Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 973

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн, Д.Жаргалсайхан нарыг оролцуулан иргэн Б.Саруулын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын нэр дэвшигч Б.Саруулд холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, 2016 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Б.Саруулыг оруулж шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны “2 дугаар” танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Б.Саруул

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо. 

Хаяг: Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, Баянзүрх дүүргийн төр захиргааны байгууллагын байр. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Саруул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:  Миний бие Нийслэлийн Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 1 мандат бүхий Баянзүрх дүүргийн 1 дүгээр тойрогт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр авсан болно.

Миний бие сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн хуулийн дагуу сурталчилгааны компанит ажлаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалтаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр тойрогт 1272 сонгогчийн санал авч санал хураалтын дүнгээр хамгийн олон санал буюу 1 дүгээрт жагссан.

Гэтэл Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 116-119 дүгээр заалтыг ноцтой зөрчин 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоол гэх захиргааны акт гаргаж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16,159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалтыг тус тус үндэслэн Б.Саруул намайг "...сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан" гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай хууль бус шийдвэр гаргалаа. Уг хууль бус шийдвэрийн улмаас Б.Саруул миний Үндсэн хуулиар олгогдсон Сонгогдох эрх ноцтой зөрчигдөж, ард түмний өгсөн саналыг үгүйсгэх гэсэн бусармаг үйлдэл болж байна.

Миний бие Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т "Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгүулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно." гэж заасан. Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн зөрчлийг Сонгуулийн түхай хуулийн 116-119 дүгээр зүйлд заасан журмын дагуу шалган тогтоож захиргааны хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Харин хуүлиар Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлийг шалган тогтоох эрх Сонгуулийн байгууллагад олгогдоогүй байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдлэн Б.Саруул намайг Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж, Сонгуулийн тухай хуулийг зөрчин шалган тогтоох үйл ажиллагааг өөрөө явуулсан хэмээн тайлбарлаж дээрх 55 дугаар тогтоолыг гаргасан нь хуүль бус байна.

1. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь хуралдсан, ирц нь бүрдсэн эсэх нь тодорхойгүй, байхад сонгуулийн хороо хуралдсан мэтээр тогтоол гаргасан нь хууль бус байна.

2. Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо дээрх тогтоолыг гаргахдаа хэний гаргасан ямар гомдол, мэдээлэл, ямар баримтыг үндэслэн нэр дэвшигч намайг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж, тогтоогоод байгаа нь тодорхойгүй байна.

Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дээрх хууль бус тогтоол хүчингүй болсноор Б.Саруул миний сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасны дагуу хамгийн олон санал авч сонгогдсоноо баталгаажуулах, улмаар надад итгэл хүлээлгэн сонгосон Баянзүрх дүүргийн 1 дүгээр тойргийн иргэдийн төлөөллийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Иймд Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Саруул намайг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон болохыг баталгаажуулахыг Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Саруул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, түүний үндэслэлдээ:  “Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрхийнхээ дагуу өмнө гаргасан нэхэмжлэлээ өөрчилж дараах нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргаж байна.

Миний бие Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд холбогдуулан 2 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнээс Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Харин "Б.Саруул намайг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон болохыг баталгаажуулахыг Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд даалгуулах" шаардлагаа "Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Б.Саруул намайг оруулахыг даалгуулах" болгож өөрчилж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэг. Нэр дэвшигч сонгуулийн тухай хууль зөрчсөн үйл баримтын талаар: Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд Ардчилсан намаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Саруул нь сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах хууль бус ажиллагааг эрчимтэй явуулж, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын намаас нэр дэвшигч Ц.Ууганбаярын ерөнхий менежер Б.Ариунаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол ирүүлсэн.

Энэхүү гомдол, мэдээллийг шалгахад нэр дэвшигч Б.Саруул нь өөрөө болон бусдаар дамжуулан сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан нь иргэн Ж.Цэцэнбатын тайлбар, “сонгуулиа өгөөд мөнгө авах талаар тохиролцож буй” бичлэг зэргээр бүрэн тогтоогдсон байна.

Иргэн н.Цэндсүрэн нэр дэвшигч Б.Саруулыг дэмжихийн тулд түүнээс мөнгө авч, сонгогчдод 10 000 төгрөг тараасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдсон үйл баримтуудаар нэр дэвшигч Б.Саруул Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.14. дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Энэ буруутай үйлдээ хүлээн зөвшөөрөөгүй буюу үгүйсгэсэн баримтыг гомдол гаргагч Б.Саруул Сонгуулийн Хороонд ирүүлээгүйн дээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг ирүүлээгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасан “аливаа этгээд” гэдэгт нэр дэвшигч Б.Саруул, иргэн н.Цэндсүрэн нар хамаарч байгаа болно.

Дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан “мөнгө, эд зүйл тараах”, 70.5.10-т заасан "сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, ... мөнгө... тараах”, 70.5.14-т "сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах", 70.5.16-д заасан “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах" зэрэг заалтыг ноцтой зөрчсөн байна.

Хоёр. Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан шийдвэрийн эрх зүйн үндэслэлийн талаар: Сонгуулийн тухай хуулиар 1/ Улсын Их Хурлын сонгууль, 2/ Ерөнхийлөгчийн сонгууль, 3/ Орон нутгийн сонгуулийн талаар ялгамжтай зохицуулсан байна.

Тухайлбал, 1. Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар бүлэгт Улсын Их хурлын Сонгуулийн талаар зохицуулжээ. Тус бүлгийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааснаас үзэхэд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаардаж байна.

2. Сонгуулийн тухай хуулийн 17 дугаар бүлэгт ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх зохицуулжээ. Тус бүлгийн 145 дугаар зүйлийн 145.1-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ" гэж заасан нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл зөвхөн “илэрсэн тохиолдолд” нэрсийн жагсаалтаас хасах эрхийг сонгуулийн төв байгууллагад шууд олгосон байна.

Энэ тохиолдолд урьдчилан тогтоох, шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаардахгүй.

3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хорооны нэр дэвшигч бүртгүүлсний дараа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийг нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх эрхтэй байна. Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын сонгуультай адил шүүхийн шийдвэр шаардаагүй, харин ерөнхийлөгчийн сонгуультай адил урьдчилан тогтоох, шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаардахгүй, зөвхөн “илэрвэл” гэх нөхцөлийг харгалзан үзэж байгаагаар адил байна. Харин сонгуулийн нэр дэвшигчийн мөн чанараас шалтгаалан нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах субъектээрээ өөр өөр байна. Энэхүү зохицуулалтын эрэмбийн дагуу татгалзах Үндэслэл илэрсэн тохиолдолд 159 дүгээр 159.3-т зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх дүүргийн сонгуулийн хороонд хуулиар олгогдсон тул Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна.

Нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл нь “нэг" дэх хэсэгт дурдсан сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгөн хөрөнгө гаргасан, тараасан үйл баримт болно. Үүнийг заавал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг хуулиар шаардаагүй нь нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээтэй холбон үзэж болно.

Дээрх үндэслэлээс үзэхэд хууль тогтоогч нь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах эрх зүйн үндэслэл, шаардлагыг ялгамжтайгаар тогтоосныг шүүх анхааран үзэхийг хүсч байна.

Нэр дэвшигч Б.Саруул нь Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон болохыг баталгаажуулахыг Баянзүрх Дүүргийн Сонгуулийн хороонд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад энэхүү нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх эрх зүйн боломжгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Б.Саруулын нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс Б.Саруулд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.Саруулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Иргэн Б.Саруул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,Сонгуулийн тухай хуулийн161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд өөрийн нэрийг оруулахыг даалгах  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасан зөрчлийг мөн хуулийн 116-119 дүгээр зүйлд заасан журмын дагуу шалган тогтоож хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байхад Сонгуулийн байгууллагад олгогдоогүй эрх эдлэн 55 дугаар тогтоол гаргасан нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Саруул Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 1 мандат бүхий тус дүүргийн 1 дүгээр тойрогт нэр дэвшиж өрсөлджээ.

Улмаар 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалтаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр тойрогт 1272 сонгогчийн буюу 49.90 хувийн санал авч  санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан нь  Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн тус тойрогт нэр дэвшигчдийн авсан саналын дүн, мэдээгээр нотлогдсон байна.

Харин Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо тус тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Ц.Ууганбаярын ерөнхий менежер Б.Ариунаагийн 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдөр гаргасан гомдлыг 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлаараа хэлэлцэж Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний олонхийн саналаар Б.Саруулыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд 7 гишүүний ирцтэйгээр хуралдсан байна.

Харин нэр дэвшигч Б.Саруулыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах эсэх тухай асуудлыг хэлэлцэх үед Сонгуулийн хорооны гишүүн Ч.Мэндсайхан, Б.Амартүвшин нар хуралдааныг орхин гарсан бөгөөд хуралдаан даргалагчаас хуралдааныг орхин гарсан 2 гишүүнийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал өгсөнд тооцохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Сонгуулийн хорооны гишүүн Ч.Мэндсайхан, Б.Амартүвшин нар тухайн өдрийн хуралдаан эхлэхэд оролцож ирц бүрдүүлэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай танилцсан боловч тухайн  асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэн хуралдааныг орхисныг хуралд оролцож, татгалзсан санал өгсөнд тооцсон хуралдаан даргалагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд тус хуралдааны ирц хуулийн шаардлага хангасан гэж дүгнэхээр байна.

Хариуцагч Сонгуулийн хорооноос хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн нэр дэвшигч Б.Саруулд холбогдох дүрс бичлэг бүхий CD, уг CD доторх хүмүүсийн харилцан ярилцсан бичлэгийг цаасан дээр буулган ирүүлсэн баримт нь хуульд заасан журмыг зөрчиж олж авсан үнэлэх боломжгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргаж өгөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн байх тул энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэснийг үндэслэн үнэлэх боломжгүй гэж дүгнэв  

Хариуцагч Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигч Б.Саруулыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “мөнгө, эд зүйл тараах;”, 70.5.16-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах;” гэснийг зөрчсөн гэж шийдвэр гаргахдаа энэ хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар зөрчлийг шалган тогтоож, хуульд заасан үндэслэл тогтоогдвол сонгуулийн байгууллага нэрсийн жагсаалтаас хасах эрхтэй гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.  

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно.” гэсэн нь сонгуулийн сурталчилгааны явцад нэр дэвшигчийн гаргасан зөрчлийг сонгуулийн байгууллага шалган тогтоох эрхтэй гэсэн зохицуулалтыг агуулаагүй байна.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг;”, энэ хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана.” гэж тус тус хуульчилжээ. 

Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчлийг Сонгуулийн байгууллага шалгаж тогтоох эрхгүй болно.

Хариуцагчаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Захиргааны шийтгэл ногдуулах тухай” 62 дугаар захирамжийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд энэ захирамжийн үндэслэх хэсэгт “..тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Саруул нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.12, 70.5.16-д заасныг зөрчиж иргэдэд мөнгө тараан, саналыг худалдаж авсан талаар нотлох баримт “CD”-ийн хамт ирүүлсэн нь тогтоогдохгүй байна.” гэж дүгнэжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1.Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7.1, 111 дүгээр зүйлийн 111.6, 117 дугаар зүйлийн 117.1, 164 дүгээр зүйлийн 161.4-т заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын нэр дэвшигч Б.Саруулд холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, 2016 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Б.Саруулыг оруулж шийдвэр гаргахыг тус дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР