Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2026/0818

 

 

 

 

 

    2026        09           16                                     128/ШШ2026/0818

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ж*******” ХХК /РД:/,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо,

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,

Гуравдагч этгээд: “Ө” ХХК нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Л.О, А.Р*******, Б.У*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тус тус холбогдуулан:

“1.1. Тендер шалгаруулалтын дугаартай, “Шинэ х” үйлдвэрлэл технологийн паркийн арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Х, Ж сум/ барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлаж “Ө” ХХК-г шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай хурлын шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

1.2. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1745 Дугаартай “Ө” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах,

1.3. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А-1/3482 дугаартай “Ө” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1745 дугаартай актыг хэвээр үлдээсэн тухай “Тендер шалгаруулалтын тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах,

1.4. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3611 дугаартай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд гэрээ байгуулах “Зөвлөмж хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах

1.5 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жгийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/233 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тушаалыг хүчингүй болгох,

1.6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Ө” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ш” Үйлдвэрлэл технологийн паркийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Х, Ж сум/ барих ажлын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай гэрээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан.

2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2022 онд зарласан “Шинэ х үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөв боловсруулах, барих” Багц№5 “Арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах, барих” ажлын тендерт “Ж*******” ХХК шалгарч 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/2664 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг(Хавтаст хэрэг 2-ын 15 дахь талд)-ээр гэрээ байгуулах эрх олгож, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Түлхүүр гардуулах нөхцөлтэй “Ш” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөв боловсруулах, барих” 220912/06/522 тоот ажлын гэрээ(Хавтаст хэрэг 2-ын 19-20 дахь талд)-г байгуулсан.

2.2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 220912/06/522 дугаартай гэрээний эхний санхүүжилт 120,000,000 төгрөг шилжүүлсний дагуу, нэхэмжлэгчээс гэрээний дагуу “Ш” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөл, төсөв боловсруулж, Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1648/2023 дугаартай магадлалаар баталгаажуулж хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгсөн ба уг үйл баримттай талууд маргадаггүй.

2.3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1269 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 2-ын 17 дахь талд)-ээр “...санхүүжилтийг 2023 онд олгож шийдвэрлэсэн бөгөөд 2024-2025 онуудад хөрөнгө батлагдаагүй байна. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад “Шинэ х” үйлдвэр технологийн паркийн арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Х, Ж сум/ ажлын төсөв УТ2601900239 кодтойгоор 2026-2028 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад батлагдсан. Иймд тус ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг болон 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02/1283 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 2-ын 18 дахь талд)-ээр гэрээ цуцлах мэдэгдлийг тус тус нэхэмжлэгчид хүргүүлсэн.

2.4. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт(Хавтаст хэрэг 1-ийн 105 дахь талд)-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын шинээр хэрэгжүүлэх багцад УТ2601900239 кодтойгоор “Ш” үйлдвэрлэл технологийн паркийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж/Х, Ж сум/, төсөвт өртөг нь 9,438.3, 2026 онд санхүүжих дүн нь 2,406.3 мянган төгрөг” гэж баталсан, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаар “Жагсаалт батлах тухай” тогтоол(Хавтаст хэрэг 1-ийн 106, 119 дэх талд)-оор Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулах, улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан ба уг жагсаалтад дээрх төсөл, арга хэмжээ багтсан байна. 

2.5. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/195 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал(Хавтаст хэрэг 1-ийн 127 дахь талд)-аар “Шинэ х” үйлдвэр технологийн паркийн арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар Үнэлгээний хороо байгуулж, Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр хуралдаан(Хавтаст хэрэг 1-ийн 128-133 дахь талд)-аар тендер шалгаруулалтыг зохион байгуулах, зураг төсөлтэй танилцаж, тендерийн баримт бичиг боловсруулан, тендер хүлээн авах эцсийн хугацааг хэлэлцэж, тендер шалгаруулалтын зарлалыг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэж зарласан байна.

2.6. Нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь дээрх тендер шалгаруулалтад “Х******* ХХК-тай түншлэл болон оролцсон ба үнийн саналаа  8,856,388,956 төгрөг гэж хүргүүлсэн.

2.7. Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдийн 02 дугаар хуралдаан(Хавтаст хэрэг 1-ийн 182-185 дахь талд)-аар нэхэмжлэгчийн тендерээс “Түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн “Ж*******” ХХК нь тус тендерийн зураг төслийг боловсруулах гэрээ байгуулж, боловсруулсан нь ерөнхий шаардлагыг хангаагүй буюу Хуулийн 7.1.7 тендер  шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахад зөвлөгөө өгсөн, оролцсон, эсхүл тухайн зөвлөгөө өгсөн, оролцсон этгээдтэй харилцан хамааралтай” гэх үндэслэлээр татгалзсан тухай мэдэгдлийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1743 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 187 дахь талд)-ээр, “Ө” ХХК-г шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1745 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 186 дахь талд)-ээр хүргүүлсэн.

2.8. Нэхэмжлэгчээс 2026 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 26/51 тоот албан бичгээр “2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Х дугаартай “Шинэ х” үйлдвэр технологийн паркийн арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн тендер шалгаруулалтын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1743 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Сангийн яаманд гомдол(Хавтаст хэрэг 1-ийн 25-29 дэх талд) гаргасан.

2.9. Сангийн яамнаас 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/5625 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 30-33 дахь талд)-ээр “...захиалагчийн шийдвэр нь үндэслэлтэй..., журмын 5.9-д заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй” гэх хариуг хүргүүлсний дагуу Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дахин хуралдаж гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулсан(Хавтаст хэрэг 1-ийн 195-197 дахь талд).

2.10. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А-1/3485 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 34 дэх талд)-ээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж байгаа талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

2.11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/233 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тушаал(Хавтаст хэрэг 1-ийн 206 дахь талд)-аар “Ө” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож, тус компанитай 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дугаартай “Шинэ х” үйлдвэр технологийн паркийн арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж барих ажлын гэрээ(Хавтаст хэрэг 1-ийн 204-205 дахь талд)-г байгуулсан байна.

2.12. Нэхэмжлэгч нь Сангийн яамнаас өгсөн хариу албан бичгийг авч шүүхэд 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. “Ж*******” ХХК нь “Ш үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөв боловсруулах, барих” багц №5: “Арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах, барих” ажлын тендерт ялж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гэрээ байгуулахын өмнөх хэлэлцээ хийхийг урьсан 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/2664 дугаартай мэдэгдэл, үүний дагуу явагдсан хэлэлцээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тендерт шалгарсан тул гэрээ байгуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2812 дугаартай мэдэгдэл, №220912/06-522 дугаартай “Ш үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөв боловсруулах, барих" ажлын тендерийн багц №5-д заасан “Арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах, барих ажлын гэрээ”-г 2022 оны 09 сарын 12-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулснаар уг ажлын гүйцэтгэгч болсон.

3.2. Гэрээ байгуулагдсан боловч тендерийн ажлын санхүүжилт хойшлогдсон нөхцөл байдлын улмаас талууд уг гэрээнд 230508/06-292 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулж 2023 онд гэрээний санхүүжилтийг олгохоор харилцан тохирсон бөгөөд Захиалагчаас №220912/06- 522 дугаартай гэрээний эхний санхүүжилт 120,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлж, гүйцэтгэгч манай компанийн хувьд гэрээнд заасан үүргийнхээ дагуу ажлаа эхлүүлж Зураг, төсөв боловсруулах ажлыг болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1648/2023 дугаартай магадлалаар баталгаажуулах ажлаа гүйцэтгэсэн. Уг магадлалын дүн нь 9,438,212,994 төгрөг болсон тул гэрээ байгуулахын өмнөх Хэлэлцээгээр харилцан тохирсны дагуу нэмэлт гэрээ байгуулах саналаа гарган захиалагчид холбогдох баримтуудаа хүлээлгэн өгсөн.

3.3. Улмаар үүнээс хойш “Шинэ х” үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын арга хэмжээний санхүүжилт батлагдахгүй байж байгаад 2025 онд  сайдын А/114 дугаартай тушаалын хавсралтаар батлахдаа багц №5-д заасан тендерийн ажлын санхүүжилтийн хуваарийг орхигдуулан баталсан тул төсөвт суугдаагүйгээс 2026 оны улсын төсөвт тендерийн ажлын нийт санхүүжилт 9,438,212,994 төгрөгөөс 2.7 тэрбум батлагдсан.

3.4. Гүйцэтгэгч тал “Ж*******” ХХК-аас захиалагчид хандан тендерийн ажлын санхүүжилтэд 2026 онд 2.7 тэрбум төгрөг батлагдсантай холбогдуулан нэмэлт гэрээ байгуулж, тухайн санхүүжилтээ авч гэрээгээр заасан ажлаа үргэлжлүүлэх, нийт санхүүжилт болох 9,438,212,994 төгрөгөөс 2023 онд олгогдсон 120,000,000 төгрөг, 2026 онд батлагдсан 2.7 тэрбум төгрөгийг хассан дүн буюу үлдэгдэл санхүүжилт 6,618,212,994 төгрөгийг улсын төсөвт суулгуулах асуудлуудыг шийдвэрлүүлэхээр уг ажлын захиалагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хандаад байгаа. Түүнчлэн энэ асуудлыг шийдвэрлэхгүй хугацаа алдсанаас шалтгаалан гүйцэтгэгч манай компани бусдаар гүйцэтгүүлсэн ажлын өр төлбөр багагүй хэмжээгээр хуримтлагдсан нөхцөл байдалд хүрээд байгаа юм.

3.5. Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны газраас дугаартай тендерийг давхцуулан дахин зарлаж, үнэлгээний хорооноос манай гүйцэтгэж буй ажлыг, манай гаргасан төсөвт өртгийн дүнгээс өндөр үнийн дүнгээр “Ө” ХХК-г шалгаруулан шийдвэрлэсэн байна. Ингээд манай компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар 2026 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 26/51 дугаартай гомдлыг Монгол Улсын Сангийн яаманд гаргасан боловч Сангийн яамнаас “...тендер давхцуулан зарласан асуудлыг тус тендер шалгаруулалтын гомдлын хүрээнд хянан үзэх боломжгүй”, “... Ө ХХК-г шалгаруулсан шийдвэр үндэслэлтэй байна гэсэн талаар 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/5625 дугаартай хариу ирүүлсэн.

3.6. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн А-1/3485 дугаартай албан бичгээр дугаартай дахин зарласан тендерийг хэвээр үлдээж манай компаниас гаргасан гомдлыг татгалзаж шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн юм. Гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч нь тодорхой болсон дугаартай тендерийн ажлыг дахин давхцуулан зарлаж "Ө*******" ХХК-г шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж,

3.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ" гэж, 5 дугаар зүйлийн 5.1-т "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж заасан зохицуулалт заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3.8. Үнэлгээний хорооны энэхүү шийдвэрийн улмаас тендерийн ажлын гүйцэтгэгч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлд шүүхэд гомдол гаргах харилцааг зохицуулсан бөгөөд хууль бусаар зарлагдсан тендерийн хувьд манайх оролцогч, сонирхогч этгээдийн аль нь ч биш учраас дээрх заалтын хүрээнд бус шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэв.

4. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хорооны тайлбар:

4.1. Тус газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/195 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тухайн төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/ -д 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зарлаж, 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нээсэн.

4.2. Тендерийн нээлтийг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нээхэд 3 оролцогч тендер ирүүлсэн. Үүнд: "Ж*******" XXK, "Ө*******" ХХК, "И *******" ХХK. Үнэлгээний хороо хуульд зааснаар тендерийн үнэлгээг хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 28 дугаар зүйлд заасны дагуу оролцогч нарт мэдэгдлийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д нийтэлж хүргүүлсэн.

4.3. Тус тендер шалгаруулалтад оролцогч "Ж*******" ХХК нь манай газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1743 дугаар албан бичгээр хүргүүлсэн шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам уг гомдлыг хянан үзэж 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/5625 дугаартай албан бичгээр "Ж*******" ХХК- ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзсэн. Гэрээ байгуулах эрх олгосон “Ө" ХХК-ийн санал болгосон нийт 9 ажилтны нийгмийн даатгалын тодорхойлолтыг шалгахад 2 нь 01001 код буюу хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа үндсэн ажилтнаар, 4 нь 22001 өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаар “Ө*******" ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан инженер техникийн ажилтнуудын 50-аас доошгүй хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байна гэх шаардлагад нийцэх эсэхийг нягталж, журмын 5.9-д заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй байна гэж ирүүлсэн.

4.4. Сангийн яамны гомдол хянасан тухай шийдвэрийн дагуу үнэлгээний хороо 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нягталж үзэн өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай захиалагчид зөвлөмж хүргүүлсний дагуу тендерт оролцогчдод мэдэгдэл хүргүүлж, захиалагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн. Захиалагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Ө*******" ХХК-тай гэрээ байгуулсан байна.

4.5. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага болон үндэслэлд дурдагдсан асуудал дараах байдлаар няцаагдана: Үүнд: Төслийн код-УТ2601900239 "Ш” үйлдвэрлэл технологийн паркийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Х, Ж сум/" төсөл, арга хэмжээний Х дугаартай тендер нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын шинээр хэрэгжүүлэх багцад тусгагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаар Жагсаалт батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралт буюу "Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулах улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт"-д тусгагдсаны дагуу тус төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажилласан.

4.6. Тухайн тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ17.1-д "Нийгмийн даатгалын шимтгэлийг 40001 кодоор төлдөг бол үндсэн ажилтанд тооцохгүй" гэж заасны дагуу 40001 кодоос бусад кодоор тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилтныг тухайн байгууллагын үндсэн ажилтанд тооцож үзсэн. Иймд тус төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тайлбар:

5.1. “Ж*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд холбогдох, "... Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жгийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/233 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" тушаалыг хүчингүй болгох, мөн нэхэмжлэлийн шаардлагын 6-т "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон "Ө*******" ХХК-ийн хооронд байгуулсан Ш үйлдвэрлэл, технологийн паркийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Х, Ж сум/ барих ажлын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай гэрээг хүчингүй болгуулах..." тухай захиргааны хэргийн шүүх гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

5.2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жгийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/233 дугаар тушаал, үндэслэлийн тухайд: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Х аймагт хэрэгжиж буй "Ш" үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын "Арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах, барих" ажлын тендерийг 2022 онд зарлан, гүйцэтгэгчээр шалгарсан "Ж*******" ХХК-тай 220912/06-522 дугаар гэрээг гүйцэтгэх ажлын нийт үнийг 1.925,409.209 (нэг тэрбум есөн зуун хорин таван сая дөрвөн зуун есөн мянга хоёр зуун ес) төгрөг байхаар холбогдох хууль тогтоомжийг үндэслэн байгуулсан.

5.3. Уг гэрээний 1.1-т зааснаар "2022 оны төсвийн тухай хуулийн дагуу мөн онд 120.000,000 (Нэг зуун хорин сая) төгрөгийг "Ш" үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын "Арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлын гүйцэтгэлд тооцож нэхэмжлэгчийн холбогдох дансанд шилжүүлж гэрээний үүргийн хэрэгжилтийг хангасан.

5.4. Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ын УТ2601900239 Төслийн код, Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил- "Ш" үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт /Х, Ж сум/-ын барилга байгууламжийн төслийг шинээр хэрэгжүүлэх барилга байгууламж, 2026 онд 9,438.3 төгрөг, 2026 онд санхүүжих дүн 2,406.8 төгрөг гэж хуульчлан баталсан байна.

5.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэхүү хуулийг заавал дагаж мөрдөнө." гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1-т Барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, шинээр угсрах үйл ажиллагаа нь хуулийн дагуу "ажил" гэдэг ойлголтод хамаарна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т "Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно." гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар "Худалдан авах ажиллагаанд баримтлах төсөвт өртгийн дээд хязгаар тогтоох тухай" тогтоолын 1 дүгээр "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр шууд болон Харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, Үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар"-ыг хавсралтаар баталсан.

5.6. Өөрөөр хэлбэл шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар нь 20 сая төгрөг гэж заасан бөгөөд Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан УТ2601900239 Төслийн кодтой, "Ш" үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт /Х, Ж сум/-ын барилга байгууламжийн төслийг шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжийн төсөвт өртөг нь 2026 онд 9,438.3 тэрбум төгрөг хуульчлагдан батлагдсан.

5.7. Үүнтэй холбоотойгоор 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02/760 дугаар албан бичгээр батлагдсан төсөл, арга хэмжээг зарлуулахаар Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн бөгөөд тус газраас 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3611 дугаар "Ш" үйлдвэрлэл, технологийн паркийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Х, Ж сум/" төсөл, арга хэмжээний Х дугаартай тендер шалгаруулалтад "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн "Ө" ХХК-тай 9,226,847,600.0 (Есөн тэрбум хоёр зуун хорин зургаан сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуу) төгрөгөөр гэрээ байгуулах зөвлөмж"-ийг манай яамд ирүүлсэн.

5.8. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-т "худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах" гэж, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т "Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй" гэж тус тус заасныг үндэслэн 220912/06-522 дугаар бүхий гэрээг цуцалсан.

5.9. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 187 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас ХХАХҮЯ/20260101004 дугаартай тендер шалгаруулалтыг зохион байгуулж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн "Ө*******" ХХК-ийг шалгаруулсан тул Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн "Зөвлөмж хүргүүлэх тухай" албан бичгийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны А/233 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай” тушаалын дагуу 2026 оны 05 дугаар сарын 28-ны Өдрийн дугаартай гэрээг байгуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар хүчингүй болгох үндэслэлгүй юм.

5.10. "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон "Ө" ХХК- ийн хооронд байгуулсан Ш үйлдвэрлэл, технологийн паркийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Х, Ж сум/ барих ажлын 2026 оны 05 сарын 28-ны өдрийн дугаартай гэрээг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-т "Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна." гэж заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 02/1283 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр 220912/06-522 дугаар бүхий гэрээг цуцлах мэдэгдлийг "Ж*******" ХХК-д хүргүүлсэн.

5.11. "Ж*******" ХХК нь "Арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах, барих" тендерт ирүүлсэн тендерийн баталгааг цуцлуулсан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-т "Тендерийн баталгаа нь гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд хүчинтэй байна." гэж хуульд заасан шаардлагыг хангахгүй буюу Захиалагчийн гэрээ цуцалсан шийдвэрийг Гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрч байгааг илтгэж байгаа юм.

5.12. Түүнчлэн "Ө" ХХК-ийн Сангийн яаманд гаргасан гомдлыг хянаж үзээд Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/5625 дугаар хариу албан бичигт "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.9-т "Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ." гэж заасныг үндэслэн холбогдох арга хэмжээ авахыг мэдэгдсэн бөгөөд энэ нь хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй тухай мэдэгдэж, Захиалагчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн тул 30 дугаар зүйлийн 30.3-т "Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна:" гэснийг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны А/233 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" тушаалыг гаргаж, "Ө" ХХК-тай 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай гэрээг байгуулсан.

5.13. Иймд тус яам нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлж үндэслэл бүхий тушаал, шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Гуравдагч этгээдийн тайлбар:

6.1. Нэхэмжлэгч “Ж*******" ХХК-ийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэл нь манай компанийн хууль ёсны үйл ажиллагааг мөн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж маргах, үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд: 1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “Тендерийг дахин зарласан Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” гэх үндэслэлээр маргаж байна. Нэхэмжлэгч тус тендерийг шинээр зарласан үйл баримттай маргаж байгаа нөхцөлд Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан Улсын Их Хурал болон 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаар "Жагсаалт батлах тухай" тогтоолыг баталсан Монгол улсын Засгийн газартай маргах ёстой.

6.2. "Ш" үйлдвэрлэл технологийн паркийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Х, Ж сум" төсөл, арга хэмжээний Х дугаартай тендер нь Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ШИНЭЭР хэрэгжүүлэх багцад тусгагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаар Жагсаалт батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралт буюу “Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулах улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалт”-д тусгагдсан байгаа бөгөөд үүний дагуу тус төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажилласан үнэлгээний хороо энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч биш юм.

6.3. Энэ бүхнээс харахад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл бүрэн бүрдсэн байна. Тус төсөл арга хэмжээ нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын шинээр хэрэгжүүлэх багцад тусгагдсан ажил бөгөөд Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаар "Жагсаалт батлах тухай” тогтоолын Нэгдүгээр хавсралтаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулах улсын төсвийн хөрөнгөөр ШИНЭЭР 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгагдсаны дагуу тус тендер шалгаруулалтыг зохион байгуулсан байгаагаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрэн няцаагдаж байна.

6.4. дугаартай нээлттэй тендер шалгаруулалтад 3 оролцогч “Ж******* ХХК”, “Ө******* ХХК", "А******* ХХК" холбогдох хууль, тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу оролцож, үнэлгээний хорооны хараат бус үнэлгээний үр дүнд манай компани шалгарсан. Тус тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо нь Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль болон тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтээр бүх оролцогчийг харьцуулан үнэлж шийдвэр гаргасан бөгөөд манай компани үнэлгээний ажиллагаанд нөлөөлсөн, хууль бус үйлдэл гаргасан зүйл байхгүй ба уг шийдвэр нь хуульд бүрнээ нийцсэн шийдвэр гэдгийг эрх бүхий байгууллага болох Сангийн яам тус тендерийн оролцогч “Ж*******” ХХК-ийн гомдлын дагуу "Ө*******" ХХК-г шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хуулийн дагуу хянан үзэж “Ж*******" ХХК-ийн гомдлыг хангахаас татгалзаж, үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тухай Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А-1/3482 дугаартай албан бичгээр манай компанид мэдэгдсэн. Тиймээс манай компани захиалагч Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамтай гэрээ байгуулан төслийн ажлын эхлүүлэн ажиллаж байна.

6.5. Иймд дугаартай нээлттэй тендер шалгаруулалт нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын тогтоол, холбогдох хууль журмын дагуу зохион байгуулагдсан байх тул нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Нэхэмжлэгчээс Төрийн худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгчийн маргаж буй үндсэн агуулга нь 2022 онд уг ажлыг гүйцэтгэхээр өөрийн компанитай гэрээ байгуулж, гэрээний дагуу зураг төсөл, төсөв боловсруулан баталгаажуулж, захиалагчид хүлээлгэн өгсөн байхад захиалагч нь уг ажлыг дахин тендер зарлаж, өөр этгээдийг гүйцэтгэгчээр шалгаруулсан нь хууль бус бөгөөд 2022 оны гэрээ хүчин төгөлдөр байхад 2026 оны тендер шалгаруулалтыг анхнаас нь зарлаж, зохион байгуулах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж маргасан ба шүүхээс уг үндэслэлд холбогдуулан дараах дүгнэлтүүдийг хийсэн болно.

9. Хэрэгт авагдсан баримтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2022 онд “Ш” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөв боловсруулах, барих ажлын Багц №5 “Арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах, барих” ажлыг тендер шалгаруулалтаар гүйцэтгүүлэхээр зарлаж, “Ж*******” ХХК шалгарч, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 220912/06/522 дугаартай гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу эхний 120,000,000 төгрөгийн санхүүжилт олгогдож, нэхэмжлэгч нь зураг төсөл, төсөв боловсруулан Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1648/2023 дугаартай магадлалаар баталгаажуулж, захиалагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон ба үүнтэй  талууд маргадаггүй.

10. Гэвч дээрх гэрээний харилцаа цаашид үргэлжилсэн, хүчин төгөлдөр байгаа гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичгээр уг ажлын санхүүжилтийг 2023 онд олгосон боловч 2024-2025 онуудад хөрөнгө батлагдаагүй ба үүнтэй талууд маргаагүй, харин Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар уг төсөл, арга хэмжээг УТ2601900239 кодтойгоор 2026-2028 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад баталсан тул өмнөх гэрээгээр ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй болсон талаар мэдэгдэж, мөн өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн байна.

11. Үүний зэрэгцээ хэрэгт авагдсан баримтаар 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр буюу дээрх гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлж, гэрээг дуусгавар болгосон үйл баримтаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооноос уг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан нь тогтоогдож байна. Тодруулбал, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/195 дугаар тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдаж, тус хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр хуралдаанаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах, зураг төсөлтэй танилцах, тендерийн баримт бичиг боловсруулах, тендер хүлээн авах хугацааг тогтоох асуудлыг хэлэлцэн, тендер шалгаруулалтын зарлалыг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан байна.

12. Иймд энэ хэрэгт эхэлж шийдвэрлэх шаардлагатай асуудал нь 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шинэ тендер шалгаруулалт зарлах үед 2022 оны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байсан гэх нөхцөл байдал нь шинэ тендер шалгаруулалтыг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүй болгож, уг тендерийг анхнаасаа зарлаж, явуулах ёсгүй байсан гэж үзэх үндэслэл болох эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагатай үзлээ.

13. Шүүх энэ талаар дүгнэхдээ тендер шалгаруулалт зарласан өдөр болон өмнөх гэрээг цуцалсан өдрийн дарааллыг дангаар нь бус, тухайн төсөл, арга хэмжээ 2026 оны төсөвт хэрхэн тусгагдсан, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн шинэ үндэслэл бий болсон эсэх, өмнөх гэрээний эрх зүйн байдал, мөн худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх бүхий этгээдийн бүрэн эрхийг бүхэлд нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

14. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар УТ2601900239 кодтой “Ш” үйлдвэрлэл, технологийн паркийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Х, Ж сум/ төсөл, арга хэмжээг 2026-2028 онд шинээр хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд уг төсөл, арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаар тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулах худалдан авах ажиллагааны жагсаалтад багтсан байна.

15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.1-д “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 45.2-т заасан жагсаалтад тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна”, 45.2-т “Энэ хуулийн 45.1-д заасан төсөл, арга хэмжээний жагсаалтыг дараа оны төсвийн тухай хууль албан ёсоор нийтлэгдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор Засгийн газар батална” гэж тус тус заасан байна.

16. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд тухайн төсөл, арга хэмжээ 2026 оны төсөвт хуулийн дагуу тусгагдаж, Засгийн газрын баталсан холбогдох жагсаалтад Төрийн худалдан авах ажиллагааны газраар худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар тусгагдсан нөхцөлд хариуцагч байгууллага нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндэслэлтэй болохыг зохицуулсан байна.

16. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны гэрээ цуцлагдаагүй байхад 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шинэ тендер зарласан нь хууль бус гэж маргаж байгаа боловч 2022 оны гэрээний үргэлжлэлээр тухайн ажлыг гүйцэтгүүлэх боломжгүй болсон шинэ нөхцөл байдал 2026 оны төсөв батлагдсанаар бий болсон, улмаар уг төсөл, арга хэмжээг 2026-2028 онд шинээр хэрэгжүүлэхээр төсөвт тусгаж, Төрийн худалдан авах ажиллагааны газраар худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар Засгийн газраас баталсан нь өмнөх гэрээний харилцаанаас тусдаа эрх зүйн үндэслэл бүхий шинэ худалдан авах ажиллагааг үүсгэсэн гэж шүүх үзэв.

17. Өөрөөр хэлбэл, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тендер зарлах үед 2022 оны гэрээг албан ёсоор цуцалсан шийдвэр хараахан гараагүй байсан нь тогтоогдож байгаа боловч энэ нөхцөл байдал нь дангаараа 2026 оны төсөвт шинээр тусгагдсан, Засгийн газрын холбогдох жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг худалдан авах ажиллагааны журмаар хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

18. Учир нь өмнөх гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэх асуудал нь 2022 онд үүссэн гэрээний харилцааны хүрээнд шийдвэрлэгдэх бөгөөд уг гэрээг цуцлах буюу дуусгавар болгох асуудал нь шинэ худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндэслэлээс агуулгын хувьд тусдаа асуудал юм. Харин захиалагч өмнөх гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн 2026 оны төсөвт тухайн ажлыг шинээр хэрэгжүүлэхээр тусгуулж, улмаар өмнөх гэрээг цуцалсан үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон ба шүүхээс нэхэмжлэгч үүнтэй маргаагүй байхад санаачилгаараа дүгнэн шийдвэрлэх боломжгүй байна.

19. Иймд 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тендер зарласан нь өмнөх гэрээг цуцалсан өдрөөс өмнө хийгдсэн гэх цаг хугацааны дараалал байгаа боловч үүнийг үндэслэн уг тендер шалгаруулалтыг “анхнаасаа зарлаж, явуулах эрх зүйн үндэслэлгүй байсан” гэж дүгнэх боломжгүй. Харин тухайн тендерийг зарлах эрх зүйн үндэслэл нь 2026 оны төсөв болон Засгийн газрын шийдвэрээр бий болсон бөгөөд өмнөх гэрээг цуцалсан асуудал нь уг шинэ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болсон эрх зүйн нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж шүүх дүгнэв.

20. Энэ үндсэн дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгчийн “2022 оны гэрээ хүчин төгөлдөр байхад ижил ажлыг дахин тендер зарласан нь өөрөө хууль бус” гэх маргаан нь 2026 оны тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй байна. 2022 оны гэрээгээр хүлээсэн үүрэг, түүний дагуу боловсруулж хүлээлгэн өгсөн зураг төсөл, төсөвтэй холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын асуудал нь тусдаа эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд тэдгээрийг 2026 оны худалдан авах ажиллагааг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй адилтгах боломжгүй.

21. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг буруутгадаг боловч 2026 оны төсвийн тухай хуулиар шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр гэж баталгаажуулсан байгаа тохиолдолд хуулийг дээдлэн биелүүлж, бодит байдалд хэрэгжилтийг хангасан энэхүү тохиолдолд тэдгээр байгууллагыг шүүхээс шууд хууль зөрчсөн гэж дүгнэн шийдвэрлэх үндэслэлгүй байна.

22. Улмаар 2026 оны тендер шалгаруулалтыг зохион байгуулах эрх зүйн үндэслэлтэй байсан эсэх асуудал тогтоогдсон тул уг ажиллагааг хэн, ямар бүрэн эрхийн хүрээнд зохион байгуулсан талаар авч үзэх нь зүйтэй. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/195 дугаар тушаалаар тухайн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд тус хороо тендерийн баримт бичгийг боловсруулах, тендерийг хүлээн авах, нээх, хянан үзэж үнэлэх, холбогдох шийдвэрийн төсөл, зөвлөмжийг гаргах чиг үүргийг хэрэгжүүлсэн байна. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 50.2.1 “тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга, боловсруулах, тендер хүлээн авах”, 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” зэрэг чиг үүргийг тус тус олгосон байдаг.

23. Нэхэмжлэгч өөрөө ч 2026 оны шинээр зохион байгуулагдсан тендер шалгаруулалтад “Х*******” ХХК-тай түншлэн оролцож, 8,856,388,956 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Энэ нь тендер шалгаруулалтын хууль ёсны байдлыг өөрөө нотолж байгаа гэсэн үг биш боловч нэхэмжлэгч тухайн үед уг ажиллагааг бодитоор явагдаж буй худалдан авах ажиллагаа гэж үзэн оролцогчийн эрхээ хэрэгжүүлж байсныг харуулна.

24. Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар нэхэмжлэгчийн тендерийг “Ж*******” ХХК нь тухайн тендерийн зураг төслийг боловсруулах гэрээ байгуулж, боловсруулсан гэх нөхцөл байдлыг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.7-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж татгалзсан, улмаар “Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн байна.

25. Нэхэмжлэгч уг татгалзсан шийдвэртэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/5625 дугаар албан бичгээр захиалагчийн тухайн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн талаар хариу хүргүүлсний дараа Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дахин хуралдаж өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж, “Ө” ХХК-ийг шалгаруулсан байна.

26. Энд Сангийн яамны дээрх албан бичгийг 2026 оны тендер шалгаруулалтын бүх ажиллагаа хуульд нийцсэн гэж дүгнэсэн гэж өргөжүүлэн ойлгох үндэслэлгүй. Уг гомдол нь нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан асуудалд хамаарах бөгөөд шүүхийн хувьд ч тухайн албан бичгийг зөвхөн энэ хүрээнд үнэлэх нь зүйтэй. Харин нэхэмжлэгч өөрийн тендерээс татгалзсан 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1743 дугаар болон 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А-1/3485 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэлийн бие даасан шаардлагаар хүчингүй болгуулахаар тодорхойлж маргаагүй тул уг мэдэгдлийн хууль зүйн үр дагаврыг энэ хэрэгт бие даасан нэхэмжлэлийн зүйл болгон шийдвэрлэх боломжгүй.

27. Тендер шалгаруулалтын үр дүнгийн тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд тендерийг хуульд болон тендерийн баримт бичигт заасан нөхцөл, аргачлалын дагуу үнэлж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг тодорхойлох, 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”-оор тус тус зохицуулсан байна. Иймд Үнэлгээний хороо тендерүүдийг хянан үзэж, үнэлсний үндсэн дээр хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг тодорхойлон захиалагчид холбогдох зөвлөмж хүргүүлсэн нь хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд хийгдсэн ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй.

28. Үүний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1745 дугаар албан бичгээр “Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон, Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дахин хуралдаж өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3611 дугаар албан бичгээр гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Эдгээр ажиллагаа нь дээр дурдсан худалдан авах ажиллагааны дараалал, Үнэлгээний хорооны чиг үүрэгтэй нийцэж байна.

29. Харин гэрээ байгуулах эрх олгох, улмаар худалдан авах ажиллагааны гэрээг байгуулах эрх хэмжээ нь захиалагчид хамаарах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.6-д “захиалагч худалдан авах гэрээ байгуулах” чиг үүрэгтэй байхаар зохицуулсан байна. Тиймээс Үнэлгээний хорооны зөвлөмжийн үндсэн дээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/233 дугаар тушаалаар “Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дугаар гэрээ байгуулагдсан нь өмнөх шатны худалдан авах ажиллагааны үр дүнтэй уялдсан байна.

30. Ингэхдээ өмнөх 2022 оны гэрээг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс хойш, 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цуцалсан нь тогтоогдож байгаа боловч уг нөхцөл байдлыг 2026 оны тендер шалгаруулалтын дараагийн бүх ажиллагааг автоматаар хууль бус болгох үндэслэл гэж үзэх боломжгүй. Учир нь шинэ тендерийг зохион байгуулах төсөв, төлөвлөлтийн эрх зүйн үндэслэл нь түүнээс өмнө буюу 2026 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын холбогдох шийдвэрээр бүрдсэн, харин өмнөх гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай шийдвэр нь дараа нь тодорхой болсон нөхцөл байдлыг албажуулсан шинжтэй байна.

31. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар шийдвэр, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1745, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А-1/3482, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3611 дугаар шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/233 дугаар тушаал, мөн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулахаар тодорхойлж, шүүх хуралдааны явцад үүнийгээ дэмжиж, гол үндэслэлээ “тендер шалгаруулалтыг анхнаасаа зарлах ёсгүй байсан” гэж тайлбарладаг.

32. Дээр дурдсанчлан 2026 оны тендер шалгаруулалтыг анхнаасаа зарлаж, зохион байгуулах эрх зүйн үндэслэлгүй байсан гэх нэхэмжлэгчийн үндсэн маргаан тогтоогдохгүй байх тул уг тендер шалгаруулалтын үр дүнд гарсан дээрх захиргааны шийдвэрүүдийг зөвхөн 2022 оны гэрээ өмнө нь байгуулагдсан байсан гэх үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Үнэлгээний хорооны шийдвэр нь өөрийн хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд гарсан, Төрийн худалдан авах ажиллагааны газрын холбогдох шийдвэр нь тендерийн үнэлгээний үр дүнд үндэслэсэн, захиалагчийн зүгээс гэрээ байгуулах эрх олгосон болон гэрээ байгуулсан ажиллагаа нь худалдан авах ажиллагааны өмнөх шатны шийдвэрүүдийн үргэлжлэл болсон гэж шүүх дүгнэв.

33. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагуудыг тус тусад нь авч үзэхэд Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1745 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон нь тендерийн үнэлгээний үр дүнд нийцсэн, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А-1/3482 дугаар шийдвэрээр өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг шийдвэрлэсэн ажиллагааны үр дүн, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3611 дугаар зөвлөмж нь гэрээ байгуулах дараагийн шатны ажиллагаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/233 дугаар тушаал нь захиалагчийн эрх хэмжээний хүрээнд гарсан, улмаар 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар гэрээ нь дээрх ажиллагааны үндсэн дээр байгуулагдсан гэж тус тус үзэх үндэслэлтэй байна.

34. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах”-ыг шүүхэд хориглосон бөгөөд мөн хуульд зааснаар нэхэмжлэгч захиргааны хууль бус үйл ажиллагаа болон түүний улмаас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн маргааны хүрээ, шаардлага, түүний үндэслэл, цар хүрээ буюу нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар хөндөгдөж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хамгаалагдах, сэргэж тогтоогдох нөхцөл байдлуудыг өөрөө тодорхойлдог.

35. Энэ хүрээнд шүүх нэхэмжлэгчийн тодруулж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн тусад нь хүчингүй болгуулахаар шаардаагүй нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан шийдвэрийг маргаан бүхий захиргааны акт болгон хүчингүй болгох эсхүл түүний талаар нэхэмжлэлийн шаардлагаас давсан шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзэв.

36. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, 2022 оны гэрээний эрх зүйн байдал, 2026 оны төсөв болон Засгийн газрын шийдвэрээр тухайн төсөл, арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нөхцөл байдал, худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх бүхий байгууллага болон Үнэлгээний хорооны бүрэн эрх, тендер шалгаруулалтын явц, улмаар гэрээ байгуулагдсан дарааллыг бүхэлд нь харьцуулан дүгнэхэд 2026 оны тендер шалгаруулалтыг анхнаасаа зарлаж, явуулах ёсгүй байсан гэх нэхэмжлэгчийн гол маргаан үндэслэлгүй байх тул уг тендер шалгаруулалтын үр дүнд гарсан дээр дурдсан шийдвэрүүдийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох, улмаар түүний үндсэн дээр байгуулагдсан гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

37. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

38. Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчээс хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02/1283 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2022 оны гэрээг нь цуцалсан захиргааны акттай тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд саад болохгүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 48 дугаар зүйлийн 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2, 50.2.1, 50.2.2-д заасныг тус тус баримтлан “Ж*******” ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тус тус холбогдуулан гаргасан “Тендер шалгаруулалтын дугаартай, “Шинэ х” үйлдвэрлэл технологийн паркийн арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Х, Ж сум/ барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлаж “Ө” ХХК-г шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай хурлын шийдвэр, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1745 Дугаартай “Ө” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай”, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А-1/3482 дугаартай “Ө” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1745 дугаартай актыг хэвээр үлдээсэн тухай “Тендер шалгаруулалтын тухай”, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3611 дугаартай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд гэрээ байгуулах “Зөвлөмж хүргүүлэх тухай” захиргааны акт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жгийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/233 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Ө” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ш” Үйлдвэрлэл технологийн паркийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Х, Ж сум/ барих ажлын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.МӨНХ-ӨЛЗИЙ