Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Ж.Лхамдолгор

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 1838000560053 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Т.Б-, 

Шүүгдэгч Т.Б- нь Д.Б-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн нутгаас иргэн П.Ч-гийн 5 тооны үхрийг хулгайлж 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн нутгаас иргэн П.Хадхүүгийн байшинд нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлж 1.828.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Т.Б- нь Д.Б-тай бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн нутгаас иргэн П.Ч-гийн 5 тооны үхрийг хулгайлж 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн нутгаас иргэн П.Хадхүүгийн байшинд нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлж 1.828.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч П.Хадхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн нутагт Самбуугийн элэг гэх газарт байх манай гэрийн цоожийг эвдэж хулгай орсон байсан. Хулгай орсоныг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай саахалт Чулуунхүү утсаар хэлсэн. Чулуунхүү тэр шөнө бэлчээрээс 5 тооны үхрээ алдаж хохирсон юм. Чулуунхүүгийн үхрийг хулгайлсан хүмүүс манай гэрийг ухсан. Үүнийг машиных нь мөрөөр мэдсэн. Манайхаас хулгай хийсэн Батнасан гэдэг хүнээс нарны дэлгэц, телевизорын станц, дружба хөрөө, 120 литрийн сав зэрэг эд зүйлсээ авсан. Оёдлын машин аккумлятор нь биш байсан болохоор аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20-р тал/,

Хохирогч П.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн нутаг Лодойн өтөг гэх газарт бэлчээрт байсан 5 тооны үхэр алдсан газарт үхрүүдийн толгой, цувдай, шийрийг үлдээсэн байдалтай байсан. Нядлаад шууд ачсан байсан. Ачсан машины мөр нь дан дугуйтай машины мөр байсан бөгөөд урд дугуйнууд өвлийн, хойд дугуйнууд нь зуны дугуй байсан. Мөн Б- гэх хүний эзгүй хашааг мөргөөд явахдаа гэрлийн шил нь хагарч үлдсэн байсан. Манай эхнэр 2018 оны 02 дугаар сарын 09-нны өдөр гоноон өнгийн микробус Хадхүүгийн гэрийн урдуур өнгөрч явахыг харсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р тал/,

Гэрч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өглөө нэг залуу ирээд үхрийн мах авахуу гэж хэлэхээр нь би завгүй байсан учраас завгүй байна гэж хэлээд явуулсан. Гадуур явж байгаад 20-21 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн гадаа ногоон өнгийн Истана маркийн Улаанбаатар улсын дугаартай машин ирээд зогсчихсон өглөө ирсэн залуу жолоочтойгоо хамт 2-уулаа ирчихсэн байсан. Жолооч нь хөдөөний бололтой саарал өнгийн богино нударгатай дээлтэй явж байсан. Тэгээд махыг жинлэхэд 419 кг болоод би нэг кг –ийг нь 3.000 төгрөгөөр бодоод 1.250.000 төгрөгийг төв Хаан банкны бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө авч тэр залууд өгсөн. Мах нь бага зэрэг зайрмагтсан шинэ мах байсан. Би арьсыг нь яасан юм гэж асуухад арьс шир авдаг Иринад өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

Гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Наажгаа буюу манай баз хүргэн надаас миний микробусыг гуйж аваад явсан. Хөдөө гарчихаад ирье гэсэн. Хөдөө яг хаашаа явахаа хэлээгүй. Ингээд маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өглөөний 09 цагийн орчим Наажгаа ирсэн. Миний машинд 5 үхрийн мах ачсан ирсэн. Арьс шир, толгой шийр, байгаагүй. Үхрийн махнуудыг эвдсэн байсан. Заримыг нь 6, заримыг нь 4 хуваасан байсан. Тэгээд машинаар явж 6 дугаар хороонд байх 1 ченжэнд махыг аваачиж өгсөн. Наажгаа мах өгөх ченжтэйгээ уулзаад юм яриад байсан. Дархадаар юм уу, Өвөрмонголоор ч юм уу, Буриадаар ч юм уу яриад байсан. Би яриаг нь сайн ойлгоогүй. Сүүлд нь машинаа цэвэрлэхэд сарлаг бололтой үхэрнүүд ачсан байсан. Хаанаас яаж ачсаныг мэдээгүй. Ямар ч байсан гарал үүсэлгүй 5 тооны сарлаг бололтой үхрийн махыг миний машинаар зөөсөн байсан. Миний машин ногоон өнгийн 57-13 УБЛ дугаартай микробус байгаа юм. Урд талдаа өвлийн хойд тал нь зуны дугуйтай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,

Гэрч М.Эрдэнэнямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би гэртээ хүүхдийнхээ хамт байсан, манай нөхөр үхэр харангаа, түлээгээ бэлдэж байан юм. Тэр өдрийн орой 18 цагийн үед бүрэнхий болохын барагцаанд манайхыг чиглээд нэг ногоон өнгийн микро машин яваад байхаар нь манайд хүн ирж байгаа юм байхдаа гээд хараад байж байтал нөгөө машин чинь манайд ирэлгүй, манай гэрийн доохно талд байдаг Хадхүү ахын гэрийн гадаа очоод зогссон. Тэгэхээр нь би тэднийд хүн ирж байгаа юм байхдаа гэж бодоод гэртээ орж хэсэг байж байгаад буцаад гараад ирсэн чинь нөгөө машин чинь доошоо уруудаад урд зүгт явж байгаа харагдасан. Тэгэхээр нь би Хадхүү ахынхыг эзэнгүй гэдгийг мэдээд буцаж байгаа юм байх гэж бодоод тоогоогүй. Орой нөхрийг модноосоо ирэхээр нь би энэ талаар хэлсэн. Тэгээд маргааш нь манай үхэр алдагдсан бас Хадхүү ахын гэрт хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 8-р тал/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 9-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд зүйлийг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Т.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар 2017 оны 5 сарын16-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгэгдэж 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь /хх-ийн 114-117-р тал/ тогтоогдож байна.

Эрүүгийн 1838000560053 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 57-13 УБЛ улсын дугаартай Грейс маркийн машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож буцаан олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.Б- нь өөрт ноогдох хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Хохирогч А.Чулуунхүү 3.400.000 төгрөг, хохирогч П.Хадхүү 1.828.500 төгрөгийн хохирлоос үлдсэн хохирл болон бусад зардлаа Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч П.Жаргалаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. Шүүгдэгчийн ар гэрийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Б-г бусдын эд зүйлийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлж авсан, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмэж нэгтгэж нийт 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэж нийт 4 /дөрөв/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн 57-13 УБЛ улсын дугаартай Грейс маркийн автоамшиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож иргэний хариуцагч Б.Жаргалд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б-гийн урьдчилан цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь иргэний хариуцагч Б.Жаргалаас иргэний журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан 200.0000 /хоёр зуун мянга/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, барьцааг буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ