Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2026/0836

 

 

 

 

 

    2026        09           22                                     128/ШШ2026/0836

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Г

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Х.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч  М.Б, хяналтын байцаагч Т.Ч.

Гуравдагч этгээд: Н.Ш, М.Н, Н.Б нарын хоорондын эрхийн улсын бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Т.Ч, гуравдагч этгээд Н.Шгийн өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Улсын бүртгэлийн ерөнхий газар, Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5354 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулж, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1007 дугаар бүртгэлийн дугаар бүхий барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******* дугаартай бүртгэлийг сэргээлгэх”

2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Т.Зын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3362 “Бүртгэл түдгэлзүүлэх тухай” дүгнэлтээр “...Б дүүрэг, 20 дугаар хороо, Х // гудамжинд байрлах холбогдох хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийг хянаад гэсэн хаягаар хайлт хийхэд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Г.Б*******ы өмчлөлд анх бүртгэсэн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Монголын Санхүү хөгжлийн корпораци ББСБ-ын өмчлөлд, 443,6 м.кв хэмжээтэйгээр, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Н.Шгийн өмчлөлд 443,6 м.кв хэмжээтэйгээр тус тус шилжүүлэн бүртгэсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ч.Өгийн өмчлөлд давхардуулж бүртгэсэн байх бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн М.Нгийн өмчлөлд шилжсэн бүртгэлтэй, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг болгож залруулсаныг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн нь...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад “үнэн зөв, бодитой... байх” гэж заасныг зөрчсөн байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасныг баримтлан эдгээр бүртгэлд хяналт шалгалт хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

2.2. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5354 дүгээр “Эрхийн улсын бүртгэл хүчингүй болгох” дүгнэлтээр иргэн Н.Бийн нэр дээр бүртгэгдсэн Ү-******* дугаартай дээрх хаяг бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, М.Нгийн нэр дээр бүртгэсэн                   Ү- дугаартай бүртгэлүүдийг “...анх Н.Шгийн өмчлөлд бүртгэсэн                        Ү-******* дугаартай улсын бүртгэлтэй” давхцуулан бүртгэсэн гэдгийг шалгаж тогтоон дээрх улсын бүртгэлүүдийг хүчингүй болгож, иргэн Н.Шгийн өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн байна.

2.3. Н.Бийн нэр дээр бүртгэгдсэн Ү-******* дугаартай бүртгэлийг анх 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ч.Өгийн өмчлөлд бүртгэхдээ Б дүүрэг 20 дугаар хороо, Х тоот, 459,96 м.кв хэмжээтэйгээр, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ иргэн Н.Бийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Х*******” ХХК болон “Д*******” ХХК-ийн хооронд байгуулсан мөн өдрийн 19/3-19 тоот “Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсанаар бүртгэсэн байна.

2.4. Энэхүү дүгнэлтийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч тус газрын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08/1608 дугаар “Хариу өгөх тухай” албан бичгээр “...2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5354 дугаартай дүгнэлтийг цуцалж, өмчлөх эрхийг сэргээх үндэслэлгүй байна”. Мөн гомдолд "... хохирол барагдуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү" гэж дурдсан асуудлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 182/ШШ2019/02261 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгааr дурдах нь зүйтэй гэх хариуг өгсөн байна.

2.5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 182/ШШ2019/02261 дугаар шийдвэрээр “Х*******” ХХК-аас “Д*******” ХХК-д холбогдуулан гаргасан “Гэрээний үүргийн дагуу 294,264,499 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу “Д*******” ХХК-аас 281,883,915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х*******” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,380,584 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.6. Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч тус газрын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08/1608 дугаар “Хариу өгөх тухай” албан бичгийг хүлээн авч, шүүхэд 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2026/2373 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж заасан үндэслэл тогтоогдсон гэж үзсэнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 224/ШТ2026/0306 дугаар тогтоолоор хүчингүй болгон ба шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2026/4021 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

3. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. 2019 оны 03 сарын 19-ний  өдөр “Д*******” ХХК-тай байгуулсан Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд Нямдоржийн Бийн өмчлөлд бүртгэлтэй Б дүүргийн 20 дугаар хороо, Хн гудамж, /13221/ тоот хаягт байршилтай 459,96 м.кв талбайтай, 483.0 сая төгрөгийн үнэлгээтэй Хувийн орон сууц барьцаалж 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1007 бүртгэлийн дугаар бүхий барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5, 6, 11, 12 дугаар зүйлд заасны дагуу байгуулж, бүртгүүлэн барьцааны эрхээ баталгаажуулсан байсан.

3.2. “Д*******” ХХК нь гэрээгээр авсан шатахууны төлбөр төлөөгүйгээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/02261 тоот шийдвэрээр хариуцагч “Д*******” ХХК-аас шатахууны төлбөрт 281.883.915 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.567.370 төгрөг бүгд 283.451.285 төгрөгийг гаргуулж “Х*******” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

3.3. Хариуцагч төлбөрийг сайн дураар төлж барагдуулах хөрөнгө мөнгөгүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон тул дээрх барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгийн үнээс төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулах хүсэлт шийдвэр гүйцэтгэх газарт гаргахад уг хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг улсын байцаагчийн шийдвэрээр хүчингүй болгосон байх бөгөөд үүнээс болж манай компанийн хувьд гэрээгээр зохицуулсан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой эрх хөндөгдөж байгаа буюу гэрээний дагуу барьцаалсан хөрөнгийн үнээс төлбөр, хохирлоо гаргуулах боломжгүй болж эрх ашиг минь хохирч байна.

3.4. Анх барьцааны гэрээ байгуулахад Улсын бүртгэлийн газраас олгосон              Ү-******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Н.Б барьцааны хөрөнгийн өмчлөгч мөн болох нь тогтоогдож байсан бөгөөд барьцааны зүйл нь иргэн Н.Бийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байгаа нь Иргэний хуулийн 154 дугаар зүйлийн 154.3-д заасныг зөрчөөгүй юм.

3.5. Энэхүү бүртгэлийг улсын бүртгэлийн газраас олгосон тул үнэн зөв гэдэгт барьцаалагчийн хувьд манай компани эргэлзээгүй итгэж байсан, тэгээд тухайн үед бүртгэлийн байгууллага өөрсдөө ч барьцааг бүртгэж баталгаажуулалт хийж өгсөн. Гэтэл улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5354 тоот дүгнэлтээр барьцаа хөрөнгийн бүртгэл буруу болсон гэсэн үндэслэлээр гэрээний үүргийн барьцаанд байгаа Ү-******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, хувийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

3.6. Улсын байцаагчийн энэхүү үйлдэл нь манай “Х*******” ХХК-ийн гэрээгээр үүссэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах эрх буюу манай компанийн хувьд хууль, гэрээгээр үүссэн барьцааны эрхээ алдаж улмаар барьцааны хөрөнгийн үнээс хохирол төлбөрөө гаргуулах ашиг сонирхол нь зөрчигдөж цаашдаа шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гаргуулах хөрөнгийн баталгаагүй боллоо.

3.7. Өөрөөр хэлбэл анх гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгийг хууль, гэрээ зөрчөөгүй гэж бүртгэж баталгаажуулсан атлаа уг хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосноор “Д*******” ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэг биелэгдэхгүй болж улмаар “Д*******” ХХК -аас манай компанид олгож шийдвэрлэсэн 283.451.285 төгрөгийг гаргуулах хөрөнгөгүй болж байна.

3.8. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар барьцаалагчийн хувьд барьцааны эрхээ хамгаалж нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд улсын байцаагч Х.Уянгын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5354 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 1007 бүртгэлийн дугаар бүхий барьцааны гэрээний зүйл болох Б дүүргийн 20- хороо, Хн гудамж, /13221/, тоот хаягтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын Ү-******* бүртгэлийг сэргээн шийдвэрлэж өгнө үү” дээрх барьцааны хөрөнгийн бүртгэл, гэрчилгээ хуульд заасны дагуу сэргээгдсэнээр манай компанийн хувьд тухайн барьцаа хөрөнгийн үнээр гэрээний үүрэг хангуулах шийдвэрт заасан төлбөрөө авах эрхтэй болох юм” гэв.

4. Хариуцагчийн тайлбар:

4.1 Тус хэлтэст иргэн Н.Шгээс 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан “Би өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 20 дугаар хороо, Х // гудамж, тоот хаягт байршилтай, гэвч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оноос эхлэн улсын бүртгэлийн байгууллагаас амины орон сууцыг 2012 оны 9 дүгээр сард худалдан авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Бүртгэл давхардсан гэх шалтгаанаар эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, өнөөдрийг хүртэл эд хөрөнгөө зах зээлийн эргэлтэд оруулж чадахгүй, миний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөөр байна. Иймд шалгаж шийдвэрлэж өгнө үү" гэх өргөдлийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийж, холбогдох хувийн хэрэгт авагдсан нотлох баримт, бүртгэлийг хянасан.

4.2. Б дүүргийн 20 дугаар хороо, Х // гудамж, тоот хаягт байрлах, 443,6 м.кв талбайтай, амралт сувилалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт 2013 оны 01 дүгээр сарын 16- ний өдөр Г.Б*******ы өмчлөлд, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр “Монголын Санхүү хөгжлийн корпорац” ББСБ-ын өмчлөлд, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Н.Шгийн өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгэсэн байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн байдлаар Капитал банктай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай гэрээгээр 616 сая төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан бүртгэлтэй байна. Мөн дээрх бүртгэлийн эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 3362 дугаартай дүгнэлтээр бүртгэлийн давхардлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлсэн байна.

4.3. Эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 20 дугаар хороо, Х гудамж /13221/, тоот хаягт байршилтай, 459,96 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ч.Өгийн өмчлөлд бүртгэхдээ улсын бүртгэгч Д.Даваадорж нь эрхийн улсын Ү-******* дугаарын бүртгэлтэй хаяг давхардуулан бүртгэсэн байна. Ч.Ө нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ иргэн Н.Бт шилжүүлэн бүртгүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгийг "Х*******" ХХК болон "Д*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19/3-19 тоот 945.600.000 төгрөгийн шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан бүртгэлтэй байна.

4.4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалаар баталсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 14.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.Шгээс цахилгаан эрчим хүчээр хангуулах 565194 дугаартай гэрээ болон, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд цахилгааны төлбөр төлсөн баримтыг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр баримтаар гаргаж өгснийг эрхийн улсын бүртгэлийн            Ү-******* дугаартай Н.Бийн өмчлөлийн үл хөдлөх ША-7 маягт үйлдэж нотлох баримтаар баримтжуулж авсан.

4.5. Эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Н.Бийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр барьцааны эрх бүртгэхдээ улсын бүртгэгч Б.Баясгалан нь тухайн хөрөнгийн хаягийг мэдээллийн санд Б дүүргийн 16 дугаар хороолол, /13321/, Дандарбаатарын гудамж 38а байрны 9 тоот орон сууц гэж нотлох баримтгүйгээр өөрчлөн боловсруулсан байна. Дээрх зөрчлийг архивын хувийн хэрэгт авагдсан эх нотлох баримтыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 1500 дүгнэлтээр Б дүүргийн 20 дугаар сороо, Х гудамж /13221/, тоот болгож эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд зөвтгөж зассан.

4.6 Дээр дурдсан бүртгэлүүдийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримт, мэдээллийн сан дахь мэдээллийг хянаж үзэхэд улсын бүртгэгч нь эрхийн улсын                 Ү-******* дугаарын бүртгэлд барьцааны эрх бүртгэхдээ мэдээллийн санд үл хөдлөх эд хөрөнгийн хаягаар хайлт дээр дурдсан бүртгэлүүдийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримт, мэдээллийн сан баримтыг бус Ү-******* дугаар бүртгэлийн хувийн хэргийн 11-1121159 дугаартай хийж шалгаагүй, нотлох баримтгүйгээр хөрөнгийн хаягийн мэдээллийн санд өөрчилж боловсруулсан, эрхийн улсын Ү- дугаарын бүртгэлийг анх бүртгэхдээ эх нотлох дугаартай бүртгэлийн хаягийг өөрчилж бүртгэхдээ хувийн хэрэгт авагдсан нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг цахимжуулсан, мөн эрхийн улсын Ү- нягталж шалгаагүй, мэдээллийн санд хаягаар хайлт хийлгүй бүртгэснээр эрхийн улсын Y-*******, Y-*******, Y-,                                 Y-2204026632 дугаарын бүртгэлүүдийн хаяг давхардаж бүртгэл зөрчилтэй болсон байна.

4.7 Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх", мөн зүйлийн 4.1.5-д "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг баримтлан хяналтын улсын байцаагчийн "Бүртгэл түдгэлзүүлэх тухай" 2020 оны 3362 дугаар дүгнэлтийн хавсралт дахь 6,11 дугаарт дурдсан эрхийн улсын Ү-*******, Ү- дугаар бүртгэлүүдийн эрхийг сэргээж, Б дүүргийн 20 дугаар хороо, Х /13211/ гудамж, тоот хаягтай, эрхийн улсын Ү-*******, Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4.8. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах" мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д "хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д "эрхийн улсын бүртгэл давхардсан” гэж заасныг тус тус үндэслэсэн” гэв.

5. Гуравдагч этгээдийн тайлбар:

5.1. Гуравдагч этгээд Н.Шгийн тайлбар: “...Иргэн Н.Ш миний бие Б дүүрэг 20 дугаар хороо, Х// гудамж, тоот хаягт орших Ү-******* дугаартай 443,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Тухайн үед бүх төлбөр тооцоог нь дуусгасан бөгөөд худалдан авсан цагаасаа гэр бүлийн хамт 14 жил амьдарч байна. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсаныг миний бие 2025 оны сүүлээр мэдээд тэр даруй Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Х.У эрх сэргээсэн тухай мэдэгдсэн.

5.1.1. Гэтэл энэ асуудлаар дахин шүүхийн маргаан үүсэж байгаад маш их гомдолтой байна. Миний бие хууль ёсны дагуу 2012 онд худалдаж аваад 2014 онд гэрчилгээгээ авсан. Гэтэл яагаад 2019 онд хаяг өөрчилж гэрчилгээ дахин гаргасан, энэ яагаад миний өмчлөлд хамаатай байгааг ойлгохгүй байна. Улсын бүртгэл 1 үл хөдлөх хөрөнгөд нэг л гэрчилгээ гаргах ёстой. Иймд “Х*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5.2. Гуравдагч этгээд М.Н тайлбар: “...Иргэн М.Н миний нэр байсан улсын бүртгэлийн Ү-******* бүртгэлтэй, Б дүүрэг 20 дугаар хороо, Х// гудамж, тоот хаягт байршилтай 454,96 м.кв талбайтай амины орон сууцны улсын бүртгэл давхцсан байсан тул өөрийн хүсэлтээр хүчингүй болгох хүсэлт гаргаж хүчингүй болгуулсан. Иймд уг хэрэгт холбоотой шүүх хуралд дахин гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй тул хүсэлтийг минь хүлээн авна уу” гэв.

5.3. Гуравдагч этгээд Н.Бийн тайлбар:  “...Миний бие маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн талаар нэхэмжлэгчтэй ямар нэг зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй, зээл аваагүй, барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй болно. Уг үл хөдлөх хөрөнгийн асуудал нь 2015 оноос үүссэн бөгөөд миний нөхөр тендерийн үйл ажиллагаатай холбоотойгоор өөрийн байраа барьцаалан банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан нөхцөл байдал үүссэн. Үүний дараа тендерийн 10 хувьтай холбоотойгоор иргэн С.Ү******* нартай 220,000,000 төгрөгийн асуудлаар гэрээ, хэлцэл хийгдсэн боловч уг үйл ажиллагаа амжилтгүй болсон. 2019 онд дээрх асуудлын хүрээнд тухайн захирал С.Ү******* нь уг үл хөдлөх эд хөрөнгийг миний өмнө үүссэн 220,000,000 төгрөгийн авлагын төлбөрт шилжүүлэн өгч, миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд хууль ёсоор бүртгүүлж, гэрчилгээ олгогдсон.

5.3.1. Ингэснээр би уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн хууль ёсны өмч гэж үзсэн. Гэтэл 2023 онд уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор давхар өмчлөгч эрхийн бүртгэл үүссэн асуудал илэрсэн бөгөөд Б дүүргийн нэг цэгийн үйлчилгээний байгууллагад сонсгол зохион байгуулагдаж, миний өмчлөх эрхтэй холбоотой бүртгэлийг хүчингүйд тооцсон асуудал гарсан. Миний хувьд нэхэмжлэгчээс ямар нэг зээл аваагүй, тус компанитай гэрээ байгуулаагүй, барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг тус компанид барьцаалах талаар ямар нэгэн зөвшөөрөл огт өгөөгүй.

5.3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй утсаар ярилцах үедээ ч би уг асуудлыг зөвшөөрөөгүй бөгөөд “би уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн 220,000,000 төгрөгийн авлагын төлбөрт авсан, өөрийн мөнгөн хөрөнгийн шаардлагаа өөрөө шийдвэрлүүлнэ” гэдгээ тодорхой хэлж байсан. Гэсэн хэдий ч миний энэ байр суурь, зөвшөөрөөгүй байдал, уг хөрөнгө миний нэр дээр бүртгэлтэй байсан нөхцөл байдлыг үл харгалзан миний гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр уг хөрөнгийг барьцаалан зээл авсан байна. Хуульд зааснаар өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах эрхтэй гэж заасан бөгөөд барьцааны гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулах шаардлагатай. Иймд нэхэмжлэгч компани болон түүний зээлдэгчийн хооронд үүссэн зээлийн харилцаа нь миний хүсэл зориг, оролцоо, гарын үсэгтэй холбоогүй тул уг зээлийн төлбөрийг би хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгчийн маргаж буй үндсэн агуулга нь “...Н.Бийн Б дүүрэг 20 дугаар хороо, Х// гудамж, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны бүртгэлийг улсын бүртгэлийн газраас баталгаажуулсан тул үнэн зөв гэдэгт барьцаалагчийн хувьд итгэж байсан, гэтэл маргаан бүхий дүгнэлтээр гэрээний үүргийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосноос болж барьцааны зүйлээр хохирол, төлбөрөө гаргуулах боломжгүй байдалд хүргэсэн хууль бус дүгнэлт болсон...” гэж маргасан ба шүүхээс уг үндэслэлд холбогдуулан дараах дүгнэлтүүдийг хийсэн болно.

9. Маргаан бүхий  Улсын бүртгэлийн ерөнхий газар, Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5354 дүгээр “Эрхийн улсын бүртгэл хүчингүй болгох” дүгнэлтээр иргэн Н.Бийн нэр дээр бүртгэгдсэн Ү-******* дугаартай дээрх хаяг бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, М.Нгийн нэр дээр бүртгэсэн                   Ү- дугаартай бүртгэлүүдийг “...анх Н.Шгийн өмчлөлд бүртгэсэн                        Ү-******* дугаартай улсын бүртгэлтэй” давхцуулан бүртгэсэн гэдгийг шалгаж тогтоон дээрх улсын бүртгэлүүдийг хүчингүй болгож, иргэн Н.Шгийн өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн. Харин М.Нгийн нэр дээр бүртгэсэн                                     Ү- дугаартай бүртгэлийг сэргээсэн учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3362 дугаартай “Бүртгэл түдгэлзүүлэх тухай” дүгнэлтээр түдгэлзүүлсэнийг сэргээсэн байна.

10. Шүүхээс уг маргааныг шийдвэрлэхэд дүгнэлт өгөх гол асуудал нь “Б дүүрэг 20 дугаар хороо, Х// гудамж, тоот хаягт байршилтай, 443,6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын бүртгэлийг давхцуулан бүртгэгдсэн байсан эсэх, хариуцагч тус зөрчлийг хуульд нийцүүлж зөв шалгаж тогтоон хүчингүй болгож, гуравдагч этгээд Н.Шгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн бүртгэлийг сэргээсэн нь үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол уг дүгнэлтээс үүдэж зөрчигдсөн эсэх байна.

11. Хариуцагч нь иргэн Н.Ш Ү-*******, Б.Б Ү-*******,  М.Н Ү-2204043861 дугаартай улсын бүртгэлүүдийн хувийн хэрэг тус бүрийг шалган, холбогдох этгээдүүдийг сонсгох ажиллагаанд оролцуулан, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасан зарчмууд, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 16.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах”, 18 дугаар зүйлийн 18.2-т “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ”, 18.7.1-т “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна”, 6.4-т “Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, 6.5-т “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Дараах тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана”, 14.1.5-т “эрхийн улсын бүртгэл давхардсан” гэж заасныг зөв хэрэгжүүлж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

12. Тодруулбал, шүүхээс дээрх бүртгэлүүдийн тус бүрийн хувийн хэргүүд, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэг, талуудын тайлбарыг судлан, үнэлэхэд дараах нөхцөл байдлууд нотлогдож байна.

Давхцсан бүртгэл хийгдсэн тухайд: Нэг. Ү-******* дугаартай улсын бүртгэлийн тухайд: “Б дүүрэг 20 дугаар хороо, Х тоот хаягаар анх 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Г.Б*******ы өмчлөлд, 363,59 м.кв хэмжээтэйгээр, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Монголын Санхүү хөгжлийн корпораци ББСБ-ын өмчлөлд, 443,6 м.кв хэмжээтэйгээр, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Н.Шгийн өмчлөлд 443,6 м.кв хэмжээтэйгээр тус тус шилжүүлэн бүртгэсэн, энэхүү бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3362 дугаар “Бүртгэл түдгэлзүүлэх тухай” дүгнэлтээр бүртгэлийн давхардлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлсэн байна”(Хавтаст хэрэг 1-ийн 130-192 дахь талд),

Хоёр. Ү-******* дугаартай улсын бүртгэлийн тухайд: “анх 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ч.Өгийн өмчлөлд бүртгэхдээ Б дүүрэг 20 дугаар хороо, Х тоот, 459,96 м.кв хэмжээтэйгээр, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ иргэн Н.Бийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Х*******” ХХК болон Д******* ХХК-ийн хооронд байгуулсан мөн өдрийн 19/3-19 тоот “Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсанаар бүртгэсэн”( Хавтаст хэрэг 1-ийн 64-125 дахь талд),

Гурав. Ү-2204043861 дугаартай улсын бүртгэлийн тухайд: “Б дүүрэг 20 дугаар хороо, Х 113/8 тоот хаягаар анх 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ч.Өгийн өмчлөлд, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр М.Нгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж, мөн өдрийн 235 дугаар Монголжин Венчур капитал ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд бүртгэж, энэхүү хаягаар бүртгэсэн бүртгэл нь  иргэн Ч.Оюунцэцэгийн  өмчлөлийн эрхийн Ү-2204026632 дугаар  улсын бүртгэлтэй давхцсан болох нь тогтоогдсон ба М.Нгаас 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хаяг өөрчлүүлэх “...миний үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг .. 113/8 тоот гэж буруу бүртгэсэн иймд Б дүүргийн 20 дугаар хороо, Х /13221/, тоот гэж зөв хаягаар бүртгэж” өгнө үү гэх хүсэлтийн дагуу өөрчлөн, тоот гэж бүртгэсэн байна.  Энэхүү бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3362 дугаар “Бүртгэл түдгэлзүүлэх тухай” дүгнэлтээр бүртгэлийн давхардлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлсэн” (Хавтаст хэрэг 1-ийн 193-247 дахь талд) байгаагаас үзэхэд анх 2013 онд үл хөдлөх эд хөрөнгөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн хаягыг давхцуулах, талбайн хэмжээг өөрчлөх байдлаар давхардуулан шинээр 2 эрхийн бүртгэл үүсгэсэн үйл баримт дээрх байдлаар тогтоогдож байна.

13. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх, нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөгдөх зарчмыг тогтоосон. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах чиг үүргийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллага, түүнд ажиллаж буй хяналт шалгалтын улсын байцаагчид олгосон.

14. Үүнтэй уялдуулан нарийвчилсан хууль болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д эрхийн улсын бүртгэл үнэн зөв байхыг, 6.4-т эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд гаргаж болох бөгөөд шалгалтаар бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болохыг, 6.5-д эрхийн улсын бүртгэлийг давхардуулан хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж  болохыг мөн хуулийн 14.1.5-д эрхийн улсын бүртгэл давхардсан тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг хаахаар шууд заасан байна.

15. Дээрх хуулийн зохицуулалтуудыг системтэйгээр авч үзвэл улсын бүртгэл нэгэнт хийгдсэн гэх үндэслэлээр түүнийг ямар ч тохиолдолд хэвээр хадгалах бус, бүртгэл хуульд нийцсэн эсэх, буруу, ташаа болон давхардуулан хийгдсэн эсэхийг шалган тогтоох, эх нотлох баримтын үнэн зөв байдлыг нягтлах, илэрсэн зөрчлийг арилгах нь улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг байх ба хяналт шалгалтын явцад бүртгэл хуульд нийцээгүй, давхардуулан хийгдсэн нь тогтоогдсон тохиолдолд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох талаар шийдвэр гаргах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах үүрэгтэй байна.

16. Хариуцагч нь Н.Шгийн гаргасан өргөдлийн дагуу зөвхөн нэг бүртгэлийг тусгаарлан шалгаагүй, харин дээрх гурван бүртгэлийн хувийн хэрэг, өмчлөх эрх үүссэн дараалал, өмчлөх эрх шилжүүлсэн гэрээ, хаяг, талбайн хэмжээ, бодит байдалд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хэн нь бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа болон бүртгэлийн хөдөлгөөнийг харьцуулан шалгаж, нэг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг өөр өөр этгээдийн нэр дээр давхардуулан бүртгэсэнийг зөв шалгаж тогтоосон байна.

17. Нөгөө талаар, гуравдагч этгээд Н.Б, М.Н нар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд хууль ёсоор шилжүүлэн авсан, улмаар Н.Шгийн өмчлөх эрхээс давуу эрхтэй болох талаар маргаагүй бөгөөд үүнийг нотлох баримт, үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэд нь өөрсдийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн бүртгэл нь Н.Шгийн өмнөх бүртгэлээс хууль зүйн хувьд давуу болохыг нотолж, хариуцагчийн тогтоосон бүртгэлийн давхардлыг үгүйсгэж маргаагүй.

18. Түүнчлэн Н.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн дурдсан барьцааны гэрээг мэдэхгүй гэж тайлбарласан ба уг тайлбар нь нэхэмжлэгч болон Н.Б нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, түүнээс ямар эрх, үүрэг үүссэн эсэхтэй холбоотой тусдаа асуудал бөгөөд уг нөхцөл байдал нь Н.Б, М.Н нарын нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн бүртгэл Н.Шгийн өмнөх бүртгэлтэй давхардсан байгаа байдлыг үгүйсгэхгүй байна.

19. Нэхэмжлэгч нь Н.Бийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд уг бүртгэлд итгэж гэрээ байгуулсан гэж тайлбарлах боловч барьцааны эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх нөхцөл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах эрх барьцаалуулагчид хууль ёсоор үүссэн нөхцөл байдлаас тусдаа авч үзэх боломжгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны эрх нь өмнө нь өөр этгээдийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхтэй давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хэвээр хадгалах үндэслэл болохгүй.

20. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн барьцааны эрхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол нь барьцаалуулагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл барьцааны зүйлтэй холбоотой эрх зүйн маргаан үүссэн тохиолдолд Иргэний хууль болон холбогдох гэрээний эрх зүйн зохицуулалтын дагуу хамгаалагдах боломжтой асуудал бөгөөд уг эрх ашгийг хамгаалах нэрийн дор улсын бүртгэлд үүссэн давхардал, түүнийг шалгаж тогтоон арилгасан маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

21. Түүнчлэн дээр дурдсанаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг тогтоосон бөгөөд улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэлийн мэдээлэл буруу, ташаа, давхардуулан хийгдсэн нь тогтоогдсон тохиолдолд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд уг зөрчлийг арилгах үүрэгтэй байна. Иймд улсын бүртгэлд итгэсэн гэх нэхэмжлэгчийн субъектив итгэл нь давхардуулан бүртгэгдсэн өмчлөх эрхийн бүртгэлийг хэвээр хадгалах, улмаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг алдагдуулах эрх зүйн үндэслэл болохгүй.

22. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн барьцааны эрхийг зориуд үгүйсгэж, түүнд хохирол учруулах зорилгоор ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин иргэн Н.Шгийн гаргасан өргөдлийн дагуу өмнөх бүртгэлүүдийг шалгаж, нэг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг давхардуулан бүртгэсэн зөрчлийг илрүүлж, улсын бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, бодит байдалд нийцүүлэх зорилгоор дүгнэлтийг гаргасан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байна.

23. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн барьцааны эрх, түүнд учирсан гэх эдийн засгийн үр дагаврыг үндэслэн маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газар, Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5354 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох нь улсын бүртгэлийн үнэн зөв байдлыг алдагдуулж, нэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн байдлыг хэвээр үлдээх үр дагаварт хүрэх бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудын зорилгод нийцэхгүй, хариуцагч нь Н.Шгийн өргөдлийн дагуу холбогдох улсын бүртгэлийн хувийн хэргүүдэд хяналт шалгалт хийж, Ү-******* дугаартай бүртгэлээр өмнө нь Н.Шгийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Ү-*******,                               Ү-2204043861 дугаартай бүртгэлээр дахин бүртгэсэн давхардлыг тогтоож, уг зөрчлийг арилгах зорилгоор дээрх бүртгэлүүдийг хүчингүй болгож, Н.Шгийн түдгэлзүүлсэн байсан өмчлөх эрхийг сэргээсэн нь холбогдох хуульд нийцсэн, хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан үндэслэл бүхий шийдвэр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 6.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг тус тус баримтлан “Х*******” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Х.Уд холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газар, Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5354 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулж, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1007 дугаар бүртгэлийн дугаар бүхий барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******* дугаартай бүртгэлийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.МӨНХ-ӨЛЗИЙ