Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 110/ШШ2026/0075

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

      Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: С.Б,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газар,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Х.А нарын хоорондын  төрийн захиргааны албан хаагчид олгох  мөнгөн урамшуулалтай холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  С.Б  /цахим сүлжээгээр/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Айбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Айгерим нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1.Нэхэмжлэгч нь  Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газарт холбогдуулан “Төрийн албанд тасралтгүй ажилласны  нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 7680000 төгрөг гаргуулахыг даалгах” - аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч С.Бы гаргасан “төрийн албанд тасралтгүй ажилласны  нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай” хүсэлтэд  аймгийн Байгаль орчны газраас  “урамшуулал олгохгүй” гэж татгалзсан хариу өгсөн байна.

3.Уг шийдвэрийг эс  зөвшөөрч нэхэмжлэгч С.Баас гаргасан гомдолд Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 03/652 дугаар албан бичгээр “эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгснөөр 2026 оны 04 дүгээр  сарын   16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газарт Цэнгэл сум хариуцсан байгаль хамгаалагчаар тасралтгүй 5 жил ажилласан болно.

            Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын дагуу төрийн албанд тасралтгүй 5 жил ажилласан албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрхтэй. Мөн 2025 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар уг тэтгэмжийн зардлыг төсөвт тусган баталсан болно.

            Гэтэл хариуцагч байгууллага миний 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ажлаас халагдсан тушаалыг үндэслэж миний төрийн албанд тасралтгүй 5 жил ажилласан хөдөлмөрийг үнэлэхгүйгээр 5 жил ажилласны мөнгөн тэтгэмж төсөвт тусгагдсан мөртлөө надад олгохгүй байгаа юм.

Үүнтэй холбогдуулан миний бие Төрийн албаны зөвлөлд хандахад, тус зөвлөлөөс ирүүлсэн 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 03/652 дугаар албан бичигт “Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйл болон Засгийн газрын 83 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох эрх зүйн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг журамд албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаас хамаарч тэтгэмж олгохыг хориглосон зохицуулалт тусгагдаагүй болох”-ыг дурдсан байна.

Гэтэл хариуцагч байгууллага нь миний ажлаас чөлөөлөгдсөн шалтгааныг үндэслэн уг тэтгэмжийг олгохоос татгалзаж байгаа нь дээрх хууль, журам болон Төрийн албаны зөвлөлийн тайлбарт нийцэхгүй, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Засгийн газрын тогтоолд 5 жил тасралтгүй ажилласан тохиолдолд төрөөс 1 удаагийн буцалтгүй тэтгэмж олгох ба ажлаас халагдсан тохиолдолд тэтгэмж олгохгүй талаарх хориглосон заалт байгаагүй. Ажилласан 5 жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж тэтгэмж авах хүсэлт гаргасан

Иймд миний төрийн албанд тасралтгүй 5 жил ажилласны дагуу авах ёстой нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Төрийн албанд тасралтгүй 5 жил ажилласны нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 7,680,000 (долоон сая зургаан зуун наян мянга) төгрөгийг гаргуулахыг даалгаж өгнө үү” гэв.

5. Хариуцагч аймгийн Байгаль орчны газрын хариу тайлбар,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Айбек шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Цэнгэл сум хариуцсан байгаль хамгаалагч С.Б ажиллаж байх хугацаанд гэмт хэрэгт холбогдож, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/144 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болж ажлаас халагдсан.

Монгол Улсын төрийн албаны холбогдох хууль, журамд зааснаар хөдөө орон нутагт 5 ба түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан төрийн захиргааны албан хаагч урамшуулал авах эрхтэй байдаг. Гэхдээ энэ эрх нь сахилга, ёс зүйн болон хууль эрх зүйн шаардлагыг хангасан байх нөхцөлтэй. Хэрэв тухайн албан хаагч гэмт хэрэгт холбогдсон, эсвэл шүүхээр гэм буруутайд тооцогдсон, төрийн албаны нэр хүнд, ёс зүйн шаардлагыг зөрчсөн тохиолдолд урамшуулал олгох үндэслэл үгүй болно. Урамшуулал олгохдоо зөвхөн 5 жил ажилласан эсэхийг биш тухайн албан хаагчийн ёс зүй, хууль сахих байдал, төрийн албанд ажиллах шаардлага хангасан эсэхийг хамтад нь үнэлдэг. Зөвхөн 5 жил ажилласан хугацаа нь дангаараа урамшуулал авах үндэслэл болж чадахгүй.

Төрийн албаны тухай хуулийн гол агуулга нь төрийн албан хаагч нь хууль дээдлэх, ёс зүйг сахих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүрэгтэй. Иргэн С.Бахытжан гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдон ажлаас халагдсаныг төрийн албаны шаардлага зөрчсөнд тооцож, урамшуулал олгох хууль зүйн үндэслэл үгүй болсон гэж үзэж урамшуулал олгохоос татгалзсан болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн “Төрийн албанд тасралтгүй ажилласны  нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 7680000 төгрөг гаргуулахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч С.Б нь  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын  газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар төрийн захиргааны албан тушаал болох Цэнгэл сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Цэнгэл сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалаас  халагджээ.

Ингэхдээ нэхэмжлэгч С.Быг  Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь  хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/144 дүгээр  шийтгэх тогтоолыг үндэслэн  төрийн албанаас халсан болох нь хэргийн нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 3,4 дэх тал/  тогтоогдсон.

3. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 32-55 дах тал/ Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/144 дүгээр  шийтгэх тогтоолоор С.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг  бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байх ба тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ДШМ/37 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 894 дүгээр  тогтоолоор шүүгдэгч С.Б, И.Х нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  хэлэлцүүлэхээс татгалзсан болох нь   тус тус тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгчээс “Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй 5 жил  ажилласан байх шаардлагыг хангаж байгаа тул  ажлаас  халагдсан шалтгаанаас үл хамааран мөнгөн урамшуулал авах эрхтэй” гэж маргасан ба  ажлаас халах шийдвэр гарсан өдөр болох  2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр түүний  гаргасан  мөнгөн урамшуулал авах хүсэлтэд хариуцагчаас “Иргэн С.Б гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдон ажлаас халагдсаныг төрийн албаны шаардлага зөрчсөнд тооцож, урамшуулал олгох хууль зүйн үндэслэлгүй” гэж татгалзсан хариу өгсөн байна.

5.Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална”,  61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана: 61.1.1.албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж ,

Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам” -ын 1.1-т “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт  төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоход энэ журмыг баримтална”,  2.1-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна” гэж төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллын талаар тус тус зохицуулжээ.

Мөн төрийн албан хаагчийн эрх, үүрэг, баталгаа, хориглох зүйл, хүлээлгэх хариуцлагын талаар Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар  зүйлийн 3.1.2-т “"төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно: 22.1.3.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; 37.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх; 39.1.4.албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиг ашиглах,...”, 47 дугаар зүйлийн  47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: 47.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж тус тус хуульчилсан байна.

6. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.1,37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 51  дүгээр зүйлийн 51.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам” -ын 1.1 дэх заалтуудаас үзэхэд, уг мөнгөн урамшуулал нь төрийн албан хаагчийг орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллуулах зорилготой, ажиллах нөхцөл, баталгааг хангах агуулгатай, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажилласан төрийн албан хаагчийн хувьд эдлэх  нийтлэг баталгааны нэг юм.  

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглосон  заалтуудыг зөрчиж  гэмт хэрэг үйлдсэний  улмаас төрийн албанаас халагдсан байгаа энэ тохиолдолд төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах  үндэслэлгүй буюу урамшуулал авах эрх нь хязгаарлагдах үндэслэлтэй  гэж дүгнэлээ.

7.Түүнчлэн аймгийн Байгаль орчны газарт Цэнгэл сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд ажиллаж байсан С.Быг  “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг   үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно: 1.2.давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан” гэж зааснаар  2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Цэнгэл сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ажилласан нэхэмжлэгч  С.Быг  хариуцагч захиргааны байгууллагаас  2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар төрийн албанаас халсан, энэ хүртэлх хугацаанд  нэхэмжлэгч нь  төрийн захиргааны албан тушаалд 5 жил ажилласан болох нь тогтоогдож  байгаа.

Гэвч С.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр  хуулийн хүчин төгөлдөр болсноор төрийн албанаас халах үндэслэл бий болсон буюу төрийн захиргааны албан тушаалд  ажилласан байх  хугацаа нь тасалдаж, тасралтгүй 5 жил ажилласан байх  нөхцөлийг хангахгүй болсон гэж үзэхээр байна.

            8.Дээрх байдлаар нэхэмжлэгчийн  хувьд мөнгөн урамшуулал авах хуулийн урьдчилсан нөхцөл болох  төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй 5 жил  ажилласан байх  шаардлагыг хангаагүй, мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэний  улмаас төрийн албанаас халагдсан  байх тул мөнгөн урамшууллыг олгохоос  татгалзсан хариуцагчийн шийдвэр нь   Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3,  61 дүгээр зүйлийн 61.1  дэх заалтуудтай нийцсэн гэж үзээд нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 61 дүгээр зүйлийн 61.1  дэх хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Төрийн албанд тасралтгүй ажилласны  нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 7680000 төгрөг гаргуулахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ЕРКЕШ