Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар.

Улсын яллагч Б.Амартүвшин

Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1838003590204 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Б-,

Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн орчим Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвд хохирогч М.Г-зүүн гар луу нь модоор цохиж, гарын шуу ясны хугарал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн орчим Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төв гэх газар хохирогч М.Г-зүүн гар луу нь модоор цохиж, гарын шуу ясны хугарал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч М.Г-мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүүгээ хаячихаад гүйж очоод куртиктай 2 хүн байсан би тэр 2-ын нэгийг нь шанаа руу модоор цохиод авсан юм. Тэгсэн чинь сүүлд нь куртиктай 3 залуу болсон байсан. Тэгж байтал тэр хүмүүс бүгд над руу дайраад намайг тал талаас зодсон. Хэн нь яаж зодсоныг мэдэхгүй байна. Тэр залуучууд бүгд согтуу байсан. Миний анхны цохисон хүн манай хүүг зодсон хүн биш байсан юм билээ. Намайг тэрэнтэй зодолдож байх үед нэг залуу модоор миний толгой руу цохих гэхээр нь би зүүн гараараа хаасан юм. Тэр үед миний гарын шуу гэмтсэн байсан. Тухайн үед гар гэмтснийг мэдээгүй сүүлд гэртээ ирсэн чинь гар өвчин ороод ирэхээр нь тэр өдөр 5 дахь өдөр байсан болохоор нь 1 дэх өдөр буюу 27-нд эмнэлэгт хандахад зүүн гарын шуу хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нөгөө газартаа аавын хамт очоод намайг зодсон залууг зааж өгсөн тэгсэн чинь...энгийн хувцастай байсан хүнийг цохиод авсан чинь тэр залуучууд бүгд аав руу дайрч байсан чинь нөгөө над дээр очиж намайг өшиглөдөг бор куртиктай цагаан саравчтай малгайтай залуу мод барьж аавын гар руу цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд бид нар буцаад сууж байсан чинь нуурын эрэг дээрээс миний зүс таних Г гэдэг хүн миний нуруу руу нэг цохиод дахиад толгой орчим руу нэг удаа цохьсон тэгж байснаа бид нар луу модоо бариад дайраад унасан тэгж байснаа тэр Г гэдэг хүн М-той зууралдаж байхдаа модоо унагаасан байхад нь Баасанхүү тэр модыг нь аваад Г гэдэг хүний биеийн зүүн тал руу нэг удаа цохьсон. Тэгээд сүүлдээ болиод учраа олоод салцгаасан”...гэх мэдүүлэг Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 236 дугаартай: - М.Г-биед зүүн шуу ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. - Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. - М.Г-биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. - Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/,

Эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Хохирогч нь 250.000 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилснийг төлж барагдуулсан талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Шүүгдэгч Э.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн 1838003590204 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ