Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 112/2017/0008/З |
Дугаар | 221/МА2018/0258 |
Огноо | 2018-05-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2018/0258
Т.У-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Т.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.У-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр:
1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, тус Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын Т.У-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж.
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 30 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Б/46 дугаар тушаалын Т.У-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж.
3 дахь заалтаар: Нэхэмжлэгч Т.Ууганжаргалын нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 7626031 төгрөг, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол гэх 2970500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “1. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж маргаан бүхий актын биелэлтийг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүхээс “..., иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний урьд хэрэгжүүлж байсан чиг үүргүүдийг салган хэд хэдэн ажлын байруудад хувиарласан тохиолдолд шинээр хувиарласан ажлын байруудын алинд нь түүнийг томилох асуудлаар хариуцагч шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т шалгаруулалтын журмыг хэрэглэн адилтган төсөөтэй хэрэглэж болохоор байна. Дээрх шалгаруулалтыг хариуцан зохион байгуулж шийдвэрлэх нь хариуцагчийн чиг үүрэг эрх хэмжээнд хамаарах тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалган тодруулах боломжгүй, нэмж шалгаж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах, нотлох баримт цуглуулах хүрээ, хязгаараас хэтэрсэн байна...” гэж үндэслэлгүйгээр, талуудын маргаж буй нөхцөлөөс тэс өөрөөр, хэт нэг талыг буюу ажил олгогчид ашигтай байх нөхцөлийг харж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт авагдсан дээрх дүгнэлт нь хэргээс хальсан, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй мөн хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбарт дээрх дүгнэлтийг хийх нөхцөл бүрдээгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр тусгайлан зохицуулсан. Гэтэл уг хэргийн тухайд хэргийн нөхцөл байдал маш тодорхой, нэмж тодруулах зүйл байхгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой дээр шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл огт байхгүй, миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан атал нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2. Шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 7626031 төгрөг, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол 2970500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль болон өөрийн дүгнэлтийг үгүйсгэсэн буруу шийдвэр болсон гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт буюу 8 дугаар хуудаст “..., үүнээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Т.У-ын гүйцэтгэж ирсэн үндсэн чиг үүрэг, зорилтууд хэвээр хадгалагдсан, түүний орон тоо хасагдаагүй болох нь тогтоогдож байна...,” мөн “..., Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албанаас халагдахгүй байх, нэмэлт баталгаагаар хангагдах учиртай... Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар чөлөөлөх, төрийн албанаас чөлөөлөгдөх аль ч үндэслэл бүрдээгүй буюу орон тоо хасагдаагүй байхад түүнийг ажил албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг зөрчсөн байна” гэж маргаан бүхий Б/46 дугаартай тушаалыг хууль зөрчсөн, үндэслэлгүй гэдэгт зөв дүгнэлт хийсэн атлаа уг хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.
Тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын улс төржсөн, хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэрээс болж 15 сар орчим хугацаанд ажилгүй, орлогогүй байж шүүхэд уг хэрэг маргааныг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэхийг хүлээж байгаа бөгөөд шүүхээс шалтгаалан хугацаа их алдаж, хөдөлмөрлөх эрх зөрчигдөн тэр хэрээр санхүүгийн болон сэтгэл санааны ихээхэн хохирол амсаж байгаа тул шүүхийн энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.У нь “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бусад холбогдох зардлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэл зэргээс үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан “иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн”-ийн ажлын байрны чиг үүрэг шилжсэнтэй холбоотой, одоогоор томилогдон ажиллаж байгаа Ц.А, Т.Э нарын чухам хэнийх нь албан тушаалд нь эгүүлэн тогтоолгохыг хүсэж байгаа талаар баримт цуглараагүй, ажлын байрны тодорхойлолт нотлох баримтаар авагдаагүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүй, маргаж буй үндэслэлийг тал бүрээс нь судлалгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байна.
Уг хэргийг урьд нь анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг хянаж “...Т.У нь “...миний ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн бөгөөд харин ч миний ажлын байрны чиг үүргийг Ц.А, Т.Э нар хуваан гүйцэтгэж байна...” хэмээн маргаж байх тул анхан шатны шүүх дээрх төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдийн өргөдөл гомдол, угтах үйлчилгээ болон зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, 70481111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт Т.У-ын ажиллаж байсан албан тушаалын чиг, үүрэг шилжсэн эсэх, нэхэмжлэгч дээрх 2 мэргэжилтний албан тушаалын алинд нь томилогдохоор маргаж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний 221/МА2017/0567 дугаар магадлалд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүйгээр дахин маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчимд нийцээгүй байна.
Тиймээс анхан шатны шүүхээр дээр дурдсан ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР