Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 293

 

 

 

 

                                                

                                          

 

                                      

                                                                      

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Б.Баярхүү /томилолтоор/,

шүүгдэгч Э.У, 

нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.У-т холбогдох эрүүгийн 1810007240326 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Э.У нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 03:30 цагийн үед, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” шөнийн клуб-т М.Т-тэй “миний машиныг зарсан” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр, шуу хөл хэсэг рүү өшиглөх, цохих зэргээр зодож, биед нь баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхины зулгаралт, зүүн, баруун шуу, цээж, даланд цус хуралт, уруулд няцарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.У нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч Э.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би хохирогч М.Т-тэй авто ломбарданд Porsche 58 загварын машинаа тавихдаа анх танилцаж байсан юм. Тухайн үед манай найз миний машиныг ломбарданд 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, зээл авсан боловч авсан зээлээ төлөхгүй байсаар хугацаа нь хэтэрсэн байсан. Би тэр үед нь тус авто ломбардад “8.000.000 төгрөг төлөөд машинаа буцааж авья” гэхэд зөвшөөрөөгүй ба манай найзын авсан зээл, зээлийн хүү нийлээд бүгд 11.000.000 төгрөг болсон байна” гээд өгөөгүй юм. Тэгээд тухайн ломбард миний машиныг хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй, зарсан байсан. Тэгээд хэрэг болдог өдөр ломбардын ажилтантай М бааранд тааралдаж, урьдын асуудал бодогдоод, хохирогч М.Т-тэй уг сэдвийг хөндөж маргалдсан юм. Уг тухайн асуудал жил гарангийн өмнө болоод өнгөрсөн юм. Хохирогчид эмчилгээний зардалд 240.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн Iphone-6 загварын гар утсаа төлбөрт тооцон шилжүүлсэн. Дараа нь томографийн зураг авахуулсны 90.000 төгрөгийг төлсөн. Би одоо Голомт банканд орон сууцны асуудал эрхэлсэн мэргэжилтэнгээр ажилд орсон, сарын 1.080.000 төгрөгийн цалинтай. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Улсын яллагчийн зүгээс санал болгосон торгуулын ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1810007240326 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 00 цагийн үед найз А /99197675/, Г /99178705/, Ц /99860675/ нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” клубт орсон. Бид нар уг бааранд литрийн Баллантайс нэртэй виски нэг шилийг хувааж уусан.

Ингээд шөнө 02 цаг 30 минутын үед манай эхнэр О намайг авах гээд ирж байна гэхээр нь би ВИП танхимын хажуу талд байрлах хувцасны өлгүүрээс гадуур хувцасаа авах гээд зогсож байхад хойноос нэг хүн гараараа хоолой боогоод, толгой доош нь дараад байсан. Тэгэхээр нь би найзуудын нэг тоглож байна гэж бодоод гарыг нь тавиулах гэтэл нөгөө хүн гараа улам чангаруулаад хоолой боогоод, нуруу руу гараа атгаж байгаад цохиод байхаар нь арай гэж гарыг нь тавиулсан.

Ингээд эргээд хартал манай барьцаалан зээлдүүлэх төвөөр үйлчлүүлж байсан Э.У гэх залуу байхаар нь би тэр залуутай мэндлэхэд тэр “чи явахгүй шүү, чи миний машиныг зарсан, муу пизда, чамайг ална” гээд миний өмдний тэлээнээс зуурчихаад тавихгүй болохоор нь би түүнд “чи гэрээний үүргээ биелүүлээгүй болохоор автомашиныг чинь зарсан, тэгээд ч чиний машин эвдэрхий байсан болохоор хямдхан зарсан, чиний машиныг авсан хүн одоо хүртэл над дээр ирж хэл ам хийдэг” гэж хэлсэн.

Ингээд би Ут түүний автомашиныг худалдан авсан хүнийг олж өгөх гээд гар утсаараа фэйсбүүк хуудас руу орж байтал У надад “хоёулаа ариун цэврийн өрөө оръё, чи маньдаа наад асуудлаа тайлбарлаад өг” гэж хэлэхээр нь би түүнтэй хамт ариун цэврийн өрөө рүү орсон. Мөн түүний найз гэх цагаан өнгийн футболктой, бор царайтай, 175 орчим сантиметр өндөртэй Болдоо гэх залуу биднийг дагаж ариун цэврийн өрөө рүү орсон. Ингээд би гар утсаараа фэйсбүүк хуудас руу ороод, машин худалдан авсан хүнийг хайж байтал У миний гар руу цохиход, би өөрийн саарал өнгийн iphone 6 маркийн гар утсаа шалан дээр унаж, утасны дэлгэц нь салчихсан. Тэгтэл тэр намайг цохих гэхээр нь би хоёр удаа бултаж “би толгойндоо хагалгаа хийлгэсэн, духны зүүн хэсэг ясгүй газар чи намайг цохиод, би ухаан алдчихвал чамд гай болно” гэж хэлээд У болон түүний найз Болд нарт духаа харуулсан.

У намайг ариун цэврийн өрөөний буланд намайг шахаж зогсоогоод, цохих гэхээр нь би нүүрээ хамгаалаад доошоо тонгойгоод суутал тэрээр гараа атгаж байгаад баруун шанаа, дагз, уруул, дух руу олон удаа цохисон. Мөн миний толгой руу гараараа цохиод хөл, гар, мөр рүү олон дахин өшиглөсөн. Үүний улмаас миний зүүн, баруун шанаа, хоёр гарын шууны гадна хэсэг орчимд хөхөрч, хавдаад, дагз, дух орчмоор хавдсан, уруул дотор талдаа 2 газар язарсан.

... Ингээд гэртээ харьсан хойноо өөрийгөө толинд хартал миний зүүн, баруун шанаа, хоёр гарын шууны гадна хэсэг орчимд өөрийгөө толинд хартал миний зүүн, баруун шанаа, хоёр гарын шууны гадна хэсэг орчимд хөхөрч, хавдаад, дагз, дух орчмоор хавдсан, уруул дотор талдаа 2 газар язарсан байсан. Тийм болохоор маргааш нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж гомдол гаргасан юм.

Тухайн өдөр У-той хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тэрээр миний хувь эзэмшдэг барьцаалан зээлдүүлэх төвд өөрийн автомашинаа барьцаалж мөнгө авчихаад, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас барьцааны зүйлийг зарж борлуулсан юм. Үүнд л У нь өш санаж намайг зодсон байх. Тэр үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч өөрийн хийж байгаа үйлдлээ хянах хэмжээний байсан. Харин У нь нилээн согтуу байсан. Тухайн үед болсон асуудлыг Б харсан. Мөн хамгаалагч болон цагдаа нар харсан байж магадгүй. Ут зодуулсаны улмаас бизнесээ эрхэлж чадахгүй байна. Тийм болохоор өөрт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлнэ. Би өөрийгөө өвчтэй гэж хэлж сануулаад байхад, үл хайхран зодож араатан шиг авирласан хүнд тохирох шийтгэлийг нь өгмөөр байна. Харин гар утсаа газар унагасны улмаас бөгс нь эвдэрсэн, түүнийг 120.000 төгрөгөөр солиулсан. ...У миний эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг бэлнээр,  саарал өнгийн iphone 6 маркийн гар утсыг өгч надад учирсан хохирлыг барагдуулсан. Би Утой сайн дураар эвлэрсэн, түүнээс нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралд суухгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х,14х/,

 

2. ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3772 тоот:

1. М.Т-н биед баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөг, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн, баруун шуу, цээж, даланд цус хуралт, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 20х/,

 

3. Гэрч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 02:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” клубт үеэл ах У, түүний найз С нарын хамт орсон. Бид нар уг клубт 750 граммын савалгаатай, Жак Даниэйлс нэртэй виски нэг шилийг хувааж уусан. Тухайн үед би нилээн их согтсон байсан болохоор юу болсоныг огт санахгүй байна.

Нэг сэргэсэн чинь У ахыг цагдаа нар машиндаа суулгаад аваад явах гэж байсан. Би цагдаа нараас асуутал тэд надад “танай ах хүн зодсон, зодуулсан хүн нь тэр зогсож байна” гэж зааж өгсөн. Тэгэхээр нь зодуулсан гэх залуутай уулзахад тэр залуу өөрөө цагдаа нар дээр очоод “надад ямар нэгэн гомдол санал байхгүй, энэ хүн миний хуурай ах байгаа юм, надад ухамсарын шанаа өгсөн юм” гээд У ахыг авч үлдэх гээд гуйсан боловч цагдаа нар “та нар ямар тоглоомтой юм бэ, дүүрэг дээр очиж асуудлаа шийд” гээд аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х/,

 

4. М диско баарны 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 цаг 37 минут 07 секундээс 03 цаг 43 минут 20 секунд дэх үеийн хяналтын камерын бичлэгийг CD-д буулгаж, үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...03 цаг 37 минут 22 секундэд эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд У, Т нар орж ирээд ярилцаж байв. 03 цаг 40 минут 56 секундэд У нь баруун хөлөөрөө Т-ийн баруун хөл орчим руу өшиглөж, олон удаа баруун гараараа цохиж, баруун хөлөөрөө өшиглөж байгаа, наад талд нь О.Э зогсоод харж байгаа бичлэг байв. 03 цаг 41 минут 50 секундэд гаднаас баарны 2 хамгаалагч орж ирж Уыг Төөс салгаж байх үед гаднаас нэг цагдаа орж ирээд Уыг аваад гарч байгаа бичлэг байв.” гэсэн тэмдэглэл /хэргийн 10х/,

 

5. Шүүгдэгч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Миний хувьд яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2018 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед дүү Э, найз С нарын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “М” клубт орсон. Бид тус клубт 750 граммын савалгаатай, Жак Даниэйлс нэртэй виски нэг шилийг хувааж уугаад сууж байхдаа Вип зааланд Ттэй тааралдсан.

Т автоломбард ажиллуулдаг байсан ба би өөрийн эзэмшлийн 00-00  улсын дугаартай, Porchche Cayenne маркийн автомашинаа 2015 онд 6.0 сая төгрөгийн барьцаанд Тийн ажиллуулдаг автоломбарданд тавьсан юм. Т нь 2017 оны үед намайг “зээлийн хугацаа хэтрүүлсэн” гээд надаас их хэмжээний мөнгө нэхэж байгаад миний барьцаанд тавьсан байсан автомашиныг зарсан. Би тухайн өдөр Т-тэй уулзаад, дүү Э, Т нарын хамт клубын эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд орсон. Ингээд “...барьцаанд тавьсан машиныг минь зарсан, мөн машин доторх хувийн эд зүйлсээ буцааж авах” талаар ярилцаж байгаад “яагаад хүний үнэтэй машиныг зарж байгаа юм, машиныг зарж болно, дотор нь байсан миний хувийн үнэтэй зүйлсийг зарлаа” гэж түүнтэй маргалдсан.

Тэгтэл Т надад “машин доторх зүйлийг нь мэдэхгүй” гээд хэгжүүрхээд байхаар нь миний уур хүрээд Т-ийн баруун шилбэ рүү нь нэг удаа өшиглөөд, нүүр, баруун шанаа руу нь баруун гараараа хоёр удаа цохисон. Мөн түүнийг ариун цэврийн өрөөний буланд шахтал тэрээр толгой, нүүрээ хоёр гараараа хамгаалаад доошоо тонгойгоод суухаар нь би түүний хоёр гарын шуу хэсэг рүү удаа өшиглөсөн. Тэгтэл гаднаас цагдаа нар орж ирээд намайг Төөс салгасан.

... Тухайн үед Т, бид хоёр хоёулаа л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрсдийн хийж байгаа үйлдлээ хянах хэмжээний согтолттой байсан. Намайг Тийг зодож байхыг дүү Э харсан. Түүнээс өөр харсан хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42х/, шийтгэх тогтоол  /хэргийн 61х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.У нь 2018 оны 03 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнийн 03:30 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, М бааранд “миний машиныг зарсан” гэх шалтгаанаар М.Т-ийн нүүрэн тус газарт өшиглөх цохих зэргээр зодож, биед нь “баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөг, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн, баруун шуу, цээж, даланд цус хуралт, уруулд няцарсан шарх” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч М.Т-ийн: “... 2018 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 00 цагийн ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” клубт орсон. ... Ингээд шөнө 02 цаг 30 минутын үед манай эхнэр Оюумаа намайг авах гээд ирж байна гэхээр нь би ВИП танхимын хажуу талд байрлах хувцасны өлгүүрээс гадуур хувцасаа авах гээд зогсож байхад хойноос нэг хүн гараараа хоолой боогоод, толгой доош нь дараад байсан. Тэгэхээр нь би найзуудын нэг тоглож байна гэж бодоод гарыг нь тавиулах гэтэл нөгөө хүн гараа улам чангаруулаад хоолой боогоод, нуруу руу гараа атгаж байгаад цохиод байхаар нь арай гэж гарыг нь тавиулсан.

Ингээд эргээд хартал манай барьцаалан зээлдүүлэх төвөөр үйлчлүүлж байсан Э.У гэх залуу байхаар нь би тэр залуутай мэндлэхэд тэр “чи явахгүй шүү, чи миний машиныг зарсан, муу пизда, чамайг ална” гээд миний өмдний тэлээнээс зуурчихаад тавихгүй болохоор нь би түүнд “чи гэрээний үүргээ биелүүлээгүй болохоор автомашиныг чинь зарсан, тэгээд ч чиний машин эвдэрхий байсан болохоор хямдхан зарсан, чиний машиныг авсан хүн одоо хүртэл над дээр ирж хэл ам хийдэг” гэж хэлсэн. Ингээд би Ут түүний автомашиныг худалдан авсан хүнийг олж өгөх гээд гар утсаараа фэйсбүүк хуудас руу орж байтал У надад “хоёулаа ариун цэврийн өрөө оръё, чи маньдаа наад асуудлаа тайлбарлаад өг” гэж хэлэхээр нь би түүнтэй хамт ариун цэврийн өрөө рүү орсон. Мөн түүний найз гэх цагаан өнгийн футболктой, бор царайтай, 175 орчим сантиметр өндөртэй Болдоо гэх залуу биднийг дагаж ариун цэврийн өрөө рүү орсон.

Би гар утсаараа фэйсбүүк хуудас руу ороод, машин худалдан авсан хүнийг хайж байтал У миний гар руу цохиход, би өөрийн саарал өнгийн iphone 6 маркийн гар утсаа шалан дээр унаж, утасны дэлгэц нь салчихсан. Тэгтэл тэр намайг цохих гэхээр нь би хоёр удаа бултаж “би толгойндоо хагалгаа хийлгэсэн, духны зүүн хэсэг ясгүй газар чи намайг цохиод, би ухаан алдчихвал чамд гай болно” гэж хэлээд У болон түүний найз Болд нарт духаа харуулсан.

... У намайг ариун цэврийн өрөөний буланд намайг шахаж зогсоогоод, цохих гэхээр нь би нүүрээ хамгаалаад доошоо тонгойгоод суутал тэрээр гараа атгаж байгаад баруун шанаа, дагз, уруул, дух руу олон удаа цохисон. Мөн миний толгой руу гараараа цохиод хөл, гар, мөр рүү олон дахин өшиглөсөн. Үүний улмаас миний зүүн, баруун шанаа, хоёр гарын шууны гадна хэсэг орчимд хөхөрч, хавдаад, дагз, дух орчмоор хавдсан, уруул дотор талдаа 2 газар язарсан.

... Тухайн өдөр У-той хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тэрээр миний хувь эзэмшдэг барьцаалан зээлдүүлэх төвд өөрийн автомашинаа барьцаалж мөнгө авчихаад, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас барьцааны зүйлийг зарж борлуулсан юм. Үүнд л У нь өш санаж намайг зодсон байх. Тэр үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч өөрийн хийж байгаа үйлдлээ хянах хэмжээний байсан. Харин У нь нилээн согтуу байсан. Тухайн үед болсон асуудлыг Болд харсан. Мөн хамгаалагч болон цагдаа нар харсан байж магадгүй. Ут зодуулсаны улмаас бизнесээ эрхэлж чадахгүй байна. Тийм болохоор өөрт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлнэ. Би өөрийгөө өвчтэй гэж хэлж сануулаад байхад, үл хайхран зодож араатан шиг авирласан хүнд тохирох шийтгэлийг нь өгмөөр байна. Харин гар утсаа газар унагасны улмаас бөгс нь эвдэрсэн, түүнийг 120.000 төгрөгөөр солиулсан.

...У миний эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг бэлнээр,  саарал өнгийн iphone 6 маркийн гар утсыг өгч надад учирсан хохирлыг барагдуулсан. Би У-той сайн дураар эвлэрсэн, түүнээс нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралд суухгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х,14х/,

- ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3772 тоот “М.Т-н биед баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөг, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн, баруун шуу, цээж, даланд цус хуралт, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 20х/,

- гэрч О.Э-ын: “...Би 2018 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 02:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” клубт үеэл ах У, түүний найз С нарын хамт орсон. Бид нар уг клубт 750 граммын савалгаатай, Жак Даниэйлс нэртэй виски нэг шилийг хувааж уусан. Тухайн үед би нилээн их согтсон байсан болохоор юу болсоныг огт санахгүй байна.

Нэг сэргэсэн чинь У ахыг цагдаа нар машиндаа суулгаад аваад явах гэж байсан. Би цагдаа нараас асуутал тэд надад “танай ах хүн зодсон, зодуулсан хүн нь тэр зогсож байна” гэж зааж өгсөн. Тэгэхээр нь зодуулсан гэх залуутай уулзахад тэр залуу өөрөө цагдаа нар дээр очоод “надад ямар нэгэн гомдол санал байхгүй, энэ хүн миний хуурай ах байгаа юм, надад ухамсарын шанаа өгсөн юм” гээд У ахыг авч үлдэх гээд гуйсан боловч цагдаа нар “та нар ямар тоглоомтой юм бэ, дүүрэг дээр очиж асуудлаа шийд” гээд аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х/,

- Минт диско баарны 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 цаг 37 минут 07 секундээс 03 цаг 43 минут 20 секунд дэх үеийн хяналтын камерын бичлэгийг CD-д буулгаж, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10х/,

- шүүгдэгч Э.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч М.Т-ийн биед учирсан “баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөг, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн, баруун шуу, цээж, даланд цус хуралт, уруулд няцарсан шарх” бүхий  хөнгөн гэмтлүүд нь  шүүгдэгч Э.У түүнийг гараараа цохих өшиглөх зэргээр зодсон үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Э.У-ын хохирогч М.Т-ийг өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Э.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Прокуророос Э.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон тул шүүгдэгчийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Шүүгдэгч Э.У-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Э.У нь гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон М.Т-ийн эмчилгээний зардалд 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг бэлнээр, iphone 6 маркийн гар утсыг тус тус өгсөн нь хохирогч М.Т-ийн хохирогчоор өгсөн “Э.У миний эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг бэлнээр, мөн саарал өнгийн iphone 6 маркийн гар утсыг надад учирсан хохирлыг барагдуулсан.  Би У-той сайн дураар эвлэрсэн, түүнээс нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х/ баримтаар нотлогдсон.

Иймд шүүгдэгч Э.У-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож гаргуулах төлбөргүй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Э.У нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 42х/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 61-62х/ тус тус хэрэгт авагдсан ба шүүгдэгчийг тэнсэж, хянан харгалзсан дээрх хугацаа түүний Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар дуусгавар болсон байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэх юм.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Э.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.  

 

Шүүх, шүүгдэгч Э.У нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Э.У-т 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Минт баарны хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч М.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Э.У-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.У-ыг 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.У нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Э.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М баарны хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД