Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0239

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Т" ХХК-ийн эзэмшиж буй 140 га газрын зарим хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагт хамруулан мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон “... Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, ...” гэсэн цэгийн дагуу Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагийг мэдээллийн санд зөвөөр оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч "Т" ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй 140 га газрын зарим хэсгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагт хамруулан мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоолгож, Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон солбицлын дагуу мэдээллийн санд хилийн заагийг зөвөөр оруулахыг даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаар шийдвэр нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр, нотлох баримт хангалтгүй, хэргийн бодит байдлыг судлалгүй, үндэслэлгүй шийдсэн гэж үзэж байна.

Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэсэн тэмдэглэгээ байдаг ч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэн рүү ч ярьж, хэлэлгүйгээр шүүх хуралдаанаа хийж шийдвэр гаргасан байдаг. Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараар гарын үсэг зуруулаагүй. Нэхэмжлэлийн хувийг гардуулсан баримтанд хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй. Хариуцагчид эрх үүрэг тайлбарласан баримтанд гарын үсэг зурагдаагүй зэрэг процессын алдаа гаргасан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн газрын албанаас нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/25 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч “Т” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэгж талбарын 18634304666010 дугаартай, Хан-Уул дүүргийн, 8 дугаар хороонд байрлалтай, 140 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 000318854 дугаар гэрчилгээ олгожээ.

            Нэхэмжлэгчээс “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг мэдээллийн санд оруулахдаа өөр солбицлын цэг тогтоож, манай эзэмшиж буй газартай давхцуулан мэдээллийн санд бүртгэсэн нь хууль бус” гэж, хариуцагчаас “Улсын Их Хурлын тогтоолын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг мэдээллийн санд бүртгэсэн, Улсын Их Хурлаас хилийн цэсийг өөрчилсөн тогтоол гаргахгүйгээр мэдээллийн санд өөрчлөлт оруулах боломжгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

            Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасныг үндэслэн Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Нийслэлийн газрын албаны кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18634304666010 дугаар бүртгэлтэй 140 га газар нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдагдсан “Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс зүүн Нүхтийн ам руу салсан баруун урд талын 1 тоот шон” гэсэн цэгүүдээс эхлүүлэн хэмжилт хийсэн Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагтай хамааралгүй буюу давхцал үүсээгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/225 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагчаас уг шинжээчийн дүгнэлттэй маргаагүй байна.

Дээрхээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам кадастрын мэдээллийн сандаа Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг буруу оруулсны улмаас нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшиж буй нэхэмжлэгчийн газартай давхцаж, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/3658 дугаар албан тоотоор тус хэрэгт хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус яамны мэргэжилтэн Э.А, харьяа Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Г, Н.Э, А.О нарыг томилсон байна.

Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.7-д заасан ажиллагааг явуулах бөгөөд, анхан шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-т нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

            Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/387 дугаар албан тоотоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шинээр томилох эсхүл олгосон итгэмжлэлээр шүүх хуралдаанд цааш үргэлжлүүлэн оролцох эсэхийг тодруулсны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/464 дүгээр албан тоотоор тус яамны мэргэжилтэн Б.Д, Э.А, харьяа Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Э нарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасанчлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материал болон эрх үүрэгтэйгээ танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахих зэргээр төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах байтал энэ эрх, үүргийг хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсээр байтал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасантай нийцжээ.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улсын Их Хурлын тогтоолд зааснаас өөрөөр, алдаатай хилийн заагийг яамны кадастрын мэдээллийн санд бүртгэсэн талаар хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нотлох баримт хангалтгүй, хэргийн бодит байдлыг судлаагүй, процесс алдаа гаргасан” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                                 ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН