Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгч Г.Э-ыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 1838002180169 тоот хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Э-,

Шүүгдэгч Г.Э- нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Ардчилсан намын байрнаас Ш.И-гийн эзэмшлийн иж бүрэн зөөврийн компьютер 2.6000.000 төгрөг, цүнх 30.000 төгрөг, чихэвч 25.000 төгрөг хулгайлж нийт 2.655.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ Шүүгдэгч Г.Э- нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Ардчилсан намын байрнаас Ш.И-ийн эзэмшлийн иж бүрэн зөөврийн компьютер 2.6000.000 төгрөг, цүнх 30.000 төгрөг, чихэвч 25.000 төгрөг хулгайлж нийт 2.655.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч Ш.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Ардчилсан намын байранд байх манай ажлын өрөөнөөс миний өөрийн эзэмшлийн зөөврийн компьютер, чихэвч, маус, өөрийнх нь хар цүнтэй, тогны залгууртайгаа алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16-р тал/,

Гэрч Э.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Мөрөн сумын 8 дугаар багт байрлах намын байранд намын дарга Ш-н өрөөнд өнөөдөр 10 цагаас 13 цагийн хооронд даргын нөүтбүүк алдагдсан байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өнөөдөр даргын өрөөнөөс материал авах болчихоод би ганцаараа 10 цагийн үед орсон. Орж өрөөнд нь материал хайчихаад буцаад гарахдаа хаалгыг нь түгжихээ мартаад гарсан байсан. Би намын байрнаас гараад төв Хаан банк орж байж байгаад саяхан 13 цагийн үед буцаж ирсэн. Өнөөдөр даргын өрөөг цэвэрлэхэд нөүтбүүк байгаагүй гэсэн. Тэгэхээр хэдэн цагт байхгүй болсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18- 19-р тал/,

 Гэрч П.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнөө өглөө 10 цаг 15 минутын үед ажил дээрээ ирээд даргын өрөө рүү шагайхад ширээн дээр нь нөүтбүүк харагдсан. Өрөө нь онгорхой байхаар нь даргыг ирсэн байна гэж бодоод өрөөг нь шагайхад ирээгүй байсан. Өдөр 12 цаг 30 минутын үед би Мөрөн сумын байранд явж байхад Улам-Өсөх тааралдаад та даргын өрөөний нөүтбүүкийш харсан гэж асуухаар нь би өглөө харахад байсандаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8-р тал/, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 29-р тал/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Г.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 60-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчээс 2.655.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.И- олгох нь зүйтэй байна. Хэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа багийн засаг даргын тодорхойлолтоор эмзэг бүлгийн, бага насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эх зэргийг харгалзан үзлээ. Эрүүгийн 1838002180169 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Э-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын ажлын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-аас 2.655.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.И- олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ