Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/144

 

 

 

 

 

      2025         01            28                                          2025/ДШМ/144

 

Э.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Даваахүү,

шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,  

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1277 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Э-д холбогдох 2309 00000 0214 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-ын Э-, 1997 оны ... дугаар сарын ... -ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүрэгт түр оршин суух, (РД:...), урьд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн;

Э.Э- нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй дэлгүүрээс хохирогч С.Б-ийн эзэмшлийн 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Редми нөт 10 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх дэлгүүрээр үйлчлүүлэх явцдаа лангуун дээр байсан хохирогч Ү.А- эзэмшлийн “Самсунг галакси Фолд 4, Редми нөт 10 про, Самсунг галакси А20” загварын 3 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн ... тоот лангуун дээр байсан хохирогч М.Э-ийн эзэмшлийн 315,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг нөт 8” загварын гар утас, Хаан банкны ... тоот данснаас 750,000 төгрөг, ... тоот данснаас 261,500 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Э-т нийт 1,326,500 төгрөгийн хохирол учруулсан,

дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч М.Э-ийн эзэмшлийн “Самсунг нөт 8” загварын гар утасны цэсэд байсан Хаан банкны ..., ... дугаарын дансны интернэт банк руу хууль бусаар халдаж нууц үгийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон,

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн ... дугаар давхрын ... тоот лангуун дээр байсан хохирогч Д.Б- эзэмшлийн 765,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Ай фоне 8”, “Самсунг галакси А51” загварын 2 ширхэг гар утас, ... тоот данснаас 320,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Д.Б-т нийт 1,085,000 төгрөгийн хохирол учруулсан,

дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Д.Б- эзэмшлийн “Самсунг галакси А51” загварын гар утасны цэсэд байсан Хаан банкны .. тоот дансны интернэт банк руу хууль бусаар халдаж, нууц үгийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон,

 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” худалдааны төвийн лангуу доороос хохирогч Н.М-ын эзэмшлийн 742,700 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А53 маркийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 7,504,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Э-гийн үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөх” гэмт хэргүүдийг тус тус үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Э.Э-гийн цагдан хоригдсон 406 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-гаас нийт 7,504,200 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Б-ид 700,000 төгрөг, хохирогч Ү.А-д 3,650,000 төгрөг, хохирогч М.Э-т 1,326,500 төгрөг, хохирогч Д.Б-т 1,085,000 төгрөг, хохирогч Н.М-д 742,700 төгрөгийг тус тус олгуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн өөрчилсөн, засварласан, нуусан нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол...” гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, энэ хэсэгт кибер орчинд хууль бусаар халдсаны дараа мэдээлэл гээчийг устгах, гэмтээх, засварлах гэх мэт гэмт хэргийн шинжтэй идэвхтэй үйлдэл гаргахыг ойлгохоор байна.

Улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүний зүгээс мэдээлэлд нэвтрэх нууц үгийг мэдээлэл гэж үзэж, шүүгдэгчийг энэ зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн зарчмыг алдагдуулахад хүрч байна. Банкны аппликейшнд нэвтрэх нууц үг нь мэдээлэл болж чадахгүй. Хэрэв түүнийг мэдээлэл гэж үзэх юм бол бусдын утсан дахь банкны аппликейшн рүү нэвтрэх нууц үгийг өөрчлөөгүй боловч санаатай, эсхүл санамсаргүй байдлаар олж мэдсэн улмаар нэвтэрсэн хэдий боловч данснаас нь гүйлгээ хийгээгүй хүн хүртэл энэ зүйл ангиар ял шийтгүүлэх эрсдлийг бий болгоно. Энэ нь эхнэр, нөхөр, найз нөхдөө ч энэ шалтгаан нөхцөлөөр ялтан болгох бүрэн боломжтой гэж харагдаж байна.

Интернэт орчин дахь тусгай мэдлэгтэй этгээд дансны нууц үг өөрчлөлгүйгээр, эсхүл нууц үг ашиглахгүйгээр бусдын интернэт банканд түүний сул тал, цоорхойг ашиглан хууль бусаар нэвтэрсэн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, ангиар шийтгэхээр байна. Эндээс харахад, гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг хууль хэрэглээний хувьд зөв дүгнэж чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Түүнчлэн үйлчилгээний газарт хэн нэгэн этгээдийн банкны картны нууц дугаарыг хөндлөнгөөс сонсож мэдсэний /нууц үгийг сонсголоороо хуулбарласан гэж үзвэл/ дараа тухайн банкны картыг хууль бусаар, нууцаар хулгайлж, улмаар АТМ төхөөрөмжийн тусламжтайгаар данс дахь мэдээллийг харах, магадгүй данснаас бэлэн мөнгө гарган авах, бусдад шилжүүлэх үйлдлийг гэмт хэргийн нэгдмэл шинжийг агуулж байна гэж үзэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж байгаа үйлдэл төдийгүй хууль хэрэглээний хувьд цаашид хүний эрхийг дээдэлсэн, хүнлэг энэрэнгүй байх зарчмыг үгүйсгэсэн, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн жишиг тогтох аюултай.

Шүүгдэгч Э.Э- 5 хүний гар утсыг хулгайлсан бөгөөд 2 хүний гар утасны интернэт банкны аппликейшнд нэвтэрч мөнгөн гүйлгээ хийсэн. Тухайн үед хамгаалалтгүй шууд нээгдэж орох бүрэн боломжтой байсан. Хэрэв хэн нэгний утас надад байвал би тухайн утсыг ашиглаж өөрийн нууц үгийг мартсан гэж нууц үгийг авах бүрэн боломжтой байдаг. Банк болон тухайн утас эзэмшигчийн зүгээс хамгаалалтыг дутуу хийсэн бөгөөд энэ нь сул тал болсон. Иргэд гар утасны хамгаалалт хийдэггүй байдал, интернэт банкны нууц үг сэргээх үйлдэл нь тухайн утаснаас бүрэн хамааралтай байгаа нь гэмт хэрэгтэнд боломж олгож байна. Өөрөөр хэлбэл, бусдын гар утас дахь интернэт банкны данс руу нэвтэрч, мөнгөн гүйлгээ хийж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тогтоох хэсгийн 1, 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч Э.Э-гийн хувьд өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирлыг шударгаар хөдөлмөрлөж, богино хугацаанд барагдуулахаа илэрхийлж байгаа...” гэв.

Шүүгдэгч Э.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч нарын интернэт банканд тус хүмүүсийн утасны дугаарыг ашиглаж орсон. Мөн тус хүмүүсийн интернэт банкийг ашиглах боломжгүй болгоогүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол...” гэж хуульчилсан. Шүүгдэгч Э.Э-гийн хохирогч Д.Б-, М.Э- нарын гар утасны цэсэд байсан Хаан банкны интернэт банканд хууль бусаар халдаж, нууц үгийг өөрчилж, улмаар хохирогчийн дансанд байсан 1,341,500 төгрөгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан. Мөн хохирогч М.Э-, Д.Б- нарын гар утсанд байсан байсан мэдээлэл буюу утасны дугаар болох хохирогчийн нэвтрэх нэр, регистрийн дугаар, гар утасны дугаарыг ашиглаж дээрх цэсэд нэвтрэх нууц үгийг хууль бусаар өөрчилсөн. Тухайн нууц үгийг өөрчилсөн талаараа шүүгдэгч Э.Э- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Шүүхээс интернэт банкны хууль ёсны мэдээллийн системд хамаарах тусгай хэрэгсэл ашиглаж, нууц хадлага хийж нэвтэрсэн тохиолдолд кибер орчинд халдсан, түүний нэвтрэх нэрийг засварлаж өөр болгосон бол мэдээллийн агуулгыг өөрчилсөн гэж ойлгоно гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Тиймээс интернэт банкны хэрэглэгч тухайн мэдээлэл, орон зайг эзэмших эрхтэй мэдээллийн сүлжээний аюулгүй байдалд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан хэмээх зүйлчлэлийн аргаас хохирогч нарын нууц буюу зөвхөн хохирогч мэдэх боломжтой мэдээллийг өөрчилсөн нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангана. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох:

1. -хохирогч С.Б-ийн өгсөн (1хх 12-13),

    -шүүгдэгч Э.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч С.Б-оос гар утсыг хулгайлж, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан зээл авч, мөнгийг ашигласан талаар мэдүүлсэн (1хх 5-7) мэдүүлгүүд,

    -хохирогч С.Б-ийн эзэмшлийн “Redmi Note 10 Pro” загварын гар утасны үнэлгээ (1хх 18-20) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э- нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” дэлгүүрээс хохирогч С.Б-ийн эзэмшлийн “Redmi Note 10 Pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2. -хохирогч Ү.А- өгсөн (1хх 79),

    -шүүгдэгч Э.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...худалдагч эмэгтэйг цааш арын өрөө орох хооронд ширээний тавцан дээр байсан 3 ширхэг гар утсыг хулгайлаад зугтаасан...” гэх (1хх 103) мэдүүлгүүд,

    -хохирогч Ү.А- эзэмшлийн 3 ширхэг гар утасны нийт үнэлгээг 3,650,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний дүгнэлт (1хх 98),

    -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон энэүү үзлэгээр илрүүлсэн гарын мөр нь шүүгдэгч Э.Э-гийнхтай тохирч байгааг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 03/094 дүгээр дүгнэлт (1хх 82-95) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э- нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” дэлгүүрээр үйлчлүүлэх явцдаа лангуун дээр байсан хохирогч Ү.А- эзэмшлийн “Samsung Galaxy Fold”, “Redmi Note 10 Pro”, “Samsung Galaxy A20” загварын 3 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. -хохирогч М.Э-ийн өгсөн (1хх 126, 2хх 188),

    -гэрч Н.Б, Б.Нг нарын өгсөн (1хх 129),

    -шүүгдэгч Э.Э-гийн хохирогч М.Э-ийн гар утсыг нь хулгайлан авч, интернэт банкаар нь нэвтрэн орж, нууц үгийг нь өөрчлөн, мөнгөөр нь эд зүйл худалдан авсан талаар мэдүүлсэн (1хх 142-143) мэдүүлгүүд,

    -Хаан банк дахь хохирогч М.Э-ийн эзэмшлийн дансны хуулга (1хх 110-120),

    -хохирогч М.Э-ийн эзэмшлийн гар утасны үнэлгээг 315,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ (1хх 136) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э- нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн ... тоот лангуун дээр байсан хохирогч М.Э-ийн эзэмшлийн 315,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung Note 8” загварын гар утсыг хулгайлж, тус гар утасны цэсэд байсан “Хаан банк”-ны ..., ... дугаарын дансны интернэт банк руу нууц үгийг нь өөрчлөн хууль бусаар нэвтрэн орж, тус данснуудаас нийт 1,011,500 төгрөгийг авч, хохирогчид нийт 1,326,500 төгрөгийн хохирол учруулсан,

4. -хохирогч Д.Б- өгсөн (2хх 74),

    -шүүгдэгч Э.Э-гийн “данс руу мөнгө шилжүүлье, бэлнээр гаргаад өгөөч” гэсний дагуу мөнгийг шилжүүлэн авч, бэлнээр өгсөн талаар мэдүүлсэн гэрч Н.О-гийн (2хх 78),

    -шүүгдэгч Э.Э-гийн хохирогч М.Э-ийн 2 гар утсыг хулгайлан авч, интернэт банкаар нь нэвтрэн орж, гэрч Н.Оюунчимэг рүү мөнгө шилжүүлж, бэлнээр авсан талаар мэдүүлсэн (2хх 67) мэдүүлгүүд,

    -хохирогчийн Д.Б- эзэмшлийн 2 гар утасны үнэлгээг нийт 765,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээ (2хх 79) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сухбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн ... дугаар давхрын ... тоот лангуун дээр байсан хохирогч Д.Б- эзэмшлийн 765,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone 8” , “Samsung Galaxy A51” загварын 2 ширхэг гар утсыг хулгайлан авч, “Samsung Galaxy A51” загварын загварын гар утасны цэсэд байсан Хаан банкны ... дугаарын дансны интернэт банк руу нууц үгийг өөрчлөн хууль бусаар нэвтрэн орж, тус данснаас 320,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

5. -хохирогч Н.М-ын мэдүүлэг (2хх 114),

    -түүний эзэмшлийн гар утасны үнэлгээг 742,700 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээ (2хх 120) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн лангуу доороос хохирогч Н.М-ын эзэмшлийн “Samsung A53” загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 742,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Э-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Э.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах болон кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчлөх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Э-гийн нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авч, нийт 7,504,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хулгайлах гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Харин шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар маргаж, тус зүйл, хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

Цахим хөгжлийн багц хууль буюу Кибер аюулгүй байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиудыг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдсөн бөгөөд эдгээр хуулиудаар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, кибер аюулгүй байдлыг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр явуулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т хүний хувийн мэдээлэл гэж хүний ...хөрөнгө, ...цахим тодорхойлогчийг ойлгоно...”, 4.1.13-т “цахим тодорхойлогч гэж хүнийг цахим орчинд тодорхойлох мэдээллийн системийн нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээ, харилцаа холбооны утастай болон утасгүй технологийн хаяг, бусад төрлийн төхөөрөмж, мэдээллийн систем дэх мэдээллийг ойлгоногэж зааснаар хүний цахим орон зай нь хуулиар хамгаалагдаж, халдашгүй байх эрхийн нэг хэсэг болох буюу түүнд аливаа этгээд мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтрэх, хянан шалгах, мэдээллийг олж авах, өөрчлөх, устгахыг хориглодог.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад “кибер орчин” гэж мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг ойлгохоор хуульчлан тодорхойлжээ.

Гар утас, цахим хэрэгслээс нэвтрэх, ашиглах боломж бүхий интернэт банк нь арилжааны банкны үйлчилгээний нэгэн төрөлд хамаарах мэдээллийн систем бөгөөд хэн нэгэн этгээд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч орсон тохиолдолд кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж мэдээллийн системд нэвтэрсэн гэмт хэрэгт тооцогдоно. Түүнчлэн, интернэт банканд нэвтэрч, эзэмшигчийн холбогдох мэдээллийг өөрчилсөн тохиолдолд хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.

Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Э.Э-гийн хохирогчийн эзэмшлийн интернэт банк буюу бусдын хувийн мэдээллийг агуулсан, цахим мөнгө хэлбэрийн гүйлгээ хийх буюу орлого авах, зарлага гаргах боломж бүхий мэдээллийн системд хууль бусаар нэвтэрсэн нь хохирогч болон мэдээллийн системийг үүсгэсэн банкны буруутай үйлдэл мэтээр Иргэд гар утасны хамгаалалт хийдэггүй байдал, интернэт банкны нууц үг сэргээх үйлдэл нь тухайн утаснаас бүрэн хамааралтай байгаа нь гэмт хэрэгтэнд боломж олгож байна” хэмээн тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Э.Э- нь бусдаас хулгайлан авсан гар утсыг ашиглан хохирогчийн гар утсанд суурилуулсан интернэт банканд нууц үгийг нь өөрчлөх замаар нэвтрэн орсон үйлдэл нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн дүгнэлт, хохирол төлж барагдуулаагүй байдал, хохирогч нарын гомдол, санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлан тодорхойлсон шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Мөн урьд шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгон, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийн дагуу гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын “шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1277 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-гийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 67 (жаран долоо) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                           Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН