Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/151

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч Б.Амартүвшин

Хохирогч Ч.А-

Шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн 1838004170198 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.Б-,

Шүүгдэгч О.Б- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 04 цагийн үед Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Эделвайс” нэртэй зочид буудлын 210 тоот өрөөнд хохирогч Ч.А-тай маргалдаж нүүрэн тус газар нь архины шилээр шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 04 цагийн үед Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Эделвайс” нэртэй зочид буудлын 210 тоот өрөөнд хохирогч Ч.А-тай маргалдаж нүүрэн тус газар нь архины шилээр шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч Ч.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр найз Баярмаагийнхаа ажилладаг худагнаас 19 цагийн үед очиж ус авахдаа түүнтэй уулзсан. Түүнтэй уулзахад манай нөхөр ээлжинд гарчихсан байгаа, өнөөдөр Болороо бид 2 гадуур гарах гэж байгаа, чи хамт гадуур гарах юм уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би яаж ч магадгүй, яриарай гэж хэлчихээд явсан. Тэгээд орой 21 цагийн үед би Баярмаа руу найз нь гарахаа болилоо гэж бичсэн.  Үүнээс хойш орой 22 цаг өнгөрч байхад Баярмаа над руу залгаад Болороо бид хоёр одоо манай гэрээс гарах гэж байна гэхээр нь би орох газартаа оччихоод яриарай гэж хэлсэн. Удалгүй над руу Доргио бааранд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би орой 00 цаг 05 минутын үед Доргио бааранд явж очсон, намайг явж очиход замд 95000195 дугаарын утаснаас Баярмаа залгаад ирж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би очиж явна гэж хэлсэн. Намайг бааранд ороход надад 1 пиво авч өгсөн, Би авч өгсөн пивыг нь уусан. Намайг бааранд ороход Баярмаа, Болормаа 2 миний зүс таних Ээгий, Тоогий гэх 2 залуутай хамт сууж байсан...Тэгээд байж байхад Ээгий, Тоогий хоёр хэдүүлээ Эделвайс руу очихуу, бид 2 тэнд өрөө авчихсан байгаа гэж хэлж байсан. Тэгээд бид нар зөвшөөрөөд Эделвайс нэртэй буудалд нь очсон. Буудалд очоод архи болон ундаагаа авсан. Архи дууссаны дараа Ээгий  дахиж дэлгүүр явж нэг шил архи авчирсан. Тэгээд Ээгийгийн авчирсан архийг уух гээд юм яриад сууж байхад Баярмаа Тоогий руу ханд үүсгээд байхаар нь чи эмэгтэй хүн байж боль гэж хэлэхэд миний найз залуу Зоригтбаатарыг муулаад намайг бас муулаад байсан. Тэгэхээр нь би чи дандаа миний өнгөрсөн амьдралыг ярьж байдаг гэж хэлээд түүнтэй маргалдаад түүнтэй барилцаж авсан. Тэгж барилцаж авах үед Ээгий салгаад та нар явцгаа гэсэн. Тэгэхээр нь би сууж байсан сандал дээр буцаад суухад Баярмаа над руу дууссан байсан архины шилийг аваад шидчихсэн. Тэр шил нь миний баруун талын нүдний орчимыг оноод хагарчихсан. Тухайн үед би нүүрээ гараараа дарж үзэхэд цус гарч байсан. Тэгэхэд Тоогий намайг үүрээд Ээгийгийн хамтаар эмнэлэг дээр аваачсан. Би эмнэлэг дээр байж байгаад сэрэхэд Болороо ирчихсэн миний хажууд сууж байсан. Тэгээд удаачгүй байж байхад цагдаа ирээд явсан. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарах зардлыг нэхэмжилнэ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р тал/,

Гэрч М.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ч.А-, Баярмаа 2 хар Зоригоо нэртэй залуугаас болж хэрэлдсэн. Хэрэлдэж байхад Ч.А- чи яахаараа дандаа хар Зоригоог муулдаг юм бэ ингэж хэлснээ алгадаад үстээд авсан. Тэгэхэд Баярмаа бас адилхан үстээд авсан. Ингээд энэ 2 хоорондоо нилээн маргалдаж ноцолдсон.  Энэ 2-ыг ноцолдож байхад Ээгий салгаад Ч.А-г булангийн хананы хажуу руу аваад явсан. Тэгэхэд Баярмаа ширээн дээр байсан хоосон архины шилийг аваад Ч.А- руу шидсэн. Шидсэн шил нь ямар ч байсан хана цохиод хагарчих шиг болсон. Харин Баярмаа гэр лүүгээ харилаа гээд яваад өгсөн. Тэгээд би эмнэлэг дээр очиж Ч.А-г сахиж байж байгаад үүр цайх үед буюу өглөөний 06 цагийн үед гэрлүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

            Гэрч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би сэрээд харахад Ариука, Баярмаа 2 маргалдаад бие биенийгээ үстчихсэн байхаар нь дундуур нь орж салгаад Баярмааг орон дээр суулгаад Ариукаг сандал дээр суулгаад байж байх хооронд Баярмаа архины шил аваад Ариукаа руу шидсэн. Би Баярмааг шил шидэхийг харж байсан. Энэ асуудал маш хурдан болж өнгөрсөн, шил шидсэний дараа шил хагарах чимээ чанга дуугарсан. Тэгэхээр нь би Ариукааг очиж харахад баруун гараараа нүдээ дарчихсан, гар болон нүүр нь нил цус болчихсон байдалтай байсан. Тэгэхээр нь би яав, ийв гээд Ариукагийн гарыг аваад харахад баруун талынх нь нүдний зовхинд шидсэн архины шилний хэлтэрхий зоогдчихсон байдалтай байсан. Тухайн үед Баттогтох түргэн тусламж руу залгахад боломжтой бол өөрсдөө аваад ир гэж хэлж байсан. Тэгэхээр нь Тоогий бид 2 Ариукааг ээлжилж үүрээд шууд Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр аваачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

            Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 258 дугаартай

  • Ч.А-гийн биед баруун нүдний зовхинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрхи гэмтэл нь хатуу  мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
  • Ч.А-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/

зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч О.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1838004170198 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон “Соёрхол” нэртэй хагархай архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон “Соёрхол” нэртэй хагархай архины шилийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай .

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.АРИУНЖАРГАЛ