| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2026/0011/З |
| Дугаар | 110/ШШ2026/0073 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 110/ШШ2026/0073
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.З,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: С.Б, А.Д нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Досмаганбет, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батсүмбэр, хариуцагч Цэнгэл сумын Засаг дарга Б.А, гуравдагч этгээд С.Б, А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс анх шүүхэд “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр цахимаар баталгаажсан газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн дээрх шаардлагыг “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/305 дугаартай д газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу газар эзэмших эрх олгохыг даалгах” гэж өөрчлөн тодруулж, гийн газар эзэмших хүсэлт гаргасан газрын байршилд зөвшөөрөлгүйгээр барьсан С.Бы 158 м2 байшин, А.Ды 244 м2 газарт татсан хашааг албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа Цэнгэл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах”-аар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
2.1. 2024 оны 2 дугаар сард Цэнгэл сумын 9 дүгээр багаас 700 м2 газрыг эзэмших хүсэлтийг egazar.gov.mn хаягаар шинээр гаргаж, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас хүсэлт маань баталгаажсан. Иймд газрын даамал Б.Бэд удаа дараа хандсан боловч газар эзэмших гэрчилгээг авч чадаагүй. Учир нь Засаг дарга захирамж гаргаж өгөөгүй. Засаг дарга 12 дугаар сарын 16-ны өдөр “захирамж гаргах боломжгүй” гэсэн хариуг бичгээр өгсөн.
2.2. Сумын Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргахгүй байсаар 2025 оны 07 дугаар сард С.Б гэх иргэн зөвшөөрөлгүйгээр байшин, А.Д гэх иргэн хашаа барьсан нь хүсэлт гаргасан байршилтай давхцалтай болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Мөн үзлэгийн явцад Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын 3 дугаар хавсралтын дэс дугаарын 7-д 3789631 нэгж талбарын дугаартай газар нь цахим системээр гаргасан хүсэлтийн дагуу түүнд олгох боломжтой гэж хуваарилагдсан 700 м2 газар болох нь тогтоогдсон. Дээрх иргэд нь Б.Ж болон сумын Засаг даргын орлогч асан С.Б гэх иргэдээс газрыг худалдан авсан гэж тайлбарлаж байх боловч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх шилжүүлэх гэрээг байгуулаагүй, газрыг эзэмших болон шилжүүлэн авах талаар холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасныг иргэн С.Б, А.Д нар зөрчиж, байшин болон хашаа барьсан нь миний газар эзэмших эрхэнд шууд халдсан үйлдэл болсон.
2.3. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.2.газар төрийн хяналт, хамгаалалтад байх; 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэж заасан бөгөөд хүсэлт гаргасан байршилд бусад этгээдээс байшин, хашаа барьж, түүнийг сумын Засаг дарга таслан зогсоогоогүй, хэрэв 2025 оны 07 дугаар сард байшин барьж эхэлсэн үед зогсоож, “энэ нь бусдын хүсэлт гаргасан газартай давхцаж байна.” гэж тайлбарласан бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан. Миний хүсэлт гаргасан байршил нь Б.Ж болон бусдын эзэмшил газартай огт давхцалтай, урд хэсэгт нь байрлалтай, хүсэлт гаргах үед газар дээр барилга байгууламж байгаагүй болох нь үзлэгийн явцад тогтоогдсон байдаг. Энэ тохиолдолд сумын Засаг дарга Газрын тухай хуульд заасан газрыг төрийн хяналт, хамгаалалтад байлгах, газрыг чөлөөлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заажээ. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, аливаа захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан тохиолдолд түүнийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.
2.5. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд … сумын Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина.”, мөн зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж, "газрыг чөлөөлөх" гэж газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг;” ойлгохоор тус тус заасан.
Дээр дурдсан хуулийн хэм хэмжээнүүдийн урьдчилсан нөхцөлийг авч үзвэл зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх үүрэгтэй, мөн хугацаатай мэдэгдэл өгөөд байхад газрыг чөлөөлөөгүй бол холбогдох Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүрэгтэй байхаар хуульчилсан байна. Дээрх эрх зүйн хэм хэмжээнд хэнээс шаардлага гаргаснаар газар чөлөөлүүлэх мэдэгдэл гаргахыг тухайлан заагаагүй байгаагаас үзэхэд, нэг талаас холбогдох Засаг дарга өөрөө, нөгөө талаас зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа үйл баримтыг мэдсэн хэн бүхэн холбогдох Засаг даргад шаардлага тавих субьектив эрхтэй гэж үзнэ гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
3.1 Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сард тухайн 700 м2 газрыг эзэмших хүсэлтээ цахимаар гаргасан үед газар сул газар байсан. Би өөрийн хүсэлт гаргасан газрыг авмаар байна. Уг газарт объект барьсан учраас тухайн хүмүүсийн эрх ашиг нь зөрчигдөж болохгүй гэж хариуцагчаас албан бичгээр хариу өгсөн тул шүүхэд хандсан. Гуравдагч этгээд нар тус газарт байшин барьж байх явцад намайг хамт явж л байсан, мэдсэн гэж тайлбарлаж байна. Гэхдээ би тэр үед уг газар нь миний хүсэлт гаргасан газар гэдгийг мэдээгүй гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
4.1. Нэхэмжлэгчийн Газрын тухай хуульд зааснаар цахимаар гаргасан газар эзэмших хүсэлт нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас баталгаажиж ирсэн. Сумын Засаг дарга 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрт “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэдэг үндэслэлийг дурдаж байгаа. Газрын нэгж талбар нь 2024 онд төлөвлөгөөнд тусгагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж газар эзэмшүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
4.2. Хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан байршил дээр гуравдагч этгээд нарын хашаа, байшин баригдсан учраас эзэмшүүлэх боломжгүй гэдэг тайлбарыг хэлж байна. Үзлэгийн схем зургаас хүсэлт гаргасан газар дээр тодорхой этгээдүүдийн хөрөнгө нь байгаа нь тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн гаргасан захирамж гарснаар сумын Засаг даргын орлогчоос худалдаж авсан, газар эзэмших эрхтэй гэсэн тайлбарууд нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар няцаагдана. Тодруулбал, гэрээг байгуулснаар газар эзэмших эрх үүсдэг. Мөн нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан. Гуравдагч этгээд болох С.Б, А.Д гэдэг хүмүүст ямар ч эрхийн гэрчилгээ байхгүй, Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны А/120 дугаартай захирамжид гуравдагч этгээд А.Д, С.Б нарын нэр нь байхгүй.
Хэрвээ бусдаас газар эзэмших эрх худалдаж авч байгаа тохиолдолд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, нотариатаар баталгаажуулж, Газрын албанд бүртгүүлж, газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гаргуулдаг процессыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зохицуулсан. Гэтэл хуульд заасан процесс гуравдагч этгээд нарын хувьд хийгдээгүй. Мөн газрыг худалдаж авсан талаар албан ёсны гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй, иймд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасан. Тэгэхээр гуравдагч этгээд нар ямар нэгэн захиргааны байгууллагаас өөрт эрх олгосон захиргааны акт гаргаагүй байхад Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчсөн, дур мэдэн ямар нэгэн эрхийн гэрчилгээгүйгээр хашаа хатгаж, байшин барьсан үйл ажиллагаа нь хууль бус юм.
4.3. Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны захирамжаар н.А гэдэг хүний нэр дээр газар эзэмших захирамж гарсан боловч н.Аы газрын эрхийн гэрчилгээ, кадастрын зураг огт байхгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Захиргааны хэргийн шүүх нотлох зарчмын хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт албан бичиг явуулахад ямар нэгэн хувийн хэрэг үүсгээгүй, маргаан бүхий газрыг шилжүүлэх талаар ямар нэгэн хүсэлт ирээгүй гэдэг тайлбарыг ирүүлсэн. Харин Б.Ж гэдэг хүний газрын хувьд нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан байршилд газар нь давхцалгүй гэдэг нь тогтоогдсон.
4.4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж заасан. Нэгж талбарын 3789631 дугаартай газрыг гэр бүлийн хэрэгцээгээр ашиглаж болно гэдгийг 2023 оны 12 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоолоор баталсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт гуравдагч этгээд А.Д 2024 онд хашааг барьж эхэлсэн гэж, С.Б нь 2025 оны 7 дугаар сард байшинг барьж дуусгасан гэдэг тайлбарыг хэлж байна. Тэгэхээр 2023 оны 12 дугаар сард газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахад тухайн газар дээр С.Бы байшин, С.Думаны хашаа нь байгаагүй гэдэг нь тогтоогдсон. Тухайн үед нь захирамж гаргаж, газар эзэмших эрхийг баталгаажуулж явах ёстой байтал Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хууль зөрчсөн ажиллагааны улмаас өнөөдрийн энэ маргаан үүсэж байна .
4.5.Гуравдагч этгээдүүд “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим үйлчилнэ гэж тайлбарлаж байна. Хууль ёсны итгэл гэдэг нь хууль ёсны буюу шударгаар хуулийн дагуу үүссэн итгэлийг хэлнэ. Ямар тохиолдолд итгэл хамгаалах зарчим үйлчлэх вэ гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д тодорхой заасан. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл итгэл хамгаалагдах зарчим үүсэхгүй гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж заасан. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэж, 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” бол хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй гэж заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан. Уг эрхийн дагуу үл хөдлөх хөрөнгө буюу газрыг шударгаар олж авах эрхийн дагуу нэхэмжлэгч хүсэлтээ гаргасан. Уг эрх нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалттай холбогдоно.
Нэхэмжлэгчийн уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзах, газар эзэмшүүлэхгүй байх зэрэг хууль зүйн үндэслэлүүд одоогийн байдлаар алга байна.
4.6. Гуравдагч этгээд С.Бы байшинд өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй тул Б.Жын газар дээр байшинг зөөж бариад, Б.Жоос Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулж, Засаг даргад захирамж гаргуулж, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг авах С.Бд боломж нь байна гэж үзэж байна. А.Ды хувьд ч гэсэн энэ асуудлыг Б.Жтой тусдаа шийдвэрлэх боломж нь байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс “байшин, объектуудыг нүүлгэж барьж чадахгүй гэвэл хохирлыг барагдуулж өгөөрэй, би ч гэсэн үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй, хэрвээ миний хохирлыг барагдуулж өгвөл нэхэмжлэлээсээ татгалзах боломжтой” гэдгийг хэлсэн. Харамсалтай нь гуравдагч этгээд нартай хоорондоо ойлголцоогүй юм байна.
4.7. Хуульд хэнээс шаардлага гаргаснаар газар чөлөөлүүлэх мэдэгдэл гаргахыг тухайлан заагаагүй байгаагаас үзэхэд, нэг талаас Засаг дарга өөрөө, нөгөө талаас зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа үйл баримтыг мэдсэн хэн бүхэн Засаг даргад шаардлага тавих субьектив эрхтэй гэж үзнэ гэв.
5.Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т зааснаар тухайн жилд батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршил, зориулалт, хэмжээний дагуу газар эзэмшүүлэх ашиглуулж шийдвэрлэдэг. Тус сумын 8 дугаар багийн иргэн гийн хүсэлт гаргасан газарт Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр А/120 дугаар захирамжаар иргэн Б.Жт эзэмшүүлж, гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон болно. Иймд энэхүү захирамж одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа тул иргэн д газар эзэмшүүлэх боломжгүй.
5.2.Түүнчлэн газар дээр нь үзлэг шалгалт хийхэд, иргэд байшин, хашаа барьж бодитоор ашиглаж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд хүчин төгөлдөр захиргааны актаар эзэмшүүлсэн газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа газар гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн иргэдийг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан “зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан этгээд” гэж үзэх үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан газар албадан чөлөөлөх ажиллагаа нь зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан болох нь тогтоогдсон нөхцөлд хэрэгжих зохицуулалт юм. Харин маргаан бүхий газрыг хүчин төгөлдөр захиргааны шийдвэрийн үндсэн дээр эзэмшсэн байх тул С.Б, А.Д нарын ашиглаж байгаа газрыг албадан чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй болно.
5.3.Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын эзэмшигчээр бүртгэгдээгүй бөгөөд газар эзэмших эрх нь хуульд заасан журмын дагуу үүсээгүй байна. Ийм нөхцөлд хүчин төгөлдөр захиргааны актаар эзэмшүүлсэн газрыг бусдаас албадан чөлөөлүүлэхийг шаардах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
5.4. Хариуцагчийн зүгээс иргэн гийн газар эзэмших хүсэлтийг бүрэн үгүйсгэж байгаа бус бөгөөд сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дараа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өөр байршилд газар эзэмшүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.
6. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
6.1. Анх гийн цахимаар хүсэлт гаргасан газрын байршлыг тогтоох асуудлаар сумын газрын даамалд даалгавар өгсөн. Шүүхийн зүгээс тухайн газар дээр нь үзлэг хийхэд гуравдагч этгээд нар хашаа байшин барьсан нөхцөл байдал нь тогтоогдсон. Иймд бусдын эзэмшиж буй газарт захирамж гаргаж газрыг давхар эзэмшүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.
6.2. Захиргааны байгууллагын актаар эзэмшүүлсэн газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа газар гэж үзэх боломжгүй байна. Газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ нь Газрын тухай хуулиар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн тохиолдолд хэрэгжих бөгөөд тухайн газар нь одоогийн байдлаар нэхэмжлэгч гийн нэр дээр газар эзэмшигчээр бүртгэгдсэн ямар нэгэн акт гараагүй. Иймээс уг газарт албадан чөлөөлөх ажиллагааг явуулах боломжгүй.
6.3.Нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг үгүйсгэхгүй, гэхдээ өөр байршлаас хууль журмын хүрээнд газар эзэмшүүлэх асуудлыг санал болгож байна гэв.
7. Гуравдагч этгээд С.Бы шүүхэд гаргасан тайлбарт:
7.1. Миний бие маргаан бүхий газрыг 2025 онд иргэн С.Бээс худалдан авах үед С.Б нь Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/120 дугаар захирамжийг үзүүлж, “уг газар нь эзэмшүүлэхээр шийдвэрлэгдсэн газар бөгөөд сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн гаргуулах боломжтой. гэж тайлбарласан.
Түүнчлэн газрыг худалдаж авах үед тухайн газарт хашаа татагдсан, жорлон баригдсан, бодитоор ашиглагдаж байсан бөгөөд газрын төлбөрийг банкаар шилжүүлэн төлсөн болно. Ийм нөхцөл байдлыг үндэслэн миний бие уг газрыг хууль ёсны эзэмшил бүхий газар гэж ойлгож худалдан авсан. Үүний дараа 2025 оны 02 дугаар сараас эхлэн худаг гаргаж, орон сууцны байшин, гарааш, амбаар барьж, нийт 160 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоогоор тус газарт гэр бүлийн хамт байнга оршин сууж байна.
7.2. Хэрэгт авагдсан газрын даамал Б.Бийн гэрчийн мэдүүлгээс үзэхэд, миний барилга барьсан газар нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/120 дугаар захирамжаар иргэн К.Ад эзэмшүүлэхээр шийдвэрлэгдсэн газар, тухайн газарт кадастрын зураг үйлдэгдээгүй, мэдээллийн системд бүртгэгдээгүй байсан бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сул чөлөөтэй газар мэтээр тусгагдсан нь бүртгэл, мэдээллийн сангийн зөрчилтэй холбоотой байж болзошгүй талаар тайлбарласан байна. Иймд газрын бүртгэл, кадастрын мэдээлэлтэй холбоотой аливаа зөрчил нь миний үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бөгөөд төрийн байгууллагын бүртгэл, мэдээлэлтэй холбоотой асуудлын үр дагаврыг зөвхөн надад дангаар нь үүрүүлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.
7.3. Мөн барилгын ажил явагдаж байх хугацаанд нэхэмжлэгч гийн нөхөр бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.дтухайн газарт хэд хэдэн удаа ирж байсан боловч газар маргаантай талаар мэдэгдэж, барилгын ажлыг зогсоох талаар ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй болно. Харин байшин бүрэн баригдаж, манай гэр бүл оршин сууж эхэлсний дараа хашаа, байшинг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь миний болон гэр бүлийн минь эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал үүсгэнэ.
7.4. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хууль ёсоор олж авсан өмч хөрөнгөө өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй гэж заасан бөгөөд миний бие төрийн байгууллагын шийдвэр, тухайн үеийн бодит нөхцөл байдалд итгэн хөрөнгө оруулалт хийж, үл хөдлөх хөрөнгө бий болгосон болно. Түүнчлэн төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд итгэн бий болсон иргэний хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой гэж үзэж байгаа ба миний хувьд газар маргаантай болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нөхцөлд хөрөнгө оруулалт хийсэн юм гэжээ.
8. Гуравдагч этгээд С.Бы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. Миний байшин барьсан газар нь маргаантай гэдгийг огт, мэдээгүй, надад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас газар чөлөөлөх мэдэгдэх хуудас өгөөгүй.
Тухайн үед би байшин барьж байхад мэдэгдсэн бол өөр газарт барих боломжтой байсан. Би энэ асуудлыг шүүхээс үзлэг хийхээр хүмүүс ирэх үед л мэдсэн. Бид зээл аваад, тухайн газарт 160 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, байшин барьсан гэв.
9. Гуравдагч этгээд А.Ды шүүхэд гаргасан тайлбарт:
9.1. Миний бие маргаан бүхий газрыг 2023 онд иргэн Б.Жоос худалдан авах үед тус газар нь Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/120 дугаар захирамжтай, мөн газар эзэмших эрхийн 0000189838 дугаар гэрчилгээтэй, 8319001305 нэгж талбарын дугаартай, кадастрын зураглалтай, газар эзэмшүүлэх гэрээтэй байсан. Ийм нөхцөл байдлыг үндэслэн миний бие уг газрыг хууль ёсны эзэмшил бүхий газар гэж ойлгож худалдан авч, 2024 оны 06 дугаар сараас эхлэн худаг гаргаж, орон сууцны байшин, амбаар барьж, нийт 80 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоогоор гэр бүлийн хамт оршин сууж байна.
9.2. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хууль ёсоор олж авсан өмч хөрөнгөө өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй гэж заасан бөгөөд миний бие төрийн байгууллагын шийдвэр, тухайн үеийн бодит нөхцөл байдалд итгэн хөрөнгө оруулалт хийж, үл хөдлөх хөрөнгө бий болгосон болно. Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, бодит нөхцөл байдал, миний гаргасан хөрөнгө оруулалт болон миний гэр бүлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
10. Гуравдагч этгээд А.Ды шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
10.1. Би уг газрыг 2023 оны 9 дүгээр сард хамт ажилладаг н.Айбек гэдэг хүнээс худалдаж авсан, н.Айбек нь газар эзэмшигч Б.Жын нөхөр нь юм. Би уг газрыг худалдаж аваад, хашаа татаж эхлэнгүүт газрын даамал өөрийн биеэр ирж, газрыг хэмжиж, зааж өгснөөр тухайн газарт хашаа татаж, байшин барьсан. Уг газарт байшин барьж байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.дуг газарт ирж л байсан.
10.2.Газрын гэрчилгээг нэр дээр шилжүүлж авах гэхээр газрын байршил нь зөрсөн тул би газрын даамалд хандахад, “би зохицуулж гэрчилгээ олгож өгнө” гэх хариуг өгсөн. Газрын маргаантай гэдгийг мэдээгүй, шүүхээс дуудах үед мэдсэн. Сум орон нутагт кадастр байхгүй ч, тухайн 2020 онд маргаан бүхий газар дээр гарсан захирамж нь байгаа. Газар эзэмшүүлсэн захирамжтай газрыг дахиад өөр хүнд олгож болох юм уу, юунаас алдаа гарсныг сайн ойлгохгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй байна.
2. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ: 25.1.4.сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө;”, 25.4-т “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.2. тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.” гэж тус тус заасан.
Уг зохицуулалтын дагуу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 19 дугаартай тогтоолоор сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа маргаан бүхий газар болох 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах 3789631 нэгж талбарын дугаартай, 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөжээ.
3. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь уг газрыг эзэмших хүсэлтээ цахим системээр дамжуулж, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нь “Газрын кадастрын мэдээллийн систем”-д шүүхээс хийсэн үзлэг, системийн “Өргөдлийн бүртгэл”-ийн холбогдох хэсгээр тус тус тогтоогдож байна.
4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах;” гэж заасан.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1-01/1471 дугаартай албан бичгээс үзэхэд, газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч д дээрх газрыг эзэмшүүлэх эсэхийг хүсэлт гаргасан тухайн үед шийдвэрлээгүй байх ба нэхэмжлэгчээс уг асуудлаар Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвд гаргасан гэх гомдлыг Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Цэнгэл сумын Засаг даргад /Б.А/ шилжүүлснээр хариуцагчаас 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/305 дугаартай албан бичгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан хариу өгсөн бөгөөд уг албан бичиг нь “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох;” гэж заасны дагуу тухайн жилд хэрэгжээгүй учир захирамж гаргах боломжгүй.” гэх агуулгатай байна.
5. Хариуцагч Цэнгэл сумын Засаг даргаас нэхэмжлэгч д газар эзэмшүүлэхээс татгалзсан үндэслэлээ шүүхэд “...гийн хүсэлт гаргасан газрыг Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр А/120 дугаар захирамжаар иргэн Б.Ж эзэмшсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд тухайн газарт С.Б, А.Д нар байшин, хашаа барьж бодитоор ашиглаж байсан нөхцөл байдал тогтоогдсон тул газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй, газрыг албадан чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.“ гэж тайлбарласан.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг маргаанд хамааралтай дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
6.1. Газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдээс 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Ж, К.А нарт Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс тус тус 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь сумын Засаг даргын 2020 оны А/120 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар,
6.2. Дээрх шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдээс иргэн Б.Жт 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь, газрын байршлыг кадастрын зургаар тодорхойлж, “Газрын кадастрын мэдээллийн систем”-д оруулж бүртгэсэн нь 0000189838 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн Б.Жтой байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр,
6.3. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/120 дугаартай захирамжаар иргэн К.Ад эзэмшүүлсэн газрын нэгж талбарын хувийн хэргийг үүсгээгүй нь, уг шийдвэрийн дагуу газрын даамлаас К.Ад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, гэрээ байгуулаагүй нь, газрын байршлыг кадастрын зураг үйлдэж тогтоогоогүй нь, уг газрын мэдээлэл нь “Газрын кадастрын мэдээллийн систем”-д бүртгэгдээгүй нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/211 дугаартай албан бичиг, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/73 дугаартай албан бичиг, тус сумын газрын даамал Б.Бийн мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр,
6.4. Дээрх байдлаар иргэн К.Ад Цэнгэл сумын 9 дүгээр багаас эзэмшүүлсэн гэх 700 м2 газрын байршил нь тодорхойгүй байх ба нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан 700 м2 газар болон иргэн Б.Жт Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны А/120 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 700 м2 газар нь хоорондоо давхцаагүй, Б.Жын эзэмших эрхтэй газар нь маргаан бүхий газрын урд талд залгаа байршилтай болох нь шүүхээс хийсэн үзлэг, дээрх газруудын кадастрын зураг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/211 дугаартай албан бичгээр ирүүлсэн газрын байршлын схем зургаар,.
6.5. Мөн нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан 700 м2 газрын байршлын урд хэсгийн 158 м2 газарт гуравдагч этгээд С.Бы барьсан өвлийн байшин, мөн хашааны зарим хэсэг, хойд хэсгийн 244 м2 газарт гуравдагч этгээд А.Ды татсан хашаа байршилтай нь, үлдсэн 180 м2 газар нь сул чөлөөтэй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тус тус тогтоогдсон.
7. Маргаан бүхий газарт дээрх байдлаар үл хөдлөх хөрөнгө барьсан үндэслэлээ гуравдагч этгээд С.Баас “...иргэн С.Бээс түүний Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/120 дугаар захирамжаар газар эзэмшигч К.Ааас худалдаж авсан, газрын зарим хэсэгт хашаа татагдаж, жорлон байршуулсан 700 м2 газрыг нь 2024 оны 8 сард би худалдан авч, газрын уг байршилд 2025 оноос 160 000 000 төгрөг зарцуулж, гүнийн худаг гаргаж, хашаа,, зуны байшин, машины гарааш, өвлийн байшин барьж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж байгаа, К.Аы тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг надад шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гараагүй, эрх бүхий этгээдэд хүсэлтээ гаргасан боловч Цэнгэл сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй, уг төлөвлөгөө батлагдсаны дараа уг газрыг шилжүүлэн эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө гэх хариуг өгсөн.” гэж, гуравдагч этгээд А.Даас “...уг газрыг иргэн н.Айбекээс түүний эхнэр Б.Жын эзэмшдэг газрыг 2023 оны 9 дүгээр сард худалдаж авч, газрын байршлыг газрын даамал зааж өгснөөр 2024 оны 06 дугаар сараас байшин барьж эхэлсэн. Уг газрыг эзэмших хүсэлт гаргасан боловч газрын даамлаас газрын байршил зөрсөн, уг асуудлыг зохицуулж газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгнө гэж хэлсэн.” гэх тайлбаруудыг гаргасан.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий газарт одоогоор гуравдагч этгээд С.Б, А.Д нарын үл хөдлөх хөрөнгө оршдог талаар, мөн газрын тус байршилд дээрх иргэд амьдардаг үйл баримттай маргаагүй ба “..гийн хүсэлт гаргасан газар нь С.Б, А.Д нарын үл хөдлөх хөрөнгө барьсан газар гэдгийг мэдээгүй, уг газрыг гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн шийдвэр гараагүй, уг газар сул байх үед хүсэлт гаргасан тул эзэмших эрхтэй.” гэж тайлбарлан маргасан.
9. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.1.сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах; 23.4.2.эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах; 23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх; 23.4.4.газрын мэдээллийн санг эрхлэх;” гэж заасан ба гэрч Цэнгэл сумын газрын даамал С.Бээс шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус газар нь сул чөлөөтэй гэж орсон. Бодит байдалд уг газар нь сул чөлөөтэй газар биш, С.Б гэдэг хүний байшин барьсан газар нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/120 дугаар захирамжийн хавсралтаар К.Ад эзэмшүүлсэн газар байна. А.Ды хашаа татсан газар нь Б.Жоос авсан гэж сонссон. Гэхдээ аль алинд нь газар шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гараагүй. Уг газрууд нь мэдээллийн санд ороогүй, кадастрын зураг үйлдэгдээгүй газар байсан мөн уг газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах үед системийн алдаа гарсан гэж ойлгож байгаа. Уг нь уг газар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдах ёсгүй байсан, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сул чөлөөтэй газар мэтээр тусгагдсанаас болоод маргаан үүсэж байгаа. Намайг ажилд орох үед гийн эзэмшихийг хүссэн, одоо байшин, хашаанууд байрлаж буй газарт шонгийн мод босгосон, хашаа татсан байдалтай байсан.” гэж тайлбарлажээ.
10. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, Цэнгэл сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн газраас нэхэмжлэгч нь тухайн ондоо газар эзэмших хүсэлт гаргасан байх боловч газрын уг байршилд дээрх байдлаар гуравдагч этгээд С.Б, А.Д нар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар байшин барьж, хашаа татсан буюу маргаан бүхий газрын 158 м2 газарт С.Бы, 244 м2 газарт А.Ды үл хөдлөх хөрөнгө оршдог, уг иргэд тус газарт амьдардаг үйл баримт тогтоогдсон.
11. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;” ойлгох бөгөөд гуравдагч этгээд С.Б, А.Д нар нь тухайн байршлаас тус тус 700 м2 газрыг иргэн С.Б/ К.Аы эзэмшил газар гэх/, Б.Ж нараас худалдаж авч, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж байгаа гэх боловч Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны А/120 дугаартай захирамжаар газар эзэмшдэг гэх Б.Ж, К.А нарын газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар шилжүүлж аваагүй нь тогтоогдсон. Иймд гуравдагч этгээд нарт эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаагүй байхад газар ашигласан нь хууль бус буюу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй байна.
11.1. Гэвч үл хөдлөх хөрөнгө нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгө бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; 4.1.7.газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх.” гэж, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан тул бусдын үл хөдлөх хөрөнгө орших газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Тодруулбал, тухайн байршлаас гуравдагч этгээд С.Б, А.Д нарт газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй боловч Цэнгэл сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдын үл хөдлөх хөрөнгө орших, сул чөлөөтэй биш газрыг эзэмшүүлэхээр төлөвлөсөн захиргааны байгууллагын үйл ажиллагаа буруу бөгөөд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан журмаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхтэй ч түүний хүсэлт гаргасан 700 м2 газрын 402 м2 талбай бүхий хэсэг нь /158 м2 +244 м2/ бусдын үл хөдлөх хөрөнгө барьж, ашиглаж байгаа газартай давхацсан байна.
Нэхэмжлэгч Газрын тухай хуульд зааснаар өөр байршил бүхий газраас газар эзэмших боломжтой байхад бусдын үл хөдлөх хөрөнгө орших газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх нь Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; 4.1.7-т заасан газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх.” зарчим зөрчигдөж, гуравдагч этгээд С.Б, А.Д нарын эд хөрөнгө эзэмшиж, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж заасан.
13. Гуравдагч этгээд С.Бд маргаан бүхий газрын 158 м2, А.Дд 244 м2 газрыг тус тус эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй.”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” гэж зааснаар Цэнгэл сумын Засаг даргаас С.Б, А.Д нарт газар чөлөөлөх мэдэгдэл өгөх үүрэгтэй гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй боловч нэхэмжлэгч д маргаан бүхий газрыг эзэмших эрх хуульд зааснаар үүсээгүй буюу тухайн газрын эзэмшигч биш тул газрыг чөлөөлөх асуудлаар маргах эрхгүй гэж үзлээ.
14. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/305 дугаартай д газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу газар эзэмших эрх олгохыг даалгах, хүсэлт гаргасан газрын байршилд зөвшөөрөлгүйгээр барьсан С.Бы 158 м2 байшин, А.Ды 244 м2 газарт татсан хашааг албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа Цэнгэл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч гийн тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/305 дугаартай д газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу газар эзэмших эрх олгохыг даалгах, гийн газар эзэмших хүсэлт гаргасан газрын байршилд зөвшөөрөлгүйгээр барьсан С.Бы 158 м2 байшин, А.Ды 244 м2 газарт татсан хашааг албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа Цэнгэл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА