| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2024/07152/И |
| Дугаар | 191/ШШ2025/04651 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/04651
2025 05 23 191/ШШ2025/04651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: байранд байрлах, дугаар регистртэй, ДАНЭгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: давхарт байрлах, дугаар регистртэй, “Т” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
Даатгалын нөхөн төлбөрт 11.102.000 төгрөг, алданги 5.551.000 төгрөг, нийт 16.653.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ДАНЭэг хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 11.102.000 төгрөг, алданги 5.551.000 төгрөг, нийт 16.653.000 гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“ДАНЭэг” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Т” ХХК-тай дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан Toyota Land Cruiser 78 маркийн . ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамжийг зохих ёсоор төлсөн. Тус байгууллагын яаралтай түргэн тусламжийн жолооч Д.Л нь Toyota Land Cruiser 78 маркийн .ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 02 сарын 20-ны өдөр жолоодон явах үедээ “Даймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн сурагч ухаан алдсан" гэх дуудлагаар очин аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү өвчтөнийг яаралтай тээвэрлэн явах үедээ Д аймгийн С сумын нутаг дэвсгэрт Шунхлай ШТС 4 замын уулзвар замд Nissan Xtrail маркийн ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Дээрх осолтой холбогдуулан гаргасан Д аймгийн цагдаагийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЗХБ-51 дугаар эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар .ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Лг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэж, 4.2-т “Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна'' гэж тус тус заасныг зөрчин зам тээврийн осол гаргасан нь нотлогддог. Дээрх дүгнэлтээс үзэхэд “Эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар даатгуулагч нь Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулан яаралтай түргэн тусламжийн дуудлагад явж байсан нь нотлогддог ба энэ тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд гэрэл дохио зөрчсөнөөс бус аюулгүй байдлыг хангаагүйгээс тухайн зам тээврийн осол гарсан” гэж үзэж байна. Уг зам тээврийн ослын улмаас даатгалын зүйл болох . ДГС улсын дугаартай Toyota Land Cruiser 78 маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан тул Т ХХК-д нөхөн төлбөрийн холбогдох бүх материалыг гэрээ болон хуулийн хугацаанд бүрдүүлэн өгсөн боловч нөхөн төлбөрийг олгохгүй удааж, яаж шийдвэрлэх талаар 2 сар гаруй хугацаанд даатгуулагчид огт хариу өгөлгүй хүндрэл учруулж, нөхөн төлбөр олгохоос санаатайгаар татгалзсан байдаг. Иймд даатгуулагч Даатгалын тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хороо 2024 оны 06 сарын 17-ны өдрийн дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохыг даалгасан байхад Т ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа эс үйлдэхүй нь үндэслэлгүй байх ба 2024 оны 06 сарын 21-ны өдрийн дотор нөхөн төлбөр олгох асуудлыг яаралтай шийдвэрлэхийг даалгасан байдаг. Гэтэл Т ХХК өнөөдрийг хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлээгүй, даатгуулагчийг замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтуудыг зөрчсөн, гэрээний эрсдэлд хамаарахгүй гэх мэтээр санаатайгаар даатгуулагчид нөхөн төлбөрийг олгохгүй хохироож байна. Замын цагдаагийн тодорхойлолтоор тухайн ослын зам тээврийн осол гэж үзэн эрх бүхий албан тушаалтны магадалгааг гарган өгснөөс үзэхэд уг даатгалын тохиолдол нь талуудын хооронд байгуулсан гэрээний “Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл”-д хамаарч байгаа юм. Мөн тухайн үед даатгуулагчийн ажилтан дуут дохио ажиллуулан явж байсныг дурдах нь зүйтэй. Иймд даатгалын гэрээний нөхөн төлбөрт хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 10.460.000 төгрөг, хохирлын үнэлгээний зардал 642.000 төгрөг, Иргэний хуулийн 232.6- д заасны дагуу алдангид 5.551.000 төгрөг нийт 16.653.000 төгрөгийг “Т” ХХК-иас гаргуулан өгнө үү гэв.
2.Хариуцагч “Т” ХХК шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Т” ХХК нь 23 жилийн турш Монгол улсад даатгалын үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа бөгөөд даатгалын тохиолдол болох бүрд Даатгалын олон улсын зарчим, Даатгалын тухай хууль болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн даатгуулагчаас даатгалын тохиолдолтой холбоотой шаардлагатай баримт материалуудыг авч судалсны үндсэн дээр даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөл мөн эсэхийг судалж шийдвэрлэдэг бөгөөд дээрх ажиллагааг хийсний үндсэн дээр 2023 оны байдлаар 4.3 тэрбум төгрөг /Аудитын тайлангаар баталгаажсан жилийн эцсийн тайланд батлагдсан дүн/, 2024 оны гуравдугаар улирлын байдлаар 5.8 тэрбум төгрөгийг тус тус Даатгалын нөхөн төлбөрт даатгуулагчдын хураамжаас бүрдүүлсэн нөөц сангаас олгоод байна. Бидний зүгээс нийт нөхөн төлбөрийн хүсэлтийн 97%-д нь нөхөн төлбөр олгосон байх бөгөөд үлдсэн 3% нь гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл, даатгуулагч нөхөн төлбөрийн материалаа цагт нь бүрдүүлж өгөөгүй, эсхүл нөхөн төлбөрийн материал хуурамчаар бүрдүүлсэн тохиолдол байдаг. Нэхэмжлэгч буюу даатгуулагч “ДАНЭэг” ХХК-ийн Сүхбаатар үүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 11.102.000 төгрөг, алданги 5.551.000 төгрөг тус тус гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШ тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг баримтлан дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Даатгалын нөхөн төлбөрийн хувьд даатгуулагч нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөлд 2024 оны 02 сарын 20-ны өдөр Дорноговь, Сайншанд сумын нутаг дэвсгэрт ДАНЭгийн ажилтан Д.Л нь Toyota Land Cruiser J70 /.ДГС/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа иргэн Б.Чийн жолоодон явсан Nissan Xtrail /5655ДГС/ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан тохиолдолд нөхөн төлбөр гаргуулах талаар хүсэлт гаргасныг хянаж үзэхэд дараах нөхцөл байдал илэрсэн. Үүнд: даатгуулагч ДАНЭэг болон Т ХХК нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 16-наас 2024 оны 02 дугаар сарын 15-ныг хүртэл 1 жилийн хугацаатай ерөнхий гэрээ, Тээврийн хэрэгслийн даатгалын тоот дэд гэрээ болон тоот Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэрээг тус тус байгуулсан. Даатгуулагч ДАНЭгийн ажилтан Д.Л нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осолд холбогдсон талаар 1800-1889 дугаар утсанд ухаан алдсан хүүхэд тээвэрлэж явах үед 4-н замын уулзвар “улаан” гэрлээр нэвтрэх үед хажуугаас машин мөргөсөн гэж дуудлага бүртгүүлсэн. Тохиолдол болсны дараа даатгагчид нөхөн төлбөрийн материал бүрдүүлэн ирүүлсэн материалд Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн дэслэгч Б.Батхолбоо нь ДАНЭгийн ажилтан Д.Лыг МУ-ын ЗХД-н Дөрөв.Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн “4.2. Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг бүрэн мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж тогтоогдсон нь бидний хооронд байгуулагдсан гэрээний дараах нөхцөлүүдийг бүрдүүлсэн байна. Үүнд: Даатгалын ерөнхий гэрээний 7.1-д “Даатгагч дараах тохиолдлууд, түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй” гэж заасан бөгөөд тус гэрээний 7.1.1-д “Дэд гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол”-д нөхөн төлбөр олгохгүй байхаар заажээ. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар Даатгуулагч ДАНЭгийн ажилтан Д.Л нь даатгалын дэд гэрээний 16-д заасан гэрээнд заасан хамаарахгүй нөхцөлийн 12.1-д тусгагдсан улаан гэрэл дохиогоор хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн нь нотлогдож байна. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар Даатгуулагч ДАНЭгийн ажилтан Д.Л буруутай нь тогтоогдсон тул ЖХАЖД-аар В ангиллын нэг удаа олгох хэмжээгээр 5 сая төгрөгийг хохирогч Б.Чт олгохоор байна. Хохирогч Б.Чийн тухайн үед эрх бүхий байгууллагад өгсөн мэдүүлэг, манай компанийн холбогдох ажилтанд хэлсэн тайлбарт ДАНЭгийн ажилтан Д.Л нь улаан гэрлээр уулзвараар нэвтрэхдээ тусгай дуут дохиог ажиллуулаагүй нэвтэрсэн гэж мэдүүлсэн. Мөн ДАНЭгийн ажилтан Д.Л нь ослын дуудлага өгөхдөө улаан гэрлээр уулзвар нэвтрэн явахад тус осол болсон гэдэг нь тус тус “Т” ХХК-ийн 1800-1889 дугаарын дуудлагын бичлэгээр нотлогдож байна. Эрх бүхий байгууллагын дүгнэлтэд ДАНЭгийн ажилтан Д.Л ЗХД-н Дөрөв.Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн “4.2. Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг бүрэн мэдсэн байвал зохино.” гэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн ч ямар шалтгааны улмаас тус осол болсон талаар дурдаагүй буюу тусгай дуут дохиог ажиллуулсан эсэх дээр тодорхой дүгнэлт гаргаагүй байна. Даатгалын ерөнхий гэрээний 7.1.2 “Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй”, 7.1.9 “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол”-д заасан нөхцөлд тус тус нөхөн төлбөр олгохгүй байхаар заасан. Даатгалын тухай хуулийн 8.5.3-д “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;” тохиолдолд даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй байхаар мөн хуулийн 9.1.1-д хуульчилсан байна. Иймд тоот Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хувьд Даатгуулагч ДАНЭгийн ажилтан Д.Лы буруутай үйлдлээс Б.Чийн жолоодон явсан ДГС Nissan Xtrail маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан тул ЖХАЖД-аар В ангиллын нэг удаа олгох хэмжээгээр 5 сая төгрөгийн нөхөн төлбөрийг Даатгалын тухай хуулийн 8.1 болон 8.2-д заасны дагуу Б.Чт олгосон болно. Харин Даатгуулагч ДАНЭгийн ажилтан Д.Лгийн улаан гэрэл дохиогоор тусгай дуут дохиогоо асаалгүй явж осол гаргасан тул ерөнхий гэрээтэй тоот Тээврийн хэрэгслийн даатгалын дэд гэрээний хувьд Даатгуулагч ЗХД-ийн 4.2-д заасан дүрмийг зөрчсөн нь Даатгалын ерөнхий гэрээний 7.1-ийн 7.1.1, 7.1.2, 7.1.9, дэд гэрээний 16 дугаар зүйлийн 12.1-д заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүрдсэн байх тул Даатгалын дэд гэрээний 16.12.1, Ерөнхий гэрээний 7.1.1, Даатгалын тухай хуулийн 8.5.1,8.5.3, 9.1.1-д тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно. Алдангийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 3/2242 дугаар албан бичигт Т ХХК-г тус гомдолд холбогдох шийдвэрийг гарган 2024 оны 06 сарын 21-ний өдрийн дотор хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдэгдэх үүрэг даалгасан бөгөөд нөхөн төлбөр олгохгүй тухай Санхүүгийн Зохицуулах хороонд манай компанийн зүгээс 24/294 тоот албан бичгээр мэдэгдсэн тул алданги нэхэмжлэх үндэслэлгүй юм. Иймд Нэхэмжлэгч буюу даатгуулагч “ДАНЭэг” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 11,102,000 төгрөг, алданги 5,551,000 төгрөг тус тус гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Тээврийн хэрэгслийн даатгалын дэд гэрээ, Ашид билгүүн ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, 2 хуудас нэхэмжлэх, автомашины 5 хуудас зураг, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тусгай дуут,гэрэл дохио ашиглах зөвшөөрөл, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, Т 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24/248 дугаартай албан бичиг, ДАНЭэг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 336 дугаартай албан бичиг, Санхүүгийн зохицуулах хороо 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3/2242 дугаартай албан бичиг, төлбөрийн хүсэлт,
хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хариу тайлбар, Т 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 24/294 дугаартай албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, хоорондын харилцсан харилцаа, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Тээврийн хэрэгслийн даатгалын дэд гэрээ, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Си-Динд үзлэг хийсэн тухай тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ДАНЭэг нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан “Т” ХХК, ДАНЭэг нарын хооронд байгуулагдсан “Тээврийн хэрэгслийн даатгалын дэд гэрээ”-ний 11.3-д заасан үүргээ биелүүлээгүй тул даатгалын нөхөн төлбөрт 11.102.000 төгрөг, алданги 5.551.000 төгрөг, нийт 16.653.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч “Т” ХХК нь гэрээний 16.12.1-т заасан нөхцөл байдал бий болсон. Мөн Д аймгийн эмнэлгийн жолооч нь гэрлэн дохиотой уулзвараар нэвтрэхдээ улаан гэрлээр орсон, дуут дохио ажиллуулахгүй хөдөлгөөнд оролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Тээврийн хэрэгслийн даатгалын дэд гэрээ, “А” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, 2 хуудас нэхэмжлэх, автомашины 5 хуудас зураг, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тусгай дуут, гэрэл дохио ашиглах зөвшөөрөл, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, Т 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24/248 дугаартай албан бичиг, ДАНЭэг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 336 дугаартай албан бичиг, Санхүүгийн зохицуулах хороо 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3/2242 дугаартай албан бичиг, төлбөрийн хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар, Т 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 24/294 дугаартай албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, хоорондын харилцсан харилцаа, Си-Динд үзлэг хийсэн хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.”ДАНЭэг” ХХК нь “Т” ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Toyota Land Cruiser 78 маркийн, ДГС улсын дугаартай, суудлын автомашиныг “Т” ХХК-д даатгуулж, тээврийн хэрэгслийн даатгалын дэд гэрээг байгуулжээ.
Даатгуулагч ДАНЭгийн яаралтай түргэн тусламжийн жолооч Д.Л нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ДГС улсын дугаартай Toyota Land Cruiser 78 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ “Д аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн сурагч ухаан алдсан” гэх дуудлагаар очин аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү өвчтөнийг яаралтай тээвэрлэн явах үедээ Д аймгийн С сумын нутаг дэвсгэрт Шунхлай ШТС 4 замын уулзвар замд Nissan Xtrail маркийн ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаснаар даатгалын тохиолдол үүссэн байна.
Хариуцагч нь Д аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар Даатгуулагч ДАНЭгийн ажилтан Д.Л нь даатгалын дэд гэрээний 16-д заасан гэрээнд заасан хамаарахгүй нөхцөлийн 12.1-д тусгагдсан улаан гэрэл дохиогоор хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн нь нотлогдсон тул даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.
ДАНЭэг” ХХК нь “Т” ХХК нарын хороонд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 62082300020 дугаартай, Тээврийн хэрэгслийн даатгалын дэд гэрээг байгуулжээ.
Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-д ...“Даатгалын тохиолдол” гэж даатгалын зүйлд учирсан хохирол, тохиолдсон болзол бүрдэхийг...”, 11 дүгээр зүйлийн 3-д ...Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл..., 3.1 мөргөлдөх, шүргэлдэх, Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед дор дурдсан баримт материалыг үндэслэн даатгалын гэрээ болон баталгаанд заасны дагуу нөхөн төлбөр олгоно... гэж тус тус заажээ.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “…Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна...”, мөн Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Гэрээний 16 дугаар зүйлд даатгагчийн зүгээс даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх тохиолдлыг заасан байх ба хариуцагч нарын зүгээс даатгуулагчийг тээврийн хэрэгслээ даатгуулсан нь хариуцлагатай байх үүргээс чөлөөлөгддөггүй бөгөөд осол гарах нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн нөхцөлд нөхөн төлбөр олгодоггүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх нь гэрээний агуулга болоод хуульд нийцэхгүй болно.
Зам тээврийн осол болох цаг хугацаанд жолооч тусгай дуут дохиогоо ажиллуулж замын хөдөлгөөнд оролцож буй гэх дүрс бичлэг /Си-Динд/ хийсэн үзлэгээр 32 секундийн бичлэг байх бөгөөд зам дээгүүр машинууд өнгөрч байх ба эмнэлгийн машин явж өнгөрөхөд тусгай дуут дохио ажиллаж байгаа нь сонсогдож байв.
Даатгуулагч буюу ДАНЭгийн тээврийн хэрэгсэлд шууд зардал 10.460.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “А” ХХК-ийн үнэлгээний тайлан, үнэлгээний зардал 642.000 төгрөг, нийт 11.102.000 төгрөгийг засварын үйлчилгээний хуудас болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч “Т” ХХК-иас 11.102.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДАНЭэгт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Алданги 5.551.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги 5.551.000 төгрөгийг гаргуулан гэж тайлбарласан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд алдангийн талаар тохиролцоогүй учраас алдангийг тооцож гаргуулах боломжгүй тул алданги 5.551.000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй байна.
7.Нэхэмжлэгч нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 192.582 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 11.102.000 /арван нэгэн сая нэг зуун хоёр мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДАНЭэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.551.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 192.582 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН