Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/01993

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/01993

 

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 182/ШШ2019/01691 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох

 

Хөдөлмөрийн контрактыг цуцалсны дагуу хоёр сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, Б.Мөнгөнсүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би К ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн контракт байгуулж Төв салбарын захирлаар томилогдон ажилласан. Хөдөлмөрийн контрактын хугацаа 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дуусч цаашид сунгах эсэхийг дүгнэх байсан боловч Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/96 дугаар тушаалаар К ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарч мөн өдрийн А/97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн зүгээс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нийт ажилчдад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Харин хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчдад тэтгэмж олгохгүй гэж мэдэгдсэнийг эсэргүүцэж ажилчдын төлөөлөл 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус асуудал болон холбогдох бусад хөдөлмөрийн маргаантай асуудлаар Банкны эрх хүлээн авагчид албан шаардлага хүргүүлсэн боловч эрх хүлээн авагч нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр албан шаардлагад хариу ирүүлэхдээ Хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчдад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилчдын адил нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т заасныг тус тус заасныг зөрчиж байна. Иймд хариуцагчаас хөдөлмөрийн контрактыг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр цуцалсны дагуу 2 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 2 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монголбанкнаас К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч томилсноор тус банкны хувьцаа эзэмшигчийн эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн гэж үзэхгүй, мөн хувьцаа эзэмшигчийн эрх дуусгавар болсон гэж үзэхгүй. Банкны эрх хүлээн авагч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нийт ажилчдад гардуулан өгч, мэдэгдэл хүлээн авснаас хойш 45 хоногийн хугацаанд урьд авч байсан цалин, нэмэгдлийг хэвээр олгож, 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. К ХХК-ийн өмчлөх эрх бусад этгээдэд бүрмөсөн шилжээгүй тул хөдөлмөрийн контрактын гэрээг байгуулсан ажилтанд 3 cap, түүнээс дээш хугацааны тэтгэмж олгох үндэслэлгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн контрактын гэрээ дуусгавар болсон, цуцалсан тохиолдолд тэтгэмж олгох тухай асуудал тусгагдаагүй болно. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээн авах болсон тухай нийтэд мэдээлж, нэхэмжлэлийг хүлээн авсан. Нэхэмжлэгч энэ хугацаанд Банкны эрх хүлээн авагчид ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй болно. Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт зааснаар тус хуулийн 71.1-д заасан хугацаанд нэхэмжлэлээ ирүүлээгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд Банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангах төлбөрийн дарааллыг заасан. Тус дарааллын 6 дугаарт банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлсийг олгохоор заасан тул Кны эрх бүхий албан тушаалтанд төлбөр олгох үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53 350 төгрөгийг гаргуулж Б.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Ажил олгогч өмчлөх эрхээ бусдад бүрмөсөн шилжүүлэх нь тухайн ажил олгогчийн хүсэл зоригоос хамаарсан иргэний эрх зүйн гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдад худалдах, бэлэглэх мэтээр, мөн хувьчлах зэрэг аргаар хуульд заасан журмын дагуу хэрэгждэг бөгөөд уг ойлголтод К ХХК-ийг татан буулгаж байгаа асуудал хамаарахгүй. Банкны эрх хүлээн авагчид К ХХК-ийн өмчлөгч буюу хувьцаа эзэмшигчийн эрх шилжээгүй.

Банкны эрх бүхий хүлээн авагч Контрактын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид контрактын гэрээг цуцлах тухай 45 хоногийн өмнө мэдэгдсэн, түүнчлэн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Банкны эрх хүлээн авагч нь контрактын гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамаарах ба энэ тохиолдолд 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин хөлсийг олгосон, контрактын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд контрактын гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмжийг ямар хэмжээтэй олгох эсэх, асуудлаар тохиролцоогүй, энэ талаар зохицуулаагүй тул хариуцагч Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан хөдөлмөрийн контрактыг цуцалсны дагуу хоёр сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 2 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

К ХХК, Б.Д- нар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр контрактын гэрээ байгуулж, 3 жилийн хугацаатай К ХХК-ийн төв салбарын захирлаар томилогдон ажилласнаар тэдгээрийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар контрактын гэрээний харилцаа үүсчээ. /хх 4-7/ Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар К ХХК-ийг албадан татан буулгаж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг томилсон байна. /хх18,19/ Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасны дагуу Б.Д-тэй байгуулсан контрактын гэрээг цуцалж, түүнд 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрээ цуцлах тухай тушаал зэрэг баримтаар нотлогдсон байна. /хх 13,52,53/ Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоожээ.

Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг ...контрактын гэрээ цуцлах журмыг зөрчсөн, ажил олгогч өмчлөх эрхээ бусдад бүрмөсөн шилжүүлсэн учир 3 сарын тэтгэмж авах эрхтэй... гэх үндэслэлээр зөрүү 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг гаргуулахаар шаардсан байна. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Учир нь ажил олгогч нь өмчлөх эрхээ бусдад бүр мөсөн шилжүүлэх нь тухайн ажил олгогчийн хүсэл зоригоос хамаарсан иргэний эрх зүйн гэрээ хэлцэл, хуульд заасан журмын дагуу хэрэгждэг онцлогтой. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар К ХХК-ийг албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагч томилж буй нь өмчлөх эрхийг бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлэх үндэслэлд хамаарахгүй. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар банкны эрх хүлээн авагч нь банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос төлбөрийг барагдуулж, үлдэх хөрөнгийг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн эрхийн дагуу хуваарилах эрх бүхий этгээд юм.

Түүнчлэн К ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээнд ажил олгогчийн санаачилгаар болон ажил олгогч татан буугдсан үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмж олгох эсэх, ямар хэмжээтэй байх талаар тохиролцоогүй, энэ талаар зохицуулсан хамтын гэрээгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэл бий болоогүй тул хариуцагч нь нэхэмжлэгчид контрактын гэрээг цуцлах тухайгаа 2 сараас дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэггүйн гадна тэтгэмж олгох эрхгүй тул нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Б.Д-гийн хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан контрактын гэрээг цуцалсны тэтгэмжийн зөрүү 2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01691 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох Хөдөлмөрийн контрактын цуцалсны хоёр сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 2 400 000 төгрөг гаргуулах тухай Б.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД