2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/08866

 

 

 

 

 

 

 

 

 

   2025        10         20

              191/ШШ2025/08866

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,... дугаар хороо, ...байр хаягт байрлах, ******* ХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .... давхар хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,145,723.75 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч О.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 27,145,723.75 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

        1.Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.*******, О.******* нар нь *******тай 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 1450086429 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 32,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 5,054,276.25 төгрөг, зээлийн хүүнд 836,922.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,179.58 төгрөгийг төлсөн. *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг мэдэгдсэн боловч зээлдэгч нь 2024  оны 01 дүгээр сарыг 01-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн. 2025 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил 477 хоног хугацаа хэтэрч, зээлийн үлдэгдэл 27,145,723.75 төгрөг байна. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Д.******* нь нас барсан тул зээлийн хүүг зогсоосон. Зээлийн үндсэн төлбөрийг барагдуулахыг хамтран зээлдэгч О.*******аас шаардсан боловч үр дүнгүй байгаа. 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлдүүлэгч ******* ХК болон зээлдэгч Д.*******, О.******* нарын хооронд Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19-27 дугаар зүйлийг үндэслэн зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.11 дэх хэсэгт “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэх” үүргийг, мөн гэрээний 6.5.5 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах” зээлдүүлэгчийн эрхийг тус тус заасан. Үндсэн зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд зээлдүүлэгч буюу банк нь гэрээний болон хууль зүйн үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгчээс буюу О.*******аас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах бүрэн эрхтэй. Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.”, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.1 дэх хэсэгт “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно, 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж тус тус зохицуулсны дагуу хуульд заасан шаардлагыг хангасан хэлцэл болох нь хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байгаа. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа гэрээний нөхцөл, гэрээгээр хүлээх эрх, үүрэгтэй бүрэн танилцаж гарын үсэг баталгаажуулалтаа өөрийн хүсэлтээр хийсэн нь талуудын хооронд хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан болохыг илэрхийлж байна. Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч Д.******* нь нас барсан тул О.*******ын гаргасан хүсэлтийн дагуу зээлийн хүүг зогсоосон. О.******* нь 2024 оны 1 дүгээр сараас эхлэн Шинэ монгол технологийн дээд сургуульд багшаар ажиллаж цалингийн орлоготой зээлийн үүргийг гүйцэтгэх бүрэн боломжтой байгаа нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим тодорхойлолт”-оор нотлогдож байгаа. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох О.*******тай зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн цагаас эхлэн тогтмол холбогдож байсан бөгөөд зарим саруудад бага дүнгээр зээлийн төлөлт хийсэн зэргээс О.******* нь тус зээлийн гэрээний хувьд бодитоор үүрэг гүйцэтгэгч мөн гэдгийг илтгэж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд зээлийн гэрээ дуусгавар болно” гэж талуудын хооронд байгуулагдсан 1450086429 дугаартай зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэхүү гэрээний үүрэг бүрэн биелэгдэж, зээлийн төлбөр төлөгдөж дууссанаар энэхүү гэрээ дуусгавар болно.” гэж  заасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй буюу хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөр нийт 27,145,723.75 төгрөг төлөхөөр байгаагаас харахад зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчид олгосон зээл бүрдээ зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө.” гэж заасны дагуу зээл олголт бүрд хувийн хэрэг хөтөлдөг бөгөөд өрхийн хэрэглээний зориулалтаар олгогдсон цалингийн зээлийн бүрдүүлбэл зохих баримт бичгийг дотоод журам, стандарт болон холбогдох хуульд зааснаар бүрдүүлсэн байдаг. Хариуцагч О.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 27,145,723.75 гаргуулна гэв.

 

2.Хариуцагч О.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр О.*******тай гэрээ байгуулсан. Гэхдээ хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тусгасан атлаа О.*******ын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр биш гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь гэрээний 2.9-д заасны дагуу үндсэн зээлдэгч буюу Д.*******н цалин бөгөөд гэрээнд заасны дагуу хамтран зээлдэгч буюу О.*******ын ажил эрхлэлт болон цалингийн хэмжээний талаар бол дурдаагүй. Зээлийн гэрээ болон зээлийн судалгаан дээр ч гэсэн дурдаагүй. Тиймээс судалгаа хийгээгүй нь тогтоогдож байна. Гэрээ буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үндсэн арга нь зөвхөн тухайн үндсэн зээлдэгч Д.*******н ажил хөдөлмөр эрхэлсний үр дүнд буй цалин хөлс нь зээлийн баталгаа болж байгаа. Зээлийн гэрээний 2.9.1-д зээлийн зориулалтын буюу цалингийн орлогыг энэхүү гэрээний дагуу барьцаалуулна гэж заасан. Цалингийн орлоготой нь Д.******* л байгаа. О.******* нь тухайн үед оюутан байсан. Гэрээний 2.9-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг зохицуулсан. Гэтэл барьцаа ипотек, батлан даалтын гэрээ байгуулаагүй талуудын хооронд зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь зөвхөн Д.*******н цалин орлого бөгөөд зөвхөн ажил хөдөлмөр эрхэлснийхээ үр дүнд цалин хөлс авч байгаа. Зээлийн гэрээний 8.4-т заачихсан байсан. Энэ гэрээ бол өөрөө үндсэн зээлдэгчийн болон хамтран зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой болохыг заагаад өгчихсөн. Тэгэхээр хувийн байдалтай нь салшгүй холбоотой гэрээний үүрэг Иргэний хуулийн 240.1.2-т зааснаар хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамж үүсэхэд сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болно гэсэн. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дээр дурдсан үндэслэлээр дуусгавар болсон гэж үзэж байгаа юм. Гэрээний тохиролцоо буюу зээлийг эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь ирээдүйд авах цалин хөлсөө барьцаалж авсан зээл буюу Д.*******тай салшгүй холбоотой байгаа. Түүнээс цалин хөлсөө барьцаалаагүй, ямар нэгэн хөдөлмөрийн харилцааны үүрэг хүлээгээгүй О.*******д хамааралгүй. Зээлдэгч 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан. О.*******д 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хас банкинд зээлийн хүүг нь зогсоох, эрсдэлийн сангаасаа хаалгах хүсэлт гаргаж, энэ талаар бичгээр хариу өгөөч гэсэн утгатай хүсэлт байдаг. Эрсдэлийн сангаас хаах талаар шийдвэрлэсэн шийдвэр байхгүй. Монгол банкны журамд энэ шийдвэрийг банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гаргана гэчихсэн байгаа юм. Гэтэл үүнийг шийдвэрлээгүй. Хэдийгээр зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч байх боломжгүй зээл төлөх талаар ямар нэгэн судалгаа хийгдээгүй. Оюутан хүүхдийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулаад, дараа нь үндсэн зээлдэгч нас барах буюу үүрэг нь биелэгдэх боломжгүй болонгуут тухайн хүнээс нэхэж байгаа нь үндэслэлгүй харагдаад байгаа. Тиймээс хүний цалин, хөдөлмөр, ажил хөдөлмөр гүйцэтгэх, цалин авах, хөдөлмөрлөх эрх нь өөрөө дуусгавар болчихсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Зээлийн өргөдөл, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн мэдээллийн хуудас, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1450086429 тоот Барьцаат зээлийн гэрээ, Дансны хуулга,

Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хариуцагч талын хүсэлтээр О.*******ын гаргасан зээлийг эрсдэлийн сангаас хаалгах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт, зээлдэгчийн зээлийн хувийн хэрэг зэрэг баримтыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

          4.Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч О.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 27,145,723.75 төгрөг гаргуулахаар тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.11 дэх хэсэгт “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэх” үүргийг, мөн гэрээний 6.5.5 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах” зээлдүүлэгчийн эрхийг заасан. Зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.  

 

         5.Хариуцагч О.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талийгаачийн зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хэдий ч тухайн үед миний оролцоо нь албан ёсны хэлбэртэй бус нэр төдий байсан бөгөөд зээлийг зарцуулах, төлөх үйл явцад оролцоогүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн өргөдөл, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн мэдээллийн хуудас, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1450086429 тоот Барьцаат зээлийн гэрээ, Зээл төлүүлэх мэдэгдэл, Зээлийн бүртгэлийн карт, Зээлдэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга, О.*******ын гаргасан зээлийг эрсдэлийн сангаас хаалгах хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх баримт, зээлдэгчийн зээлийн хувийн хэрэг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

           7.Зээлдүүлэгч ******* ХК нь зээлдэгч Д.*******, О.******* нартай 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 1450086429 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан, 32,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 10-14 тал/

 

            8.Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй Хасбанк ХК, Д.*******, О.******* нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

 

9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

        10.Зээлдэгч Д.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нас барсныг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 0068 дугаарт бүртгэж “Нас барсны гэрчилгээ” олгогдсон байна. /хавтаст хэргийн 41 тал/

 

        11.Зээлдүүлэгч ******* ХК нь хамтран зээлдэгч О.*******аас 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5,054,276.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 836,922.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,179.58 төгрөг төлсөн, уг гэрээний үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 27,145,723.75 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол гарган нэхэмжилсэн байх ба зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, төлбөрийн үлдэгдэл зэргийг тооцож үзэхэд тооцоолол үндэслэлтэй гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 9 тал/

 

        12.Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд  “зээлдэгч Д.*******, О.******* нартай байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 1450086429 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр олгосон 32,200,000 төгрөгөөс зээлийн төлбөрт төлөгдсөн 5,054,276.25 төгрөгийг хасч, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 27,145,723.75 төгрөгийг шаардсан” гэж тайлбарлав.

 

13.Талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1450086429 тоот Барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хугацааны ирээдүйн цалин, цалин түүнтэй адилтгах орлогыг барьцаалуулсан байх ба барьцааны гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж байгуулагдсан байх бөгөөд зээлдүүлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

 

14.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж зохицуулсан.

 

15.Хариуцагч О.******* нь “талийгаачийн зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хэдий ч тухайн үед миний оролцоо нь албан ёсны хэлбэртэй бус нэр төдий байсан бөгөөд зээлийг зарцуулах, төлөх үйл явцад оролцоогүй гэж” түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* ньзээлдэгч Д.*******н ирээдүйн цалин, түүнтэй адилтгах орлогыг барьцаалуулсан Барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамж үүсэхэд сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болно” заасан тул эрсдэлийн сангаасаа хаалгах хүсэлт гаргасан” гэж мэтгэлцэж байгаа боловч Талуудын хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1450086429 тоот Барьцааны гэрээнд хариуцагч гарын үсэг зурж, үүрэг хүлээжээ. 

 

16.Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ.

 

17.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зохицуулсан хуулийн заалттай нийцсэн байна.

 

18.Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хамтран зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 27,145,723.75  төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

19.Хариуцагч О.*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 27,145,723.75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгох үндэстэй гэж үзнэ.

 

20.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,700 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 293,700  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.*******аас 27,145,723.75 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,700 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 293,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ