2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/07143

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025  09  01  191/ШШ2025/07143

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг, шнб гудамж, 14-1-6 тоотод оршин суух, Туслагч овогт Гүнсэнгийн Батбаяр /РД:ЕО66120973/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 11/2 дугаар байрны 17 тоотод оршин суух, Харчу овогт Лувсанданзангийн Эрдэнэбат /РД:ЧА63111317/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 39,075,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Батбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч Г.Батбаяр нь хариуцагч Л.Эрдэнэбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Гүнсэн овогтой Батбаяр би Лувсанданзангийн Эрдэнэбаттай 2020.09.09-ны өдөр Хаан банкны 5037257233 тоот дансанд сарын 2,5% хүүтэйгээр 2020.09.09-нд 10,000,000 төгрөг, 2020.10.31-нд 2,000,000 төгрөг, 2021.07.31-нд 5,000,000 төгрөгийг тус тус удаа дараа зээл гаргаж өгсөн. Гэрээний хугацаа дууссан боловч төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байгаа. Иймд, Л.Эрдэнэбатын надаас зээлсэн 17,000,000 төгрөг, зээлийн хүү болох 22,075,000 төгрөг, нийт 39,075,000 төгрөгийг хариуцагч Л.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч Л.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Лувсанданзан овогтой Эрдэнэбат миний бие нь Гүнсэн овогтой Батбаярын хүү тооцож нэхэмжилсэн 39,075,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Батбаяр бидний хооронд анхнаасаа хүүтэй мөнгө зээлэх зээлийн гэрээ байгуулаагүй тул зээлийн гэрээний хугацаа ярих боломжгүй, харин бид хамтарч бизнес хийх, олсон ашгаасаа харилцан ашигтай хувь хүртэх зорилготой 17 сая төгрөг хөрөнгө оруулалт хэлбэрээр авсан билээ.

2020 оноос эхлэн Монгол улсын хэмжээнд Ковид 19-ийн улмаас хөл хорио тогтоож бүх бизнес ажил зогссон учир бидний хамтарч хийх бизнес амжилт олоогүй зогссон.

Харин иргэн Г.Батбаярын нэхэмжилж байгаа 17 сая төгрөгийн нэхэмжлэлийг хангаж өгөхөөс татгалзах зүйлгүй гэдгээ өөрт нь хэлсэн.

Бидний хооронд ямар нэг маргасан, зөрчилдөх зүйл байхгүй тул Л.Эрдэнэбат миний бие Г.Батбаяраас авсан 17 сая төгрөгийг барагдуулж өгнө. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй. Нэхэмжлэгчид сүүлд бичиж өгсөн баталгаанд 15,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд энэ харилцааг зээл гэж үзвэл 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд хандсан. Иймээс 15,000,000 төгрөгөөс 2 сарын 2,5 хувийн хүү тооцож, 750,000 төгрөг болох тул үндсэн зээлсэн 15,000,000 төгрөгийн хамт нийт 15,750,000 төгрөг төлөх боломжтой, нэхэмжлэлээс үлдэх 24,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2х/, мөнгө зээлсэн баталгаа, хүү тооцсон дүн, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 3-7х, 19-22х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 8х/, зэрэг баримтууд,

 

Хариуцагч хариу тайлбар /хх-ийн 16х/ гаргасан.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч Г.Батбаяр дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Л.Эрдэнэбаттай сарын 2,5 хувийн хүүтэйгээр нийт 17 сая төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд зээлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлээ эргүүлж төлөөгүй тул үндсэн төлбөр 17,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 22,075,000 төгрөг нийт 39,075,000 төгрөгийг Л.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Г.Батбаяраас миний бие мөнгө зээлээгүй. Хамтран бизнес хийх зорилгоор 17 сая төгрөг авсан боловч бизнес цар тахлаас шалтгаалан бүтээгүй. Г.Батбаяртай аливаа хүү тохиролцож зээлийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжилсэн хүүг зөвшөөрөхгүй, харин баталгаанд дурдсан 15,000,000 төгрөгт 2 сарын 2,5 хувийн хүү тооцож 750,000 төгрөг нийт 15,750,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4.    Талууд тэдгээрийн хооронд зээлийн гэрээ эсвэл хамтран ажиллах гэрээний аль нь байгуулагдсан болох, нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн мөнгөнд хүү тооцож нэхэмжлэх эрхтэй эсэхэд маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар зохигчдын хооронд хөрөнгө оруулалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй буюу хөрөнгө оруулалтын гэрээний харилцаа үүссэн гэдгийг нотлох аливаа баримтгүй байх тул хариуцагчийн бид хамтран ажиллаж, бизнес хийхээр хөрөнгө оруулалтын зорилгоор мөнгө шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

-       Харин талуудын хооронд нэхэмжлэлд дурдсанаар 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус тус Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан байна.

-       2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохигчид Мөнгө зээлсэн тухай баталгаа гаргасан байх бөгөөд Монгол Улсын иргэн Л.Эрдэнэбат би М.Өлзийбаатараар зуучлуулан иргэн Г.Батбаяраас 2020 онд эргэн төлөх нөхцөлтэйгээр мөнгө зээлсэн нь үнэн болно. Уг мөнгөний үлдэгдэл болох 15,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр буцааж төлөх талаар баталгаа гаргаж байна гэж талууд үлдэгдэл төлбөр болох 15 сая төгрөгт хүү тооцохоор хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.

-       Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.Батбаярын Хаан банкны 5374310272 дугаартай дансны хуулгаар хариуцагчийн 5037257233 дугаартай дансруу нэхэмжлэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Харин нэхэмжлэгчийн тус данснаас 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг хариуцагчийн данснаас өөр 5107006631 дугаартай дансруу шилжүүлсэн байх боловч зохигчид тэдгээрийн хооронд 17,000,000 төгрөгийг анх шилжүүлсэн талаар тайлбарлаж, хүлээн зөвшөөрдөг тул шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 17,000,000 төгрөг шилжүүлсэн гэж дүгнэв.

 

6.    Иргэний хуулийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд талууд 2020 он болон 2021 онуудад байгуулсан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул эдгээр хугацаанд нэхэмжлэгч Г.Батбаяр нь хариуцагч Л.Эрдэнэбатаас хүү шаардах эрхгүй байна.

 

7.    Харин талууд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгт сарын 2,5 хувиар хүү тооцохоор гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч тус гэрээний дагуу хариуцагчаас зээлийн гэрээний хүү шаардах эрхтэй байна.

 

8.    Хариуцагч талаас зээлийг зээлдүүлэгчийн шаардсан даруйд буцаан төлөх учир 2 сарын хүү тооцож төлөхөөр тайлбар гаргасан. Иргэний хуулийн 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан буюу зээлдэгчээс зээлээ буцаан төлөхийг шаардах хэлбэрээр гэрээг цуцалж байгаа боловч энэ цуцлалт нь зээлийн гэрээний харилцааг шууд үйлчлэл бүхий дуусгавар болгохгүй, харин үүнээс хойш зээлдэгчид зээлээ буцаан төлөх үүргээ гүйцэтгэх нэг сарын хугацааг олгож байгаа хэрэг гэж үзэх үндэслэлтэй.

 

9.    Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байх тул 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30 хүртэлх 2 сарын хугацаа болон зээлээ төлөх нэг сарын хугацаанд мөн хүү тооцож, нийт 15,000,000 төгрөгөөс 2,5 хувийн хүүг 3 сараар бодоход хүү 1,125,000 төгрөг байна. Үүн дээр үндсэн зээл 17,000,000 төгрөгийг нэмж тооцон 18,125,000 төгрөгийг хариуцагч Л.Эрдэнэбатаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Батбаярт олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,950,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Л.Эрдэнэбатаас 18,125,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,950,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбатаас 248,575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Батбаярт олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ