Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 308

 

 

 

 

 

                        

                                                

 

 

 

                                          

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Б.Баярхүү /томилолтоор/,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн 1710 0105 90283 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ын оффисийн байранд тус компаны Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 12 айлын орон сууцны барилгын төмөр хашлагийг хийж өгнө гэж гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.000.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч М.Э-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би 01-03 насны 2 хүүхэдтэй. Манай нөхөр гагнуурын ажил хийдэг. Бид хоёрт албан ёсны баталгаа байхгүй. Бид хоёр 2013 оноос хойш хамт амьдарч байгаа. Би “И” ХХК-ийн захирлын ажлаа хийж байгаа. Манай компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Би сарын 1.500.000 төгрөгийн орлоготой.

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. Тухайн үед төмөр авчрах хугацаа болон төмрийн чанарын асуудал дээр маргаан үүссэн учир би гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй. Энгийн төмрүүдийг хотоос, зузаан төмрүүдийг урдаас захиалгаар авдаг. Манай үнэ хямд байгаа гэдгийг хэлж байсан. Төмрийн асуудлаас болж маргаан үүсэхэд хохирогч бөөнөөр нь мөнгөө авна гэсэн. Гэтэл би мөнгийг нь үрсэн байсан болохоор бөөнөөр нь өгч чадаагүй. Би барьцаа мөнгөний 60 хувь буюу 4.000.000 гаруй төгрөгийг төмрийн захиалганд өгсөн байсан. Би тухайн үед хохирогчтой биечлэн уулзаагүй нь миний буруу. Би хохирогчоос уучлалт гуйж, хохирогчид хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан. Гэрээ хийсэн бол үүрэг, хариуцлагаа хүлээх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Би гэм буруугаа ойлгож, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 17100 1059 0283 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч А.Х-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Мишээл Экспо төвийн баруун талд байрлах Б ХХК-д гүйцэтгэх захирльн ажил хийдэг. Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууц барьж байгаа. Тэгээд барилгын дээврийн төмөр хашлагийг шинээр хийлгэхээр “Монголын барилгачдын групп”-ийн facebook хаягаар зар байрлуулсаны дагуу 2017 оны 09 дүгээр сарын эхээр 90393973 дугаараас эрэгтэй хүн “би зарын дагуу ярьж байна” гээд манай барьж байгаа барилга дээр ирж надтай уулзсан. Тэр үед нэг залуу, өөр бас нэг Э гэдэг эмэгтэйгийн хамт ирээд “тухайн ажлыг хийж болно урьдчилгаа 6.0 сая төгрөг өгчих” гэхээр нь “манай компани тийм их хэмжээгээр өгч чадахгүй, дээрээс нь та нар хувь хүмүүс юм биш үү, манайх найдвартай компаниар энэ ажлыг хийлгүүлэх хэрэгтэй байна” гэсэн.

Гэтэл маргааш нь нөгөө 2 хүн ирээд “манайх барилгын засварын компани байгуулсан” гээд “И” ХХК гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ авчирч үзүүлэхээр нь би уг ажлыг хийхийг зөвшөөрөөд, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн компанийн оффис дээр ирээд Э гэдэг хүнтэй ажлыг нийт хөлс 16 сая 800 мянган төгрөгөөр хийлгүүлэхээр гэрээг байгуулж, урьдчилгаа 6.000.000 төгрөгийг өгч,  төмөр хашлага хийх ажлыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Тэгээд тэдний компаний 1415115052 дугаартай Голомт банкны данс руу өөрийн компаний данснаас 6.0 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд ажил маргаашнаас нь эхлэх болсон.

Гэтэл тэр өдрөөс хойш нөгөө компани ирж ажлаа хийгээгүй, мөн дээрээс нь утсаа ч авахгүй таг чиг алга болсон. Би Э гэдэг хүний 90393973 дугаарын утас руу залгасан боловч огт утсаа авахгүй болхоор нь өөр утаснаас залгахад утсаа авсан хэрнээ “манайх ажлыг чинь удахгүй хийж өгнө, нэг бол ажил явдал гарсан амжихгүй байна”  гэх зэргээр худлаа тайлбар тавьж биднийг залилсан тул өргөдөл гаргасан. Иймд энэ хоёр хүнийг олж манай компаний хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33х/,

 

2. Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Манай эхнэр М.Э бид 2 хувиараа төмөр хийц хийдэг байсан юм. Тэгээд бид 2 фейсбүүк хуудсанд төмөр хийц хийж өгнө гэсэн зар байрлуулсан байсан чинь 2017 оны 09 дүгээр сарын эхээр Б ХХК-аас нэг хүн яриад танайх тагтны хаалт хийх үү гэхээр нь би хийнэ гэхэд үнийн саналаа хэлчих гэхээр нь би 16 сая 800 мянган төгрөг болно гээд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүргийн яармагийн Хүннү молл их дэлгүүрийн урд талын баригдаж буй 12 айлын орон сууцыг очиж үзэж танилцаад 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Б ХХК-ийн оффис дээр очиж захирал Х гэдэг хүнтэй уулзсан.

Гэтэл Хзахирал манайх хувь хүнтэй ажиллахгүй, та 2 нэгэнт ийм үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь компани байгуулсан зүгээр дээ гэхээр нь шууд тэр өдрөө бид 2 улсын бүртгэлийн газар дээр очиж компани байгуулахаар холбогдох материалуудаа өгсөн чинь компаний гэрчилгээ өдөртөө гарсан. Ингээд маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эхнэр бид 2 Б ХХК-ийн оффис дээр очиж гэрээ байгуулсан. Гэрээнд ажпын хөлс нь нийт 16 сая 800 мянган төгрөгөөр тооцож 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний хооронд төмөр хаалтны ажил хийхээр болж өөрийн байгуулсан “И” ХХК-ийн Голомт банкны 1415115052 данс руу “Б” ХХК-аас урьдчилгаа 6 сая төгрөг шилжүүлж аваад 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сайн чанарын төмөр хашаа борлуулдаг 100 айлын гадна наймаа эрхэлдэг Хун ван гэдэг Хятад хүн дээр очиж төмөр захиалах гэсэн боловч “яг одоо байхгүй, Хятад улсаас захиалж өгнө” гэхээр нь бид 2 тэр Хятад хүнд 4 сая 400 мянган төгрөг бэлнээр тоолж өгсөн. Ингээд бараа материал нь хараахан ирээгүй байсан болохоор компаний ажлыг эхлүүлж чадаагүй. 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр захиалсан төмрөө очиж үзтэл нимгэхэн ханатай чанарын шаардлага хангахгүй муу төмөр ирчихсэн байхаар нь авалгүйгээр буцаасан.

Тэгээд эхнэр, бид 2 Б ХХК-д хэлсэн чинь “хамтарч ажиллаж чадахгүй, манайх өөр компаниар ажлаа хийлгүүлэхээр болсон, урьдчилгаа 6 сая төгрөгөө авъя” гэсэн боловч бид 2 тухайн мөнгийг үрчихсэн байсан, мөн төмөр захиалсан Хятадад өгсөн 4 сая 400 мянган төгрөгөө цувуулж увуулж авсаар байгаад мөнгийг нь өгч чадаагүй юм. Одоо бид хоёр 7 хоногийн дотор уг мөнгийг барагдуулна, яагаад гэвэл одоо бид 2 ажил хийж мөнгө цуглуулж байгаа. Би бас хөдөө олон хоногоор ажилд явчихдаг учраас дуудсан цагт нь ирж чадаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/,

 

3. Шүүгдэгч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би нөхөр Алтангэрэлийн хамт 2017 оны 04 дүгээр сараас хойш хувиараа төмөр хашаа, хайлс, хаалга захиалгаар хийж байгаа юм. Манай нөхөр харин сүүлийн 3 жил энэ ажлыг хийж, би  энэ жилээс хамтран хийж байна. Ингээд бид 2 төмөр, хашаа хийнэ зарыг фейсбүүк хуудсанд байрлуулсан байсан ба 2017 оны 09 дүгээр сарын эхээр Б ХХК-аас захирал Х гэдэг хүн залгаад “манайх баригдаж байгаа барилга дээр тагтны хаалт хийлгэх гэсэн юм, үнийн санал авъя” гэхээр нь бид хоорондоо ярилцаж тохиролцоод 2017 оны 09 дүгээр сарын 10-ны хавьцаа Хан-Уул дүүргийн Яармагийн Хүннү Молл их дэлгүүрийн харалдаа баригдаж байгаа 12 айлын орон сууц дээр би нөхөртэйгээ очиж үзэж танилцсан. Тэгээд бид хоёр нийт зардал 16 сая 800 мянган төгрөг болно гэхэд нөгөө компаний хүмүүс хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Б ХХК нь манайх заавал аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулна хувь хүмүүстэй ажиллахгүй та 2-ын үнийн санал таалагдаж байгаа тул хувиараа ингэж хийж байхаар нэг мөсөн компани байгуулаад ажилласан нь зүгээр гээд тэр Х гэдэг хүн бидэнд ямар шугамаар хөөцөлдөж яаж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн. Тэгээд нөхөр бид 2 компани байгуулахаар шийдээд улсын бүртгэлийн газарт холбогдох материалаа бүрдүүлж өгөөд, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “И” нэртэй компанийхаа гэрчилгээг хүлээж аваад 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Б” ХХК-ийн оффис дээр очиж гэрээ байгуулсан.

Гэрээнд нийт ажлын хөлс 16 сая 800 мянган төгрөгөөр тооцож , 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажлыг хийхээр болж, урьдчилгаа 6 сая төгрөгийг дансаар өөрийн компаний данс руу шилжүүлж аваад 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бид 2 нөгөө компаний тавьсан шаардлагын дагуу сайн чанарын төмөр хашааг 100 айлд төмөр зарж борлуулдаг Хун Ван нэртэй Хятад хүнээс очиж хашаа авах гэсэн боловч “яг одоо бэлэн байхгүй 5 хоногийн дараа Хятадаас орж ирнэ” гэхээр нь бид 2 тэр хүнд 4 сая 400 мянган төгрөг өгсөн. Тэгээд бид бараа материал ирээгүй байсан болохоор нөгөө компаний ажпыг эхлүүлж чадаагүй байж байтал Хэнтий аймагт байдаг миний ээжийн талын буурай хөгшин нас барж, нөхөр бид хоёр тийшээ ажил явдалд нь очоод хэд хоногийн дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр хотод ирээд, Хятадаас ирсэн төмрийг очиж үзэхэд бидний захисан сайн чанарын төмөр ирээгүй байсан. Тэгээд тэр төмрийг авахаа болиод, нөгөө хятад хүнээс 2 сая 400 мянган төгрөгөө буцааж аваад үлдсэнийг нь дараа авахаар болсон. Тэгсэн энэ хооронд нөгөө гэрээ хийсэн компаний хүмүүс байнга залгаж уурлаад “та нар ажпаа эхлэхгүй юм уу, эсвэл манай мөнгийг буцаагаад өг” гэхээр нь би шалтгаанаа хэлтэл “одоо өнгөрсөн манайх өөр компаний хүмүүсээр хийлгэхээр болсон, чи мөнгийг минь өг” гэсэн. Ингээд мөнгийг өгөх гэсэн боловч бид хоёрт боломж байхгүй байсан.

Тэр мөнгийг компаний данс буюу 1415115052 дугаарын дансаар авсан. Одоо төмөр хийцийн ажлаа хийж байгаа. Баянгол дүүргийн 09 дүгээр хороо, Говь сауны замын хойд талд төв замаасаа 200 орчим метр зайтай граж түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа. Би хохирлоо барагдуулаагүй байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 65х/,

 

-  Дээврийн хашлага хийцийн ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 100-104х/,

 

  • Шүүгдэгч М.Э-ийн Хаан банк дахь 5058220875 тоот дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 108-115х/,

 

- “И” ХХК-ийн танилцуулга /хэргийн 116-123х/,

 

- Хохирогч А.Х-ы Хаан банк дахь 5070100802 тоот дансруу шүүгдэгч М.Э-ээс хохирлын мөнгө болох 2.500.000 төгрөгийг 2018 оны 06 сарын 29-ний өдөр шилжүүлсэн орлогын мэдүүлэг /хэргийн 124х/, 1.000.000 төгрөгийг 2018 оны 05 сарын 24-нд шилжүүлсэн талаарх Хаан банкны дансны хуулга баримт болон Б ХХК-ийн захиралаас тус шүүхэд ирүүлсэн албан бичиг /хэргийн 107х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 41х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Эийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ын оффисийн байранд тус компанийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 12 айлын орон сууцны барилгын төмөр хашлагийг хийж өгнө гэж тус компанитай гэрээ байгуулж, ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 6.000.000 төгрөгийг Голомт банкны тоот дансаар шилжүүлэн авсан атлаа гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгээгүй, урьдчилгаа төлбөрт авсан мөнгийг хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй байдлаар үрэгдүүлэн ашиглаж, ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчилан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан болох нь:

- хохирогч А.Х: “...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Мишээл Экспо төвийн баруун талд байрлах Б ХХК-д гүйцэтгэх захирльн ажил хийдэг. Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьны орон сууц барьж байгаа. Тэгээд барилгын дээврийн төмөр хашлагийг шинээр хийлгэхээр фейсбүүкийн “Монголын барилгачдын групп”-д зар байрлуулсаны дагуу 2017 оны 09 дүгээр сарын эхээр 90393973 дугаараас эрэгтэй хүн “би зарын дагуу ярьж байна” гээд манай барьж байгаа барилга дээр ирж надтай уулзсан. Тэр үед нэг залуу өөр бас нэг Э гэдэг эмэгтэйгийн хамт ирээд “тухайн ажлыг хийж болно урьдчилгаа 6.0 сая төгрөг өгчих” гэхээр нь “манай компани тийм их хэмжээгээр өгч чадахгүй, дээрээс нь та нар хувь хүмүүс юм биш үү, манайх найдвартай компаниар энэ ажлыг хийлгүүлэх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл маргааш нь нөгөө хоёр хүн ирээд, манайх барилгын засварын компани байгуулсан гээд “И” ХХК гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ авчирч үзүүлэхээр нь би уг ажлыг хийхийг зөвшөөрөөд, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн компаний оффис дээр Э гэдэг хүнтэй ажлын нийт хөлс 16 сая 800 мянган төгрөгөөр хийлгүүлэхээр гэрээг байгуулж, урьдчилгаа 6.0 сая төгрөгийг өгч төмөр хашлага хийх ажлыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар тохирч, тэдний компаний 1415115052 дугаартай Голомт банкны данс руу өөрийн компаний данснаас 6.0 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд ажил маргаашнаас нь эхлэх болсон. Гэтэл тэр өдрөөс хойш нөгөө компани ирж ажлаа хийгээгүй мөн дээрээс нь утсаа ч авахгүй таг чиг алга болсон. Би Э гэдэг хүний 90393973 дугаарын утас руу залгасан боловч огт утсаа авахгүй болхоор нь өөр утаснаас залгахад утсаа авсан хэрнээ манайх ажлыг чинь удахгүй хийж өгнөө, нэг бол ажил явдал гарсан амжихгүй байна  гэх зэргээр худлаа тайлбар тавьж биднийг залилсан тул өргөдөл гаргаж байна. Иймд энэ хоёр хүнийг олж манай компаний хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсч байна.” гэсэн мэдүүлэг,

 - гэрч Э.А-ийн: “...эхнэр бид хоёр “Б” ХХК-ийн оффис дээр очиж гэрээ байгуулсан. Гэрээнд ажпын хөлс нь нийт 16 сая 800 мянган төгрөгөөр тооцож 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний хооронд төмөр хаалтны ажил хийхээр болж ... “И” ХХК-ийн Голомт банкны 1415115052 данс руу Б ХХК-аас урьдчилгаа 6.0 сая төгрөг шилжүүлж авсан. ... 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сайн чанарын төмөр хашаа борлуулдаг 100 айлын гадна наймаа эрхэлдэг Хун ван гэдэг Хятад хүн дээр очиж төмөр захиалах гэсэн боловч “яг одоо байхгүй, Хятад улсаас захиалж өгнө” гэхээр нь тэр Хятад хүнд 4 сая 400 мянган төгрөг бэлнээр тоолж өгсөн. Ингээд бараа материал нь хараахан ирээгүй байсан болохоор ... ажлыг эхлүүлж чадаагүй. 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр захиалсан төмрөө очиж үзтэл нимгэхэн ханатай чанарын шаардлага хангахгүй муу төмөр ирчихсэн байхаар нь авалгүйгээр буцаасан. Тэгээд  Б ХХК-д хэлсэн чинь “хамтарч ажиллаж чадахгүй, манайх өөр компаниар ажлаа хийлгүүлэхээр болсон урьдчилгаа 6.0 сая төгрөгөө авъя” гэсэн боловч ...тухайн мөнгийг үрчихсэн байсан, мөн төмөр захиалсан Хятадад өгсөн 4 сая 400 мянган төгрөгөө цувуулж увуулж авсаар байгаад мөнгийг нь өгч чадаагүй юм.

...Бас хөдөө олон хоногоор ажилд явчихдаг учраас дуудсан цагт нь ирж чадаагүй.” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч М.Э-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч А.Х-аас “2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ын оффисийн байранд тус компаны Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 12 айлын орон сууцны барилгын төмөр хашлагийг 16.800.000 төгрөгөөр хийж өгнө гэж, гэрээ байгуулан уг ажлын урьдчилгаа хөлсөнд 6.000.000 төгрөг авсан атлаа мөнгийг өөрийн ахуйн хэрэгцээнд зарцуулж, тохиролцсон ажлыг хийж гүйцэтгээгүй, тухайн ажлыг хийж гүйцэтгэх бодит боломж нөхцөл өөрт нь байсан эсэх нь тодорхойгүй, тодруулбал: дээврийн хашлага, хийц хийх төмөр байхгүй, мөн А.Х утсаар холбогдоход нь “манайх ажлыг чинь удахгүй хийж өгнө, нэг бол ажил явдал гарсан амжихгүй.” гэх зэргээр худал амлан, хэлэлцэн тохирсон “барилгын энгийн дээврийн хашлага, хийцийн ажил гүйцэтгэх” гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан шүүгдэгчийн  үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч М.Э-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна.

 

Шүүгдэгч М.Э-ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж арилгасан болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд:

- шүүгдэгч М.Э-ийн Хаан банк дахь 5058220875 тоот данснаас 2018 оны 05 дугаар сарын 24, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус хохирогч А.Х-ы  Хаан банк дахь 5070100802 тоот дансруу 1.000.000 /нэг сая төгрөг/, 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг тус тус шилжүүлсэн тухай баримт,

- Б ХХК-ийн: “...манай байгууллагын хувьд нэгэнт хохирол бүрэн арилсан тул тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй. Шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа...” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтаар нотлогдсон. Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулах баримт бүхий төлбөргүй гэж үзэв.      

 

Хэргийн 41 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” гэж тэмдэглэгдсэн /хэргийн 41х/ нь түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч М.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. 

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт М.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                       

 

ТОГТООХ нь:

 

1. М.Э-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-ийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар М.Э нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын нөхөн төлбөрт хохирогч “Б” ХХК-д 6.000.000 /зургаан сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэсүгэй. 

 

5. Энэ хэрэгт М.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД