Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02309

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02309

 

 

ХХХХ, ХХХХ, ХХХХ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 181/ШШ2017/02210 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ ХХК болон ХХХХнарт холбогдох

 

ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ зусланд байршилтай цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч нарын цахилгааныг таслахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:

ХХХХ

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: ХХХХ

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХХ /нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ХХХХ миний бие 2000 онд ХХХХ, ХХХХ, ХХХХнартай хамтран техникийн нөхцөлийн дагуу зардлаа тэнцүү хуваан ХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХ зусланд цахилгааны дэд станцыг байгуулсан бөгөөд 2003, 2005 онуудад цахилгаан хүрэлцэхгүй байна гэсэн үндэслэлээр дэд станцыг өргөтгөж, зардлаа тэнцүү гаргасан. 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ХХХХнь бидний дундын өмчлөлийн цахилгааны дэд станц нь цахилгааны хэрэглээг хангахгүй байна гэсэн шалтгаанаар ХХХХ, ХХХХ, ХХХХ бидний хэдэн айлын цахилгааныг тасалсан. Энэ тухай Яргайт дахь цахилгаан түгээх төвд хандахад ХХХХнь анх цахилгаан техникийн зөвшөөрөл хүсэхдээ өөрийн нэр дээр зөвшөөрөл авсан байна. Иргэн ХХХХнь хамтын хөрөнгөөр барьсан цахилгааны дэд станцыг бидний зөвшөөрөлгүйгээр цахилгааны техникийн зөвшөөрлийг өөрийн нэр дээр баталгаажуулж авсныг дараа нь мэдсэн. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй байдаг. Иймд, ХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХ зусланд цахилгааны дэд станцы хамтран өмчлөгчөөр иргэн ХХХХ, ХХХХ, ХХХХ нарыг тогтоож, цахилгааны дэд станцаас нэхэмжлэгч нарын цахилгааныг таслахгүй байхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын гаргаж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн үндэслэл болгож бичээд байгаа шиг манай өөрийн өмчлөлийн дэд станцыг барихад эдгээр хүмүүсийн зүгээс ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт хийгээгүй болно. Эдгээр хүмүүс өмнө нь миний эзэмшилд байсан газарт миний зөвшөөрөлтэйгөөр байшин барьсан ба цахилгааны хэрэглээгээ манай дэд станцаас авч, хангаж байсан. Явцын дунд би өөрөө хөрөнгө оруулалт хийж, дэд станцаа өөрчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэн хэрэгцээндээ тохируулж трансформаторыг сольсон. Нэхэмжлэгч нар нь 2000 онд трансформаторт хөрөнгө оруулалт хийсэн, хамтран нэхэмжлэгч болох гээд байгаагаа нотолж чадаагүй бөгөөд хэсгээр өмчлөх өмч хамтран байгуулсан гэдэг нь тогтоогдоогүй. Шүүхэд гэрчээр асуугдсан ХХХХ нэхэмжлэгч нарыг дэд бүтцэд хөрөнгө оруулсан талаар мэдэхгүй, хараагүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Энэхүү дэд станцыг ХХХХнь өөрийн хөрөнгөөр барьсан, түүний хувийн өмчлөлийн зүйл юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан байдаг. Иймд өөрийн хувийн эд зүйлээ хэрхэн ашиглах нь түүний эрх юм. Иймд нэхэмжлэлийн үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ, ХХХХ ХХК-д холбогдуулах ХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХ зусланд байршилтай цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ХХХХ, ХХХХ ХХК нарт нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ, ХХХХ нарын цахилгааны хэрэглээг хязгаарлахгүй байхыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ, ХХХХ ХХК-иас 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж ХХХХд олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:

... Хавтаст хэрэгт иргэн ХХХХ-ийн эзэмшлийн газар дээр Баянбулагийн зуслангийн аман дахь маргаж буй цахилгааны дэд станц байрлаж байгааг нотолсон баримт авагдаагүй, нэхэмжлэгч нарын зүгээс уг дэд станц ХХХХ-ийн газар дээр байхгүй, дундын эзэмшлийн газарт байрлаж буй талаар маргаж байхад маргаангүй гэж дүгнэж шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Хариуцагч ХХХХнь хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан баримтанд гарын үсэг зурсан, нэхэмжлэгч ХХХ-аас мөнгө авсан, өөрөө гараараа бичиж өгсөн гэдгээ зөвшөөрдөг. Мөн гэрч ХХХХ нь цахилгааны трансформаторыг нэхэмжлэгч нар хамтран хөрөнгө оруулалт хийж бий болгосон, түүний дэд бүтцийг сайжруулах зорилгоор айлуудаас мөнгө авч хамтран сайжруулдаг байсан гэсэн мэдүүлэг өгсөөр байхад шүүх үнэлсэнгүй.

Хариуцагч ХХХХнь хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан "Баянбулагийн зуслан дахь нийтийн эзэмшлийн дэд бүтцийн байгууламж, тохижилтод оруулах хөрөнгө оруулалт" гэсэн баримт дээр гарын үсэг зурсан, иргэн ХХХ-аас мөнгө авсан, өөрөө гараараа бичиж өгсөн гэдгээ мөн зөвшөөрсөн байхад шүүх үүнийг үнэлж үзсэнгүй.

Техникийн нөхцөл олгодог болон цахилгаан түгээдэг компани хэн нэгэн этгээдэд ямар нэг эд хөрөнгийн өмчлөх эрхийг олгож, тодорхойлдог эрх бүхий этгээд биш болох нь тодорхой байхад шүүх дээрх дүгнэлтийг хийж шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Мөн шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийн асуулт 9-д хариулсан хариултад "Хувь хүн, аж ахуйн нэгжийн хүсэлтээр хувийн хэрэгцээнд зориулан тухайн трансформаторыг суурилуулахаар техникийн нөхцөл олгогдсон, хувь хүн хуулийн этгээд өөрөө хүсэлт гаргаж трансформаторыг мэргэжлийн байгууллагад шилжүүлж өгөөгүй бол трансформатор нь техникийн нөхцлийг олгосон хувь хүн, хуулийн этгээдэд харъяалагдахгүй" гэж хариулснаас үзэхэд маргааны зүйл болох цахилгааны дэд станц "ХХХХ" ХХК болон ХХХХийн өмчлөлд хамаарахгүй болох нь тогтоогдсон. Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж, анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 181/ШШ2017/02210 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:

.. Анхан шатны шүүх хариуцагч ХХХХ, "ХХХХ" ХХК -ийг цахилгаан эрчим хүчээр хангагч, нэхэмжлэгч ХХХХ нарыг хэрэглэгч гэж үзсэн нь харагдаж байна. Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар хангагч нь цахилгаан дамжуулах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан байна. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16 -д "эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг" гэж заажээ. Мөн Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм" -ийн 2 дугаар зүйлийн 2.3 -т "Дамжуулах, түгээх шугам сүлжээнд шинээр холболт хийх, хэрэглэгчийн холбогдсон чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарсан тухай бүрт хэрэглэгч техникийн нөхцөл авна" 3 дугаар зүйлийн 3.1.3-т "Хангагч, хэрэглэгч нь эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулна" гэж тус тус заажээ. Үүнээс үзвэл хангагч гэж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчийг гэрээний дагуу цахилгаан эрчим хүчээр хангадаг субъект байна. Иймд ХХХХнь цахилгаан дамжуулах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох "хангагч" бус "хэрэглэгч" болох нь харагдаж байна. Учир нь ХХХХнь нэхэмжлэгч ХХХХ нарыг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, мөн тэдэнд ямар нэгэн техникийн нөхцөл олгоогүй бөгөөд энэ эрх ч байхгүй юм. Харин цахилгаан дамжуулах сүлжээтэй гэрээ байгуулан тэдний олгосон техникийн нөхцлийн дагуу цахилгаан эрчим хүчээр хангагдаж байгаа.

Хариуцагч ХХХХийг хангагч хэмээн үзэж нэхэмжлэгч нарын цахилгааны хэрэглээг хязгаарлахгүй байхыг даалгаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Маргаан бүхий объект нь хариуцагч ХХХХийн өмч болох нь хэрэгт баримтаар авагдсан ХХХ ХК-ийн 2013 байна. Мөн урд гарч байсан шүүхийн шийдвэр магадлалууд нь хариуцагч ХХХХийг хууль ёсны өмчлөгч болохыг удаа дараа тогтоосон. Монгол улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 -т зааснаар Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрхтэй. Иргэний хуульд уг өмчлөх эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Монгол улсын иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж заасан байдаг. Тиймээс хариуцагч ХХХХнь өөрийн хувийн өмч болох маргаан бүхий объектыг эзэмшиж, ашиглах явцдаа хэнд хэрхэн ашиглуулах талаар өөрийн үзэмжээр шийдвэрлэх эрхтэй. Шүүх жам ёсны эрх болох өмчлөх эрхэд хөндлөнгөөс оролцож, аливаа үйлдэл хийхгүй байхыг даалгаж буй нь хууль зөрчиж буй хэрэг юм. Мөн ХХХХ нар нь маргаан бүхий хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгч биш нь тогтоогдсон тул цахилгааны дэд станцаас нэхэмжлэгч нарыг цахилгаанаар хангагдах нөхцлийг шаардах эрх байхгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үззж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа боловч тухайн маргаанд хамааралтай хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ, ХХХХ нар хариуцагч ХХХХ ХХК болон ХХХХнарт холбогдуулан ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ байрлах цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч нарын цахилгааныг таслахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2000 онд хариуцагчтай зардлаа тэнцүү хуваан дэд станц байгуулан 2003, 2005 онуудад станцаа өргөтгөсөн гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн А-211 дугаар захирамжаар ХХХХ ХХК-д ХХХХХ дүүргийн ХХХ дугаар хороо, ХХХХ-ийн эхэнд аялал жуулчлалын баазын зориулалтаар газар эзэмших эрх олгосон, ХХХ ХК-ийн 2000 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2/282 тоот албан бичгээр тус компанид аялал жуулчлалын баазын цахилгаан хангамжид 1 жилийн хугацаатай техникийн нөхцөл олгогдсон, ХХХ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 0632/2015 тоот техникийн нөхцлөөр ХХХХ ХХК болон иргэн ХХХХнарт ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХ зусланд байрлах амины орон сууц хотхонд одоо байгаа АТП-1346-г буулгаж 250 кВА чадалтай 10/0,4 кВын трансформаторын дэд өртөө шинээр барих зөвшөөрөл өгөгдсөн байна./1хх-ийн 90-91, 2хх-ийн 65 тал/

 

Зохигчид цахилгааны дэд станцыг шинэчлэн засварлахаас өмнө уг дэд станцаас цахилгааны эс үүсвэрийг авч хэрэглэдэг байсан асуудлаар маргаагүй, харин хариуцагч нар нь 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс цахилгааны хэрэглээ хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч нарын цахилгааныг тасалсан үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсч, уг эзэмшлийг үндэслэн Иргэний хуулийн 91 дүгээр 91.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч гэж тооцогдож болохоос гадна Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар удаан хугацааны эзэмшил, түүнчлэн Иргэний хуулийн 110-112 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрх гэрээ болон бүртгэлийн үндсэн дээр үүснэ.

 

Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэж заасан. Өөрөөр хэлбэл өөрийн хүсэл зоригоор бусдын эрх, хууль зөрчихгүй эд баялгийг бий болгох эсхүл гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг олж авснаар өмчлөгч болно. Гэтэл нэхэмжлэгч нарыг маргааны зүйл болж буй дэд станцын өмчлөх эрхийг олж авсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ, ХХХХ нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нар тухайн дэд станцын өмчлөгч болохоо нотлоогүй байх тул ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ байршилтай цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн цахилгааны хэрэглээг найдвартай хангах, дамжуулах сүлжээг ашиглах эрх, үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нарыг цахилгааныг таслахгүй байхыг хариуцагч нарт даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч ХХХХ ХХК болон ХХХХнар нь уг цахилгаан дамжуулах дэд станцын өмчлөгч, хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд өөрт нь холбогдогдсон хэрэглэгчийн хэрэглээг хуулиар тогтоосон үндэслэлгүйгээр таслах эрхгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 181/ШШ2017/02210 шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 гэснийг Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ХХХХийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч ХХХХийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                            Б.НАРМАНДАХ

                                                          Ц.ИЧИНХОРЛОО