| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0149/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/155 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Лхамдолгор
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгч Э.Х- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Х-д холбогдох эрүүгийн 1738003840194 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Х-,
Шүүгдэгч Э.Х- нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгмйн Тосонцэнгэл сумын төвд эхнэр Л.Ц-тай гэр орондоо ирэхгүй гадуур хонож явлаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын салстад шарх бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирлийлэл үйлдэж учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Э.Х- нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгмйн Тосонцэнгэл сумын төвд эхнэр Л.Ц-тай гэр орондоо ирэхгүй гадуур хонож явлаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын салстад шарх бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирлийлэл үйлдэж учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч Л.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хоноод маргааш нь дотуур байранд байж байтал орой 21 цагийн үед манай нөхөр Э.Х- ирэхээр нь би дотуур байрнаас гараад очиход Э.Х- архи уучихсан байсан. Тэгээд би Э.Х-д чи хүнд 3 ямаа зарж архи уусан байна гэж хэлсэн чинь Хайнзан уурлаад намайг зайлаарай гээд миний зүүн шанаа руу 2 удаа цохиж авсан. Тэгээд миний хамраас цус гоожоод намайг Хайнзан дахиад цохих гээд байхаар нь би зугатаагаад дотуур байр луу гүйгээд орчихсон. 2010 онд намайг жирэмсэн байхад зодож байсан. 2011 онд бас нэг удаа нүдийг маань хөхөртөл зодож байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/, Шүүгдэгч Э.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гадаа ирээд эхнэр Л.Ц-тай уулзах гэтэл байхгүй байсан. Эхнэр Л.Ц-тай гадаа таарсан. Л.Ц- архи пиво уулаа гэж уурлаад байсан. Тэгэхээр нь би зүүн шанаа руу 1 удаа алгадаад шууд хөдөө гэр лүүгээ явсан...” хх-ийн 18-р тал Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 566 дугаартай: - Л.Ц-ийн биед гэмтэл тогтоогдлоо. - Л.Ц-ийн биед тархи доргилт, хацрын салстад шарх бүхий гэмтлүүд учирсан байна. - Тухайн хэрэг болсон гэх цаг хуагцаанд үүссэн байх боломжтой - Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. - Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Э.Х- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн 1738003840194 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Х-г гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлий хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Хайнзансамууд 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ