Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 110/ШШ2026/0076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:Т.Е,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал,

Гуравдагч этгээд: Б.Ж нарын хоорондын багийн Засаг даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Өлгий сумын 12  дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Х.Д, гуравдагч этгээд Б.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Е.Малик шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгч  Т.Е нь  ”Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  хуралдааны 02 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх”  тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд,

1.1. 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож, багийн Засаг даргад нэр дэвшсэн, хуралдааныг багийн Хурлын хуралдааны дарга Х.Н нээж хуралдуулсан боловч Өлгий сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд оролцон хуралдааныг удирдаж, зохион байгуулсан.

1.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар багийн хуралдааныг өрх бүрээс нэг төлөөлөл оролцсоноор хүчинтэйд тооцож, санал хураалтыг өрхийн төлөөллийн зарчмаар явуулахаар хуульчилсан. Гэтэл тухайн хуралдаанд өрхийн бүртгэлд байхгүй болон нэг өрхөөс олон иргэнийг саналын эрхтэйгээр оролцуулсан нь санал хураалтын журмыг зөрчсөн үйлдэл юм. Хуулийн 23.1-д зааснаар багийн Хуралд зөвхөн тухайн багийн нутаг дэвсгэрт байнга оршин суугчаар бүртгэгдсэн иргэд оролцох эрхтэй. Гэтэл зөвхөн иргэний бүртгэлийн санд хаягийн бүртгэлтэй боловч тухайн багт огт амьдардаггүй, оршин суудаггүй иргэдийг санаатайгаар оролцуулж, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн. Багийн Засаг даргыг сонгох ажиллагаанд оршин суугч байх шалгуур нь иргэний бүртгэлээс гадна багийн өрхийн бүртгэлийн мэдээллийн сангаар баталгаажих ёстой.

1.3. Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг Х.Н даргалан явуулсан боловч багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолд хуралдаан даргалагч бус этгээд болох шинээр багийн Хурлын хуралдааны даргаар сонгогдсон иргэн Х.Д гарын үсэг зурж албажуулсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар захиргааны акт нь эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байх ёстой. Хуралдаан даргалаагүй этгээд тогтоолд гарын үсэг зурсан нь уг актыг илт хууль бус болгож байна  гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасан. Хуульд  зааснаар  хүчинтэй саналаас олонхын саналыг тодорхойлохгүй, хуралдаанд оролцсон нийт иргэдийн тоо 1274 гэдэгт маргах зүйл зүйл байхгүй, гуравдагч этгээд нь хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналыг авч чадаагүй гэдэг нь тогтоогдож байна. Улсын Дээд шүүхийн тогтоолоор “олонх” гэдгийг тайлбарласан,  үүнд 50 хувь дээр нэмэх 1 санал  гэдгийг үндэслэдэг. Гуравдагч этгээд Б.Жын авсан санал санал нь 623 байгаа нь хуралдаанд оролцсон иргэдийн 50 хувийн саналд хүрэхгүй тул түүнийг тус багийн Засаг даргаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргасан нь хууль бус юм.

2.2. Багийн хуралдаан мөн  хууль бусаар явагдсан, хуралдаанд багийн Хурлын хуралдаан даргалагчийг оролцуулаагүй. Тогтоол гаргаж буй Х.Д нь Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шинээр сонгогдож, 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хүлээж авсан байдаг.  Иймд тухайн хуралдаанаас гарсан аливаа тогтоол, шийдвэрийг албажуулах эрхгүй гэж үзнэ. Х.Ны хувьд хуралдаанаас гаргасан тогтоолыг гаргах эрх бүхий этгээд байсан хэдий ч Х.Н нь тогтоол гаргах хууль зүйн үндэслэл байхгүй учраас тогтоолыг албажуулахаас татгалзсан байна. Уг цаг хугацаанд Х.Ны хувьд шийдвэр гаргах эрх бүхий этгээд байсан. Гэхдээ тухайн хүний хувьд тогтоол, шийдвэр гаргаагүй.

2.3. Уг хуралдаанд өөр багийн иргэн М.Б оролцсон нь хууль зөрчсөн.

2.4. Багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд Засаг даргын байгуулсан Ажлын хэсэг оролцож, хуралдааныг удирдан чиглүүлж, санал хураалтын үйл ажиллагаа явуулсан нь мөн хууль бус байна гэв.

3. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

3.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу өрх бүрээс нэг төлөөлөл оролцсоноор хүчинтэйд тооцож, санал хураалтыг өрхийн төлөөллийн зарчмаар явуулахаар хуульчилсан хэмжээн нэхэмжлэгч шаардах эрхээ тодорхойлжээ. Гэвч хуулийн 23 дугаар зүйлд энэхүү зохицуулалтын талаар хуульчлаагүй байна.

3.2. Нэхэмжлэлдээ тухайн багийн нутаг дэвсгэрт байнга оршин суугчаар бүртгэгдсэн иргэд л санал хураалтад оролцох эрхтэй хэмээн тайлбарлажээ. Гэвч тус санал хураалтад оролцсон иргэд нь манай багт бүртгэлтэй төдийгүй байнга оршин суугч иргэд юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны хэлбэрийн талаар хуульчилсан байх ба 32.1-д заасны дагуу иргэд шууд ардчиллын хэлбэрээр санал өгөх бөгөөд 32.6-д  өрх бүрээс биш харин 50 өрх тутмаас 1 хүн оролцсоноор иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхаар зохицуулсан. 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай тогтоолын хувьд хуулийн дээрх шаардлагыг хангасан шийдвэр болно.

3.3. Маргаан бүхий тогтоол гаргахдаа,  тухайн өдөр Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчаар миний бие сонгогдсоны дараа Б.Жыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргасан бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш юм гэжээ.

4. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1. Х.Н нь өмнөх 4 жилийн хугацаанд тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчаар ажилласан, тухайн үед хуралдааныг Х.Н нээсэн нь үнэн ба  Х.Н нь багийн Хурлын даргаар дахин нэр дэвшсэн тул бид хоёрыг Ажлын хэсэг зэрэг  хуралдаанаас гаргасан. Тухайн үед Х.Н нь “Х.Д  олонхын санал авч, Хурлын хуралдааны дарга болсныг хүлээн зөвшөөрнө, гэхдээ багийн Засаг даргын сонгууль маргаантай тул би тогтоолд гарын үсэг зурахгүй” гэж татгалзсан.

4.2. Санал хураалтын ажиллагаанд 1274 иргэн оролцсон, тухайн үед би ч Хурлын даргад нэр дэвшсэн ба багийн иргэдийг тодорхой хэмжээнд танина. Өөр багийн иргэдийг оруулбал үр дүн нь сайн биш гэдгийг аль аль тал ч гэсэн мэднэ. Өөр багийн иргэн оролцоогүй.

4.3. Гуравдагч этгээд Б.Ж 625 хүний, нэхэмжлэгч Т.Еын хувьд 613 иргэний саналыг авсан, Б.Жыг багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн нь үндэслэлтэй гэв.

 

5. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т заасны дагуу өрх бүрээс нэг төлөөлөл оролцсоноор хүчинтэйд тооцож, санал хураалтыг өрхийн төлөөллийн зарчмаар явуулахаар хуульчилсан хэмээн нэхэмжлэгч шаардах эрхээ тодорхойлжээ. Гэвч хуулийн 23 дугаар зүйлд энэхүү зохицуулалтын талаар хуульчлаагүй байна.

5.2. Мөн тухайн багийн нутаг дэвсгэрт байнга оршин суугчаар бүртгэгдсэн иргэд л санал хураалтад оролцох эрхтэй хэмээн тайлбарласан боловч  тус санал хураалтад оролцсон иргэд нь манай багт бүртгэлтэй төдийгүй байнга оршин суудаг иргэд юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны хэлбэрийн талаар хуульчилсан байх ба хуулийн 32.1-д заасны дагуу иргэд шууд ардчиллын хэлбэрээр санал өгөх бөгөөд 32.6-д өрх бүрээс биш харин 50 өрх тутмаас 1 хүн оролцсоноор багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхаар зохицуулсан, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тогтоолын хувьд хуулийн дээрх шаардлагыг хангасан шийдвэр болно.

5.3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн А/40 дугаартай захирамжаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулагдаж, 2026 оны 02 дугаар сарын 13-ний өдөр Өлгий сумын 12 дугаар багийн Нийтийн Хурлын хуралдаан зохион байгуулагдсан. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/92 дугаар тушаалаар “Хүн ам, өрхийн мэдээллийн санг хөтлөх, ашиглах журам”-ыг шинэчлэн баталсан.

Тус журмын 2.1.4-т сумын Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтнийг хүн ам, өрхийн мэдээллийн сангийн хариуцагчаар тодорхойлсон байна. Уг журмын 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар мэдээллийн санг аймаг, нийслэл, сум, дүүргээс нэгдсэн удирдлагаар ханган олон нийтийг хамруулан хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд ашиглаж болох талаар заасан тул багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд иргэдийн нэрсийн жагсаалтыг Өлгий сумын төрийн сангийн мэргэжилтэн гаргасан. Иймд дээрх хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны ажлыг зохион байгуулахад хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээллийг ашиглаж тухайн багийн бүртгэлтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг боловсруулж, зохион байгуулсан Ажлын хэсэг санал хураалтын үед хэрэглэсэн гэж мэдэгдсэн.

Санал хураалтын ажиллагаа сонгуулийн зарчмын дагуу нууцаар явагдсан бөгөөд хоёр нэр дэвшигч тус бүр өөрсдийн ажиглагчаа оролцуулсан. Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож, санал хураалтад оролцсон иргэд нь тус багийн Хүн ам, өрхийн мэдээллийн сан (ХАӨМС)-д бүртгэлтэй, байнга оршин суудаг иргэд юм.

Иргэдийн нэрсийн жагсаалт болон зохион байгуулалтын талаар 12 дугаар багийн иргэдийн Нийтийн хуралдааны үед ямар нэгэн гомдол гараагүй ба уг хуралдааныг тухайн нэр дэвшигч хүлээн зөвшөөрч хуралдаан өндөрлөсөн. Багийн Иргэдийн Нийтийн  Хурлын хуралдаан эхлэх үед багийн Засаг даргад нэр дэвшигчдийг хэрхэн сонгох тухай болон бүртгүүлэхтэй холбоотой дэгийг баталсан бөгөөд үүнтэй холбоотойгоор, мөн сонгогчдын жагсаалттай холбоотой Т.Е нь тусгайлан санал гаргаагүй юм.Түүнчлэн багийн Засаг даргад нэр дэвшигч Т.Еын зүгээс иргэдийн жагсаалтын талаар урьд өмнө нь мэдэж байсан ба манай багаас сонгогдсон Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, миний хувьд багийн Засаг даргаар ажиллахдаа дээрх иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр гаргах эрхгүй бөгөөд өөртөө болон бусдад албан тушаалын байдлаа ашиглан давуу байдал олгох боломжгүй гэжээ.

6.1. Гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. Тухайн үед Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Х.Н хуралдааныг нээж, ард иргэдэд урьд өмнө нь хийсэн ажлуудыг тайлагнаж, дараа нь багийн Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга нарыг сонгох үйл ажиллагаа явагдсан. Тухайн үед өмнөх Хурлын хуралдааны дарга Х.Н нь нэр дэвшсэн, Өлгий сумын Засаг даргын тамгын газраас хуралдааны үйл ажиллагаанд туслах дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Багийн хуралдаан болоход ямар нэгэн хууль зөрчсөн зүйл гараагүй.

6.2. Өөр багийн иргэн сонгуульд оролцсон гэвэл хэнд санал өгсөн нь тодорхой бус тул хуралдааныг  хүчин төгөлдөр гэж үзэж байна.

6.3. Тухайн үед нэр дэвшигч нар саналын үр дүнг тооцож гаргах  ажиллагаанд оролцоогүй, Ажлын хэсгийн туслалцаагаар санал өгсөн иргэний саналыг тоолж, нийт дүнг гаргасан. Би тухайн үед 625 иргэний саналыг авсан, 1274 саналын хуудаснаас 38 саналын хуудас хүчингүй гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч Т.Е 613 иргэний саналыг авсан. Шүүхээс үзлэг хийхэд илэрсэн өөр 2 саналын хуудсыг хасаж тооцоход, миний авсан санал 623 болж байгаа. 1274 саналаас хүчингүй 38 саналыг хасах ёстой, хасахад 1236 санал болно. 1236 саналын хуудсыг 2-т хуваахад 618 гарах ба  би 618 хүний саналаас илүү санал авсан учраас нэхэмжлэгч талын маргаж байгаа 50 хувь дээр нэмэх 1-ээс илүү санал авсан байх буюу олонхын  санал авсан байх  шаардлагыг хангаж байгаа гэж үзнэ гэв.

7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д  “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна” гэж заасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Өлгий сумын 12 дугаар багийн хувьд 1767  иргэн оршин суудаг, үүнийг хуралдаанд оролцсон хүний тоотой харьцуулахад, тухайн хуралдааны ирц хүчин төгөлдөр байсан. Уг асуудлаар  талуудад ямар нэгэн маргаан байхгүй.

7.2. Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдээс 1274 иргэн санал өгсөн, үүнээс 38 саналын хуудас хүчингүй болсон гэж хариулсан. Үлдсэн 1236 иргэний саналыг 2 хуваахад, 618 санал авсан аль нэг нэр дэвшигчийг олонхын санал авсан гэж үзэх боломжтой. Тухайлбал, 619 санал авбал олонхын санал гэдэгт хамаарна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд олонхын санал авсан байх зохицуулалт байгаа.  Гэхдээ энэ асуудал нь хүчинтэй саналын хуудас дээр яригддаг.  Яагаад гэвэл багийн иргэдийн Нийтийн Хурал болон багийн Засаг даргын сонгууль нь шууд ардчиллаар явагддаг. Тэгвэл хүчинтэй саналын хуудсаар авч үзвэл, 623 санал авсан миний үйлчлүүлэгчийг олонхын санал авсан гэж үзэхээр байна.

7.3. Маргаан бүхий тогтоолыг албажуулсан процессын талаар нэхэмжлэгч тал маргаж байгаа. Тухайн үед  хуралдааныг тус багийн Хурлын хуралдааны дарга Х.Н нээсэн талаар маргаан байхгүй. Гэхдээ Х.Н  хуралдааныг нээж, тайлангаа тавьсан. Тайлан тавихтай холбоотойгоор хуралдааныг нээсэн байдаг.  Энэ ажиллагаа дуусгавар болсны дараа Х.Н  нь иргэдийн Нийтийн Хурлын даргад  нэр дэвшиж байгаа учраас Ажлын хэсэгтэй хамт сонгуулийн зохион байгуулалтад оролцох нь зохимжгүй болох нь харагдсан. Иймээс тухайн хуралдааны танхимаас буюу заалнаас гарч явахыг зөвлөсөн байдаг. Энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл биш юм. Үүнтэй адил багийн Хурлын хуралдааны даргад нэр дэвшсэн Х.Д, багийн Засаг даргад нэр дэвшсэн Б.Ж, Т.Е нар гараад явсан. 

Харин тогтоол гарах үед тухайн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчаар Х.Д сонгогдсон учраас түүний хувьд тухайн тогтоол дээр гарын үсэг зурж, албажуулах эрх нь байсан. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д зааснаар бичгээр гаргасан эрх бүхий акт нь эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсгээр баталгаажсан байх шаардлагатай. Тухайн үед шийдвэр гаргах цорын ганц эрх бүхий этгээд болох хуралдаан даргалагчид Х.Д томилогдсон учраас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай тогтоол нь хууль зөрчиж гарсан гэж үзэх үндэслэлгүй юм.

7.4. Хуралдааны үед ажилласан Ажлын хэсгийн үйл ажиллагаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийг зөрчсөн буюу нутгийн өрөө удирдах ёсыг зөрчсөн хэмээн маргадаг. Гэхдээ Ажлын хэсэг байгуулсан Өлгий сумын Засаг даргын захирамж өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр бөгөөд Өлгий сумын 13  багийн сонгууль явагдаж дууссан, зөвхөн 12 дугаар багийн сонгууль явж байгаа. Гэхдээ үүнтэй холбоотойгоор тухайн сонгуульд оролцсон иргэн болон нэр дэвшсэн этгээдүүдийн хэнээс ч цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй.

7.5. Нэхэмжлэгч тал тухайн багийн оршин суугч бус этгээд сонгуульд оролцсон гэж тайлбарласан. Уг асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргасан бөгөөд гуравдагч этгээдийн хувьд үүнийг дэмжиж оролцсон. Нэр бүхий 3 хүний нэрийг дурдсан. Нэг хүн тухайн үед Монгол Улсад байсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын албан тоотоор тогтоогдож байна. Нэг хүн нэхэмжлэгчийн өөрийн ойрын хамаатан юм. Тэр хүний хувьд 2024 онд Ховд аймгийн Цэцэг сумаас Өлгий сумын 12 дугаар багт шилжиж ирсэн нь нотлогддог.  Энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй.

Харин иргэн М.Бйн хувьд  манай хөрш айл юм. Сүүлийн 20 жил Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин сууж байгаа. Хэрвээ тухайн өдөр санал хураалтад өөр багийн оршин суугч оролцсон байсан бол тухайн 4 нэр дэвшигч бүгд маргах байсан. Нэр дэвшигч нар тухайн өдөр сонгуулийн үр дүнд маргаагүй гэв..

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн маргаан үндэслэлтэй байна.

2.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.3.Хурлын хуралдааны даргыг сонгох;”, 32.8.4. баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар багийн Хурлын хуралдааны даргыг сонгох,  Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг тус тус  хэлэлцжээ.

3. Хэргийн нотлох баримтаар тухайн хуралдаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн  А/40 дугаартай захирамжаар байгуулагдсан хуралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй Ажлын хэсэг ажилласан нь, Хурлын хуралдааны даргад Х.Н, Х.Д нарын хоёр хүн, багийн Засаг даргад нэхэмжлэгч Т.Е, гуравдагч этгээд Б.Ж нарын хоёр хүн  тус тус нэр дэвшсэн нь, санал хураалтад 1274 хүн оролцсон нь, багийн Хурлын хуралдааны даргаар Х.Д сонгогдсон нь, Ажлын хэсгээс хуралдаанд оролцсон 1274 хүний саналаас нэхэмжлэгч Т.Е 613 санал, гуравдагч этгээд Б.Ж 625 саналыг тус  тус авснаар тооцож, саналын дүнг нэгтгэн гаргаснаар, Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаас Б.Жыг иргэдийн олонхын санал авсан гэж үзэж, багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн 02 дугаартай тогтоол гаргасан нь, тогтоолыг багийн Хурлын хуралдааны даргаар шинээр сонгогдсон Х.Д  гаргасан нь хэргийн нотлох баримтаар тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгчээс маргааны үндэслэлээ “...  багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд  өөр багийн оршин суугч М.Б, С.А нар  хуралдаанд оролцож санал өгсөн нь, тухайн үед Монгол Улсад байгаагүй, Бүгд Найрамдах Казакстан Улсад амьдарч байгаа С.Тийг хуралдаанд оролцсоноор бүртгэсэн нь, иргэдийн олонхын санал аваагүй Б.Жыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь, маргаан бүхий тогтоолд тухайн өдөр багийн Хурлын хуралдааны даргаар шинээр сонгогдсон Х.Д  гарын үсэг зурж албажуулсан нь, хуралдааны үед Өлгий сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж, багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд оролцсон нь тус тус  хууль бус” гэж тайлбарлан маргасан.

4.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.”, 32.6-д “...Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна: 32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;” гэж,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "иргэний улсын бүртгэл" гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна:6.1.12.оршин суугаа газрын хаягийн;” гэж тус тус заасан.

Хуулийн уг зохицуулалтын дагуу Өлгий сумын 12 дугаар багийн Засаг даргаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд өөр багийн оршин суугч  М.Б, С.Алибек нарын 2 иргэн оролцсон гэх, тухайн үед Монгол Улсад байгаагүй, Бүгд Найрамдах Казакстан Улсад амьдардаг С.Тийг санал хураалтад оролцсоноор бүртгэсэн гэх нэхэмжлэгчийн маргаанд холбогдуулж шалгаж үзэхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1.1. Тухайн хуралдаанд оролцож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтад М.Б, С.А, С.Т нарын нэр[1] бүртгэгдсэн нь,

 4.1.2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10/372 дугаартай албан бичгээр ирүүлсэн Өлгий сумын 12 дугаар багийн оршин суугч иргэдийн нэрсийн жагсаалт, 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10/486 дугаартай албан бичгээр тус тус ирүүлсэн “Иргэний лавлагаа”-гаар С.Алибек, С.Т нар  нь Өлгий сумын 12 дугаар багийн оршин суугч мөн  болох нь,  М.Б нь Өлгий сумын 2 дугаар багийн оршин суугч болох нь ,

4.1.3. Хил хамгаалах ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02-07а/1397 дугаартай албан бичгээр С.Т нь Монгол Улсын хилээр 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гарсан нь тус тус тогтоогдсон.

Иймээс нэхэмжлэгчийн тухайн хуралдаанд өөр багийн оршин суугч М.Б оролцож, санал өгсөн гэх маргаан нь үндэслэлтэй, харин хуралдаанд оролцож санал өгсөн С.Алибек нь өөр багийн оршин суугч гэх, санал хуралтад оролцсоноор бүртгэсэн С.Т нь Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болсон 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад байгаагүй гэх маргаан нь үндэслэлгүй байна.

Энэхүү маргааны хувьд Өлгий сумын 2 дугаар багийн оршин суугч М.Бйг нь багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцуулсан нь хууль бус боловч нэг хүний санал нь багийн Засаг даргад нэр дэвшсэн нэхэмжлэгч Т.Е, гуравдагч этгээд Б.Ж нарын авсан саналын дүнд нөлөөлөхөөргүй байна.

5. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3,56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасан.

6. Шүүхээс саналын хуудаст үзлэг хийхэд, саналын хуудасны тоо 1276 гарсан боловч гуравдагч этгээд Б.Жад санал өгсөн гэх 625 саналын хуудаснаас  2  нь багийн Хурлын хуралдааны даргад нэр дэвшсэн Х.Ны төлөө өгсөн санал байсан нь, багийн Засаг даргад нэр дэвшигч нарт санал өгсөн саналын хуудасны тоо 1274 болох нь, үүнээс нэхэмжлэгч Т.Еын төлөө санал өгсөн  613, гуравдагч этгээд Б.Жын төлөө санал өгсөн 623 саналын хуудас гарч,  хүчингүйд тооцсон саналын хуудасны тоо 38 байгаа нь  тус тус тогтоогдсон. Дээрх байдлаар гуравдагч этгээд Б.Жын авсан гэх 625 саналын тоонд багийн Хурлын хуралдааны даргад нэр дэвшсэн Х.Ны төлөө өгсөн 2 саналыг тооцсон байх тул энэхүү 2 саналын хуудсыг хасаж тооцоход, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцож саналын хуудас авсан иргэдийн тоог 1274 гэж үзэх үндэслэлтэй ба  шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс  санал хураалтад оролцсон иргэдийн тоо 1274 гэдэгт маргаан байхгүй гэж тайлбарласан.

6.1. Хүчингүйд тооцсон 38 саналын хуудаст шүүхээс хийхэд дараах байдалтай байв. Үүнд, тэмдэглэл хийгээгүй буюу хоёр нэр дэвшигчийн хэн алинд санал өгөөгүй 6 саналын хуудас,  багийн Засаг даргад нэр дэвшигч хоёр хүний нэрийн өмнөх “1” гэсэн тоог зэрэг дугуйлсан 20 саналын хуудас, хоёр нэр дэвшигчийн нэрийн хойд талд зэрэг тэмдэглэл хийсэн 3 саналын хуудас, хоёр нэр дэвшигчийн нэрийн өмнөх “1” гэсэн тоонд  зэрэг тэмдэглэл хийсэн 5 саналын хуудас, хоёр нэр дэвшигчийн нэрийн өмнөх “1” гэсэн тоог зэрэг дугуйлж, Т.Е гэсэн нэрийн хойд талд өөр тэмдэглэл хийсэн 1 саналын хуудас, Т.Еын нэрийн өмнөх “1” гэсэн тоог дугуйлж, Б.Жын нэрийн хойд талд тэмдэглэл хийсэн 1 саналын хуудас, хоёр нэр дэвшигчийн нэрийн нэрийн хойд талд дугуйлахаас өөр тэмдэглэл зэрэг хийсэн 1 саналын хуудас, Б.Жын нэрийн өмнөх “1” гэсэн тоог дугуйлж,  Б.Ж гэсэн нэрийн дараа “Амжилт хүсье” гэж бичсэн 1 саналын хуудас, Б.Жын нэрийн хойд талд хоёр янзаар тэмдэглэл хийсэн 1 саналын хуудас болох нь тогтоогдсон.

Эдгээрээс Б.Жын нэрийн өмнөх “1” гэсэн тоог дугуйлж,  Б.Ж гэсэн нэрийн дараа “Амжилт хүсье” гэж бичсэн 1 саналын хуудас, Б.Жын нэрийн хойд талд хоёр янзаар тэмдэглэл хийсэн 1 саналын хуудсаар тус тус санал өгсөн  2 иргэн нь  багийн Засаг даргад нэр дэвшигч Б.Жын төлөө санал өгснөө илэрхийлсэн гэж үзэхээр байна. Иймд тухайн үед хуралдаанд оролцсон нийт 1274 хүнээс нэхэмжлэгч Т.Еын авсан санал  613, гуравдагч этгээд Б.Жын авсан санал 625,  хүчингүй саналын тоог 36  гэж үзэх нь үндэслэлтэй.

7. Дээрх байдлаар иргэн М.Б нь өөр багийн оршин суугчийн хувьд Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцох эрхгүй байх тул хуралдааны оролцогч иргэдийг тоог 1273 гэж үзэх нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, “Хуралд оролцсон иргэд” гэдгийг тухайн Хурлын хуралдаанд биечлэн ирж, санал хураалтад оролцсон буюу саналын хуудас авсан иргэдийг ойлгох бөгөөд хүчинтэй, хүчингүй нийт санал нь хуралдаанд оролцсон нийт иргэдийн өгсөн саналд тооцогдоно. Түүнчлэн “олонхын санал” гэдгийг хуралдаанд оролцсон нийт иргэдийн саналын тавиас дээш хувийн санал авсан байх нөхцөлийг ойлгоно. Дээрх байдлаар тухайн хуралдаанд оролцсон 1274 хүний саналаас, эсхүл хуралдаанд оролцох эрхтэй 1273 хүний саналаас  гуравдагч этгээд Б.Жын авсан 625 санал нь хуралдаанд оролцсон иргэдийн саналын 50 хувьд хүрэхгүй байх тул хуульд заасан Хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан байх шаардлагыг гуравдагч этгээд хангахгүй гэх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлтэй байв.

Хариуцагчаас хуралдаанд оролцсон 1274 иргэний саналаас хүчингүйд тооцсон 38 саналыг хасаж, 1236 хүний саналаас саналын хувийг тооцож гаргасан нь, гуравдагч этгээд Б.Жын хүчинтэй 1236 саналаар тооцоход, саналын 50 хувь нь 618 бөгөөд 625 санал авсан нь хуульд заасан олонхын санал авсан байх шаардлагыг хангана гэх маргаан нь дээрх байдлаар хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл хуульд тухайн хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналыг авсан бол багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр заасан, харин хүчинтэй саналаас олонхын санал авсан хүнийг багийн  Засаг даргад нэр дэвшүүлэхээр зохицуулагдаагүйг дурдах нь зүйтэй.

8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасан ба Өлгий сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн нэхэмжлэгч Т.Е, гуравдагч этгээд Б.Ж нарын хэн аль нь санал хураалтаар олонхын санал аваагүй байхад ,гуравдагч этгээд Б.Жыг олонхын санал авсан гэж үзэж,  Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаас 02 дугаартай тогтоол гаргаж, багийн Засаг даргад нэр дэвшүүлж  шийдвэрлэсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3-т заасантай тус тус нийцээгүй, дахин санал хураалтад оролцох нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэв.

9.  Иймд нэхэмжлэгч Т.Еын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

10. Бусад маргааны тухайд:

10.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.” гэж заасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын  2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн агуулга, гэрч Ажлын хэсгийн ахлагч Т.А мэдүүлгээс тус тус үзэхэд, Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар багийн Хурлын хуралдааны дарга болон  Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэх үед хуралдааныг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор Ажлын хэсэг томилогдож ажилласан нь хуульд нийцээгүй ч, нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

10.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.”, 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.” гэж заасан.

10.2.1. Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааныг  тус багийн Хурлын хуралдааны дарга Х.Н нээж, даргалсан байх боловч тухайн хуралдаанаар багийн Хурлын хуралдааны даргыг шинээр сонгох асуудлыг мөн хэлэлцэх үед Х.Н нь уг албан тушаалд дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлснээр  санал хураалтын ажиллагаа эхлэхээс өмнө Ажлын хэсгээс  багийн Засаг дарга болон Хурлын хуралдааны даргад нэр дэвшигч нарыг хуралдааны байрнаас гаргасан нь, ингэснээр  Х.Н нь тус багийн Хурлын хуралдааны даргын хувьд  хуралдааныг үргэлжлүүлэн даргалж явуулаагүй нь, санал хураалтын үр дүнгээр багийн хуралдаанд оролцсон иргэдээс хамгийн олон санал авсан Х.Дийг багийн Хурлын хуралдааны даргаар сонгогдсонд тооцсон нь, олонхын санал авсан гэх үндэслэлээр гуравдагч этгээд Б.Жыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолын төслийг тус тус Ажлын хэсгээс боловсруулж, дээрх шийдвэрүүдийг танилцуулж, улмаар баталгаажуулахыг өмнөх Хурлын хуралдааны дарга Х.Нд мэдэгдэхэд, тогтоолын төсөлд гарын үсэг зурахаас татгалзсан нь, ингэснээр маргаан бүхий тогтоолд багийн Хурлын хуралдааны даргаар шинээр сонгогдсон хариуцагч Х.Д гарын үсэг зурсан нь, хариуцагч Х.Д нь хуралдаан болсон тухайн өдөр  Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргын ажлыг хүлээж аваагүй нь тус тус  хариуцагчийн тайлбар, Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  хуралдааны дарга О.Е 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/12,  2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/37 дугаартай албан бичгүүд, гэрч тус багийн Хурлын хуралдааны даргаар ажиллаж байсан Х.Ны мэдүүлэг, гэрч тухайн хуралдаанд ажилласан Ажлын хэсгийн ахлагч Т.Ал мэдүүлгээр  тогтоогдож байна.

10.2.2. Иймд дээрх байдлаар Х.Н нь  Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааныг дуусах хүртэл  даргалж явуулаагүй байх боловч Хурлын даргын хувьд хуралдаанаас гарсан шийдвэрт гарын үсэг зурж, баталгаажуулахаас татгалзсан тохиолдолд шинээр Хурлын даргаар сонгогдсон Х.Д нь  нэгэнт тухайн хуралдаанаас гаргасан гуравдагч этгээд Б.Жыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолд гарын үсэг зурсныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.” гэж заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэл болохгүйгээс гадна хариуцагчийн маргаан бүхий тогтоолд гарын үсэг зурсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл биш гэж үзлээ.

10.3. Иймд Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын  хуралдаанаар  багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн үед дээрх байдлаар Өлгий сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг ажилласан нь, маргаан бүхий захиргааны актад Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар шинээр сонгогдсон Х.Д  гарын үсэг зурж, гаргасан нь маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,   106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн  32.2, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2, 56.5.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Еын  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  хуралдааны 02 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай”  тогтоолыг  хүчингүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.РИЗА

 

 

 

[1]  С.Т нарын нэр бүхий 3 иргэний эцгийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа хаягийн мэдээлэл бүртгэлийн  652, 806, 1846 дугаарт тус тус бүртгэгдэж, гарын үсэг зурсан.