Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/05

 

2024/ДШМ/05

 

 

        

Б.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ж.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М

            Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 2024/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Дд холбогдох 2412000000193 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг  үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0 дүгээр багийн Ц 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бын Д /РД:00000000/,

 

Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутагт байрлах М зочид буудлын 0 тоот өрөөнд цэвэрлэгээ хийж байхдаа хохирогч Б.О-ийн өмчлөлийн алтан ээмэг, хүзүүний зүүлтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.053.500 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

А аймгийн Прокурорын газраас Б.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Бын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүгдэгч Б.Дд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 3/гурав/ хоног цагдан хоригдсон, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Прокурор эсэргүүцэлдээ ... А аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.У би, тус аймаг Дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутагт байрлах М зочид буудлын 0 тоот өрөөнд цэвэрлэгээ хийж байхдаа хохирогч Б.О-ийн өмчлөлийн алтан ээмэг, хүзүүний зүүлтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.053.500 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн 2412000000193 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хорих ял оногдуулахгүйгээр 1 сарын хугацаагаар тэнссэн нь энэ хуулийн санкцад зааснаас бага хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасантай зөрчилдөж байна. Мөн шүүгч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Дд "... нэг жилийн хугацаагаар тэнсэх” гэсэн шийдвэрийг уншиж сонсгосон нь шүүх хуралдааны бичлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байхад шийдвэрийн тогтоох хэсэгт "... нэг сарын хугацаагаар тэнсэх” гэсэн нь зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно ... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох зүйтэй байна ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн. Шүүгч ялыг уншихдаа зөв уншсан боловч шийтгэх тогтоолд нэг сар гэж буруу бичсэн байна. Жил гэхийг сар гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэхгүй байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 зааснаар шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно гэж зааснаар залруулах хүсэлт өгөөд залруулж яагаад болохгүй байсан бэ. Анхан шатны шүүх дээр хэлээд залруулах боломжтой байсан. Анхан шатны шийтгэх тогтоол ноцтой зөрчсөн гэдэг дээр өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн зөрчил биш техникийн шинжтэй алдаа байна гэж үзэж байна.Дээд шатны шүүх өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дг 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Э сумын 0 дүгээр багийн нутагт байрлах М зочид буудлын 0 тоот өрөөнд цэвэрлэгээ хийж байхдаа хохирогч Б.О-ийн өмчлөлийн алтан ээмэг, хүзүүний зүүлтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.053.500 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх 2024 оны 12 сарын 02-ны өдөр шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, 239 дугаартай шийтгэх тогтоолыг хэргийн оролцогчдод уншин сонсгохдоо шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шийдвэрийг уншин сонсгосон байна.

 

          Гэтэл   А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолыг хэргийн оролцогчдод гардуулсан, уг тогтоолын тогтоох хэсэгт уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй буюу шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шийдвэрийг гардуулсан,  энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Шүүх хуралдаанд уншин сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасан алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачлагчаар залруулж болно ... гэж хуульчилжээ.

             Шүүгдэгчид оногдуулж буй эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээ, ял оногдуулахгүйгээр тэнсэж буй шүүхийн шийдвэр ямар нэгэн алдаагүй, зөрчилгүй байх нь хуульд нийцэх бөгөөд дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчлийг үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдаа гэж үзэх үндэслэлгүй.

           Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

             Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.  

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                   Т.ГАНЧИМЭГ