Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/145

 

 

 

 

 

      2025           01            28                                          2025/ДШМ/145

 

Г.А-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Л.Амартогос,  

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/1279 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2408000000115 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г-ийн А-, 2004 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

Г.А- нь:

1. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн хичээлийн “Б” байрны ... тоот өрөөнөөс хохирогч Б.У-ийн эзэмшлийн “Lenovo А-3” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 1,500,000 төгрөгийн хохирол,

2. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн хичээлийн ... тоот өрөөнөөс хохирогч Г.Ю-гийн эзэмшлийн “Dell” загварын зөөврийн компьютерыг цүнхний хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 1,550,000 төгрөгийн хохирол,

3. 2023 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн ... тоот өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж, улмаар 9 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогч байгууллагад 6,200,000 төгрөгийн хохирол,

4. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байранд байрлах Хаан банкны АТМ-аас хохирогч Ч.М-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны картаас 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

5. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... хороололд байрлах Хаан банкны АТМ-аас хохирогч Н.Н-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны картаас 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

6. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хорооллын ... дүгээр байрны гараашинд / зогсоолд байрлуулсан хохирогч Б.О-ийн өмчлөлийн ... УБД улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийн жолооч талын гурвалжин цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн зөөврийн компьютер, чанга яригч, карт тогтоогч, куртик, хантааз, цамц, гутал, дэвсгэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 2,691,850 төгрөгийн хохирол,

7. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн шилэн ханыг хагалан, хууль бусаар нэвтэрч хохирогч З.З-гийн лангуунаас “Iphone” загварын 17 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 30,600,000 төгрөгийн хохирол тус тус, нийт 43,441,850 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.А-ын үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.А-ыг үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, эд хөрөнгө байнга буюу түр хадгалах зориулалттай автомашинд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Г.А-ын баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 265 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-оос нийт 32,786,650 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.У-т 1,500,000 төгрөг, хохирогч Г.Ю-д 1,550,000 төгрөг, хохирогч Ч.М-д 400,000 төгрөг, хохирогч Н.Н-т 500,000 төгрөг, хохирогч Б.О-т 2,776,850 төгрөг, хохирогч З.З-д 23,800,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.С-д 659,800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Э-д 1,100,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б-т 500,000 төгрөгийг тус тус олгож,

шүүгдэгч Г.А-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эргэлзээ бүхий, хэргийн бодит байдалтай нийцээгүй. 2023 онд хохирогч Н.Н-т 500,000 төгрөг учруулсан үйлдэлд Б.Ж- гэх залуу хамтран оролцсон. Тухайн хүний хатгасан, сүрдүүлснээс болж би тухайн хэргийг гүйцэтгэсэн гэж үнэн зөвөөр прокурор, шүүхийн шатанд мэдүүлсэн. Мөн хэрэг шүүхэд шилжихээс өмнө Б.Ж- гэх хүнийг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг мөрдөгчид тавьж байсан ч хүлээн авахгүй байсан тул прокурорт дээрх хүсэлтийг гаргахад ач холбогдолгүй гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй. Хүнийг гэмт хэрэг үйлдэхэд уруу татах, тулгах, сүрдүүлэх, ятгах замаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэсэн агуулга бүхий хуулийн заалт байдаг. Б.Ж- тус хэрэгт хатгагчаар оролцсон байтал гэрчээр ч мэдүүлэг авалгүй анхан шатны шүүхэд хэрэг шилжиж, шийдвэр гаргасан. З.З-гийн эзэмшлийн гар утасны лангуунаас 17 ширхэг “Айфоне” гар утсыг хулгайлан авсан гэх хэргийг Б.С-, Б.А- нартай бүлэглэн үйлдсэнээ мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хуралд тус тус үнэн зөвөөр мэдүүлсэн. Улмаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тухайн 2 хүнээс мэдүүлэг авсан. Эдгээр 2 хүн “Г.А-ыг танихгүй, харж байгаагүй, уулзаагүй” гэж илт худал мэдүүлсэн. Б.С- нь хэрэг үйлдсэн өдрөөс хойш хаана байгаа нь тодорхойгүй байж байгаад 6 сарын дараа, Б.А- нь мөн адил шалтгааны улмаас 7 сарын дараа тус тус гэрчээр мэдүүлэг өгсөн. Энэ хугацаанд тухайн 2 хүн ул мөрөө баллаж, үгсэн тохиролцож худал мэдүүлэг өгсөн байх бүрэн боломжтой. Иймд миний бие өөрийн эрхийн дагуу тухайн 2 хүнтэй нүүрэлдэж мэдүүлэг өгөөд үзвэл Б.С-, Б.А- нь худал мэдүүлэг өгсөндөө харамсаж, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх байх гэж бодсон. Миний бие шударгаар шүүлгэх ёстой. Иймд давж заалдах шатны шүүх уг гомдлыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримт болох хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэрэг баримтаар тухайн хэрэгт хамтран оролцсон хэлбэр тогтоогддоггүй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.А-од холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

1. -хохирогч Б.У-ийн өгсөн (2хх 195-196),

-шүүгдэгч Г.А-ын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн (2хх 238) мэдүүлгүүд,

-хохирогчийн эзэмшлийн зөөврийн компьютерыг 1,500,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх 200-201),

-шүүгдэгч Г.А- нь хохирогч Б.У-ийн эзэмшлийн зөөврийн компьютерыг хулгайлан авч байгаа үйлдлийг тусгасан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 206-215) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А- нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн хичээлийн “Б” байрны ... тоот өрөөнөөс хохирогч Б.У-ийн эзэмшлийн “Lenovo А-3” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. -хохирогч Г.Ю-гийн өгсөн (2хх 64),

-шүүгдэгч Г.А-ын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн (2хх 98) мэдүүлгүүд,

-хохирогчийн эзэмшлийн цүнхтэй зөөврийн компьютерыг нийт 1,550,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх 70-71),

-шүүгдэгч Г.А- нь хохирогч Г.Ю-гийн эзэмшлийн цүнхтэй зөөврийн компьютерыг хулгайлан авч байгааг тусгасан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 74-78) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А- нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн хичээлийн ... тоот өрөөнөөс хохирогч Г.Ю-гийн эзэмшлийн “Dell” загварын зөөврийн компьютерыг цүнхний хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. -эд зүйл хулгайд алдагдсан талаар мэдүүлсэн хохирогч Б.Г (2хх 114),

-гэрч Б.М (2хх 116-118),

-шүүгдэгч Г.А-оос зөөврийн компьютер авсан талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Э.Б (2хх 121),

-гэрч Т.Б (2хх 123) нарын мэдүүлгүүд,

-хулгайд алдагдсан 9 ширхэг зөөврийн компьютерыг нийт 6,200,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх 129-131),

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 105-110) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А- нь 2023 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн ... тоот өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж 9 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. -хохирогч Ч.М-ын хүү М.Х-д банкны картаа өгч дэлгүүр явуулахад Г.А- нь “ахдаа картаа өгч бай, хүн рүү мөнгө хийгээд буцаагаад өгье” хэмээн картыг нь ашиглан данснаас нь 400,000 төгрөгийн зарлага хийсэн талаар мэдүүлсэн (4хх 19),

-шүүгдэгч Г.А-ын гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн (4хх 52-53) мэдүүлгүүд,

-“Хаан банк” ХХК-аас ирүүлсэн тус банк дахь хохирогч Ч.М-ын эзэмшлийн дансны хуулга, мөн хэрэг үйлдэгдэх үеийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (4хх 24-31) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А- нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байранд байрлах Хаан банкны АТМ-аас хохирогч Ч.М-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас картыг нь ашиглан, 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

5. -хохирогч Н.Н- нь хүү М.С-д банкны карт өгч, дэлгүүр явуулахад шүүгдэгч Г.А- нь “чиний картад 20,000 төгрөг хийж өгье” хэмээн картыг нь авч, данснаас нь мөнгө авсан талаар мэдүүлсэн хохирогч Н.Н- (3хх 213),

-насанд хүрээгүй гэрч М.С (3хх 216-217) нарын мэдүүлгүүд,

-“Хаан банк” ХХК-аас ирүүлсэн тус банк дахь хохирогч Н.Н-ийн эзэмшлийн дансны хуулга, мөн хэрэг үйлдэгдэх үеийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар тооцсон тогтоолууд (3хх 222-224, 227-231) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А- нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... хороололд байрлах Хаан банкны АТМ-аас хохирогч Н.Н-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас картыг нь ашиглан 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

6. -хохирогч Б.О-ийн тээврийн хэрэгсэлд нь байсан эд зүйлс хулгайд алдагдсан талаар мэдүүлсэн (3хх 1),

-шүүгдэгч Г.А-ын гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн (3хх 178-179) мэдүүлгүүд,

-түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (3хх 181-193),

-хулгайд алдагдсан эд зүйлсийн нийт үнэлгээ 2,691,850 төгрөгөөр тогтоогдсон талаарх (3хх 5-7),

 -хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 85,000 төгрөгөөр тогтоогдсон талаарх хөрөнгийн үнэлгээний тайлангууд (3хх 12-13),

-шүүгдэгч Г.А- нь хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс куртик, пүүз өмсөөд явж байгааг тусгасан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (3хх 19-22),

 -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 246-248) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А- нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... хорооллын ... дүгээр байрны зогсоолд байрлуулсан хохирогч Б.О-ийн өмчлөлийн ... УБД улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийн жолооч талын гурвалжин цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн зөөврийн компьютер, чанга яригч, карт тогтоогч, куртик, хантааз, цамц, гутал, дэвсгэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2,691,850 төгрөгийн хохирол учруулсан,

7. -хохирогч З.З-, гэрч Б.Д нарын нийт 17 ширхэг “Iphone” загварын гар утас хулгайд алдагдсан талаар мэдүүлсэн (1хх 18-19, 21),

-гэрч Б.С, Ц.Э, Ж.Б нарын (1хх 23, 25, 27),

-шүүгдэгч Г.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч З.З-гийн эзэмшлийн гар утаснуудыг хулгайлан авч бусдад зарсан мөнгөөрөө покер тоглох, бусад зүйлсэд зарцуулсан талаар мэдүүлсэн (1хх 198-199),

-мөн шүүгдэгч Г.А-оос “гар утас зарна” гэсэн зарын дагуу түүнээс гар утас худалдаж авсан талаарх гэрч Д.Б, Д.Ө, Д.Г, Э.Б нарын (1хх 202-203, 206-207, 211-212, 215-216, 219-220) мэдүүлгүүд,

-хохирогч З.З-гийн эзэмшлийн гар утасны шилэн лангууг амортизатороор хагалж, улмаар цүнхэнд хийж байгааг бэхжүүлсэн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1хх 45-52, 60-61),

-хохирогч З.З-гийн эзэмшлийн нийт 17 ширхэг гар утасны үнэлгээг 30,600,000 төгрөгөөр (1хх 100-101),

-мөн лангууны шилний үнэлгээг 659,800 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлангууд (1хх 106-107),

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх 5-9) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А- нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн шилэн ханыг хагалан, хууль бусаар нэвтэрч, хохирогч З.З-гийн лангуунаас “Iphone” загварын 17 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 30,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.А-од холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн, шүүгдэгч Г.А-ыг үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Г.А- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “...хохирогч Н.Н-т 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Б.Ж- хамтран оролцсон. ...З.З-гийн эзэмшлийн гар утасны лангуунаас 17 ширхэг “Iphone” гар утсыг хулгайлан авсан гэх хэргийг Б.С-, Б.А- нартай бүлэглэн үйлдсэн...” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.С-, Б.А- нараас гэрчийн мэдүүлэг авахад тэдгээр нь “Г.А-ыг танихгүй, өмнө нь харж байгаагүй, аливаа харилцаа холбоо байхгүй” талаар мэдүүлсэн, мөн Г.А- нь хохирогч З.З-гийн эзэмшлийн гар утасны шилэн лангууг амортизатороор хагалж, гар утаснуудыг авахдаа ганцаараа байсан нь камерын бичлэгт тусгагдсан бөгөөд эдгээр баримтуудыг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Г.А-ын үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт Б.С-, Б.А- нар болон өөр бусад этгээд хамтран оролцсон гэх нөхцөл байдал илрээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээнд нийцжээ.

Мөн хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Н.Н-т 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд энэхүү хэргийн гол нотлох баримт болох насанд хүрээгүй гэрч М.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг судлахад түүнийг дэлгүүрээс гараад явж байхад нь шүүгдэгч Г.А- “би чиний картад 20,000 төгрөг хийж өгье” гэж хэлээд картыг авч, нууц үгийг нь асуугаад АТМ-аас мөнгийг авсан талаар тодорхой мэдүүлсэн, мөн хэрэг үйлдэгдэх үеийн камерын бичлэгт Г.А- тухайн гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ ганцаараа байсан нь харагдаж байх ба энэхүү гэмт хэрэгт өөр бусад хүн хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.А-ын үргэлжилсэн үйлдлээр хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан, мөн улсын яллагч болоод шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг тус тус харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.А-од 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй бөгөөд түүнд оногдуулсан ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлан тодорхойлогдсон шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-оос гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Г.А-ыг шийтгэх тогтоолыг “хэргийн бодит байдалд нийцээгүй” үндэслэлээр хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/1279 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 68 (жаран найм) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН