2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/04808

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         05         28                                              191/ШШ2025/04808

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух,  дугаар регистртэй, Г овогт Дийн Пын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: байрлах,  дугаар регистртэй, “П” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.П,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Д,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.П миний бие “П” ХХК-д 2022 оны 03 сард ажилд орж 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу хууль бусаар гэнэт халагдах хүртлээ уг компанид “Кемп менежерийн” ажил үүргийг тасралтгүй гүйцэтгэж ажилласаар ирсэн. “П” ХХК-ийн гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр тодруулбал орон тоо хасагдсан цөөрсөн, татан буугдсан гэх шалтгаанаар намайг ажлаас халсныг зөвшөөрөхгүй байна. Учир нь миний орон тоог цомхотгосон гэх атлаа уг ажлын байран дээр хүн ажиллуулж байгаа бөгөөд ажлын байр цомхотгосон гэх үйлдэл нь намайг ажлаас халах, хуурч мэхлэх нэг санаа зорилго байсан гэж ойлгогдож байна. Иймд ажил олгогчийн ажлаас халсан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай тушаалыг огт хүлээн зөвшөөрөхгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154.3 дахь хэсэгт зааснаар харьяаллын дагуу хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хороонд хандсан бөгөөд ажил олгогчтой эвлэрэн хэлэлцэж чадаагүй тул Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах 3 талт хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 154.5 дахь хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тэмдэглэл гаргасан. Миний бие дээрх тэмдэглэлийг хүлээж аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8 дахь хэсэгт зааснаар ажлын 10 хоногийн дотор харьяаллын дагуу танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд үүссэн асуудлыг хянан үзэж ажлаас чөлөөлсөн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг тус тус гаргаж байна гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“П” ХХК-ийн Шивээ хүрэн кемпэд кемп менежерээр ажиллаж байсан Дийн П нь ...“П” ХХК-ийн 09 дүгээр сарын 30-ны өдрийн өдрийн Б/50 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр тодруулбал орон хасагдсан цөөрсөн, татан буугдсан гэх шалтгаанаар намайг ажлаас халсныг зөвшөөрөхгүй байна. Учир нь миний орон тоог цомхотгосон атлаа уг ажлын байран дээр хүн ажиллуулж байгаа бөгөөд ажлын байр цомхотгосон гэх үйлдэл нь намайг халах, хуурч мэхлэх нэг санаа зорилго байсан гэж ойлгогдож байна гэжээ.П” ХХК нь “Н” ХХК-тай Кемпийн менежмент болон катерингийн үйлчилгээг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үзүүлэхээр дугаартай “Кемпийн менежмент болон катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан ажилласан билээ. Уг гэрээнд заасан хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтын ажил нь дуусаагүй тул дугаартай “Кемпийн менежмент болон катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31 хүртэл сунгахаар харилцан тохиролцож дугаартай нэмэлт гэрээг байгуулсан байна. Үүнтэй холбогдуулан Шивээ хүрэн кемпийн ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу “П катеринг” ХХК-ийн “Н” ХХК-тай байгуулсан кемп менежер болон катерингийн дугаартай гэрээний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх заалтыг мөн хуулийн 79 дугаар зүйлийн 79.2, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А/04 дугаартай мэдэгдлийг Шивээ хүрэн кемпийн ажилчдад хүргүүлсэн байна. Уг мэдэгдлийн хавсралтад заасан ажилчдын нэрсийн жагсаалтын 1-рт Дийн П Кемп менежер гэж байгаа болно. Цаашид тус кемп дэх хүний тоо цөөрсөнтэй уялдуулан тус кемпийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний ажилчдын орон тоог цомхотгох болсонтой холбоотойгоор кемп менежерийн орон тоог 1 болгож ажилчдын тоог 11 болгон цөөрүүлэхээр шийдвэрлэж Кемп менежер Д.Пыг “П” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Кемп менежерийн үүрэг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Ажлаас чөлөөлөгдсөнтэй нь холбогдуулан Д.Пд Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.1-т заасны дагуу нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг цалингийн урамшуулал хэлбэрээр олгосон байна. Д.Пд ажлаас чөлөөлөх болсон шалтгаан хууль эрх зүйн үндэслэлийг танилцуулж шинээр тендерт оролцож ялсан тохиолдолд ажиллаж байсан албан тушаалд авч ажиллуулах боломжтой талаар мэдэгдсэн. “Т” ХХК-иас зарласан 2 удаагийн тендерт материал өгсөн боловч татгалзсан хариу ирүүлсэн учир Д.Пыг одоогоор ажлын байраар хангах боломжгүй байна. Энэ хугацаанд Д.П нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-д Кемп менежерээр ажиллаж байгаа нь түүний цахим хуудсандаа тавьсан мэдээллээс харагдаж байна. Сухайт кемп дэх кемпийг түрээсээр авч ажиллуулах зорилготой боловч эцсийн шийдвэр гараагүй тус кемпэд өмнө нь ажиллаж байсан менежерийг түр хугацаагаар хариуцуулан ажиллуулж байгаа ба захиалагч хэрэглэгч байхгүйгээс ажиллуулах боломжгүй байна. Иймд иргэн Д.Пыг үндэслэлгүйгээр ажлаас халсан хууль зөрчсөн асуудал байхгүй бөгөөд бүх асуудал хуулийн дагуу явагдсан болно. Бид Д.Пыг ажлаас халаагүй ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан, хуурч мэхлэх санаа зорилго огт агуулаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс “П” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” гүйцэтгэх захирлын тушаал, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/49 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Д.Пын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Д.Пын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хариу тайлбар, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 17/04 дугаартай мэдэгдэл, Гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/04 дугаартай мэдэгдлийн хавсралт, “П” ХХК-ийн захиргаа хүний нөөцөд гаргасан Д.Пын өргөдөл, “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/51 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал,хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, “Т” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/2080 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Т” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/2078 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Т” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/2448 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, П Катеринг-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 12 дугаар сарын тайлан, П Катеринг-д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хөлсөөр ажиллах түр гэрээ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, “П катеринг” ХХК 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/50 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, цалингийн дэлгэрэнгүй жагсаалт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр “П” ХХК-ийн ажилчдын фейсбүүк мессенжерт 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нийт ажилчдад танилцуулсан мэдэгдлийг илгээсэн болохыг үйл ажиллагаа хариуцсан захирал н.Долгормаагийн фейсбүүк мессенжерт үзлэг хийсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Д.П нь “П” ХХК-д холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.Хариуцагч нь “П” ХХК нь “Н ХХК-тай Кемпийн менежмент болон катерингийн үйлчилгээг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үзүүлэхээр дугаартай “Кемпийн менежмент болон катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан ажилласан. дугаартай гэрээний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан А/04 дугаартай мэдэгдлийг Шивээ хүрэн кемпийн ажилчдад хүргүүлсэн, кемп дэх хүний тоо цөөрсөнтэй уялдуулан тус кемпийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний ажилчдын орон тоог цомхотгох болсонтой холбоотойгоор кемп менежерийн орон тоог 1 болгож ажилчдын тоог 11 болгон цөөрүүлэхээр шийдвэрлэж Кемп менежер Д.Пыг үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “П” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” гүйцэтгэх захирлын тушаал, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/49 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Д.Пын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Д.Пын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хариуцагчийн хариу тайлбар, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 17/04 дугаартай мэдэгдэл, Гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/04 дугаартай мэдэгдлийн хавсралт, “П” ХХК-ийн захиргаа хүний нөөцөд гаргасан Д.Пын өргөдөл, “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/51 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, “Т” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/2080 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Т” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/2078 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Т” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/2448 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, П Катеринг-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 12 дугаар сарын тайлан, П Катеринг-д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хөлсөөр ажиллах түр гэрээ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, “П катеринг” ХХК 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/50 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, цалингийн дэлгэрэнгүй жагсаалт, “П” ХХК-ийн ажилчдын фейсбүүк мессенжерт 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нийт ажилчдад танилцуулсан мэдэгдлийг илгээсэн болохыг үйл ажиллагаа хариуцсан захирал н.Дгийн фейсбүүк мессенжерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.“П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Д.Пыг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн тус компанийн кемп менежерийн ажил албан тушаалаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

“П” ХХК нь Д.Птай 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/49 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр тус байгууллагын кемп менежерээр Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 47-50 дахь заалтыг баримтлан хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулжээ. /хх-ийн 8-13/

 

“П” ХХК нь нь Д.Пыг “Н” ХХК-тай байгуулсан катерингийн дугаартай гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Хариуцагч “П” ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь “Катерингийн үйлчилгээний чиглэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааг заагаагүй, “Н” ХХК болон “П” ХХК нарын хооронд байгуулагдсан катерингийн үйлчилгээ хугацаа хэзээ дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой албан тушаалын ажлын байр байхгүй болсон байхыг олгох бөгөөд энэ тохиолдолд зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалттай. Харин орон тоог цөөрүүлэх нь адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хассан байхыг ойлгодог байна. Дээрх байдлаас үзэхэд хариуцагч байгууллагын нийт ажилчдын тоо цөөрсөн гэж байгаа боловч нэхэмжлэгч Д.Пын ажиллаж байсан ажил албан тушаалын ажлын байр үгүй болсон зүйлгүй, уг албан тушаал байхгүй байхаар баталсан зүйл алга байна.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Д.Пыг “П” ХХК-ийн кемп менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Д.Пын 2024 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 12.576.874 төгрөгийг 3 сард тооцоод /12.576.874 төгрөг : 3сар/ дундаж цалин 4.192.291 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 4.192.291 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоод /4.192.291 төгрөг : 21.5хоног/ 90.134 төгрөг болж байна.

 

Иймд 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 2025 оны 05 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацааны цалин 14.962.286 төгрөг байна.

 

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгогдсон дээрх цалинтай тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, түүний нийгмийн даатгалын бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос буцаан гаргуулж олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан Д.Пыг “П” ХХК-ийн кемп менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14.962.286 /арван дөрвөн сая есөн зуун жаран хоёр мянга хоёр зуун наян зургаан/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Пын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч “П” ХХК-д даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч “П” ХХК-иас 232.761 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН