| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0175/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/184 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ханбүргэд
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1838004120232 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Д-,
Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны ... дугаар данс руу төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас шилжсэн иргэн .Б.Д-н ноосны урамшууллын мөнгө болох 449.800 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны ... дугаар данс руу төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас шилжсэн иргэн .Б.Д-н ноосны урамшууллын мөнгө болох 449.800 төгрөгийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ноосны урамшуулал 449.800 төгрөг бодогдсон байсан. Хүмүүс 2018 онд ноосны урамшууллын мөнгө дансанд орлоо гэж яриад байхаар нь би өөрийн эзэмшлийн дансаа шүүлгээд ороогүй байхаар нь би мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Алтанцэцэг гэх хүнээс асуухад танай ноосны урамшуулал орсон байна гээд ... гэсэн дансыг хэлэхэд би манай данс бишээ гэж хэлэхэд банкин дээр очоод энэ дансыг шүүлгэж үзэхэд Б.Д- гэх хүний данс байна гэж Алтанцэцэг гэж хүн хэлээд тэр хүнийг хайж багийн дарга бусад хүнээс асууж сураад утсыг нь олсон чинь холбогдохгүй байхаар нь нэг танидаг хүнээр нь Алтанцэцэг гуай захиа өгч явуулахад тэр хүнээс хавар ноолуурны үеэр өгье арьс ширний урамшуулал юм байх гэж бодоод хэрэглэсэн гэж хариу өгсөн гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мал хамгаалах сангаас баримтыг үндэслэн малчдын данс руу урамшууллын мөнгө жил бүрийн 2-3 сард ордог. .Б.Д-н ноосны урамшуулалын мөнгө болох 449.800 төгрөг дансанд ороогүй, Б.Д- гэх хүний дансанд давхардан орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
2018 онд ноосны урамшуулал авах иргэдийн жагсаалт /хх-ийн 7-9-р тал/,
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдаатай гүйлгээ завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Д- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1838004120232 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д-г алдаатай гүйлгээ завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ