| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412001610245 |
| Дугаар | 2025/ДШМ/03 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/03
2025/ДШМ/03
Ө.Хад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Ө.Х
Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ө.Хад холбогдох 2412001610245 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 200 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, 2 ах, 2 эгчийн хамт А аймгийн Э сумын 3 дугаар баг, Ц хорооллын 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г овогт Өын Х/РД:АД0000000000/
Шүүгдэгч Ө.Х нь 2024 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 0 дугаар багийн А 0-0 тоотод байх хохирогч Ц.Пын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эмээлийн мөнгөн баавар-2 ширхэг, мөнгөний гахайнд байсан 46.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Пд 1.246.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Ө.Хад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Г овогт Өын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ө.Хыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хад оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч Ө.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.Хад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо ... А аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоолоор А аймгийн Ө сумын харъяат, А аймгийн Э сумын 0 дугаар баг, Ц хорооллын 0-0 тоотод оршин суух Ө.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч хулгай хийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь: яллагдагчаар татсан тогтоолыг түүнд танилцуулж яллагдагчаар мэдүүлэг авахад шүүгдэгч Ө.Х нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч хэргийн зүйчлэл гэм бурууг маргахгүй гэж мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон гэж үзэж гэм буруутай тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Ө.Хын өөрийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хохирогч гэрч нар Ө.Хыг хулгай хийсэн талаар огт мэдүүлээгүй тул түүнийг зөвхөн өөрийн мэдүүлгээр ялласан нь буруу болсон. Иймээс Ө.Хын эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулахаар гомдол гаргаж байна. Шүүх хуралд биечлэн оролцох болно ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан зүйлчлэл нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авахыг хэлнэ. Энэ гэмт хэргийн халдлага нь тухай иргэний өмчлөх эрхтэй холбоотой юм. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн өмчлөх эрхтэйг тусгайлан заасан байдаг. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан байгаа. Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх заалт нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэж тусгайлан заасан байгаа. Ө.Хын хувьд бусдын орон байранд нэвтэрсэн, орон сууцны цонхоор орсон нь гэрэл зургаар болон бусад нотлох баримтаар нотлогддог. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч захиран зарцуулснаар хулгайлах гэмт хэрэг болдог байгаа. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Ө.Хыг яллагдагчаар мэдүүлэг аваад, гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Ө.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг хэн ч нотлоогүй. Тухайн мэдүүлгийг үндэслэн шийдсэн байдаг. Хохирогч юу алга болсныг сайн мэддэггүй. Ө.Хыг гэж хэлдэггүй эмээлийн мөнгөн баавар, мөнгөний гахайнд байсан 46 000 төгрөг нийлээд 1.246.000 төгрөгийн хохирол учирсан гэдэг. Шинжээчийн дүгнэлт бол шинжилгээ л хийдэг нотолдоггүй. Ө.Хын гарын хээ гараагүй, гэрч нарын мэдүүлэгт Ө.Хын талаар мэдүүлээгүй. Үнэлгээ тогтоогоод үнэлгээгээр нотлогдож байна гэж үзвэл үнэлгээ бол хохирлын хор уршгийг тооцоод ийм үнэтэй юм шүү гэж гаргаж байгаа зүйл юм. Ө.Хын яллагдагчийн мэдүүлэг дээр гэм буруугаа хүлээж байна гэсэн ганцхан үгнээс өөр ямар ч нотлох баримт байхгүй. Шүүх яллагдагчийн мэдүүлэг гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг бусад зүйлээр нотлогдож байна гэж үзэж байгаа боловч хохирогч ямар нэг байдлаар Ө.Х хулгай хийсэн гэж мэдүүлээгүй. Хохирогч юм аа хулгайд алдсан үйл явдлын талаар мэдүүлсэн байдаг. Тийм болохоор шүүгдэгч Ө.Хын яллагдагчаар авсан мэдүүлгийг үндэслэн шийдсэн. Хуульд болохоор яллагдагчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотолж яллана гэсэн байгаа. Тэгэхээр миний хувьд бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад ялласан нь буруу байна энэ нь эргэлзээтэй байна гэж үзэж байна. Тийм учраас Ө.Хыг цагаатгах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй байна. Хэрэв гэмт хэрэг гэж үзэх гээд байгаа юм бол завдалтын шинж чанар хэлбэрийн төдий зүйл байна гэж харж байна. Шүүх нэгэнт хянаж байгаа юм чинь тал бүрээс нь хянах байх. Ө.Х нь 19 настай хүүхэд байгаад байгаа. Хүүхэд наснаас хэзээ том хүн болдог юм бэ гээд шинжлэх ухаан талаасаа 21 настай болж байж том хүн болно гэж үздэг тайлбар байна. Би тал бүрээс хараад хянах байх гэж бодож байна. Шууд чиглэсэн өөр нотлох баримт байхгүй иймд цагаатгах байр суурин дээрээ байна ... гэв.
Шүүгдэгч Ө.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Байхгүй... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Шүүгдэгч Ө.Х нь 2024 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 0 дугаар багийн А 0-0 тоотод байх хохирогч Ц.Пын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эмээлийн мөнгөн баавар 2 ширхэг, мөнгөний гахайнд байсан 46.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Пд 1.246.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Ө.Хын хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс Ө.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ... Ө.Х нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч хэргийн зүйчлэл гэм бурууг маргахгүй гэж мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон гэж үзэж гэм буруутай тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Ө.Хын өөрийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хохирогч гэрч нар Ө.Хыг хулгай хийсэн талаар огт мэдүүлээгүй тул түүнийг зөвхөн өөрийн мэдүүлгээр ялласан нь буруу болсон. Иймээс Ө.Хын эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулахаар гомдол гаргаж байна ... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.
Мөн хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг тул хохирогч, гэрч нар шүүгдэгчийн хулгай хийсэн талаар мэдүүлэг өгсөн байхыг шаардахгүй, хэн нэгэн этгээд харсан байх боломжгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эд хөрөнгө өмчлөгчийн эзэмшлээс гарсан нөхцөл байдал тогтоогдсон, тухайн шүүгдэгчийн хувьд насанд хүрсэн, насанд хүрээгүй хүүхэдтэй адилтгаж үзэхээр сэтгэхүйтэй талаар эмнэлгийн дүгнэлт гараагүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байна.
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Ө.Х нь 60 хоног цагдан хоригдсон байх тул түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хын цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Т.ГАНЧИМЭГ