Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ханбүргэд

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгч Х.Ц- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Ц-т холбогдох эрүүгийн 1838002030117 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х.Ц-,

Шүүгдэгч Х.Ц- нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Хавчуу гэх газар иргэн Ч.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Ц- нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Хавчуу гэх газар иргэн Ч.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Түнэл сумын 3 дугаар багийн Хавчуу гэх газарт Баттулгын гэрт байж байсан чинь зүс таних Х.Ц-, Баагий 2 орж ирээд надаас архи байна уу гээд байхаар нь би ах нь айлын гэр харж байна. Надад өөрийн гэсэн мэдэл байдаггүй юм гээд хэлсэн чинь гараад явсан. Удалгүй буцаад хоёулаа гэрт орж ирээд намайг орны хажууд Х.Ц- намайг толгойгоороо миний толгой руу мөргөөд би орон дээр унасан. Миний хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

            Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Түнэл сумын 3 дугаар баг Хавчуу гэх газарт манай гэрт Х.Ц- ах портер машинтай бага зэргийн архи хэрэглэсэн ирсэн. Надад доод хэнийх юм гэхээр нь Ч.Г- ах мэдээд байдаг юм гэсэн чинь за хамт очъё гээд Ч.Г- ахынд ирсэн. Бид 2 мэнд мэдээд танайд архи байна уу гэсэн чинь Ч.Г- ах архи байхгүй гэхээр нь бид 2  гэрээс гарч ирээд Ч.Г- ахыг за ах сайхан амраарай гээд Х.Ц- ах гар барих гэтэл Ч.Г- ах гараараа Х.Ц-ын хацар луу нэг удаа цохисон. Тэгтэл Х.Ц- ах пизда минь яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлсэн чинь. Ч.Г- ах гэртээ яваад орсон. Араас нь Х.Ц- ах бид 2 гэрт орсон чинь Ч.Г- ах галын хайч барьж аваад Х.Ц- ахыг хамар дээр нь цохисон. Тэгтэл Х.Ц- ах уурлаад Ч.Г- ахыг толгойгоороо мөргөөд орон дээр унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

            Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 147 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-12-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Х.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Х.Ц- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1838002030117 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Ц-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ