Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00107

 

                                                Нарантуул трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                                     иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05129 дүгээр шийдвэр,                              

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1902 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Нарантуул трейд ХХК,

Хариуцагч :  Суурь ХХК

Нэхэмжлэлийн шаардлага :  221.700.030 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар  оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013.11.19-ний өдөр Суурь ХХК-тай бетон зуурмаг худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ байгуулж,гэрээний 4.1-д заасны дагуу бүтээгдэхүүний үнэд 850 сая төгрөг урьдчилгаанд төлсөн. Үүний дагуу Суурь ХХК нь гэрээний гүйцэтгэлийн ажил явуулж байхдаа 2014.8.22-оос 23-нд барилгын карказын бетон зуурмаг нийлүүлэхдээ стандартын шаардлага хангаагүй, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлж, цутгасан карказыг нураах болон дахин барих ажил хийгдсэн. Нийт 320.379.030 төгрөгийн зардал манай компаниас гарсан бөгөөд энэ тухай 2 тал акт үйлдэж баталгаажуулсан. Талууд тооцооны үлдэгдлийг нягталж 221.700.030 төгрөгийг Суурь ХХК-иас манайд төлөхөөр тохирч харилцан баталгаажуулсан. Иймд Суурь ХХК-иас чанаргүй бетон зуурмаг нийлүүлсний хохиролд нийт 221.700.030 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1/

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2013.11.19-ний өдөр 13/08 дугаартай, Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээг байгуулан бетон зуурмагаа нийлүүлсэн. 977.701.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс гадна нь худалдааны төвийн барилгын Б блокын 2 дугаар давхарын цутгалтын нураасан талбайд дахин М350 маркаар 138 м.куб буюу 24.978.000 төгрөгийн бетоныг төлбөр авалгүй нийлүүлэн гэрээгээр хүлээсэн үүргийг давуулан биелүүлсэн. Бетон нийлүүлэлтийн явцад 2014.8.22-оос 23-нд шилжих шөнө захиалагч тал барилгын Б блокны 2 дугаар давхрын цутгалтын ажилд БМ-300 маркаар 671 м.куб бетон зуурмаг авсан. Гэтэл 4-5 хоногийн дараа захиалагчийн зүгээс гомдол ирсэн, үүний дагуу талбай дээр очиж үзэхэд дээрх Б блокны 2 дугаар давхарт хэсэг газар бэхжээгүй бетон үүрсэн, алаг цоог борлосон байдалтай байсан.Зургийн автор үүссэн асуудалтай хэсгийн талбайг түргэн нурааж асуудлыг яаралтай шийдэхээр болсон ба 295.401.030 төгрөгийн хохирлын акт тогтоож төлбөр тавьсан. Тухайн үед юунаас болж барилгын талбайд дээрх бетон бэхжээгүй болон үүрч унасан шалтгааныг тогтоолгүй, манай компанийг энэ асуудлыг яаралтай шийдэж өг гэсэн. Манай зүгээс хөндлөнгийн байгууллагаар шалгуулах хүсэлт тавихад захиалагч талаас зөвшөөрөөгүй ба нэн тэргүүнд барилгын ажлыг саадгүй явуулах ёстой, мөн гадны хэл амнаас болгоомжлох, цаашид ч улсын комисс хүлээн авахад хүндрэл учирна гээд нууцалсан. Манай компани нь тухайн үед хохирлын хэмжээг харилцан тохиролцож хоёр талдаа хүндрэлгүйгээр бүтээгдэхүүн авах замаар шийдэх байх гэж бодсон. Нарантуул трейд ХХК нь өөрсдөө ирсэн бетоноо шалгаж хүлээн авах үүрэгтэй, мөн цутгалтыг шөнөөр авсан, талбай дээр ямар нэгэн алдаа дутагдал гаргасан, нийлүүлж байсан зуурмагт механик хольц үүсгэсэн, гадны нөлөө орсон байх зэрэг асуудлууд байх магадлалтай тул тодруулах хэрэгтэй. Манай тал өөрийн үйлдвэрээс гарсан бетонд байнга шинжилгээ хийдэг ба энэ өдрийн манай лабораторийн  шинжилгээ болон хөндлөнгийн лабораторт өгсөн үр дүнгүүд стандартын шаардлага хангаж байгаа. Дээрх актын төлбөрт манай талаас Б блокны 2 давхарт нөхөж өгсөн бетон зуурмаг 138 м.куб буюу 24.978.000 төгрөг, энэ тооцоог тооцоо нийлсэн актанд оруулаагүй, төлбөр ч төлөөгүй авсан. 2 талын тооцоо нийлсэн актаар 221.700.030 төгрөг Суурь ХХК нь Нарантуул трейд ХХК-д өгөх өглөгтэй гарсан.Тооцооны үлдэгдлийн баталгааг санхүү баталгаажуулсан нь төлөөлөх эрхгүй этгээд баталгаажуулсан гэж үзэж байна гэжээ./хх 58-59/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05129 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасныг баримтлан Суурь ХХК-иас 221.700.030 төгрөг гаргуулан Нарантуул трейд ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.266.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас1.266.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  1902 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус компани нь нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль зүйн хангалттай үндэслэлгүй, нэхэмжлэгч талын урьдчилан боловсруулж, итгүүлэн төөрөгдүүлэх замаар хийсэн тооцоо нийлэх актад үндэслэсэн, тэрхүү тооцоо нийлэх актад тусгасан дүн нь, шүүхүүдийн худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн гэрээний төлбөр төдийгүй, гэрээнд үл хамаарах нэхэмжлэгч талын үйл ажиллагааны өөрийнх нь зардал зэргийг нэмж оруулсан төлбөр болох нь актыг уншиж судлахад ойлгомжтой байсан юм. Манай компани маргааныг хууль зүйн үндэслэлтэй шударгаар шийдвэрлэхийн тулд наад зах нь яагаад бетон зуурмаг 2 удаа нийлүүлэгдсэн, тооцоо нь зөв эсэхийг шинжээчээр шалгуулах ёстой гэж үзэж байгаагаа удаа дараа илэрхийлж, шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхүүд хүлээн авахаас татгалзсан юм. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхүүд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзээд байгаа мөртлөө гэрээний зүйл 2 дахин нийлүүлэгдсэн учрыг шалгахыг ч хүсээгүй учраас энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхүүд талуудын хооронд тооцоо нийлсэн гэх баримтад зөвхөн бетон зуурмагийн үнэ төдийгүй гэрээнд үл хамаарах бусад зардлуудыг хольж хутган хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр хэт өсгөсөн нөхцөл байдлыг хянан шалгасангүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хууль зүйн хангалттай үндэслэл бүхий шийдвэр, магадлал гаргаж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна. Тус компанийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс бетон зуурмагийн үнэ болох 60 сая төгрөгийн төлбөрийг төлөх боломжтой гэж үзэж байгаа болохоо удаа дараа илэрхийлж байсан болно. Түүнчлэн шүүх хуралдаанд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх эрхийг эдлүүлэлгүй хууль ноцтой зөрчсөн нь ямар ч үндэслэлээр зөвтгөх боломжгүй гэж үзнэ. Иймд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нарантуул трейд ХХК нь Суурь ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж,  2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нийлүүлсэн бетон зуурмаг нь стандартад нийцээгүйгээс уг зуурмагаар цутгасан карказыг нураах болон дахин барих ажил хийгдсэн зардал  221.700.030 төгрөг шаардсан байна.  Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.      

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Талууд 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ” /хх 4-9/ байгуулж Суурь ХХК нь БМ250 маркийн 4 000 м.куб, БМ300 маркийн 2 000 м.куб бетон зуурмагийг худалдан авагчид нийлүүлэх, Нарантуул ХХК үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн ба талуудын хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.  

Суурь ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 22-с 23-ны өдөр шилжих шөнө худалдан авагчид нийлүүлсэн бетон зуурмаг доголдолтой байсан талаар зохигчид маргаагүй байв. Дурдсан доголдлыг арилгах, хохирлыг барагдуулах талаар зохигчид харилцан тохиролцон баримт үйлдсэн байх бөгөөд үүнийг үгүйсгэх баримтыг хариуцагч шүүхэд өгөөгүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

Харин хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийж, нэхэмжлэлээс 16.245.986 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

Нарантуул трейд ХХК нь шаардлагаа “худалдааны төвийн Б блокны 2 давхарт 2014/08/22-ны өдрийн цутгалтаар чанарын шаардлага хангаагүй ирсэн зуурмаг, түүнтэй холбоотой карказыг нураах болон дахин барих зардлын акт”-р /хх 8-9/ үндэслэн зардлыг 320.379.030 төгрөг гэж тооцсон ч 221.700.030 төгрөг шаардсан гэх боловч актад аль зардлыг хасаж тооцсоныг дурдаагүй, хариуцагч уг актаас 295.401.030 төгрөг зөвшөөрсөн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон баримтаас үзвэл Нарантуул трейд ХХК-ийн худалдааны төвийн Б блокны 2 давхарын карказыг нураах болон дахин барихад багаж, тоног төхөөрөмжид 4.770.996 төгрөг, ажлын байрны төлбөрт 14.976.000 төгрөгийн зардал гарсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч алдангид 70.200.000 төгрөг төлсөн баримтгүй тул эдгээрийг 295.401.030 төгрөгөөс хасаж үлдэх 205.454.044 төгрөгийг Суурь ХХК-иас гаргуулах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1902 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т заасныг баримтлан Суурь ХХК-иас 205.454.044 төгрөг гаргуулж Нарантуул трейд ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16.245.986 төгрөг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “...1.266.500 төгрөгийг гаргуулан...” гэснийг “...1.184.680 төгрөгийг гаргуулан...” гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 958.000 төгрөгийг Суурь ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ