Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/06

 

2024/ДШМ/06

 

 

        

Д.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Т   

Хохирогч: Н.Б

Хохирогчийн өмгөөлөгч: В.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М

Шүүгдэгч: Д.Ц

            Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.Цд холбогдох 2312000920195 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Ц эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг  үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 190 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, халх, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 3 дугаар багийн Цын 0 дугаар гудамжны 0 тоотод хаягын бүртгэлтэй боловч А аймгийн Э сумын 0 дугаар багийн 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г овогт Дийн Ц /РД:00000000000/

 

Шүүгдэгч Д.Ц нь Н.Быг өөрийн нөхөртэй хардаж, түүний нэр төр, алдар хүндийг гутаах, хувь хүний нууцаа хамгаалуулах эрхийг нь хөндөх зорилгоор, дэлхийн нийтийг хамарсан хамгийн том нийгмийн цахим сүлжээ болох “фейсбүүк”-ийн хувийн хаягаа ашиглаж, А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Ан цахим тээвэр” гэх нэршилтэй, 31000 дагагчтай, фейсбүүкийн нийтийн группэд Н.Б бусдад зодуулж, эрүүл мэндийн хувьд гэмтэл, шарх авсан байдалтай, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байхдаа авхуулсан, биеийн далд байдаг зарим хэсгүүдээ ил гаргаж харуулсан гэрэл зургууд буюу Н.Б хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг түүний зөвшөөрөлгүйгээр, санаатайгаар задруулж нийтэлсэн, энэхүү хууль бус үйлдлийн улмаас Н.Б хувийн нууцад хамаарах зурагт мэдээллийг фейсбүүкийн өөр бусад 12 группэд хуваалцаж, 76 хүн сэтгэгдэл бичиж, 24 хүн эможи дарсан гэмт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Д.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Г овогт Дийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж хувь хүний нууцыг задруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Цд 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           

                Шүүгдэгч Д.Ц давж заалдах гомдолдоо ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Ц миний бие А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолыг 2024.12.25-ны өдөр гардан авч давж заалдах гомдол гаргаж байна. Д.Ц миний бие Н.Быг өөрийн нөхөр Д.Нтай үүсгэсэн гэр бүлээс гадуурх харилцааг таслан зогсоох зорилгоор тухайн зургийг нийтэлсэн бөгөөд тайлбар хэсэг нь ч тийм утгатай байсан. Түүнээс прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн бусдад зодуулж, эрүүл мэндийн хувьд гэмтэл шарх авсан байдалтай, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байхдаа авхуулсан гэх биеийн далд байдаг зарим хэсгүүдээ ил гаргаж харуулсан гэрэл зургууд буюу Н.Б хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц болох эрүүл мэндийн мэдээллийг санаатайгаар нийтлээгүй. Шүүгдэгч надад анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалд нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх бүрэн боломжтой байсан боловч хэрэглээгүй нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж бодож байна. Иймд шүүгдэгч надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчилж өгнө үү ... гэжээ.

           

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Шүүгдэгч болон хохирогчийн аль аль нь өөр өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж байна. Хуулийн байгууллага бол хэн нэгний хүслийг нь гүйцээдэг байгууллага биш. Гэхдээ хэн нэгэн буруутай этгээд буруутай хуульд харшлах үйлдэл хийсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Тийм учраас Д.Цын хэлсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан. Хоорондын таарамжгүй харилцаа байдаг бол түүнийгээ шүүхийн дагуу шүүхэд хандаж юм уу эсвэл цагдаагийн байгууллагад хандаж Эрүүгийн юм уу, иргэний юм уу харилцаа юм уу гэдгээсээ шалтгаалаад хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Хуулийн дагуу шийдүүлэх ёстой байдаг, бүх зүйл хуулийн дагуу л шийдэгдэнэ. Гэрлэлт цуцлуулах асуудал байдаг юм бол иргэний хэргийн шүүхээр, эрүүгийн шинжтэй асуудал байгаа бол эрүүгийн хуулиар шийдэгддэг. Тийм учраас Д.Цын үйлдэл хүний эмзэг мэдээлэл өөрөө эрүүл мэндийн байдалтай холбоотой мэдээлэл агуулж байсан. Гэрэл зургийн баримтыг олон нийтэд байршуулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хэн болох нь тогтоогдсон. Хэн ч байсан ямар ч өс хонзон өвөрлөсөн бай хүний эмзэг мэдээлэл хүний хувийн мэдээллийг бусдад хамаагүй тарааж болохгүй. Бусдын хувьд хэн нэгний хувийн мэдээлэл, хувийн амьдрал хаалттай байх ёстой. Тухайн өөрт хамааралтай гэр бүлийн хүндээ хамаатай байдаг байх. Бусдын хувьд хаалттай байх ёстой ийм мэдээллийг Д.Ц задруулсан нь хуульд заасан гэм буруугийн шинжийг хангачихсан байгаа юм. Тийм учраас гэм буруутайд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байсан. Тиймээс анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд Д.Цд холбогдуулан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Ял шийтгэлийн хувьд түүний үйлдэл нийгмийн аюулын хэм хэмжээ Бд учруулж байгаа нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон шийтгэл  гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгосон нь энэ зүйл ангийн хамгийн доод хэсгийн торгуулийн шийтгэл тохирсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч В.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Хохирогч Н.Б давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа ... Байхгүй гэв

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Миний хувьд тайлбараа хэлэхдээ хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Үйлчлүүлэгч маань ийм хүсэл сонирхолтой байгаа учраас энэ хүсэл, сонирхлыг нь дэмжиж оролцож байна гэдгийг илэрхийлсэн. Тэрнээс өөр үйлчлүүлэгчийн хүсэл сонирхлын эсрэг шинжтэй тайлбар, санал гаргаагүй гэж өөрийгөө бодож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн хэмжээ, хязгаар нь прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ёстой. Прокуророос гол буруутгаж байгаа үндэслэл нь Б эрүүл мэндтэй холбоотой хувийн мэдээллийг задруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Өмгөөлөгч миний зүгээс сэдэлт, санаа зорилго нь хувийн мэдээллийн тараая гэсэн сэдэлт санаа, зорилго байсангүй гэдгийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл  субъектив тал нь шууд санаатай хувийн мэдээллийг тараахыг хүсэж үйлдсэн идэвхтэй үйлдэл харагдахгүй байна. Зөвхөн энэ хүний гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд байгаа энэ үйлдлийг таслан зогсоох гэсэн ийм хандлага байсан байна. Энэ нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учраас заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй гэдэг хэд хэдэн үндэслэлийг тавьсан. Хохирогчийн өмгөөлөгч хэлээд байгаа шиг зурган мэдээлэл гэдэг байдлаар яллах дүгнэлт үйлдэж оруулж ирээгүй. Хувь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиараа хүний эмзэг мэдээлэл хувийн нууц юм. Яллах дүгнэлтийнхээ хүрээнд хэргийг шийдэж өгөөч гэсэн саналыг анхан шатны шүүхэд тавьж, анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Тийм учраас түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байр сууринаас давж заалдах гомдол гаргаж шүүх хуралдаанд оролцож байгаа. Тийм учраас А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.

 

Шүүгдэгч Д.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Би 12 дугаар ангид сурдаг охинтой, охин минь ангийн давтлага, нэмэлт дугуйлан секцэд маш их хамрагддаг. Эдгээрийнхээ төлбөрөөс гадна ирэх жил оюутан болно. Гэтэл надад 5.400.000 төгрөгийг төлөх үнэхээр хүнд байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үедээ уур бухимдлаа буруугаар илэрхийлж буруу арга хэрэглэснээ үнэхээр хүлээн зөвшөөрч байгаа,  ахиж ийм хэрэг үйлдэхгүй. Энэ Б хэлснээр гэр оронд нь зөвшөөрөлгүй ордог гэж хэлж байна. Тийм удаа байхгүй, манай ээж, аав ч тэгж зодсон удаа байхгүй. Яахав хүний эх болсон хойно ээж минь сонсоод жаахан бухимдаад таарахаараа ганц хоёр үг эгчийн үгээр хэлдэг юм шиг байна. Тэрийг нь нэмж хачирлаж ээж нь зоддог гэж ярьдаг. Манай ээж, аав тэгж хүн зодохоор насны хүмүүс биш, зүрх муутай, даралт өндөртэй, тэгж хүнийг таарсан газраа зодоод байдаггүй. Би энэ хүмүүсийн хүүхдүүдтэй нь тэгж хэрүүл уруул хийж байсан удаа байхгүй. Охидуудтай нь би эвээр л ярьдаг байсан, дүү нар аа ээжийгээ болиулаад өгөөч ээ эгч нь амьдралаа бодмоор байна, таван хүүхдээ би аавтай нь өсгөчихмөөр байна, ээжийгээ болиулаад өгөөч ээ л гэж охидуудаас нь гуйж байснаас охидуудтай нь хэрүүл хийж, гэр оронд нь зөвшөөрөлгүй орж хэрүүл хийж үзээгүй. Тэр хүүхдийнх нь фэйсбүүкээр нэвтэрсэн гэж байна, би тэрийг ойлгохгүй байна. Хүүхэд нь хичээлдээ явдаггүй гэж байна, бас ойлгохгүй байна. Хөдөө манай аавынхтай айл байдаг. Хөдөө намайг очих болгонд хүүхэд нь хичээлээсээ завсардаад самар түүж, айлын мал хараад л байж байдаг байсан. Тэр надаас болж хичээлээ тасалж байгаа юм биш. Ээж нь үр хүүхдээ хайхрахгүй, бусдын амьдрал үймүүлээд, эр нөхөртэй сүүлрээд яваад байхаар хүүхэд нь хөдөө ах дүү нарынхаараа хичээлээ тастаад явдаг юм билээ. Тэрийг надаас болж хичээл нь цалгардаад байна гэж хэлсэн нь үгүй юм. Тэр бусдын хүүхэдтэй зууралдах нь битгий хэл өөрийнхөө таван хүүхдийг яая даа гэж байна. Одоо ингээд зогсож байгаа цаг хугацаа хүртэл хайран байна. Миний цэцэрлэгийн хоёр хүүхдийг хэн цэцэрлэгээс авсан бол, нөгөө хүүхдүүдийн минь хоолыг хэн хийж байгаа бол гэж бодож байна. Энэ хүүхэнтэй ингэж зууралдаж явсандаа үнэхээр харамсаж байна. Энэ хэргийг хийсэндээ үнэхээр харамсаж байна, би ухаантай, бодолтой хүн юм чинь хийсэн хэрэгтээ харамсалгүй яах вэ дээ. Эхнээсээ зууралдсандаа үнэхээр харамсаж байна. Энэ хүн өөрөө миний охидуудыг таарахаараа дарамталдаг, чи гөлөг минь, чацга минь, аятайхан байгаарай гэдэг. Миний охин хүүтэй нь нэг сургуульд сурдаг. Өсвөр насны хүүхэд учраас аавтайгаа холбоо харилцаагүй болчихсон болохоороо уурандаа хүүхэдтэй нь хэрүүл хийж чи миний аавын мөнгөөр тэжээгдэж амьдарлаа, миний аавыг салгалаа чиний ээж та хоёр гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр нь энэ хүүхэн миний охинтой таарахаараа элдвээр хэлдэг. Аавыг нь хайраа, хайртай шүү ханиа, чамд хязгааргүй хайртай гэж миний дэргэд хүүхдүүдийн минь дэргэд чанга яригч дээр тавиад ярьдаг хэрнээ хүүхдүүдийг минь болохоор чацга, баас, шээсээр дууддаг, хүүхдүүдийг аятайхан байгаарай чацга минь ална шүү, чамайг аавд чинь хэлээд алуулна шүү гэдэг. Аав нь хүртэл ээжтэйгээ хөтлөлцөөд шоронд явмааргүй байвал дуугүй байгаарай гэж хоёр том охиноо дарамталдаг. Тэрнээс болоод одоо хичээлээ хийж байх ёстой хүүхдүүд чинь хичээлээ хийхээс ч дургүйлхэж, аавын хүүхэд байхаас ичиж байна би хотод сурмааргүй байна, гадагшаа явмаар байна гэж уурладаг. Та яах гэж аавтай суусан юм, яах гэж тэр заваан авгайтай хэрүүл хийж шүүх цагдаагаар явсан юм гэдэг. Би үнэхээр 2 охиныхоо аашийг олохгүй байна. 10 дугаар ангид сурдаг охин минь хүртэл аймагт баймааргүй байна, аав тэр авгайтайгаа байнга энд тэнд явж харагдаад байна, үнэхээр хэцүү байна, хот руу шилжмээр байна гэж гуйхад нь арайхийж болиулсан. Одоо оюутан болох охиноо хичээлд нь төвлөрүүлмээр байна, энэ хүнээс болоод манай амьдрал үнэндээ мянган хувиар сүйрчхээд байгаа. Би яагаад энэ хүүхнээс болоод таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болж хохирсон дээрээ хохирч ахиад дээр нь торгуулийн ял төлөх ёстой юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тэнсэн харгалзах ч юм уу өөр ялаар сольж өгнө үү гэсэн хүсэлтэй байна ... гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

    Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

 Шүүгдэгч Д.Ц нь Н.Быг өөрийн нөхөртэй хардаж, түүний нэр төр, алдар хүндийг гутаах, хувь хүний нууцаа хамгаалуулах эрхийг нь хөндөх зорилгоор, дэлхийн нийтийг хамарсан хамгийн том нийгмийн цахим сүлжээ болох “фейсбүүк”-ийн хувийн хаягаа ашиглаж, А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Ан цахим тээвэр” гэх нэршилтэй, 31000 дагагчтай, фейсбүүкийн нийтийн группэд Н.Б бусдад зодуулж, эрүүл мэндийн хувьд гэмтэл, шарх авсан байдалтай, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байхдаа авхуулсан, биеийн далд байдаг зарим хэсгүүдээ ил гаргаж харуулсан гэрэл зургууд буюу Н.Б хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг түүний зөвшөөрөлгүйгээр, санаатайгаар задруулж нийтэлсэн, энэхүү хууль бус үйлдлийн улмаас Н.Б хувийн нууцад хамаарах зурагт мэдээллийг фейсбүүкийн өөр бусад 12 группэд хуваалцаж, 76 хүн сэтгэгдэл бичиж, 24 хүн эможи дарсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

            

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Д.Цыг хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж хувь хүний нууцыг задруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилжээ.

          

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

 

 

 

Шүүгдэгч Д.Цд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлахаар шийдвэрлэв.

 

 Иймд шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Цд 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Цд хорих ял онгодуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж, 3 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй гэж, 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Цд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэсэн 41 заалт нэмж тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                   Т.ГАНЧИМЭГ