид хоёрт танилцуулсан Дөрвөлжин сумын жаргал, нарын 5 хүний мэдүүлэг байхгүй байна” гэж мэдүүлсээр атал энэхүү мэдүүлгийг үнэн зөв талаас нь хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийлгүйгээр шүүх орхигдуулсанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар магадлалд “... гэрч С.*******ын мэдүүлэгт ... ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл шалтгааныг тодорхойлно” гэсэн шаардлагад нийцээгүй байгааг дурьдсаар атал анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг тодруулж асуугаад зогсохгүй гэрчийн мэдүүлснээр хэрэгт авагдаагүй гэрч нарын мэдүүлэг, мөн мөрдөн байцаагчийн байцаасан байцаалт хэрэгт авагдаагүй талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр дан ганц шүүгдэгчийг яллах талыг баримталсан байна. Дөрвөлжин сумын нэр бүхий 5 гэрчийн мэдүүлэг нь миний хувийн байдлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн атал хэргийн баримтаас хассан, Б.*******аа мөрдөн байцаагч гэрч С.*******ын мэдүүлгийг мөн хэрэгт хавсаргаагүй нь миний эрхийг дордуулж мөрдөн байцаагч Б.*******ааг цаашид дахин хэн нэгний эрхийг дордуулж, эрхийг нь зөрчиж байх таатай орчныг шүүх бүрдүүлжээ гэж үзэхээр байна. Хохирогч тал өөрсдөө намайг больё гэсээр байхад гуйсаар байж аварч өгөөч гэсээр бөөгийн зан үйл үйлдүүлээд дараа нь залилсан хэмээн гүтгэж байгаад гомдолтой байна. Би өдий насаа хүртэл амьдралын туршид монгол хүний бөө мөргөлийн хүч чадал, увидас зөн билгийг дэлхийн хэмжээнд түгээхийн төлөө зүтгэж байгаа бөгөөд хүний төлөө л явдаг. Тиймээс надад хууль ёсны бөөгийн зан үйл хийх эрхийг нь эрх бүхий газраас олгож, зохих өргөмжлөл болох Чингис хааны дэлхийн академийн академич, монголын шашны тэргүүний ажилтан, монголын манлайлагч эмэгтэй, “Ард түмний гавьяат”, дэлхийн монгол туургатны гавьяат цол тэмдэгтэй, өргөмжлөлийг хүртээсэн болох нь хэрэгт бий. Шарын шашин болон бөөгийн зан үйл нь хүний эрүүл аж төрөхөд учирсан гай барцад муу бүхнийг нь зайлуулан тэнгэр, бурхад, сахиустай харьцаж засал хийдгээрээ адил бөгөөд үүний хариуд засал хийлгэгч хэн нэгэн хүн сахиус тэнгэр бурханд нь өргөл өргөдөг болохоос өргөлөө лам болон бөөгөөсөө эргэж нэхдэг зүйл хаа ч үгүй билээ. Тиймдээ би хохирогч талыг 5 хоногийн турш засаж эдгэрүүлсэн боловч намайг гүтгэсэн. Би тэдний хэлсэнчлэн 11.0 сая төгрөг аваагүй. Надад ар гэртээ 10.0 сая төгрөг шилжүүлэх хэмжээний мөнгө байсан, гэтэл энэ байдлыг хэргийг шалгах явцад бүрэн шалгаагүй. Иймд миний бие хэргийн нөхцөл байдлыг эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулаагүй байх тул хохирогч нь иргэний журмаар шүүхээр гэм хорын хохирлоо гаргуулахаар нэхэмжлэх нь зүйд нийцнэ гэж үздэг. Шийтгэх тогтоолын 7 дугаар хэсэгт дурдсанаар миний хувийн бичиг баримтуудаас зөвхөн хоёрыг нь буцаан олгохоор дурьдсан бөгөөд иргэний үнэмлэх болон бусад баримтуудыг дурьдаагүй байна. Миний иргэний үнэмлэх, бусад Өргөмжлөлийг олгоогүй нь Үндсэн хуулинд заасан миний иргэний иргэншил, алдар хүнд, нэр төрийг үгүйсгэж, шүүхээр хязгаарлаж байна гэж үзэхээр байх тул туйлын гомдолтой байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 02А дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү. Улсын ялллагч шүүгдэгч Д.*******гийн давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа: Шүүгдэгч нь 11.0 сая төгрөгний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авах шунахайн сэдэл, санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ******* болон тэнд байсан хүмүүст хүүхэд чинь 2-3 хоногийн настай байна, хэрэв 11.0 сая төгрөг олж засал хийлгэхгүй бол хүүхэд чинь үхнэ гэж төөрөгдүүлэн итгүүлсний улмаас Г.*******оогийн ээж Ш.******* нь өөртөө байхгүй мөнгийг хайж олоход хүргэж энд тэндээс мөнгө цуглуулан шүүгдэгч Д.*******д өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Засал хийхээ болилоо гээд байхад гуйсаар байж хийлгэсэн гэж шүүгдэгч Д.******* мэдүүлдэг. Засал хийлгэхгүй бол хүүхэд чинь үхнэ гэж хуурч мэхлэн төөрөгдүүлсэн үйлдэл нь өөрөө тухайн хүмүүсийг засал хийлгэхээс өөр ямар ч аргагүй, гарцаагүй байдалд хүргэсэн гэдгийг харуулж байна. Иймд гарцаагүй байдалд ороогүй тохиолдолд сум орон нутаг дамжин мөнгө гуйж хүнээр банк болон хадгаламж зээлийн хоршооноос хүүтэй мөнгө зээлдүүлэн байж Д.*******д гуйн гуйн өгөх шаардлага байсан уу?, Үүнийг зүгээр нэг сүсэг бишрэлээрээ өргөл барьц өргөсөн гэж ойлгож болохгүй юм. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн онцлог нь гэмт этгээд эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар төөрөгдөлд оруулсны хүчээр бусдын эд зүйлийг өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр авдаг. Өөрөөр хэлбэл: энэ хэргийн хувьд хууртагдаж, төөрөгдсөн этгээд өөрөө гэмт этгээдэд өөрийн өмчлөлийн эд зүйл, өмчлөх эрхээ өгсөн байдаг нь тухайн хэргийн гол онцлог шинж юм. Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт анх удаа Ш.*******ынд очих үед банкаар 10.0 сая төгрөг шилжүүлэх хэмжээний мөнгөтэй явсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаагчаас гэрч С.*******ын мэдүүлгийг хуурамчаар үйлдэж, түүний гарын үсгийг дуурайж зурсан, Дөрвөлжин сумын нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт хавсаргаагүй гэсэн нь энэ талаар хүсэлтээ гаргаад шийдүүлэх боломж, цаг хугацаа мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хангалттай байсаар байтал гаргалгүй шүүхийн хэлэлцүүлэгт ийм зүйл ярьж байгаа нь бодит байдлыг гуйвуулж, хэрэг шийдвэрлэх хугацааг сунжруулах гэсэн арга гэж үзэж байна. Хэрэгт хавсаргаагүй гээд байгаа Дөрвөлжин сумын жаргал, нарын гэрчээс мөрдөн байцаагч Б.*******аа Дөрвөлжин суманд очиж мэдүүлэг авсан байсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлээд байгаа боловч мөрдөн байцаагч Б.*******аа нь хэрэг шалгах хугацаанд Дөрвөлжин суманд томилолтоор явж даалгавар гүйцэтгэсэн тохиолдол байхгүй. Ийм мэдүүлэг нь шүүгдэгчийн хувийн байдлыг тогтооход ач холбогдолтой гэх боловч хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох талаар хангалттай ажиллагаа хийсэн. Хавтаст хэрэгт мөрдөн байцаагч Б.*******аагийн С.*******аас авсан мэдүүлэг авагдаагүй бөгөөд гэрч С.*******аас шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн байцаагч Б.*******аа мэдүүлэг авч, гарын үсэг зуруулсан эсэх талаар асуухад би мэдүүлэгт гарын үсэг зураагүй гэж мэдүүлсэн тул үүнийг мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн гэрч С.******* нь өөрийн биеэр 2 удаагийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцож мэдүүлэг өгсөн учир түүнийг үнэлэх боломжтой юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон гэж үзэж байх тул 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02А дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.*******гийн иргэний цахим үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгох талаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх саналтайгаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 305 дугаар зүйлд заасны дагуу улсын яллагчийн тайлбар бичив гэжээ. Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02А дугаартай шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах шаардлагагүй гэсэн байр суурьтай байна. Шүүгдэгч Д.******* нь өөрөө давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх нь хэргийн материал дотор байсан учраас сонгууль өгч чадаагүй гэв. Прокурор Д.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгчийн гаргасан гомдлын талаар зарим зүйлийг тодруулъя. Шүүгдэгч Д.******* би гэмт хэрэг үйлдээгүй, тэр хүмүүс өөрсдөө надад өргөл барьц өгсөн, би тухайн хүмүүсийг төөрөгдүүлж, сүсэг бишрэлээр нь хуурч мэхлээгүй гэж дурдсан байгаа. 2015 оны 01 сарын 09-ний өдөр засал хийлгэхдээ 399.000 төгрөгөөр хийлгэсэн. Засал хийлгэх явцад шүүгдэгч Д.******* нь энэ хүн чинь 2-3 хоногийн настай болчихсон байна гэж бодит байдлыг гуйвуулж, худал хэлсэн учраас хохирогч болон хамаатан садангууд нь 11.000.000 төгрөг зээлж өгсөн байдаг. Шүүгдэгч Д.******* би 11.000.000 төгрөг өаваагүй. Надад охин руугаа шилжүүлэх гэж байсан 10.000.000 төгрөг өөрт байсан гэж ярьдаг. Шүүгдэгчид эхлээд 3.000.000 төгрөг өгөөд, дараа нь 8.000.000 төгрөгийг ногоон торгон дээр тавиад өгснийг тухайн үед байсан гэрчүүд бүгд мэдүүлж байгаа. Зөвхөн шүүгдэгч л би мөнгө аваагүй гэж мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Д.******* нь 11.000.000 төгрөг авсан нь тогтоогдож байгаа. Шүүгдэгч Д.*******гийн зүгээс хавтаст хэрэгт 5 гэрчийн мэдүүлэг байхгүй байна гэсэн асуудал яриад байгаа. Энэ талаараа шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд гомдол гаргаад урьд нь шалгуулах боломжтой байсан. Гэтэл шүүхийн шатанд хэрэгт огт авагдаагүй 5 хүний нэр хэлж Б.*******аа гэдэг мөрдөн байцаагч мэдүүлэг авсан, энэ мэдүүлгүүд нь хэрэгт байхгүй байна гэж ярьдаг. Гэтэл энэ байдал нь нотлогдон тогтоогдохгүй байгаа. Иргэний үнэмлэхийг нь буцааж олгоогүй юм байна. Иргэний үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй гэсэн саналтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284-р зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Д.******* нь 2015 оны 1-р сарын 08-ны өдрөөс 1 сарын 12-ны өдрийн хооронд Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант багийн Шар нурууны “Индэрт” хэмээх газар иргэн Б.*******ийн гэрт очиж, түүний охин Г.*******оог 2-3 хоногийн настай байна, 11.000.000 төгрөгөөр засал хийлгэхгүй бол үхнэ гэж хуурч мэхлэн төөрөгдүүлэх аргаар залилан мэхэлж, бусдын итгэлийг эвдэн хохирогч Ш.*******аас 11.000.000 төгрөг авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.*******, гэрч Б., Г.оо, С.*******, Н., Б., Р.ээ, Д., Ц.уу, В., Ш., Д., Б.*******, Г.*******оо, Р., Т., В., С.*******, Ш., Ж., О., Б., Б., С. нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11-р сарын 23-ны өдрийн 201500340 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт, Г.*******оогийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх, “Зоос өртөө” хадгаламж зээлийн хоршооны гэрээ, Төрийн банк болон Хаан банкны орлогын баримт, дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна. Шүүх шүүгдэгч Д.*******г бусдыг залилан мэхэлж, төөрөгдүүлэх аргаар бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 100.000 төгрөгний эд хөрөнгийг нь хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийн 1 хоногийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэн хасч, нийт эдлэх торгох ялыг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 11.520.000 төгрөгөөр тогтоож, улмаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 100.000 төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, мөн торгох ялаас нь өршөөн хэлтрүүлснийг нь буруутгах боломжгүй юм. Хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Өршөөлийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөн түүнчлэн шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гаас 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.*******т олгож, нэхэмлэлийн шаардлагаас 600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.******* хохирогч тал өөрсдөө намайг болий гэсээр байхад гуйсаар байж бөөгийн зан үйл үйлдүүлээд, дараа нь намайг залилж, 11.000.000 төгрөг авсан гэж гүтгэсэнд гомдолтой байна гэж байгаа хэдий ч тухайн шүүгдэгч нь хохирогч Ш.******* болон тэнд байсан хүмүүст хүүхэд чинь 2-3 хоногийн настай байна, 11.0 сая төгрөг олж засал хийлгэхгүй бол хүүхэд чинь үхнэ гэж төөрөгдүүлэн итгүүлсний улмаас хохирогч Ш.******* нь охиноо аврахын тулд энд тэндээс хүмүүсээс мөнгө зээлж шүүгдэгчид өгсөн болох нь хавтас хэрэгт асуугдсан дээрх нэр бүхий хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Дээрх байдлаас дүгнэлт хийхэд хохирогч Ш.******* нь шүүгдэгч Д.*******гийн хэлж, ярьж буй зүйлд төөрөгдөн, хууртагдаж өөрийн өмчлөлийн эд зүйл болох 11.000.000 төгрөгийг өгснөөр тухайн залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг энэ хэрэгт бүрэн тогтоожээ. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02А дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

Б.НАМХАЙДОРЖ