Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02308

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02308

 

 

ХХХХ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02884 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 124 295 650 төгрөг, алданги 22 373 217 төгрөг, нийт 146 668 867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн ерөнхий захирал ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь ХХХХ ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Шангрилагийн авто зогсоолд газар шороо болон асфальт хучилт хийх ажлын гэрээ байгуулж, уг гэрээгээр 1м2-ийг 75 000 төгрөгөөр хийхээр болж нийт 10 хэсэг талбайн 2277.15м2 талбайн асфальт нь 11 см-н зузаантай, 1540 м2 талбайн асфальт 4,5 см-н зузаантай байхаар харилцан тохиролцож, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил эхэлснээр 2016 оны 6 дугаар сард ажлыг бүрэн дуусгасан. Нийт ажлын төлс 254 991 638 төгрөг болсон бөгөөд ажил эхэлсний дараа гэрээ хийхгүйгээр дахин нэг ажлыг нэмж даалгасан. Уг нэмсэн ажил нь манай компанид ямар ч ашиггүй байсан бөгөөд хариуцагч компаниас энэ ажлыг хийвэл урьдчилгаа төлбөрөө өгнө хэмээн тулгасан. Ажлын гүйцэтгэлийн явцад анх тохиролцсон асфальтаас илүү зузаанаар өөрчлөгдөн хийх болсон бөгөөд үнийн зөрүүг захиалагч тал өгнө гэж амаар зөвшөөрсөн тул бид ажлаа хийж дуусгасан. Нэхэмжлэгч талаас гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэхийн тулд ХХХХ ХХК, ХХХХ ХХК, ХХХХХ ХХК-иудаас 181 215 000 төгрөгийн асьфалт зээлээр худалдан авч улмаар гэрээнд заасан хуваарийн дагуу захиалагчийн ажлыг гүйцэтгэсэн. Захиалагч буюу хариуцагчаас төлбөл зохих төлбөрөөс нийт 169 289 173 төгрөгийг манай компанид цувуулан төлсөн. Манай компани нь ажилчдын цалин 30 856 000 төгрөг, материалын болон материалыг тээвэрлэсний зардалд 182 460 000 төгрөг, техник тоног төхөөрөмжийн түрээсэнд 59 161 000 төгрөг, талбайн ашиглалтын зардал 26 232 130 төгрөгийг нэгэнт зарцуулсан одоо бусдад нийт 130 000 000 гаруй төгрөгийн өртэй байгаа бөгөөд хариуцагчаас гэрээний үлдэгдэл мөнгөө авсны дараа энэ өрийг төлөхөөс өөр аргагүй байдалд хүрээд байна. Гэтэл худалдан авагч тал гэрээнд заасан ажлын гүйцэтгэлээ хүлээн авсан атлаа үлдэгдэл төлбөр төлөхгүй тооцоо нийлсэн акт үйлдэхгүй гэрээ болон хуулинд заасан захиалагч талын үүргээ биелүүлэхээс удаа дараа татгалзаж бидэнд хийсэн ажлын хөлсөө төлж барагдуулахгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.5 дахь хэсэгт захиалагч нь төлбөрийг хугацаа хожимдуулж хийсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг худалдагч талд төлнө гэж зааснаар захиалагчийн төлөх алданги хуульд заасан хэмжээгээр буюу 0,2 хувийн алданги бодохоор 1 хоногт 248 591 3 төгрөг, нийт 90 хоногт нийт 22 373 217 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхыг үндэслэн нэхэмжилсэн болно. Иймд ХХХ ХХК-иас ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 124 295 650 төгрөг, алданги 22 373 217 төгрөг, нийт 146 668 867 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ ХХК-ийн гүйцэтгэх захирал ХХХ шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани өмнө нь Шангрила зочид буудал болон Шангрила моллын газар шорооны ерөнхий ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай компани нь ХХХХ ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр сонгосон ба хэд хэдэн удаагийн уулзалтаар гэрээний нөхцлүүдийг тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Шангриа авто зогсоолд газар шороо болон Асфальт хучилт хийж ажлын гэрээ-г байгуулан 2015 оны 10 дугаар сараас эхлэн ажиллуулах болсон. Гэрээний дагуу ХХХХ ХХК нь өөрийн инженер ажилчид, техник, багаж хэрэгсэл, материалаар чанарын доголдолгүй, стандартад нийцсэн ажлыг биечлэн хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгч нь тэрхүү үүргээ хангалтгүй биелүүлэн чанарын асар олон доголдолтой ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн чанарын доголдолтой ажлыг Ерөнхий захиалагч нь хүлээн авахаас татгалзсан бөгөөд доголдлыг ХХХХ ХХК-иар арилгуулах шаардлагыг манай компанид тавсан бөгөөд хэрэв ХХХХ ХХК нь тус доголдлыг арилгахаас татгалзсан тохиолдолд гэрээгээ цуцалж шинэ туслан гүйцэтгэгч авах шаардлагыг хүргүүлсэн. Ерөнхий захиалагчиийн зүгээс тавьсан шаардлагыг ХХХХ ХХК-ийн захирал ХХХХХд хэлэхэд өөрсдөө чанарын доголдолтой, стандартад нийцээгүй ажил хийснээ хүлээн зөвшөөрч, 2016 оны 4 дүгээр сарын эхээр доголдолтой хийгдсэн зогсоолын хэсгүүдийн асфальтыг хуулж, дахин асфальт дэвсэх ажлыг ерөнхий захиалагчаас өгсөн ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн. Гэвч дээрх дахин гүйцэтгэсэн ажил нь мөн л чанарын доголдолтой болсон байсан тул 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дахин асфальт дэвсэх ажил хийгдсэн. 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эцсийн байдлаар ажил дууссан ч түүнээс хойш  ZONE  6, 7 дугаар хэсгүүдэд мөн л доголдол илрээд байгаа тул ерөнхий захиалагчаас манай компани доголдолыг арилгуулах шаардлагыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хүргүүлсээр байна. 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар дуусах хүртэлх хугацаанд хийсэн ажлын явцад ХХХХ ХХК нь ажил гүйцэтгэхтэй холбоотой бүхий л зардлыг хариуцахаар байсан ч энэхүү үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэлдээ гэрээгээр нийт 10 хэсэг талбай дээр нийт 2277.145 мкв талбайн асьфалт нь 11 см зузаантай, 1540 мкв талбайн асьфалт нь 4,5 см зузаантай бөгөөд нийт 254 991 638 төгрөг болно гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь гэрээнд нийт ажил гүйцэтгэх талбайн хэмжээ заагдаагүй бөгөөд ХХХХ ХХК нь нийт 2200 мкв талбайд л ажил гүйцэтгэсэн. Үүнээс гадна нэхэмжлэлд бичигдсэн тооцоо нь алдаатай, ойлгомжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Манай компанийн зүгээс ХХХХ ХХК-д төлсөн зардал болон илүү өгсөн мөнгө нь эсрэгээрээ ХХХХ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс илүү гарч байгаа бөгөөд ХХХХ ХХК-иас тодорхой хэмжээний авлагатай байгаагаа ч удаа дараа мэдэгдлээр хүргүүлэн төлөх шаардлагыг тавьсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн 2016 оны 5 дугаар сард нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн дахин ажилд ZONE 6,7 дугаар хэсгүүд дээр илэрсэн доголдлыг арилгах арга хэмжээг авахуулахаар манай компаниас нэхэмжлэгчтэй удаа дараа холбогдсон ч өнөөдрийг хүртэл доголдлыг арилгаагүй болно. Иймд, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХ ХХК-иас 14 276 025 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 132 392 842 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 892 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 229 330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн ерөнхий захирал ХХХХХ давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нь шийдвэртээ хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэмж хийсэн 1540 мкв ажил нь гүйцэтгэсэн ажлын доголдол байна гэж маргасан. Доголдол гаргасан болохыг нотолсон үйл баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Талууд гэрээний шинж, агуулга, гэрээнд хүсэл сонирхлоо илэрхийлсэн байдал буюу гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 169 289 173 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, харин гүйцэтгэсэн ажлын талбайн хэмжээг нэхэмжлэгч 3817,15 мкв гэж, хариуцагч 2200 мкв гэж тус тус маргасан. Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр захиалагчийн даалгаврын дагуу Шангрила авто зогсоолын газар шорооны болон асфальт хучилт хийх ажлыг хийж гүйцэтгэхээр Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажил дээр дахин нэмж ажил даалгасан талаар гэрээгээр биш амаар харилцан тохиролцсон ба уг ажлыг хийж гүйцэтгэсэн гэж маргасан. Талуудын хооронд ажлыг нэмж хийж гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан нь Иргэний хуульд заасан гэрээний хэлбэрийг зөрчөөгүй бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хэлцэл хийгдсэнд тооцохоор заасан тул уг гэрээ нь хүчин төгөлдөр болно. Ажил гүйцэтгэх гэрээний 4.4-д Захиалагчийн эрх, үүрэгт гүйцэтгэгчийн хийж буй ажилд хяналт тавих эрхтэй гэж зааснаар гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх бүхий л хугацаанд хариуцагч тал өөрөө талбайд гардан ажиллаж, нэхэмжлэгч тал нь захиалагчийн даалгавраар ажиллаж ирсэн ба энэ талаар нэхэмжлэгч тал нь талуудын хооронд мэйлээр харилцаж байсан хийсэн ажлын тооцоо, зэрэг нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласнаар нотлогддог.

Хариуцагч буюу захиалагч тал нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний 3.4-т ажлын хөлсийг ажил дуусан, захиалагч тал чанарын хяналт шалгалт хийсний дараа ямарваа нэгэн зөрчилгүй байх тохиолдолд ерөнхий захиалагчаас төлбөр захиалагчийн дансанд орж ирснээс хойш 3 хоногийн дотор өгнө гэж заасны дагуу захиалагч буюу хариуцагч нь дахин ажил хийлгэсэн ч төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байдаг. Хариуцагч тал Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.2, 2.1, 5.3-д заасныг зөрчин, захиалагч нь гэрээнд заасан ажлын гүйцэтгэлээ хүлээн авхгүй, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, тооцоо нийлсэн акт үйлдэхгүй гэрээ болон хуулинд заасан захиалагч талын үүргээ биелүүлэхээс удаа дараа татгалзсан байгааг шүүх харгалзан үзээгүй. Нэхэмжлэгч талаас хамтын гэрээний дагуу буруутай зүйл байвал манай талын төлөөллийг байлцуулж дүгнэлт гарган, буруугаа залруулах талаар санал гаргасан ч манай талыг байлцуулаагүй. Уг гэрээний 6.5-д зааснаар захиалагчийн төлөх алданги хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх бөгөөд манай зүгээс алдангид нийт 22 373 217 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцсэн. Иймд дээрх үндэслэлийг бүх талаас нь хянан хэлэлцэж хэрэгт цугларсан нотлох баримтанд бодитой дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ ХХК нь хариуцагч ХХХХ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 124 295 650 төгрөг, алданги 22 373 217 төгрөг, нийт 146 668 867 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас өөр шинэ ажил хийж гүйцэтгээгүй гэсэн тайлбар гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Шангриллагын авто зогсоолд газар шороо болон асфальт хучилт хийх ажлын гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу захиалагч буюу хариуцагч ХХХ ХХК нь гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ХХХХ ХХК-д ажлын хөлсөнд 169 460 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 6-7 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэргийн 6-7 дугаар талд талуудын хооронд хийгдсэн гэрээ авагдсан байх ба уг гэрээнд хийж гүйцэтгэх ажлын талбайн хэмжээг тодорхой заагаагүй, хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээн дээр талууд маргаж, нэхэмжлэгч тал 3817,15 мкв талбайд, хариуцагч тал 2200 мкв талбайд ажил хийсэн гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр шүүх шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Шангриллагын авто зогсоолын ажлын талбайн хэмжээг 2418,5 мкв гэж тогтоосон байх бөгөөд уг хэмжээгээр анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын хэмжээг тооцож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч ХХХХ ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа ...анх тохиролцсон хэмжээний асфальтаас илүү зузаан асфальтаар ажлыг хийж гүйцэтгэх болсон бөгөөд үнийн зөрүүг захиалагч тал төлнө гэж амаар тохиролцсон гэсэн үндэслэл зааж тайлбарласан байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан бөгөөд гэрээ байгуулсны дараа нэмэлт ажил хийх шаардлага гарсан, анх тохирсон үнээс их хэмжээний зардал гарахаар болсон, уг нөхцөл байдлыг захиалагч талтай тохиролцсон талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино гэж заасан бөгөөд зохигчид анх байгуулсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж, нэмэлт ажил хийхээр тохиролцсон бол тухайн нэмэлт гэрээ нь үндсэн гэрээтэй хэлбэрийн шаардлагын хувьд адил байх ёстой. Талууд хуульд заасан хэлбэрээр гэрээнд өөрчлөлт оруулсан, нэмэлт ажил хийсэн гэх үйл баримт нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар захиалагч нь хүлээн авсан ажлын хөлсийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч ХХХХ ХХК нь дутуу төлсөн ажлын хөлсийг хариуцагч ХХХ ХХК-иас шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.5-д төлбөрийг хугацаанд төлөөгүй 7 ба түүнээс дээш хоног хэтрүүлсэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлөх-өөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч байгууллагад гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр тооцож хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэнг буруу гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх захиалагч буюу хариуцагч ХХХ ХХК-иас гэрээний үүргийн дагуу төлөх дутуу төлсөн ажлын хөлсийг алдангийн хамт /үлдэгдэл ажлын хөлс 12 098 327 төгрөг, алданги 2 177 698 төгрөг, нийт 14 276 025 төгрөг/ гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02884 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 819 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО