Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/01

 

2025/ДШМ/01

 

 

        

Г.Цид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Ж.У, С.Э   

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А

            Нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай цагаатгах тогтоолтой шүүгдэгч Г.Цид холбогдох 2412000000215 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ж.Ундармаагийн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн Ц сумын Ц багийн Б гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Гийн Ц /РД:00000000000/

 

Шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Б гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 24 ширхэг, 1.3371 м3 хэмжээтэй шинэс төрлийн унанги модыг бэлтгэж, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Б гэх газраас тус аймгийн Э сумын төв хүртэл 00-00 улсын дугаартай “Киа бонго” маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 357.951 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Г.Цид холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай цагаатгах тогтоолд: Шүүгдэгч Б овогт Гонгорсүрэнгийн Цид холбогдох эрүүгийн 2412000000215 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Цийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2412000000215 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч 357.951 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 00-00 улсын дугаартай “Киа Бонго” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Цид буцаан олгож, Хэрэгт битүүмжлэгдсэн 1.5 метрийн урттай, 24 ширхэг, 1.3371 метр куб хэмжээстэй шинэс төрлийн унанги мод, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө зэргийг хэргийн хамт хүргүүлж, Шүүгдэгч Г.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тогтоож шийдвэрлэжээ.

 

            Прокурор эсэргүүцэлдээ ... А аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.У би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай цагаатгах тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Яллагдагч Г.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Б гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 24 ширхэг, 1.3371 м3 хэмжээтэй шинэс төрлийн унанги модыг бэлтгэж, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Б гэх газраас тус аймгийн Э сумын төв хүртэл 00-00 улсын дугаартай Киа бонго маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 357.951 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Тус прокурорын газраас Г.Цт холбогдох эрүүгийн 2412000000215 дугаартай хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 207 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Цийг цагаатгаж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгахдаа ... Г.Цийн мод түлээний зориулалтаар бэлтгэсэн шинж, бэлтгэсэн модны үнэлгээ зэрэг нь байгаль орчинд хортой нөлөөлсөн, экологийн тэнцлийг алдагдуулсан, ойн хэвийн өсөлт, модны таворлаг байдал буюу бүтээгдэхүүний чанарлаг шинжийг тодорхойлох нь гэмт хэрэг эсхүл зөрчлийн шинжтэй эсэхийг хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоох боломжтой” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн бол” гэж тусгайлан хуульчилсан. Эндээс үзвэл хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд Г.Ц нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно. Мөн Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд “...35.1.1.ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлж байгаа мод, бутыг огтлох замаар ой ургах тааламжтай орчныг бий болгоход чиглэсэн арчилгааны; 35.1.2.түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний; 35.1.3.нас гүйцсэн модыг огтлох замаар модон түүхий эдийг бэлтгэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн ашиглалтын.” гэж заасан бол 35.2-т “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно.” гэж хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаас шүүгдэгч Г.Цийн бэлтгэж буй мод нь Ойн тухай хуулийн 35.1 дүгээр зүйлд заасан цэвэрлэгээний зориулалтаар бэлтгэсэн мод гэж үзэхэд заавал эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахаар хуулийн агуулга ойлгогдож байна. Хэдийгээр Г.Ц нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ газарт унасан байсан модноос 1,5 метрийн урттайгаар 24 ширхэг мод тайрч бэлтгэн тээвэрлэсэн талаар нотлох баримт хэрэгт авагдсан хэдий ч цагаатгах үндэслэл болгосон "... модны таворлаг байдал буюу бүтээгдэхүүний чанарлаг шинж”-ийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй буюу хэргийн материалаас хальсан нөхцөл байдалд дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна. Хэрэглээний буюу түлээний модыг ч гэсэн хуурай шинэс төрлийн модноос бэлтгэдэг (Энэ төрлийн модны шинж нь Ойн тухай хуулийн 35.1,2.түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлохоор байгаа) болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн тодорхойлох хэсэгт нарийвчлан тайлбарласан байхад шүүхээс Г.Цийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Б гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 24 ширхэг, 1.3371 м3 хэмжээтэй шинэс төрлийн унанги модыг бэлтгэж, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Б гэх газраас тус аймгийн Э сумын төв хүртэл 00-00 улсын дугаартай Киа бонго маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 357.951 төгрөгийн хохирол учруулаад буй үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэж хэт нэг барьж, Улсын дээд шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаартай тогтоолын дүгнэлт хэсгийг хуулж бичсэн байдлаар. дүгнэлт хийжээ. Шүүгдэгч Г.Ц нь хууль бусаар 1,5 метрийн урттай 24 ширхэг модыг бэлтгэсэн, уг үйлдлийн улмаас ойн санд 357.951 төгрөгийн хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хууль бусаар мод бэлтгэсний улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, хууль бусаар мод бэлтгэснээр төгсөх, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн унанги модыг түлээний зориулалтаар бэлтгэсэн, экологи эдийн засгийн үнэлгээ 357.951 төгрөгөөр тогтоогдсон зэрэг нөхцөл байдлууд нь нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны.11 дүгээр сарын 06-ны өдрийн 217 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно ... гэжээ.

 

 

Прокурор Ж.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан, мөн 2-р заалтанд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тусгайлан заасан.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн бол” гэж тусгайлан хуульчилсан. Энэ төрлийн гэмт хэргийн үндсэн зарчим  нь байгаль орчинд хор уршиг учирсан байхыг шаарддаггүй хууль бусаар мод бэлтгэсэн гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал худалдсан, худалдан авсан тээвэрлэснээр хэлбэрийн шинжтэй төгсдөг. Зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллага албан тушаалтнаас авах ёстой байсан.  Г.Цийн хувьд ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр А аймгийн Ц сумын Баянбүрд гэх газраас А аймгийн Э сум руу бэлтгэж тээвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Ойн тухай хуулийн хүрээнд аваад үзэхэд 33 дугаар зүйлд ойн ургалтад сөргөөр нөлөөлж болохуйц модыг арчилгааны болон цэвэрлэгээний, ашиглалтын гэж гурав ангилдаг байгаа. Цэвэрлэгээний зориулалтаар аж ахуй болон хувь хүнд зөвшөөрөл өгдөг. Г.Цийн хувьд зохих зөвшөөрөл аваагүй учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаах саналтай байна ... гэв.

 

Прокурор С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... Эрүүгийн хуулийн хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлж байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар гэмт хэргийн хохирлын хамгийн бага хэмжээ 300.000 төгрөг байгаа.  Тус хэргийн хувьд хохирлын хэмжээ нь 357.951 төгрөг болж байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаас хамгийн бага хэмжээнээс илүү гарсан учраас гэмт хэргийн шинжийг агуулж байна. Байгаль дэлхийд унанги мод хүртэл байгалийн тэнцвэртэй байдал хангаж байдаг. Тодруулбал унанги мод нь үер усны аюул ороод ирэхэд бусад  босоо модны хаалт болж байдаг мөн ойн амьтдын нөмөр нөөлөг, үүр нь болж байдаг. Тэр утгаараа хууль тогтоогчид тусгаарлалт хийсэн талбайгаас мод бэлтгэх зөвшөөрөл өгдөг байгаа. Өөрөөр хэлбэл тэрд унанги мод байгаль экологийн тэнцвэртэй байдал бий болгож байна. Тийм учраас иргэдийн төлөөлөгчдийн хурлаар энэ асуудлыг шийдээд зөвхөн тусгаарлалт хийсэн талбайгаас авах шийдвэр гаргадаг. Гэтэл өнөөдөр шүүгдэгч Г.Цийн бэлтгээд байгаа газар нь тусгаарлалт хийгдээгүй газраас авсан байдаг. Хэдийгээр Г.Ц нь зохих зөвшөөрөл авалгүй өөрийн дураар унанги бэлтгэсэн нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Ойн тухай хуулиараа энэ нь хууль бус мод бэлтгэж, тээвэрлэсэн байна.  Өөрөөр хэлбэл гарал үүслийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй зөвшөөрөл нь тухай заасан нутаг дэвсгэрээс зөвшөөрөлд заасан хэмжээгээр бэлтгэхийг зөвшөөрдөг. Шүүгдэгч ээжтэйгээ хамт Ц суманд амьдардаг түлээний мод бэлтгэсэн гэж мэдүүлдэг. Гэтэл А аймгийн Ц сумын Ц багийн Баянбүрд гэх газраас 2024 оны 08 дугаар сарын 20-нд бэлтгээд А аймгийн Э сумын төвд 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цагдаад баригдсан байдаг. Түлээний мод гэдэг агуулгаар аваад үзэхэд Г.Ц нь 1.5 метрийн урттай 24 ширхэг мод бэлтгэсэн байдаг. Тэгвэл хөдөөгийн хүн ахуй амьдралаа тэтгэх гээд түлээний мод бэлтгэсэн юм гэж байгаа бол яагаад Ц суманд амьдардаг хүн Э суманд тээвэрлээд оруулаад ирэв. Яагаад тэр мод нь 1.5 метр хэмжээтэй байгаа нь гэдэг бид бүхэн дүгнэлт өгч түүнийг гэмт хэрэг байна гэж үзсэн. Түүний үйлдэл нь зөвхөн түлээний мод бэлтгэх зорилготой байгаагүйг хэргийн газрын үзлэгээр нотлогдог. Анхан шатны шүүхийн дүгнэлтээр унанги мод бэлтгэж байгаль дэлхийгээ цэвэрлэсэн гэж  үзсэн байдаг. Хэргийн газрын үзлэгээр модыг бэлтгэсэн үзүүр хожуул тэрний хажууд байсан мөчир зэргийг яагаад түүж оруулж ирээгүй юм бэ. Байгаль дэлхийгээс өөрт хэрэгтэй ашигтай зүйлээ аваад бусад зүйлийг хаяад байгааг байгаль дэлхийгээ цэвэрлэсэн гэж үзэж байгаа шүүхийн дүгнэлт өрөөсгөл байна. Энэ түлээний мод гэх нэрийдлээр оруулж ирээд зарж борлуулж ашиг хонжоо олох нь зөвхөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтын хүрээнд илэрдэг. Энэ хяналт шалгалтын хүрээнд илэрсэн  түлээний мод гэж байгаа нь түлээний модны хэрэглээнд биш ашиг хонжоо олох  санаа зорилгоор бэлтгэсэн  нь хэрэгт авагдсан гэрэл зураг болон хэргийн газрын үзлэгээр тодорхой харагдаж байна. Шүүх шүүгдэгчийн үйлдлийг хэлбэрийн төдий гэж дүгнээд зөрчлийн шинж хангаж байна гэж үзсэн. Зөрчлийн тухай хуулийн 7.9-д ойн тухай заалт байгаа хэдий ч мод бэлтгэхтэй холбоотой нэг ч заалт байхгүй. Босоо ч бай унанги ч бай зохих зөвшөөрөлтэй мод бэлтгэх ажилгааг явуулах ёстой юм байна гэсэн ойлголтоор 24.6 гэсэн зүйл заалтыг хууль тогтоогчид оруулж ирсэн байх гэж бодож байна. Шүүхийн цагаатгах тогтоолыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү ... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Г.Ц нь унанги модыг цэвэрлэх байдлаар хөрөөдөөд авсан байдаг. Босоо мод унагааж аваагүй. Экологийн тэнцвэрт байдал алдагдуулаагүй. Газарт унасан мод нь дахин сэргэж босох боломжгүй. Прокуроруудын хэлээд байгаа шиг зарж ашиг олох зорилгоор аваагүй.  Зарах байсан бол машинаа дүүргэх байсан харин галын түлээ байдлаар бэлтгэсэн байдаг. Унанги мод болон гишүү зөвшөөрөл авах албагүй ... гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Цийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Б гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 24 ширхэг, 1.3371 м3 хэмжээтэй шинэс төрлийн унанги модыг бэлтгэж, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Б гэх газраас тус аймгийн Э сумын төв хүртэл 00-00 улсын дугаартай “Киа бонго” маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 357.951 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутайд тооцуулахаар хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Г.Цийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар унанги мод бэлтгэж зөвшөөрлийн хэм хэмжээг зөрчсөн нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч энэхүү үйлдлийн улмаас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан тул шүүгдэгч Г.Цид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчийн унанги модыг түлээний зориулалтаар бэлтгэсэн, экологи эдийн засгийн үнэлгээ 357.951 төгрөгөөр тогтоогдсон зэрэг нөхцөл байдлууд нь нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Цийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол ... гэж хуульчилжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх буюу ойн дагалт нөөцийг ашиглахдаа эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байна.

          

 Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын хэмжээ, шинж чанарын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

           Прокурор шүүгдэгч Г.Цид холбогдох дээрх үйлдэлд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Эрүүгийн хуулийн 24.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг шууд санаатай, байгаль орчинд хохирол учирсан байхыг шаардахгүй, хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй байдгаараа онцлогтой.

           Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, 39.8 дахь хэсэгт тус тус заасан алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

               Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Цид холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

               Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Цид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус  заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Цид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Т.ГАНЧИМЭГ