Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2018/0111/З |
Дугаар | 345 |
Огноо | 2019-10-28 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 345
Д.Б-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн
Засаг дарга болон Монгол Улсын Засгийн газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас түүний амины орон сууцыг үнэлсэн үнэ 309 258 600 төгрөгийг Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн Засаг даргаас хувь тэнцүүлэн гаргуулах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0277 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0410 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, өмгөөлөгч Д.Н, Д.Т,
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0277 дугаар шийдвэрээр: Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн /1994 он/ 16 дугаар зүйлийн 16.6, 16.7-д заасныг тус тус баримтлан Д.Б-гээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас хувь тэнцүүлэн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хувь тэнцүүлэн гаргуулах шаардлага бүхий Д.Б нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0410 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, өмгөөлөгч Д.Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн хохиролтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэх журмын зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх “Захиргааны ерөнхий хуульд хохиролтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэх журмыг зохицуулахдаа, хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.2-т зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах урьдчилсан нөхцөл нь тухайн хохирол учруулсан гэх захиргааны хууль бус үйл ажиллагаатай хамт хохирлоо шаардсан байхыг, шаардаж буй хохирлын хэмжээ ямар нэгэн маргаангүй байхыг ойлгохоор байна” гэж дүгнэсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь иргэн Д.Баасансүрэн нарт газар олгосон 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар /хх-4 дэх тал/ захирамжаа өөрөө хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, 2000 оны 09 дүгээр 21-ний өдрийн 311 дүгээр /хх-5 дахь тал/ захирамжаараа хүчингүй болгосон тул тухайн захиргааны актуудтай нэхэмжлэгч тал маргаагүй, харин хууль бус захиргааны акт гаргаж, нэхэмжлэгчийг хохироосон учраас хохирлоо шаардсаар ирсэн.
4. Харин анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0277 дугаар шүүхийн шийдвэртээ “Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар захирамжаар Д.Б нарын 4 иргэний амины орон сууцны барилгыг Гэрлэх ёслолын ордны баруун урд байрлуулахыг зөвшөөрөн, 0.36 га газрыг 2 жилийн хугацаатай ашиглах эрх олгосноор захиргааны хууль бус акг гарч, нэхэмжлэгчид хохирол учирсан байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс хууль бус актаа 8 сарын дараа өөрөө хүчингүй болгосон хэдий ч энэ хооронд нэхэмжлэгч барилга барьсан байхад энэ асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байсан" гэж зөв зүйтэй дүгнэсэн байдаг. Гэвч анхан шатны шүүх “... дээрх хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хохирлын үнийн дүнг зөвшөөрөхгүй талаар хариу тайлбар ирүүлжээ” гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар “хохирлын талаар иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасныг баримталж, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан билээ.
5. Дээрх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй, ялангуяа давж заалдах шатны шүүх захиргааны байгууллага өөрөө хууль бус акт гаргаснаа хүлээн зөвшөөрч хүчингүй болгосон, үүнийг нь Засгийн газар мэдэж байсан учраас 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолын /хх-230 дахь тал/ тэмдэглэлдээ өмнө нь баригдсан барилгуудын асуудлыг шийдвэрлэхийг БСШУЯ-ны сайд болон Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон атал захиргааны байгууллагын ажиллагаа нь хуульд нийцсэн эсхүл хууль бус эсэх талаар ямар ч үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр захиргааны хэргийн шүүх хохирлын маргааныг дангаар шийдвэрлэх боломжгүй гэж илтэд үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.
6. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу хууль бус акт гаргаснаа хүлээн зөвшөөрч буй Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд хандаж шаардах эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарласан дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс ... хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийн үнэ 309.258.600 төгрөгийг гаргуулах” тухай шаардлагатай холбогдуулан төлбөр төлөх, төлбөрийн хэмжээг ихэсгэх, багасгах талаар хэмжээн дээр аливаа маргаан үүсгээгүй, харин хохирлыг барагдуулахаас шууд татгалзаж тул энэхүү татгалзал үндэслэлтэй, эс үндэслэлтэй эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүхүүд үнэлэлт дүгнэлт огт өгөөгүйд гомдолтой байна.
7. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан “төлбөрийн хэмжээнд маргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь магадлалдаа "Чойжин ламын хамгаалалтын бүсийг тогтоохоос өмнө нэхэмжлэгч П.Б нарт газар ашиглах эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон тул Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан нөхөх олговортой холбоотой эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхгүй” гэж дүгнэж. анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн жагсаалтад оруулсан байдаг боловч энэ үед Чойжин ламын сүмийн газрын хэмжээ, заагийг тогтоогоогүй орхисон байдаг. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь иргэн Д.Б-газар эзэмших эрхийг 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар хүчингүй болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалт, Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.7 дахь заалтууд, Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг.
8. Дээрх зүйл, заалт нь Нийслэлийн Засаг дарга нь иргэн Д.Баасансүрэнд газар эзэмшүүлэхдээ түүх соёлын дурсгалын хамгаалалтын бүсэд олгож, хууль зөрчсөн байна гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгчид нэгэнт үүссэн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийг хөндөхдөө болон газар дээр барьсан барилгыг буулгах шийдвэр гаргахаасаа өмнө түүний хууль ёсны эрх ашгийг зайлшгүй харгалзан үзэж, нөхөх олговор олгох эсхүл хохирлыг барагдуулах асуудлыг шийдвэрлэх үүргийг хуулиар хүлээсэн боловч энэхүү үүргээ одоог хүртэл биелүүлэлгүй ирснээс үүдэн иргэнд их хэмжээний эд хөрөнгөөрөө олон жил хохирсон. Иргэн Д.Б нь тухайн газрыг өөрийн буруутай, хууль бус үйлдлээр эзэмших эрхийг олж аваагүй, харин тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомж, дүрэм журмын дагуу эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглан барилга барьсныг иргэний буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй тул Нийслэлийн Засаг дарга нь өөрийн санаачилгаар буюу захиргааны журмаар газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн /1994 оны/ 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан үндэслэлийг баримтлах ёстой байсан.
9. Мөн Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолын хавсралт “Хуралдааны тэмдэглэл’’-д уг тогтоол гарахаас өмнө баригдсан барилга байгууламжийн асуудлыг Нийслэлийн Засаг даргатай ярилцаж, шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасан бөгөөд үүнээс үзвэл иргэн Д.Б амины орон сууцны асуудлыг шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ Нийслэлийн Засаг дарга болон Засгийн газар нь хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгч Д.Б амины орон сууцыг 2019 онд хүчээр буулгасан боловч энэ тухайд анхан болон давж заалдах шатны шүүхүүд ямар ч дүгнэлт хийгээгүй билээ.
10. Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан атлаа Нийслэлийн Засаг даргын А/12 дугаар захирамж хүчинтэй байсан 8 сарын хугацаанд тухайн газарт барилга баригдсан байсан нь нотлогдож байгаа талаар дүгнэлт хийсэн нь буруу. Энэхүү үйл баримтыг иргэний хэргийн шүүх тогтоох эрхтэйг тусгайлан дурдах нь зүйтэй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Д.Б нь тухайн газрын хууль ёсны эзэмшигчийн хувьд амины орон сууцны барилгыг 2000 оны 03 дугаар сараас эхлэн барьсан болох нь Чингэлтэй дүүргийн 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1162 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаар магадлал болон гэрч Э.А-ийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогддог.
11. Гэтэл Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан байх ба захиргааны байгууллага өөрөө хууль бус акт гаргаснаа хүлээн зөвшөөрч, захирамжаа хүчингүй болгох хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь амины орон сууц барьсны улмаас учирсан хохирлоо шаардаж байгаа тохиолдолд хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүргийг иргэний хэргийн шүүх тогтоох ёстой мэтээр дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иргэн Д.Б нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т “... хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасны дагуу мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан харьяаллын буюу Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх нэхэмжлэл бүхий маргаан болно. Нийслэлийн Засаг дарга нь иргэнд газар эзэмшүүлснийхээ дараа захиргааны санаачилгаар газарт эзэмших эрхийг дуусгавар болгосон атлаа нөхөх олговор олгох эсхүл хохирол барагдуулах эсэх асуудлыг огтхон ч шийдвэрлэлгүй орхигдуулж, иргэдийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн газар дээр амины орон сууц барьсан мэтээр буруутган, иргэн Д.Б хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөөр бий болсон өмч хөрөнгийг хүчээр буулгасан нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болсон үзэж байна.
12. Иймд иргэн Д.Б нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0277 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0410 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Барилгын байршилт тогтоох, газар ашиглах, эзэмших эрх олгох тухай” А/12 дугаар захирамжаар иргэн Д.Э, Ш.Т, Д.А, Д.Б нарт амины орон сууцны барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гэрлэх ёслолын ордны баруун талд 0.36 га газрыг 2 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгосон; мөн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 311 дүгээр захирамжаар “... Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үндсэн зарчим болон Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж газар ашиглах эрх олгосон” гэж дурдаж, уг А/12 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон; түүнчлэн мөн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай” А/879 дүгээр захирамжаар “... 3600 м.кв газрыг чөлөөлж, 270 м.кв талбай бүхий 2 давхар барилгыг албадан буулгах”-аар шийдвэрлэсэн, уг захирамжийг хэрэгжүүлж, тухайн газар дээрх Д.Б-өмчлөлийн барилгыг албадан буулгажээ.
14. Нэхэмжлэгч Д.Б анх шүүхэд нийслэлийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх, мөн багасгах зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас түүний амины орон сууцыг үнэлсэн үнэ болох 309 258 600 төгрөгийг Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн Засаг даргаас хувь тэнцүүлэн гаргуулах”-аар тодорхойлж, “...газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан атлаа нөхөх олговрыг олгоогүй, ... Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр маргасан байна.
15. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа Газрын тухай хуулийн болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
16. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 104 дүгээр зүйлийн 104.1-д “захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна”, 104.2-т “нөхөх олговор олгох журмыг хуулиар тусгайлан зохицуулна” гэж тус тус зааснаас үзэхэд, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон этгээдийн “хохирол”-ыг арилгах, эсхүл захиргааны хууль ёсны үйл ажиллагаанаас буюу хуулийн дагуу учирсан хохирлыг тооцож “нөхөх олговор”-ын журмаар барагдуулах нь ялгаатай өөр, өөр харилцаа юм.
17. Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь дээрх 2000 оны 311 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /1992 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 2, Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай /1994 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсгүүд, Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн, энэ тохиолдлын хувьд “нэр бүхий 4 иргэнд амины орон сууцны зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь тусгайлсан хуулиар эрх зүйн хувьд хамгаалагдсан улсын хамгаалалтад байдаг түүх, соёлын дурсгалт үл хөдлөх хөрөнгө болох “Чойжин ламын сүм”-ийн хамгаалалтын дэглэм /сүр барааг халхлах/-ийг зөрчсөн” гэж өөрийн гаргасан 2000 оны А/12 дугаар захирамжийг хүчингүй болгосон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
18. Эндээс үзвэл, Газрын тухай /1994 оны/ хуулийн 34 дүгээр зүйлийн 2-ын 3 дахь заалт болон хүчин төгөлдөр мөрдөж буй Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д заасан буюу нэхэмжлэгчид ашиглуулсан газрыг тусгай хэрэгцээнд авах замаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгоогүй тул тус хуулиудад тогтоосны дагуу уг харилцаанд хамааралтай “нөхөх олговор” авах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй болно.
19. Шүүхүүд, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан болон одоо үйлчилж буй Газрын тухай хуулиар зохицуулагдсан “газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговор олгох” харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн боловч, “газрыг улсын тусгай хэрэгцээнд авах”, эсхүл “түүх, соёлын дурсгалт үл хөдлөх хөрөнгийн хувьд эрх зүйн хамгаалалтад байлгахаар улсын хамгаалалтад авах” хоёр өөр асуудлыг нэгэн адил мэтээр дүгнэж, улмаар, нэхэмжлэгчид газар ашиглуулах эрх олгосон захирамжийг хүчингүйд тооцсон нийслэлийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаас хойно гарсан Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад байх “Чойжин ламын сүм”-ийн хамгаалалтын бүсийг 2,0 /235м х 85м/ га газар байхаар тогтоосон учир, уг тогтоолыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн үйлчлэлд нэхэмжлэгч хамаарахгүй гэдэг үндэслэлээр Газрын тухай хуульд заасан “нөхөх олговор”-ын харилцаа үүсээгүй гэсэн буруу дүгнэлт хийжээ.
20. Гэвч, Засгийн газраас нэхэмжлэгчийн газрыг “тусгай хэрэгцээнд авах” шийдвэр гаргаагүй, энэ тохиолдолд захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэрээс болж иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол төрөөс нөхөх олговор олгож, хохирлыг барагдуулах харилцаа үүсээгүй учраас агуулгын хувьд “нөхөх олговор”-ыг олгох “үүрэг” Засгийн газрын хувьд ч, нийслэлийн Засаг даргын хувьд ч үүсэхгүй тул шүүхийн дээрх “алдаатай” дүгнэлт нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй, иймээс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “... нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг захиргааны санаачилгаар дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн /1994 оны/ 34 зүйлийн 34.2-т заасныг баримтлах ёстой байсан, ... хуулиар зохицуулсан нөхөх олговортой холбоотой эрх зүйн харилцааг шууд үгүйсгэж, ийм төрлийн харилцаа үүсээгүй гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээс аргагүй байна” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
21. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгчид газар ашиглуулах эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2000 оны А/12 дугаар захирамжийг “хуульд нийцээгүй” гэж нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд өөрөө “хүчингүй” болгосон, хэргийн оролцогчдын тайлбар болон Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1162 дугаар шийдвэрт тусгаснаар нэхэмжлэгч Д.Баасансүрэн нь нийслэлийн Засаг даргын 2000 оны А/12 дугаар захирамж хүчин төгөлдөр байх үед тухайн газар дээр 2 давхар 270 м.кв талбайтай амины орон сууцны барилга барьсан, уг барилгыг албадан буулгасан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл барилгыг эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон байна.
22. Нийслэлийн Засаг даргын 2000 оны 311 дүгээр захирамжтай нэхэмжлэгч маргаагүй, нэхэмжлэгчид газар ашиглуулах эрх олгосон 2000 оны А/12 дугаар захирамж “хууль бус” байснаас болж, нэхэмжлэгчид хохирол учирсан буюу энэ тохиолдлын хувьд барьсан байшинг нураасан тул нэхэмжлэгчийн хохирлыг захиргаа барагдуулах үүрэгтэй.
23. Нэхэмжлэгч нь, газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо “нөхөх олговор”-ын асуудлыг шийдвэрлээгүй гэж маргаж, “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үнэ цэнийг тогтоож, 324.69 м.кв талбайтай амины орон сууцыг 309 258 600 төгрөгөөр үнэлсэн “үнэлгээ”-гээр тооцож, хохирол нэхэмжилсэн ба анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэлээ нөхөх олговор гэж тодорхойлсон, хэрвээ нийслэлийн Засаг даргын 2000 оны А/12 дугаар захирамжийн улмаас хохирол учирсан гэж үзвэл, хохирлын хэмжээний талаар маргана, энэ хохирлын хэмжээний маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй” гэсэн нь тэмдэглэгдсэн, түүнчлэн хохирлын хэмжээний талаар маргаантай гэдгээ хяналтын шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн зэргээр “хохирлын хэмжээний талаар” хариуцагч маргаж байгаа нь тогтоогдож байна.
24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд хохирлын маргаантай тус хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх хариуцагч нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасанд нийцсэн тул нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “...төлбөрийн хэмжээний талаар маргаан үүсгээгүй, харин хохирлыг барагдуулахаас шууд татгалзсан тул энэхүү татгалзал үндэслэлтэй, эс үндэслэлтэй эсэхэд шүүхүүд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.
25. Эдгээр үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0277 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0410 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ